Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2021/01341

 

 ,,,,,,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/02676 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 394 дүгээр магадлалтай,

 ,,,,,,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй,

 “,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох

Газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мөнхзул, Б.Билэгмаа, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Нийслэлийн Засаг дарга 2005.09.26-ны өдрийн 399 дүгээр захирамжаар иргэн  ,,,,,,,,,,,,,,,,, надад Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамтын хэрэгцээнд амины орон сууцны зориулалтаар 700 м.кв газрыг анх эзэмшүүлсэн, мөн Нийслэлийн Засаг даргын 2008.04.17-ны өдрийн 180 дугаар захирамжаар тухайн газрын эзэмших эрхийг 40 жилийн хугацаатай олгосон. Миний бие өөрийн эзэмшил газраа гэрээ, гэрчилгээнд заасан зориулалтын дагуу ашиглаж, амины орон сууц барихаар Нийслэлийн Хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газраар 2018.10.12-ны өдөр МЗХ2018/24-18 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг зэргийг батлуулж барилгын ажлаа эхлүүлэхэд бэлэн болсон. Гэвч  “,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь миний эзэмшил газар дээр надаас ямар нэгэн зөвшөөрөл авалгүй, хууль бусаар 2*400 кВа чадалтай 10/0.4 кВ-ын трансформаторууд бүхий ХТП барилга, байгууламж барьж ашиглаж байна. Өөрийн эзэмшил газраа албадан чөлөөлүүлж, зориулалтын дагуу эзэмшиж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх талаар Нийслэлийн Засаг даргад 2018.11.28, 2019.04.16-ны өдөр тус тус хандсан боловч шийдвэрлэж өгөөгүй. Түүнчлэн бусдын хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэхээр 2019.01.14-ний өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, 2019.03.29-ний өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт тус тус хандаж гомдол гаргасан бөгөөд гомдлын дагуу  “,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдуулан зөрчлийн хэрэг нээн шалгасан боловч хэргийг хэрэгсэхгүй болгож, иргэн миний газар эзэмших эрхэд халдсан  “,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д хуульд заасан хариуцлага хүлээлгэсэнгүй. Иймд миний эзэмшлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай газрыг  “,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт:  “,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны гадна цахилгаан хангамж, 6/0.4 кв 2*400 кв чадалтай хаалттай дэд өртөөг барьж байгуулахдаа холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн эрх бүхий байгууллагуудаас зохих зөвшөөрлүүдийг авч барьсан бөгөөд улсын комисст 2015 онд хүлээлгэн өгсөн байдаг. Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас нийтийн эзэмшлийн газар дээр дэд өртөөг барих зөвшөөрөл авсан.  “,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн дэд өртөө барьсан газар нь нэхэмжлэгч  ,,,,,,,,,,,,,,,,,гийн эзэмшлийн газар мөн эсэх, тус газартай холбогдуулан нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн эсэх нь нэхэмжлэгчийн өгсөн баримт мэдээллээр тогтоогдохгүй байна. Иргэн  ,,,,,,,,,,,,,,,,, нь Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасны дагуу газрын кадастрын мэдээллийн санд бүртгүүлэх үүрэгтэй байжээ. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Батжаргалын 2019.04.23-ны өдрийн хариу мэдэгдэх хуудсаар  ,,,,,,,,,,,,,,,,,гийн гаргасан гомдолд хариу өгсөн. Төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийн үндсэн дээр барилга байгууламж барьсан тул бусдын эзэмшлийн газарт нь хууль бусаар үйл ажиллагаа явуулсан хэмээн үзэх хууль зүйн үндэслэлгүй. Тухайн газрыг иргэн  ,,,,,,,,,,,,,,,,,гийн эзэмшлийн газар мөн эсэхийг мэдэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/02676 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч  ,,,,,,,,,,,,,,,,,гийн эзэмшлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо нэгж талбарын 1780610323 дугаар бүхий, 699.0 м.кв газрыг хариуцагч  “,,,,,,,,,,,,,,,,,” ХХК (2*400 кВа чадалтай 10/0.4 кВ-ын трансформаторууд)-ийн эзэмшлээс албадан чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 394 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/02676 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбатын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.17-ны өдрийн 394 дүгээр магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэж эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

Нийслэлийн Засаг даргын 2005.09.26-ны өдрийн 399 дүгээр захирамжаар иргэн  ,,,,,,,,,,,,,,,,,д Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамтын хэрэгцээнд амины орон сууцны зориулалтаар 700 м.кв газрыг анх эзэмшүүлсэн, мөн Нийслэлийн Засаг даргын 2008.04.17-ны өдрийн 180 дугаар захирамжаар тухайн газрын эзэмших эрхийг 40 жилийн хугацаагаар сунгаж, 2019.02.15-ны өдрийн А/101 тоот шийдвэрээр тус газрын зориулалтыг өөрчилж, 40 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 0180820 тоот, 000011545 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус олгож шийдвэрлэсэн байдаг. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасны дагуу Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, нэгж талбарын 1780610323 дугаар бүхий 699.0 м.кв газрыг хариуцагч  “,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн эзэмшлээс албадан чөлөөлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх магадлалдаа “...хэргийн нөхцөл  байдал бүрэн тогтоогдоогүй, маргааны талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй...” гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар  “,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д 6/0,4 кв-ын 2*400 кВа чадалтай хаалттай дэд станц бүхий трансформаторыг барих ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл 2013.07.23-ны өдөр олгосон баримт байх боловч уг зөвшөөрөлд хаалттай дэд станц бүхий трансформаторыг барих газрын байршил тодорхойгүй байна...” гэж дүгнэсэн нь зөв бөгөөд тухайн трансформаторыг барих зөвшөөрлийг олгосон гэсэн ганцхан үндэслэлээр бусдын эзэмшлийн газар дээр 6/0,4 кв-ын 2*400 кВа чадалтай хаалттай дэд станц бүхий трансформаторыг барьж болно гэсэн ойлголт огт биш юм. Хариуцагч  “,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас тухайн трансформаторыг барьж ашиглалтад оруулсан эсэх дээр маргадаггүй. Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалдаа “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д 6/0,4 кв-ын 2*400 кВа чадалтай хаалттай дэд станц бүхий трансформаторыг барих ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл 2013.07.23-ны өдөр олгосон баримт байна” гэсэн атлаа “...дээрх байгууламжид олгосон тусгай зөвшөөрөл хэний нэр дээр байгаа, мөн газар эзэмших, ашиглах эрх олгосон эрх бүхий байгууллагын шийдвэрээс хамаарч хариуцагчийн эрх зүйн байдал тодорхой болно...” гэж нэг үйл явдалд хоёр өөр маягаар дүгнэлт хийж байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар  “,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д 6/0,4 кв-ын 2*400 кВа чадалтай хаалттай дэд станц бүхий трансформаторыг барих ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл 2013.07.02-ны өдөр олгосон байгаагаас үзэхэд тухайн байгууламжид олгосон тусгай зөвшөөрөл нь  “,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэр дээр байх нь ойлгомжтой асуудал билээ. Гэтэл бодит байдал дээр иргэн  ,,,,,,,,,,,,,,,,,гаас гомдол гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргаас  “,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн асуудлыг судалж үзээд  “,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5 дах хэсгийг зөрчиж 6/0,4 кв-ын 2*400 кВа чадалтай хаалттай дэд өртөө /ХТП/ барьсан болохыг тогтоож, хугацаа зааж барьсан дэд өртөөгөө буюу трансформаторыг нүүлгэн шилжүүлж газрыг чөлөөлөхийг мэдэгдсэн 2019.06.11-ний өдрийн 01/2385 тоот албан бичиг хэрэгт байсаар атал “...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын хэдий хэмжээний газар дээр бодитойгоор хариуцагч хаалттай дэд станц бүхий трансформатор барьсан, хариуцагч нь хаалттай дэд станцыг барихдаа маргааны зүйл болох газар дээр газар ашиглах, эзэмших зөвшөөрөлтэй байсан эсэх, хэрэв газар эзэмших зөвшөөрөлтэй байсан бол уг газар хариуцагчийн газартай давхацсан эсэх нь тодорхойгүй...” гэж дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй болжээ. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий байна.

Учир нь, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг бүрэн тодруулаагүй байна. Тухайлбал, нэхэмжлэгчийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 15-р хороо (хуучнаар 1-р хороо)-ны нутаг дэвсгэр дэх гэр бүлийн хамтын хэрэгцээний 700 м.кв газар дээр хариуцагчийн 6/0,4 кв-ын 2х400 кВа чадалтай хаалттай дэд станц баригдсан эсэх, хэрэв баригдсан бол энэ нь хариуцагч  “,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгогдсон 2013.07.23-ны өдрийн 318/2013 дугаар Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн хүрээнд нэхэмжлэгчийн эзэмшлийн, эсхүл нийтийн эзэмшлийн газарт баригдсан эсэх, түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагчийн эзэмшил газар давхацсан эсэхийг тодруулж, бодит байдлыг эргэлзээгүйгээр тогтоох нь зүйтэй.

Харин давж заалдах шатны шүүхийн “...дээрх байгууламжид олгосон тусгай зөвшөөрөл хэний нэр дээр байгаа, мөн газар эзэмших, ашиглах эрх олгосон эрх бүхий байгууллагын шийдвэрээс хамаарч хариуцагчийн эрх зүйн байдал тодорхой болно...” гэх дүгнэлт хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлд хамаарахгүй, учир нь хэрэгт авагдсан баримтаар тусгай зөвшөөрлийн эзэмшигч нь  “,,,,,,,,,,,,,,,,,” ХХК болох нь тодорхой, хариуцагчаас “уг хаалттай дэд станцыг манайх бариагүй, манайд хамаагүй” гэж маргаагүй, харин “өөрт олгогдсон тусгай зөвшөөрлийн хүрээнд барьсан” гэж маргасан байна.

Хэргийн үйл баримт бодитойгоор, бүрэн тогтоогдоогүй энэ тохиолдолд хяналтын шатны шүүхээс маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, иймд “магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэхийг хүссэн” нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 394 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ЭРДЭНЭСУВД

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Г.АЛТАНЧИМЭГ

                             ШҮҮГЧИД                                                         Г.БАНЗРАГЧ

                                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ