Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 242

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

Улсын яллагч Д.Цолмон,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Гажидмаа, түүний өмгөөлөгч  М.Хандармаа,

Иргэний хариуцагч Я.Нэргүй, С.Батболд,

Шүүгдэгч С.Цэгмидсүрэн, түүний өмгөөлөгч Э.Ганбат,

Шүүгдэгч Ч.Амартүвшин,  түүний өмгөөлөгч Б.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Номт овогт Сэрээндэндэвийн Цэгмидсүрэн, Боржигон овогт Чулуунбаатарын Амартүвшин нарт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2014250004977 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн Номт овгийн Сэрээндэндэвийн Цэгмидсүрэн, 1961 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Улиастай хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 дугаар байрны 14 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Нийслэлийн шүүхийн 1999 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 65 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан 195 дугаар зүйлийн 195.2 дахь хэсэгт зааснаар аж ахуйн нэгжийг удирдах албан тушаал эрхлэх эрхийг 1 жил хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ЦЗ61052515 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч Монгол улсын иргэн Боржигон овгийн Чулуунбаатарын Амартүвшин, 1988 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт их эмч ажилтай байсан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол 21-275 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, УХ88110836 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч С.Цэгмидсүрэн нь 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн мэс заслын жижүүр эмчийн үүргээ гүйцэтгэж байхдаа өвчтөн Г.Гантулгад эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс Г.Гантулга нь 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нас барсан,

Шүүгдэгч У.Амартүвшин нь 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байхдаа өвчтөн Г.Гантулгад эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс Г.Гантулга нь 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч   Ч.Амартүвшин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхлээ: “Би 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авахын жижүүр эмчийн үүрэгтэй ажиллаж байсан. Тухайн үед өвчтөн Зэвсэгт хүчний төв эмнэлэгт үзүүлээд мэс засал хийх шаардлагагүй, нойр булчирхайн архаг үрэвсэл гэсэн оноштой ирсэн. Би шаардлагатай эм, тариаг хийсэн. Тухайн үед өвчтөнд шокын байдал байгаагүй. Амин үзүүлэлтүүд нь тогтвортой байсан. Дотрын тасагт хэвтэн эмчлүүлэх бичигтэй ирсэн байсан. Хэвтэн эмчлүүлэх өвчтөн нь эрүүл мэндийн даатгал төлөгдсөн байх ёстой байдаг. Гэвч тухайн өвчтөний эрүүл мэндийн даатгал төлөгдөөгүй байсан. Тухайн үед дотрын эхо-ны эмч байгаагүй тул өвчтөнийг маргааш шинжилгээгээ гүйцэд хийлгээд ирээрэй гэж хэлж явуулсан. Тухайн үед үзлэгийн өрөөнд ус алдаад яаралтай хуудас бичих гэхэд норсон байсан тул баримтжуулж амжаагүй” гэв.

Шүүгдэгч С.Цэгмидсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр би ажил дээрээ мэс заслын жижүүр эмчээр үүрэг гүйцэтгэж байсан. Хохирогч Баянзүрх дүүргийн иргэн байсан. Манай эмнэлэг холбогдох журмын дагуу Баянзүрх дүүргийн иргэдийн яаралтай мэс заслыг хийдэг. Тухайн өдөр хохирогчийг үзлэгээр үзэхэд уг өвчтөнд яаралтай хэвлийн хөндийн хагалгаа хийх шаардлага байгаагүй. Үзлэгээр хэвлий зөөлөн эмзэглэлтэй, гялтан, цусны цагаан эс ихсэж 6.6 болсон байсан. Пүүс 80, даралт 110/80-тай байсан. Шинжилгээгээр хэвлийн хөндийд ямар нэгэн шингэн байгаагүй. Иймд өвчтөнг Баянзүрх дүүргийн эмнэлэг рүү явуулсан” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Гажидмаа шүүхийн хэлэлцүүлэгт: “Хохиролтой холбоотой зүйлээ бүгдийг нь зах болон аль болох хямд газраас авсан. Тухайн үед баримт хэрэгтэй гэж бодоогүй тул баримтуудаа аваагүй. Амартүвшин хохирогчийг үзээгүй байж үзсэн мэтээр худал ярьж байна. Би гомдолтой байгаа тул шүүгдэгч нарт хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү. Хохиролд нийт 2.086.890 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

Иргэний хариуцагч Я.Нэргүй шүүхийн хэлэлцүүлэгт: “Би иргэний нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Учир нь эрүүл мэндийн сайдын тушаалаар манай эмнэлгийн мэс заслын эмчилгээ Цэргийн госпиталын төв эмнэлэг харъяалагддаг байсан” гэв.

Иргэний хариуцагч С.Батболд шүүхийн хэлэлцүүлэгт: “Манай эмч С.Цэгмидсүрэн өөрийн гүйцэтгэх үүргээ биелүүлсэн тул манай эмнэлэг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

Хохирогч Г.Гажидмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр манай талийгаач ах Гантулга Нарантуул олон улсын худалдааны төв дээрээс тэрэг түрж байгаад бие нь өвдөөд түргэн тусламжаар Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг дээр хүргэгдэн иртэл эмнэлгийн хүлээн авахын эмч Болор-Эрдэнэ, Цэгмидсүрэн эмч нар үзлэг хийж ЭХО-д хараад бүртгэж аваад Цэгмидсүрэн эмч нь нойр булчирхайн хурц үрэвсэл байна. Манай эмнэлгийн харъяаллын асуудал биш болохоор Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт оч гэж хэлэхээр нь талийгаач ах Мөнхбаатар болон түүний эхнэр Ганцэцэг нарын хамт дүүргийн нэгдсэн эмнэлэгт очтол дүүргийн эмнэлгийн хүлээн авахын Амартүвшин гэдэг эмч Цэгмидсүрэн эмчийн тавьсан оношоор 3 ширхэг өвчин намдаах эм өгөөд хорооны эмнэлгийн тодорхойлолт болон нийгмийн даатгалын дэвтрээ аваад очер аваад хэвт гэж хэлэхээр нь талийгаач гэртээ буцаж харьтал шөнөжин бие нь өвдөөд өгсөн эмийг нь уутал зүгээр болохгүй хөлс нь гараад атиралдаад байж байгаад маргааш нь буюу 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хорооны эмнэлэг ороод хэвтэх бичиг аваад Эрүүл мэндийн дэвтрээ дүүргээс шинээр аваад Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр буцаж очтол хүлээн авахын эмч нар үзээд манай харъяа өвчтөн биш байна гэж хэлээд өөрсдөө эмнэлгийн машинаар БХХСАХНЭ-т хүргэж өгтөл эмнэлгийн хүлээн авахын эмч нар үзээд Эхо-д авахуулсан зураг байхгүй байна гэж хэлэхээр нь Нэгдүгээр эмнэлэгт очтол хүлээж авалгүй дүүргийн харьяа эмнэлэгтээ буцаж оч гэж хэлээд буцаасан байсан юм. Тэгээд буцаж БХХСАХНЭ-н хүлээн авах дээр очтол хүлээж авахгүй үүдэндээ суулгаж байтал Энхбаяр гэдэг эмч гарч ирээд энэ хүн яасан хүн бэ яагаад удаагаад байгаа юм бэ хурдан энэ хүнийг шийд гэж хэлтэл эмч нар нь талийгаач ахыг үзээд яаралтай хагалгаанд оруулах хэрэгтэй гээд хагалгаанд бэлдээд угаалганд оруулж байхад нь бие нь өвдөөд нас барчихсан юм шиг байналээ. “...эмнэлгийн байгууллага буруу оношилж цаг алдсанаас болж манай ах нас барсан, мөн талийгаач ахын 4 хүүхэд өнчин үлдсэнд ах дүү бид нар их гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг. /1 хавтас, хх15-18/,

Эмгэг судлалын шинжилгээний №13 дугаартай тэмдэглэл: “...Эмнэлзүй эмгэг судлалын шинжилгээний өөрчлөлтөөс дүгнэхэд ходоодны архаг шархтай, үрэвсэлтэй байснаас шарх цоорч, ходоод гэдэсний замд цус алдаж, ходоодны агууламж хэвлийн хөндий рүү орж түгмэл гялтантас үүсэн хүндэрч хордлого, олон эрхтэний дутагдлаар нас барсан байна. Эмнэлзүй эмгэг судлалын онош үндсэн өвчин түүний хүндрэлээр зөрсөн ба зөрөөний шалтгаан нь бодит, оношлох хугацаа богино. Гэвч 2 хоногийн өмнө ходоодны архаг шарх өвчний учир Батлах хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг болон Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хандсан боловч буцаасан нь эмчилгээ үйлчилгээний дутагдалд тооцно...” гэсэн дүгнэлт. /хх-29/,

Гэрч Г.Мөнхбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Нарантуул захаас хуучнаар цэргийн госпиталд одоогоор Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт ирээд хүлээн авах дээр нь очтол хүлээн авахын эмч нь настайвтар эрэгтэй эмч үзээд шинжилгээ аваад “нойр булчирхайн хурц үрэвсэл байна, хэвлийн хөндийн зургийг харчихмаар байна даанч манай эмнэлэгт аппарат байхгүй” гэж эмч нар нь хоорондоо ярьж байгаад Ганцэцэг бид хоёрт “энэ хүн чинь нойр булчирхайн хурц үрэвсэлтэй байна тиймээс дүүргийнхээ эмнэлэгт ханд” гэж хэлэхээр нь бид нар өөрсдийнхөө микроавтобусанд Гантулгыг хэвтүүлээд дүүргийн эмнэлгийн хүлээн авах дээр очтол хүлээн авахын эмч нэг залуу эрэгтэй эмч байсан. Тэр эмч нь госпиталиас аваачсан бичгийг үзээд 3 ширхэг эм бичиж өгөөд “маргааш өрхийн эмнэлэгээсээ хэвтэх бичиг аваад очер дугаар авч байгаад эмнэлэгт хэвтээрэй” гэж хэлэхээр нь Гантулгыг аваад гэр рүү нь явсан. Бид нарыг ирэхэд 20 цаг өнгөрч байсан...эмийг нь өгчихөөр өвчин нь намдчих байх гэж бодсон боловч өвчин нь намдахгүй л байгаад байсан. Маргааш нь буюу 2014 оны 06 дугаар сарын 26-ны өглөө өрхийн эмчийг сувилагчтай нь авчирч Гантулгын биеийг үзүүлэхэд эмч нь нойр булчирхайн үрэвсэл байна гээд хэвтэх бичиг хийж өгөөд дүүргийн эмнэлэгт яаралтай хэвтүүл гэж хэлсэн...түргэнээр Баянзүрх дүүргийн эмнэлэгт хүргүүлсэн чинь хүлээн авахын эмч нар нь үзээд мэс засал руу үзүүлэхгүй бол болохгүй юм байна гээд нэг сувилагчтай хамт цэргийн госпиталь руу хүргүүлсэн юм. Хүлээн авахын эмч нар нь хүлээж аваад “хэвлийн хөндийн зураг авахуулах шаардлагатай байна та нар өөр газар авахуулчихаад ир” гэж хэлэхээр нь Нэгдүгээр эмнэлэг рүү таксидаад очтол хүлээн авахын эмч нь “манай харьяаных биш байна манайх хүлээж авахгүй, харъяалагдах эмнэлэг дээрээ оч гэж хэлээд манай дүүг ерөөсөө үзээгүй. Тэгэхээр нь өөр очих газар байхгүй буцаад таксидаад госпитал дээрээ ирээд хүлээн авахынхаа үүдэнд сууж байтал дээрээс нэг эрэгтэй эмч бууж ирээд “энэ хүн яасан юм бэ” яагаад ингэж удаагаад байгаа юм бэ, шинжилгээг нь аваач” гэж хэлтэл эмч, сувилагч нараа дуудаад манай дүүгийн биеийг үзээд Эхо-д харсан, хэвлийн хөндийг нь харсан. Мэс заслын эмч нар нь үзээд “яаралтай хагалгаанд орох юм байна” гэж хэлээд хагалгаанд бэлтгэх болоод угаалганд оруулахын тулд тэргэнцэр дээр суулгаад угаалгын өрөөнд нь оруулаад толгой хүзүүг нь угаагаад байж байтал манай дүүгийн бие нь сулраад л доошоо гулдайгаад л явчихсан чинь асрагч нь эмч сувилагчаа дуудаад хагалгааны өрөө рүү аваад орсон. Хагалгааны өрөөнд ороод 20-30 минутын дараа эмч сувилагч нар нь гарч ирээд Гантулгын ар гэрийнхэн байна уу гэж асуухаар нь Ганцэцэг бид хоёр яваад очтол болох бүх арга хэмжээг авсан боловч өнгөрчихлөө гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг. /хх42-43/,

Гэрч Г.Алтангэрэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2014 оны 06 дугаар сарын 25-ны 17 цаг өнгөрч байхад би Нарантуул зах дээр хүрч иртэл манай шугамынхан “танай дүүгийн чинь бие муудлаа” гээд танай Мөнхбаатар ах, бэр Ганцэцэг хоёрыг явчихлаа гэж хэлэхээр нь би Ганцэцэгийн утас руу залгаад “хаана байна” гэж асуутал өргөтгөлийн ойролцоо ордог хаалганы ойрхон байна хүрээд ир гэхээр нь би яваад очтол талийгаач дүү маань түрдэг тэргэн дээрээ цагираглаад хэвтэж байсан, нөгөө хоёр дэргэд нь байж байсан, тэр хавийн хүмүүс түргэн дуудчихсан байсан. Би юу болсон юм бэ, яасан юм бэ гэж Гантулгаас асуутал хэвлийний дээд хэсгээс доошоо чангааж өвдөөд байна гэж хэлэхээр нь би өдөр ямар хоол идсэн юм бэ гэж асуутал бууз идсэн гэхээр нь хаанаас авч идсэн юм бэ гэж асуухад явуулын бууз байсан гэж хэлсэн. Тэгээд манай дүү ямар ч тамир тэнхээгүй уначихсан байсан, намайг очсоноос хойш нилээн удаж байж түргэн тусламж ирээд эмч нь үзээд госпиталийн мэс засал руу яв гэж хэлээд нэг бичиг хийж өгөөд түргэн тусламжийн машин нь явчихсан...тухайн үед манай дүү бие нь өвдөж байна гэж ярьж байгаагүй учраас онош нь тодорхой болчих байх гэж бодоод би үлдчихсэн юм. Тэгээд 00 цагийн үед Ганцэцэгийн утас руу залгаад Гантулгын бие яаж байна гэж асуутал нойр булчирхайн үрэвсэл гэсэн онош тавьж байна эмч авчихсан байгаа гэхээр нь би тайвшираад наагуураа арга хэмжээг нь аваарай эмийг нь өгөөрэй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-45/,

Гэрч Д.Ганцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Мөнхбаатар ахын микроавтобустай Гантулга бид гурав госпитал дээр ирээд хүлээн авахын эмч болох настай эрэгтэй эмчид үзүүлэхэд даралтыг нь үзээд цусны шинжилгээ аваад Эхо-д харуулсан. Тэр үед нь Мөнхбаатар бид хоёр хамт орсон. Эхо-д хараад “ходоод нь хямралтай байна, бөөр нь үрэвсэлтэй байна, нойр булчирхай үрэвсэлтэй байна шинжилгээний хариугаа авч байгаад нарийн хэлье” гэж хэлсэн. 10-20 минутын дараа шинжилгээний хариу нь гараад нөгөө эмч нь Мөнхбаатар бид хоёрыг дуудаж уулзаад “нойр булчирхайны архаг үрэвсэлтэй юм байна дүүргийнхээ эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай юм байна” гэж хэлээд яаралтай тусламжийн хуудас гэсэн бичгээ өгөхөөр нь тэр бичгийг нь аваад дүүргийнх нь эмнэлгийн хүлээн авах дээр очтол Амартүвшин гэдэг өндөр нуруутай залуу хүлээн авахын эмчээр ажиллаж байсан, би бичгийг нь аваад ортол хүн нь хаана байгаа юм бэ гэж асуухаар нь одоо оруулаад ирье гэж хэлээд гарч Мөнхбаатар ахаар Гантулгыг үүрүүлээд эмнэлэг рүү оруулж ирсэн. Жижүүрийнх нь ширээний хажууд суулгатал Амартүвшин эмч нь үзэхгүй ус алдаад байна гээд дээшээ гүйгээд байсан, сувилагч нар нь зурагтаар орос кино үзээд ерөөсөө хөдлөхгүй байсан, мөн Амартүвшин эмч нь ширээнийхээ хажууд зүгээр л зогсоод байсан. Манай нөхөр ёолоод байхаар нь би Амартүвшин эмч дээр очоод нөгөө хүнээ оруулаад ирсэн гэж хэлтэл госпиталын эмчийн бичиж өгсөн шинжилгээний хариуг харчихаад өвчин намдаах нойр булчирхайны эм бичиж өгчихөөд өрхийн эмнэлгээсээ хэвтэх бичиг авчир, мөн оочер аваад эмнэлэгт хэвт гэхээр нь би одоо яах юм бэ гэтэл энэ эм тариагаа хэрэглэчихээд маргааш ирж оочер аваад хэвтүүлээрэй гэхээр нь бид гурав гарч яваад урд талын аптекаас эмнүүдийг нь авсан...Гантулга ёолоод ерөөсөө унтахгүй ам цангаад байна гээд буцалсан ус л уугаад байсан...Тэр өдөр буюу 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авах дээр гарч байсан Алтанхуяг эмч нь “хэвлийн тойрогны хэсгийн зураг байхгүй учраас бид нар юу нь мэдэхгүй байна, миний таамгаар түгжрээ байна гэж оношилж байна” гэхээр нь би зургийг нь хаана авахуулах юм бэ гэтэл Нэгдүгээр эмнэлэг дээр явдаг юм тийшээ яв гэж хэлэхээр нь Мөнхбаатар такси бариад эмнэлэг рүү оруулж ирээд бид гурав таксидаад Нэгдүгээр эмнэлэг рүү явсан. Нэгдүгээр эмнэлэг дээр очсон чинь тэр өдөр гарч байсан жижүүр эмч эмэгтэй наад хүн чинь манай харъяа биш байна тэглээ ч манайх тийм зураг авдаггүй гэж асуутал бид нар яаж мэдэх юм гээд ерөөсөө авч хэлэлцэхгүй байсан. Би Гантулгыг ахтай нь хамт хүлээн авах дээр суулгачихаад тэр хавиар хэвлийн зураг авдаг газар хайгаад олдоогүй, ойролцоогоор бараг цаг болчихсон. Тэгээд Нэгдүгээр эмнэлгийн хүлээн авах дээр ирээд Мөнхбаатар ахаас одоо яах вэ гэж асуутал одоо яахавдээ гэртээ харъя гэхээр нь би хариад ямар эмчлэх арга байгаа биш дээ буцаад госпитал дээр очъё гээд таксидаад госпитал дээр ирсэн. Алтанхуяг эмч нь байхгүй сувилагч нь сууж байхаар нь би Нэгдүгээр эмнэлэг хүлээж авсангүй, хэвлийн зураг авдаг газар байдаггүй гээд авч хэлэлцсэнгүй гэхэд сувилагч нь зураг нь байхгүй бол бид нар ямар өвчин гэж оношлох юм бэ ямар ч арга байхгүй гээд зогсож байтал гаднаас Алтанхуяг эмч нь орж ирээд яасан гэж асуухаар нь сувилагчид нь хэлсэн зүйлээ хэлээд та нар арга хэмжээ аваад өг гэж гуйгаад зогсож байтал дээрээс Эрхэмбаяр байхаа нэг нүдний шилтэй эрэгтэй эмч хүрч ирээд яасан хүн өдөржингөө энүүгээр яваад байгаа юм бэ гэж асуухаар нь би болсон явдлаа ярьсан чинь шинжилгээ авсан юм уу гэж асуухаар нь би 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр авсан цусны шинжилгээг харуулаад би энэ бол өчигдрийн шинжилгээний хариу, өнөөдөр ирэхэд ямар ч шинжилгээ аваагүй гэж хэлсэн чинь шинжилгээг нь хурдан ав, арга хэмжээг нь хурдан аваач юу гээд энд байлгаад байгаа юм бэ гэж хэлчихээд явчихсан...Тэгээд 10-аад минутын дараа гарч ирээд Алтанхуяг эмч түгжрээ байна яаралтай орохгүй бол болохгүй гээд асрагч нь Гантулгыг угаалгын өрөө рүү тэргэнцэртэй нь түрээд Мөнхбаатартай хамт ороод гар нүүр угаадаг угаалтууранд урагш нь тонгойлгоод толгойг нь угаагаад байсан...би памперсийг нь зүүгээд байж байтал цаанаас асрагч нь ирээд хагалгааны өрөө рүү түрээд аваад явсан, памперс зүүхээс өмнө ёолоод байсан хүн чинь памперс хийхэд яагаад дуу гарсангүй вэ гэж бодоод араас нь гүйж очоод гарнаас нь бариад зүрхэн дээр нь дартал хорр хорр гэж дуугарсан, би хүлээн авах дээр очоод эмч нар чинь хаана байгаа юм бэ болохоо больчихсон байна шдээ гээд орилтол асрагч нь чи битгий хамаагүй сэгсэрч угзраад бай гээд загнаад байсан. Эмч нар нь хаана байгаа юм бэ гээд намайг орилоод байхаар нь нэг эрэгтэй эмч базаж хиймэл амьсгаа хийдэг багаж барьж гарч ирээд ам руу нь хийгээд базаад зүрхэн дээр нь дараад байсан боловч амьсгалахгүй байсан. Тэгээд эмч нь эрчимт эмчилгээний тасаг руугаа түрээд орсон. Тэгээд 40-өөд минутын дараа Мөнхбаатар бид хоёрыг тэр өдөр гарч байсан эрчимт эмчилгээний эмч залуу дуудахаар нь өрөөнд нь яваад ортол 30 минут ноцолдоод бид нар аварч чадсангүй, 2 цагийн дараа моорогт хийнэ гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг. /хх47-49/,

Гэрч С.Өлзийжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2014 оны 06 дугаар сарын 26-ны 16 цагт ажлаа аваад байж байтал 17 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн эмнэлэгт сувилагчтай өвчтөн Гантулга гэдэг хүн ахынхаа хамт хүлээн авах дээр ирсэн. Өвчтөн тэргэнцэртэй орж ирсэн юм. Би мэс заслын эмч Алтанхуягийн дотуур утсаар дуудсан, эмч маань удалгүй дээрээс бууж ирсэн юм. Алтанхуяг эмч өвчтөнд өвчин намдаах тариа хийчих хэвлийн тоймыг рентгенд харъя, өвчин нь намдахаар клизм тавъя гэхээр нь би анальгин, демодролыг судсаар мөн ношпа, баралгиныг судсаар хийчих гэсний дагуу дээрх тариануудыг хийсэн. Би Алтанхуяг эмчид манай рентген ажиллахгүй байгаа гэдгийг хэлсэн чинь юу ч гэсэн клизмийг нь тавьчих юу гарахыг нь харъя, би дээшээ гарчихаад буцаад ирье гэж хэлээд явсных нь дараа би клизмийг нь тавьсан...Алтанхуяг эмч та нар Нэгдүгээр эмнэлэг рүү яваад хэвлийн тойм рентгенд харуулаад ир гэж хэлээд өвчтөн Гантулгыг ах, эхнэр хоёртой явуулсан юм. Тэгээд 21 цаг өнгөрөөгөөд буцаж ирэхдээ эхнэр нь харъяаллын бус гээд рентгенээр харж өгөхгүй байна гээд харуулаагүй ирсэн...өвчтөнд рентгенд харуулж чадсангүй гээд гаднаас орж ирэх үед Энхбаяр эмч “энэ юун хүн ингээд яваад байгаа юм бэ шинжилгээ авсан юм уу” гэхээр нь би өнөөдөр бол шинжилгээ аваагүй өчигдөр шинжилгээ авсан юм байналээ гэж хэлтэл “шинжилгээ яагаад авахгүй байгаа юм бэ” гэхээр нь Алтанхуяг эмч шинжилгээ ав гэж хэлээгүй, хэвлийн тойм рентгенд харуулаад ир гээд Нэгдүгээр эмнэлэг рүү явчихаад ирж байгаа юм аа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг. /хх68-69/,

Гэрч Ж.Батсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...манай эмнэлгийн рентген аппарат нь актлагдчихсан аппарат байсан, аль дээр хугацаа нь дуусчихсан, ер нь л хэцүү, рентген цаг гэж байдаг тэр нь дуучихсан байсан, рентген байхгүй гэж байхаас байлгаж байсан нь дээр гээд байлгаж байсан. Эвдрээд нилээн удсан байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-67/,

Гэрч Ж.Лхагвасүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...ходоод цоорсон тохиолдолд хэвлийн сул шингэн үүсч болно, үүсэхгүй ч байж болно. Хэрэв ходоодонд шингэн агууламж их байсан бол хэвлийд сул шингэн харагдаж болно. Мөн цоороод удчихсан тохиолдолд шингэн үүснэ...” гэсэн мэдүүлэг. /хх-69/,

Шүүх эмнэлгийн №901 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Талийгаач Г.Гантулгын БХХСАХНЭ-ийн №5163 дугаартай өвчний түүх болон Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн №4580 дугаартай яаралтай тусламжийн хуудас зэргээр талийгаачийн нас барсан шалтгааныг тогтоох боломжгүй.
  2. С-13 дугаартай эд эсийн материалыг харахад талийгаач нь ходоодны архаг үрэвсэл, шарх, уушигны гялтан, гэдэсний салст, бөөрний тэвшинцэрийн архаг үрэвсэл зэрэг өвчтэй байжээ.
  3. Талийгаачийн биед үхэлд хүргэхгүй зүүн талын 3, 4, 5 дугаар хавирга, баруун талын 3 дугаар хавирганы хугарал гэмтэл учирсан байх бөгөөд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  4. 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр БХХСАХНЭ-т талийгаачийн өвчнийг буруу оношилж Баянзүрх дүүргийн нэшдсэн эмнэлэг рүү илгээсэн байна.
  5. Талийгаач нь эмнэлгийн яаралтай тусламжийг зохих хугацаанд бүрэн авсан бол амь нас аврагдах боломжтой байжээ.
  6. Талийгаачийн ходоодны шарх нь архаг өвчин бөгөөд хэдийд үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй бөгөөд шархны цооролт хүндрэл нь 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой байна.
  7. Талийгаачийн зүүн талын 3, 4, 5 дугаар хавирга, баруун талын 3 дугаар хавирганы хугарлууд нь сэхээн амьдруулах үйл ажиллагааны явцад хугарах боломжтой.
  8. Талийгаач нь ходоодны архаг шархтай байсан нь цоорч, ходоод гэдэсний замд цус алдаж, ходоодны агууламж хэвлий хөндий рүү орж түгжмэл гялтантасаар хүндэрч нас баржээ. гэсэн дүгнэлт. /хх-94/,

Шинжээч Н.Батзаяагийн дүгнэлт: “...Ходоод цоорсон тохиолдолд эрт оношилж мэс заслын эмчилгээ хийлгэвэл амь нас аврагдах боломж төдий чинээ өндөр. Харин хожуу оношилж эмчилгээ хийвэл төдий чинээ амь аврагдах боломж бага байна. “...Ходоод цоорсон гэдгийг өвчтөн өөрөө мэдэх боломжгүй, харин ходоод өвддөг байсан буюу зовиуртай байх ёстой. Ходоод цоорсон тохиолдолд хэвлийгээр хүчтэй хатгуулж өвдөнө, дотор муухай оргино, огиулж бөөлжинө, өвчтөн албадмал байдалд орж хэвлийн булчин чангарч хэвлийгээр нилэнхүйдээ эмзэглэлтэй байдаг. “...Ходоод гэдэсний шархлаа өвчний шалтгаан нь олон янз байдаг, хлекобактер, сэтгэлийн хүчтэй хямрал, удамшил, архи, тамхи, эмийн хэрэглээ зэргээс үүдэн шалтгаалж ходоодны шархлаа өвчин үүсдэг. Эмчилгээ хийхгүй дэглэм сахихгүй бол шархлаа өвчин нь хүндэрч нэг өдөр цоордог. “...2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр БХХСАХНЭ-ийн эмч үзээд ходоодны үйл ажиллагааны хямрал, нойр булчирхайн гурвалжин үрэвсэл гэж буруу оношилсон байна. “...Эмнэлгийн яаралтай тусламжийг зохих хугацаанд бүрэн авсан бол амь нас аврагдах боломжтой байсан...” гэсэн мэдүүлэг. /хх95-97/,

Шүүх эмнэлгийн №931 тоот давтан дүгнэлтэнд:

  1. 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын №901 тоот шинжээч эмч Батзаяагийн дүгнэлт болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагч  Б.Байгалмаагийн дүгнэлттэй санал нэгтэй байна.
  2. 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн БХХСАХНЭ-ийн мэс заслын тасгийн жижүүр эмч нь өвчтөн Г.Гантулгад мэс заслын өвчний шинж тэмдэг илрээгүй ч гэсэн ходоодны шархыг оношлоогүй байна. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн жижүүр эмч мөн өвчнийг оношлоогүй тусламж үйлчилгээ үзүүлээгүй байна. гэсэн дүгнэлт. /2-р хавтас, хх-35/,

Хохирогч Э.Гажидмаагийн мэдүүлэг /1 хавтас, хх15-18/, өвчний түүхийн хуулбар, эмгэг судлалын тэмдэглэл /1 хавтас, хх-20/, эмгэг судлалын тэмдэглэл /1 хавтас, хх-29/, гэрч Мөнхбаатарын мэдүүлэг /1 хавтас, хх-46/, гэрч Д.Ганцэцэгийн мэдүүлэг /1 хавтас, хх-47/, гэрч Ж.Лхагвасүрэнгийн мэдүүлэг /1 хавтас, хх68-69/, гэрч Ж.Батсайханы мэдүүлэг /1 хавтас, хх65-67/, шинжээчийн дүгнэлт /1 хавтас, хх91-94/, шинжээч эмч Н.Батзаяагийн мэдүүлэг /1 хавтас, хх95-97/, яаралтай тусламжийн хуудас /1 хавтас, хх-85-87/, эмнэл ба бүтэц зүйн дүгнэлт / 1 хавтас, хх-90/, шинжээчийн дүгнэлт /1 хавтас, хх-94/, түргэн тусламжийн дуудлагын хуудас /1 хавтас, хх-99/, Баянзүрх эмнэлгийн чанарын албаны хурлын тэмдэглэл /1 хавтас, хх149-150/, байгууллагын дотоод журам /1 хавтас, хх151-153/, хохирлын баримтууд /1 хавтас, хх186-197/, шинжээчийн дүгнэлт /2 хавтас, хх27-36/, талийгаачийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /2 хавтас, хх156-166/, Эрүүл мэндийн сайдын тушаал /1 хавтас, хх163-164/, шинжээчийн дүгнэлт /2 хавтас, хх56-59/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч С.Цэгмидсүрэн нь 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн мэс заслын жижүүр эмчийн үүргээ гүйцэтгэж байхдаа өвчтөн Г.Гантулгад эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс Г.Гантулга нь 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нас барсан болох нь,

Шүүгдэгч У.Амартүвшин нь 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байхдаа өвчтөн Г.Гантулгад эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс Г.Гантулга нь 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нас барсан болох нь гэрч нарын мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч С.Цэгмидсүрэн, Ч.Амартүвшин нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч С.Цэгмидсүрэнг өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн нас барсан гэмт хэрэг,

шүүгдэгч Ч.Амартүвшинг өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүйн улмаас өвчтөн нас барсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэхээр шийдвэрлэв.

Хохирогч Г.Гажидмаа нь хавтас хэрэгт авагдсан баримтаар хохирол төлбөр болох 2.086.890 төгрөгийг шүүгдэгч нараас нэхэмжилсэн бөгөөд уг хохирлыг иргэний хариуцагч болох Баянзүрх Эмнэлэг ХХК, Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгээс тус тус хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гажидмаад олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Харин гэм буруутай шүүгдэгч С.Цэгмидсүрэн, Ч.Амартүвшин нараас дээрх хохирол болох 2.086.890 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Баянзүрх Эмнэлэг ХХК, Батлан хамгаалах нэгдсэн эмнэлэг нарт хувь тэнцүүлэн олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Цэгмидсүрэн, Ч.Амартүвшин нар нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд тэдгээрт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах нэмэгдэл ял, хорих ял оногдуулж уг нэмэгдэл болон үндсэн ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийг ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Номт овогт Сэрээндэндэвийн Цэгмидсүрэнг өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн нас барсан гэмт хэрэг,

Боржигон овогт Чулуунбаатарын Амартүвшинг өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс өвчтөн нас барсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106  дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар С.Цэгмидсүрэн, Ч.Амартүвшин нарыг тус бүр тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажилагаа явуулах эрхийг 1 /нэг/ жил хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар С.Цэгмидсүрэн, Ч.Амартүвшин нарт оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг тус тус өршөөн хэлтрүүлсүгэй.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, С.Цэгмидсүрэн, Ч.Амартүвшин нар нь цагдан хоригдсон хоноггүй, С.Цэгмидсүрэн, Ч.Амартүвшин нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгосон болохыг тус тус дурьдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар 2.086.890 /хоёр сая наян зургаан мянга найман зуун ер/ төгрөгийг иргэний хариуцагч болох Баянзүрх Эмнэлэг ХХК, Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгээс тус тус хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гажидмаад олгосугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар С.Цэгмидсүрэн, Ч.Амартүвшин нараас 2.086.890 /хоёр сая наян зургаан мянга найман зуун ер/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж иргэний хариуцагч Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, Баянзүрх Эмнэлэг ХХК-д хувь тэнцүүлэн олгосугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Цэгмидсүрэн, Ч.Амартүвшин нарт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ШИНЭБАЯР