Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2021/0755

 

 

 

 

 

 

2021 11 12 128/ШШ2021/0755

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: О ХХК, /РД:/,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын О ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаал, Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2016/457 дугаар гэрчилгээний үндсэн дээр Богдхан уулын дархан цаазат газрын Богинын амны хязгаарлалтын бүсэд 1.6 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхтэй болсон.

Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2021 оны 02 дугаар сарын 18- ны өдрийн А/50 дугаартай Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай тушаалаар О ХХК-ийн газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтад тус тус үндэслэн цуцалж, хүчингүй болгосон.

Энэхүү тушаал гарсан тухай нэхэмжлэгчид албан ёсоор мэдэгдэж, гардуулаагүй бөгөөд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас өөрийн албан ёсны цахим хуудаст байршуулсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосон тухай мэдэгдэл гэсэн нэртэй нийтлэлээс компанийн газрыг ашиглах эрх цуцалж, хүчингүй болсон болохыг 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр мэдсэн.

О ХХК-ийн тусгай хамгаалалтгай газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосон захиргааны акт нь дараах үндэслэлээр үндэслэлгүй байна.

Нэг. Захиргааны актын утга , агуулгын илэрхий алдааны тухай:

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2021 оны 02 дугаар сарын 18-ны А/50 дугаартай Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай тушаалын 1 дэх заалтад Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй хавсралтад заасан нэр бүхий... аж ахуй нэгж, байгууллагын... газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгусай гэсэн. Тушаалын 1 дэх хавсралтын 14-т Огторгуйн шилтгээн ХХК байх бөгөөд газрын байршлыг Жаргалантын ам, тушаалын огноог 2015/06/03 А-277, талбайн хэмжээг 1.8 га гэж тэмдэглэгдсэн байна. Огторгуйншилтгээн ХХК нь Жаргалантын аманд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А-277 дугаартай аялал жуулчлалын тушаалаар 1.8 га талбай бүхий газрыг ашигладаггүй болно.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаартай Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай тушаалын О ХХК-д холбогдох хэсэг алдаатай, тодорхой биш, ойлгомжгүй, уг тушаалын О ХХК-д холбогдох хэсэг илт үндэслэлгүй, утга, агуулгын илэрхий алдаатай гэж үзэхээр байна.

Хоёр. Газрын төлбөрийн тухай

О ХХК газрын төлбөрийг 2021 оны 3 дугаар сарыг дуустал бүрэн төлсөн. Улмаар Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албатай 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр, 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 820200258 дугаартай газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт үйлдсэн. Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч нар газрын төлбөр төлөлтийн байдалд хяналт шалгалтыг 2019 оны 9 дүгээр сард хийж зөрчил илрээгүй тул 2019 оны 9 дүгээр сарын 20-ний өдрийн 34185000 дугаартай илтгэх хуудас бичсэн байдаг.

Гурав. Газар ашиглалтын тухай:

О ХХК-д газар ашиглах эрх олгосны дараа У ХХК-иас ашиглах газрыг давхцуулан олгосон тухай маргаан гарсан. Үүссэн нөхцөл байдлыг харилцан ойлголцож шийдвэрлэхийн тулд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар (тухайн үеийн нэрээр)-т Уо ХХК, О ХХК, У скай ХХК-иудын удирдлагуудтай 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр уулзалт зохион байгуулсан. Уг уулзалтад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Б, мэргэжилтэн Ч.Г, Кадастрын хэлтсийн мэргэжилтэн Э.А, Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Г.Г болон У скай ХХК-ийн захирал Ч.Т, О ХХК, У трэвел ХХК-ийн захирал Р.Б нар оролцсон. Уулзалтаас Ускай ХХК-д шинэ байршилд газар ашиглах эрх олгох хүртэл О ХХК газар ашиглах эрхээ хэрэгжүүлэхгүй байхаар тохирсон байдаг. Энэхүү уулзалтаар харилцан тохиролцсон шийдвэрийн дагуу нэхэмжлэгч нь газраа зориулалтын дагуу түр ашиглах боломжгүй болсон бөгөөд У скай ХХК-д шинэ байршилд газар ашиглах эрх одоог хүртэл олгоогүй байгаа.

Улсын тусгай хамгаалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах 2016/139 дугаартай гэрээг О ХХК нь Тусгай хамгаалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулж, Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга нартай 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан.

2019 онд газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдсөнтэй холбогдуулан газар ашиглах гэрээг шинэчлэх шаардлагатай болсон. Шинэчилсэн 2019/434 дугаартай Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ-ний төслийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас авч гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулж Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өгсөн. Гэтэл Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2019/434 дугаартай Богдхан уулын дархан цаазат газрын хяналтын бүсэд газар ашиглах тухай гэрээ-ний төслийг газрын төлбөрийн хэмжээ буруу бичигдсэн гэдэг үндэслэлээр баталгаажуулахаас татгалзаж гэрээний төслийг 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр бидэнд эргүүлэн өгсөн. Гэрээний төслийн 2 дугаар зүйлийн 2.3-т заасан газрын төлбөрийн хэмжээ нь 1788 т/м.кв байх ёстой байтал газрыг 1 дүгээр бүс болон 6 дугаар бүс болон хувааж 2 өөр дүнгээр газрын төлбөрийг тогтоосон нь буруу байх тул засч ирүүлэхийг Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба мэдэгдсэн. Мэдэгдлийн дагуу 2019/434 дугаартай Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ-ний төслийн 2 дугаар зүйлийн 2.3-т заасан газрын төлбөрийн хэмжээг засуулахаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хандсан. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас гэрээний төслийг засварлаж өгснийг Хан-Уул дүүрэгт хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл гэрээг баталгаажуулж өгөөгүй байна.

О ХХК нь газар ашиглах эрхтэй болсны дараа төслийн ерөнхий төлөвлөгөө болон эскиз зургийг батлуулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн. Гэвч нэг жил зургаан сарын дараа Улаанбаатар хотоор төслийн ерөнхий төлөвлөгөө болон эскиз зургийг батлуулахыг мэдэгдсэн. Мөн Улаанбаатар хотын эрх бүхий байгууллагад хандсан боловч Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ батлагдаагүй гэх үндэслэлээр ерөнхий төлөвлөгөө болон эскизыг батлахаас татгалзсан.

Дээр дурдсан нөхцөл, шалтгааны улмаас нэхэмжпэгч О ХХК газрыг зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж, ашиглах эрхтэй талбайг идэвхитэй ашиглах боломжгүй байсан хүндэтгэн үзэх шалтгаантай юм.

Нэхэмжлэлийн үндэслэл:

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаартай Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай тушаалын О ХХК-д холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5.-т заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх бөгөөд мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д утга агуулгын илэрхий алдаатай гэж заасны дагуу илт хууль бус захиргааны акт байна.

Захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай гэдэгт захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэд илэрхийлэгдээгүй, актын заалтууд нь хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгатайгаар ойлгогдож болохоор агуулга нь хоорондоо зөрчилдөөнөөс хоёрдмол утгатайгаар ойлгогдож болохоор агуулга нь тодорхой бус байхыг хэлдэг. Түүнчлэн тухайн захиргааны акт дундаж боловсролтой бүхий иргэний хувьд ойлгомжтой байх ёстой. Гэвч маргаан бүхий захиргааны актад О ХХК-ийн нэрийг газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосон жагсаалтад оруулсан хэр нь түүний ашиглах эрхтэй газар байршил, хэмжээ, газар ашиглах эрх олгосон сайдын тушаал зэрэг нэхэмжлэгч компанид ямар ч холбоо хамааралгүй газрын байршил, хэмжээ, газар ашиглах эрх олгосон сайдын тушаалыг дурдсан нь ойлгомжгүй утга агуулгын илэрхий алдаатай болохыг илэрхийлж байна.

Түүнчлэн тушаалын үндэслэл болох Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэсэн нь үндэслэлгүй О ХХК газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлсөн байсан, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдэг нь эрх зүйн үндэслэлгүй, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр үйл ажиллагаанаас хамаарч газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тул уг захиргааны актыг үндэслэлгүй, бодит нөхцөл байдалд тохироогүй гэж үзэхээр байна.

Уг маргаан бүхий захиргааны акт гарснаас хойш Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын захиргаанаас О ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээ улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг хураалгахыг шаардсан бөгөөд ашиглах эрхтэй Богдхан уулын дархан цаазат газрын Богинын амны хязгаарлалтын бүсэд 1.6 га талбайд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг баталж өгөхөөс татгалзаж, О ХХК-ийн газар ашиглах эрх зөрчигдөж байна.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаартай Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай тушаалаас О ХХК-д холбогдох хэсэг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодорхойлж, нэмж гаргасан тайлбартаа: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаартай Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай тушаалын О ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж шаардлагаа өөрчлөн тодорхойлж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаартай Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай тушаалаар О ХХК-ийн газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтад тус тус үндэслэн цуцалж хүчингүй болгосон. Энэхүү тушаал гарсан талаар нэхэмжлэгчид албан ёсоор мэдэгдэж, гардуулаагүй. Тухайн тушаалын хавсралтын 14 дүгээр дугаарт О ХХК-ийн нэрийг заасан боловч тус компанид ямар хамааралгүй газрын нэр, байршил, мөн сайдын тушаалыг заасан нь захиргааны актын утга агуулгын илэрхий алдаатай акт гаргасан гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.

Мөн маргаан бүхий захиргааны акт нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ нь О ХХК-ийн газар ашиглах эрхэд халдах хууль зүйн үндэслэл байгаагүй. Тодруулбал тушаалын үндэслэлд газрын төлбөрөө төлөөгүй гэж дурдсан байдаг боловч 2021 оны эхний улирлын газрын төлбөрийг төлсөн болох нь Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газрын төлбөр тооцоо нийлсэн актаар нотлогддог. Мөн түүнчлэн 2019 онд Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын газрын төлбөр төлөлтийн байдалд хийсэн хяналт шалгалтаар ямар нэгэн зөрчил илрээгүй тул газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэдэг зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Газрын төлбөрөө төлсөн учраас Газрын тухай хуулийн 40.1.5-д заасан үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

О ХХК-д газар ашиглах эрх олгосны дараа У скай ХХХ-тай газар ашиглах эрх нь давхцалтай олгогдсон талаар маргаан үүссэн. Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга нар, холбогдох төрийн захиргааны ажилтнууд мөн Ворлд трэйвел ХХК болон О ХХК, У скай ХХК-ийн төлөөллүүд нь 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр уулзалт зохион байгуулсан. Тус уулзалтад газар давхцуулан олгосон учраас У скай ХХК-д өөр буюу шинээр газар олгон, үүний дараа О ХХК нь өөрийн ашиглах эрх бүхий газарт үйл ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл тухайн шийдвэр гарснаас хойш У скай ХХК-д шинээр өөр газарт газар ашиглах эрх олгоогүй учраас О ХХК нь маргаан бүхий газарт бодитой үйл ажиллагаа явуулах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан.

Мөн 2019 онд газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдсөнтэй холбогдуулан гурвалсан гэрээг шинэчлүүлэхээр Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын захиргаанаас гэрээний төслийг аван, Хан-Уул дүүргийн Засаг даргад гэрээгээ батлуулахаар өгсөн боловч газрын төлбөрийн хэмжээ алдаатай байна гэж буцаагдсан. Энэ гэрээ нь одоог хүртэл батлагдаагүй нөхцөл байдалтай байна. Тус гурвалсан гэрээ батлагдаагүй учраас тухайн газарт баригдах барилга, байгууламжийн эскиз зураг болон архитектур төлөвлөлтийн даалгаврыг Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас батлахаас татгалздаг. Ийм хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүндэтгэн үзэх О ХХК нь тухайн газраа зориулалтын дагуу ашиглаж чадаагүй. Тийм учраас Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан үндэслэлийг хангахгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас газар ашиглах эрхийг зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэдэг хуулийн заалтыг үндэслэх боломжгүй гэж үзэж байна.

Ийм учраас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаартай Газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгох тухай тушаалын О ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн шаардлагыг хангаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: 2018 оны 12 дугаар сард Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас газрын төлбөрийн итгэлцүүрийг шинээр баталсан юм. Энэ итгэлцүүрийн дагуу газар ашиглагч нарын төлбөрийн хэмжээ өөрчлөгдсөн. 2016 онд байгуулагдсан гурван талт гэрээний газрын төлбөрийн хэсэгт зайлшгүй өөрчлөлт орох шаардлагатай болсон. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас үүнийг бидэнд мэдэгдэн шинэчилсэн гэрээ байгуулсан. Гэхдээ Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас зөвхөн газрын төлбөрийн хэсэгт биш гурвалсан гэрээг бүхэлд нь гэрээний төслийг шинэчлэн өөрсдөө гарын үсэг зуран өгч, манай компани гарын үсэг зураад дүүргийн Засаг даргаар батлуулахаар Газрын албанд хүргүүлсэн. Хан-Уул дүүргийн Газрын албанаас газрын төлбөр чинь буруу бодогдсон байна гэж буцаадаг. Тухайн гэрээний төсөлд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас манай компанийн 3 хэсэг газрын төлбөрийг 2 өөр бүсчлэлээр буюу 1 дүгээр бүсийн, 6 дугаар бүсийн гэж хуваасан. Тухайн газрууд зэргэлдээ байрладаггүй, хоорондоо тодорхой хэмжээний зайтай байрладаг. Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 1 бүсэд байрлалтай гэж тогтоосон. Үүнийг засварлах шаардлагатай гэсэн агуулгаар гэрээг баталдаггүй. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд төлбөрийн бүсчлэл засуулах гээд хандахаар төлбөрийн бүслэл алдаагүй, засварлах шаардлагагүй гэсэн хариуг бүртгэл хяналтын картад гараар бичиж хариу өгдөг. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандсан нь хавтаст хэрэгт авагдсан байна. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас бидэнд бичгээр хариу өгөлгүйгээр манай хүсэлтийг хүлээн авсан бүртгэл хяналтын картад тэмдэглэгээг хийсэн нь хэрэгт авагдсан.

Хан-Уул дүүргийн Засаг дарга гэрээг батлаагүй. Нэхэмжлэгч талаас гэрээг баталж өгнө үү гэсэн хүсэлтийг 2019 оны 12 дугаар сард гаргаж байсан. Газрын төлбөрөө өмнөх гэрээнд заасан хэмжээгээр, мөн шинээр батлагдсан итгэлцүүрт зааснаар Хан-Уул дүүргийн Газрын албанаас тогтоосон, шаардсан төлбөрийг төлсөн. Гэрээ шинэчлээгүй болохоор шинэ төлбөрийн итгэлцүүрээр өмнөх гэрээнээс илүү дүнгээр төлсөн.

Бид Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаартай тушаалаас холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нь хариу тайлбартаа ...Бид илэрхий алдаатай тушаал гаргасан байна. Үүнийгээ засч залруулна... гэсэн боловч өнөөдрийг хүртэл засч, залруулаагүй учраас энэ хүчин төгөлдөр байгаа тушаалын О ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэдгийг тодруулж хэлмээр байна. Энэ тушаал гарснаас хойш тухайн тушаалыг гаргасан эрх бүхий этгээд нь О ХХК-д огт мэдэгдээгүй, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас гэрчилгээ болон гэрээгээ хураалгахыг шаардсанаар бид тухайн актыг гарсан гэж мэдсэн.

2012 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас В трэйвел ХХК-ийн ашиглаж байсан 30 га газрын 15 га газрын ашиглах эрхийг хүчингүй болгож, Улаанбаатар скай ХХК-д газар ашиглах эрх олгосон. В трэйвел ХХК нь шүүхэд хандсанаар шүүхээс В трэйвел ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн. В трэйвел ХХК-ийн тухайн газар нь 2016 онд О ХХК-д газар ашиглах эрх олгогдсон газар юм. Тухайн шийдвэр нь хүчин төгөлдөр болсон хэдий ч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас У скай ХХК-д газар олгосон шийдвэрээ хүчингүй болгоогүй. Ингээд 2012 оноос 2016 он хүртэл буюу О ХХК-д газар ашиглах эрх олгогдох хүртэл нэг газарт 2 компанийн нэр давхцалтай байсан. 2016 онд О ХХК нь газар ашиглах эрхтэй болчихоод газраа ашиглах гэтэл У скай ХХК-иас тухайн газрыг ашиглах эрхийн гэрчилгээ, гэрээгээ үзүүлээд маргаан үүссэн. Тус хоёр компаниас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандсан. Үүний дараа Байгаль орчин, аялал жуулчлалын яам, О ХХК болон У скай ХХК-иудын уулзалт болсон юм. Тухайн уулзалтаар тус хоёр компанийн газрын давхацлыг хэрхэн арилгах талаар хэлэлцсэн. Нэг талаас У скай ХХК нь газар ашиглах эрхээ аван, газрын төлбөрөө төлөөд явж байдаг. Нөгөө талаас хууль ёсны шүүхийн шийдвэрийн дагуу газар ашиглах эрхийг нь сэргээсэн, мөн хууль ёсны шийдвэрээр О ХХК-д газар ашиглах эрх олгогдсон. Үүнийг шийдвэрлэх гаргалгаа нь Улаанбаатар скай ХХК-ийн газар ашиглах эрх нь сүүлд үүссэн учраас өөр газар олгохоор, У скай ХХК нь өөр газар сонговол Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас дэмжинэ гээд, У скай ХХК-ийн газрын асуудлыг шийдтэл О ХХК-ийг үйл ажиллагаа явуулахгүй байхаар шийдсэн. О ХХК-иас 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр яг энэ асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандаж байсан. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: О ХХК-ийн гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Газар ашиглах эрхииг цуцалж, хүчингүй болгох тухай А/50 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалаар О ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын Богинын амны хязгаарлалтын бүсэд 1.6 га газрын ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгосон байдаг.

Тус яамны бичиг хэргийн буруутай үйл ажиллагааны улмаас Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д ...Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй... гэж заасны дагуу Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын хавсралтын 14-т байгаа Огторгуйн шилтгээн ХХК-ийн Жаргалантын ам гэснийг Богинын ам гэж тушаалд өөрчлөлт оруулахаар тушаалын төсөл боловсруулж байна.

Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын гол үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 ...аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах... , мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-т ..газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх... , 35.3.3-т .. газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх..., 40 дүгээр зүйлийн 40.1.5-д ...эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй..., 40.1.6-д ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 4 жил дараалан ашиглаагүй... гэж заасныг удирдлага болгосон.

Нэхэмжлэгч нь газрын төлбөрийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасны дагуу хугацаанд нь төлбөрөө төлөөгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 4 жил дараалан шалтгаангүйгээр ашиглаагүй.

Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно, мөн зүйл, хэсэгт заасан ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг болон Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3 , 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтууд нь Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 11u-3/5988 тоот албан бичгээр ирүүлсэн Газар ашиглах зөвшөөрөл авсан боловч барипга байгуупамж бариагүй иргэд, аж ахуйн нэгжийн судалгаагаар газар ашиглах эрхийг дуусгавар болгох нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д нийцсэн байна.

Хариуцагч захиргааны байгууллага нь тусгай хамгаалалттай дархан цаазат газар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д ...аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах... гэж заасан зориулалтаар газар ашиглах эрхийг 5 жилээр олгодог.

Гэтэл О ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Богинын амны хязгаарлалтын бүсэд 1.6 га талбай бүхий газрыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 10 дугаар зүйл, 11 дүгээр зүйлийн 11.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.1, 12.5, 12.11 дэх заалтыг зөрчин аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосон байсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа болох 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгож Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь, хэсэгт заасан байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар олгож болох зориулалтыг Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар олгож хууль зөрчсөн тул тушаалыг хүчингүй болгосон. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулах боломжгүй юм.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаартай Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай тушаалын О ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж өөрчилсөн шаардлагад хариуцагчаас өмнө гаргаж байсан тайлбар хэвээрээ. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Маргаан бүхий захиргааны акт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын үндэслэл хэсэгт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11.7, 27.1, Газрын тухай хуулийн 35.3.1, 35.3.3, 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэсэн. Тус захиргааны акт зөвхөн О ХХК-д хандаагүй, нэр бүхий 104 иргэн аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийн зөвшөөрлийг хүчингүй болгохоор тухайн тушаал гарсан. Нэхэмжлэгч талаас тайлбарлахдаа ...Тушаалын хавсралтын 14-т заасан О ХХК-д холбогдох мэдээллийг алдаатай бичсэн байна... гэдэг, хариуцагчийн хариу тайлбарт Хариуцагч талын буруутай үйл ажиллагаанаас болсон, үүнийг Захиргааны ерөнхий хуулийн 45.1-д зааснаар засварлах боломжтой... гэж тайлбарласан.

Газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгосон гол үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11.7-д аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах, Газрын тухай хуулийн 35.3.1-д газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, 35.3.3-т газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх гэж заасныг зөрчсөн, эрхийн гэрчилгээ эзэмшигч нь газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа ашиглаагүй гэдэг хууль зүйн үндэслэлүүдийг дурдсан. Нэхэмжлэгч нь газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй.

Мөн тухайн газраа 4 жилийн хугацаанд ашиглаагүй. Улсын дээд шүүхийн 2008 оны тайлбарт Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан " зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно. гэж тайлбарласан. Гэтэл нэхэмжлэгч тухайн нөхцөл байдлын талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Мөн тус шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө тухайн газарт барилга, байгууламж, хашаа бариагүй гэдгээ хүлээн зөвшөөрлөө.

Мөн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 11/5988 тоот албан бичгийн хавсралтын 398-400 дүгээрт О ХХК-ийн нэр орсон буюу тухайн газарт нь хяналт шалгалт хийгээд үйл ажиллагаа явуулаагүй байна. Нэр бүхий компаниудын газар ашиглах эрхтэй холбоотой тушаал шийдвэр гаргаж өгнө үү... гэсэн албан бичиг ирсэн. Мөн хариуцагч захиргааны байгууллага нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11.7-д зааснаар аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай олгодог. Гэтэл О ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 220 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Богинын амны хязгаарлалтын нутаг дэвсгэрт 1,6 га талбайтай газрыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 10 дугаар зүйл, 11 дүгээр зүйлийн 11.7, 12.1, 12.5, 12.11 дэх заалтуудыг зөрчин аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар олгосон байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл болон 27.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17.3 дах хэсэгт заасан байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар олгож болох байсныг Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар олгосон хууль зөрчсөн тушаалыг мөн хүчингүй болгосон. Аялагч түр буудаллах зориулалтаар олгох ёстой байсан. 2016 оны тушаалаар аялал жуулчлалын зориулалтаар олгосон. Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар олгож болохгүй тухай хуульд заасан байдаг. Захиргааны байгууллага буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь буруу гаргасан захиргааны актаа хуульд нийцүүлэх ёстой. Үүнийхээ хүрээнд аялал жуулчлалын зориулалтаар олгосон ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн.

2001 оны 216 дугаар журмаар газар ашиглагч нь 3 сарын дотор газар ашиглах гурвалсан гэрээг байгуулж, гэрээнд заасан болзол нөхцлийн дагуу үйл ажиллагаагаа явуулж, газрын төлбөрөө төлж, үйл ажиллагаа явуулах үүрэг хүлээдэг. Нэхэмжлэгч нь 2016 онд гурван талт гэрээг байгуулсан, гэрээний дагуу улирал бүр тогтоосон хугацаанд газрын төлбөрийг төлөх ёстой. 2016, 2017 онуудад нэхэмжлэгч нь газрын төлбөрөө төлөөгүй. Тогтоосон хугацаанд буюу гэрээнд заасан хугацаанд газрын төлбөрийг төлөхгүй байж байгаад газар ашиглах эрхийг цуцлахтай холбоотой асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлэнгүүт нэг дор төлсөн. Гэтэл хууль болон гэрээнд зааснаар тухайн компани нь улирал бүр газрын төлбөрөө төлөн, жил бүр дүгнүүлж байх ёстой.

Нэхэмжлэгч тал нь ...2019 онд газрын төлбөр өөрчлөгдсөн, бид гурвалсан гэрээгээ шинэчлэн байгуулсан... гэж тайлбарлаж байна. Гэтэл нэхэмжлэгч гурвалсан гэрээ байгуулаагүй, мөн 2019 оны газрын төлбөрөө хэрхэн төлөх талаар гэрээнд гурван тал гарын үсэг зураагүй байж газрын төлбөрөө яаж төлөөд байгаа нь ойлгомжгүй, газрын төлбөрөө шинэчилсэн үнийн дүнгээр төлсөн гэдгээ хэрхэн нотолж байна вэ? 2019 онд гурвалсан гэрээ байгуулах тухай хүсэлт шаардлагаа Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба болон Хан-Уул дүүргийн Засаг даргад гаргаж байсан гэдгээ хэрхэн нотолж байна вэ? Газрын тухай хуулийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй бол гэж заасан. Нэхэмжлэгч хугацаандаа төлбөрөө төлөөгүй нөхцөл байдал нь нотлох баримтаар нотлогдож байна. Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэдэг. Нэхэмжлэгч нь 2019 оны гэрээг байгуулаагүй тухай тайлбар хэлсэн боловч үүнийгээ нотлох баримтаар нотолж чадсангүй.

Мөн маргаан бүхий газарт үйл ажиллагаа явуулаагүй гэдгээ уулзалтын тэмдэглэлээр нотлох гэж байна. Гэтэл газар ашиглагч нь гэрээнд заасны дагуу газрын төлбөрийг төлж, тухайн газар нь давхцалтай учраас ашиглах боломжгүй байсан бол холбогдох байгууллагад тухай бүрт нь хандан энэ асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой байсан. Гэтэл ийм байдлаар маргаан бүхий газарт үйл ажиллагаа явуулж чадаагүй гэж тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй. Гэрээнд заасан үүргийнхээ дагуу, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дагуу газрын төлбөрөө төлөн үйл ажиллагаагаа явуулах ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч тал нь өнөөдрийг хүртэл 5 жилийн хугацаанд газраа огт ашиглаагүй, үйл ажиллагаа явуулаагүй, барилга байгууламж бариагүй. Мөн эх загвар зураг батлуулах, төлөвлөгөө батлуулах гэхэд гэрээ нь хүчингүй гэж тайлбарлаж байна. Гэтэл 2016 онд байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр байна, тус гэрээг хүчингүй болгосон ямар нэгэн баримт хавтаст хэрэгт байхгүй. Эх загвар зургаа батлуулахаар өгсөнтэй холбоотой тус гэрээ нь хүчингүй байна, эх загвар зургийг чинь батлахгүй гэсэн албан бичиг байхгүй.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гаргасан тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нь газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж байгаагүй, мөн тухайн газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байгаагүй нь нотлогдоно. Мөн зориулалтын дагуу тухайн газрыг ашиглах эрх нь үүсээгүй юм байна. Мөн маргаан бүхий захиргааны акт буюу тушаалын алдааны хувьд Захиргааны ерөнхий хуулийн 45.1-д зааснаар засварлах бүрэн боломжтой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг утга агуулгын илэрхий алдаатай, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэх үндэслэлүүдээр илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргаж маргаад, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа тушаалын холбогдох заалтыг хүчингүй болгуулах хэмээн тодорхойлсноор энэ шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцсэн бөгөөд хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Маргаанд хамаарах үйл баримтыг дурдвал, нэхэмжлэгч О ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Богинын амны хязгаарлалтын бүсэд 1.6 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрх авч, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2016/457 дугаар гэрчилгээ олгогдож, 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 2016/139 дугаартай газар ашиглах гурвалсан гэрээ байгуулсныг яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга баталжээ. Гэрчилгээ, гэрээнээс үзвэл нэхэмжлэгчийн маргаан бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх нь 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр дуусахаар байжээ.

Маргаан бүхий тушаалын хавсралтын 14-т нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэхдээ газрын байршил, хэмжээ, газар ашиглах эрх олгосон тушаалын огноо дугаарыг буруу бичсэн хэдий ч үүнийг Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д зааснаар захиргааны байгууллага өөрөө засварлах боломжтой бичиглэлийн илэрхий алдаа болохыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн болохыг, үүнийг шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурьдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч компанийн Богинын аманд аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрх авсан 1781000715 дугаартай 7451 м.кв, 1781000713 дугаартай 3027 м.кв, 1781000714 дугаартай 5647 м.кв 3 тусдаа нэгж талбар бүхий нийт 1.6 га газрын ашиглах эрхийг хариуцагч төрийн захиргааны байгууллага Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6 хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлүүдээр цуцалсан.

Маргаан бүхий актын үндэслэл бүрээр дүгнэвэл,

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан газрын төлбөрөө хугацаанд бүрэн төлөөгүй гэх газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй. Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас гаргасан газрын төлбөрийн тооцоо нийлсэн 2020 оны 7 дугаар сарын 31-ний, 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн актаас үзвэл нэхэмжлэгч О ХХК нь 2016 оны А/220 дугаар тушаалаар ашиглах эрх авсан газрын 2016/139 дугаартай гэрээгээр тогтоосон төлбөр болон 2019, 2020 оны, 2021 оны 1 дүгээр улирлын төлбөрийг шинэчилсэн үнэлгээгээр дүүргийн Газар зохион байгуулалтын албаны тогтоосон дүнгээр төлсөн байна. 2020 оны 7 дугаар сарын 31-ний байдлаар буюу 2020 оны 3 дугаар улирлын байдлаар газрын төлбөрийн төлөгдөөгүй үлдэгдэлгүй байхад 2020 оны 11 дүгээр сарын 24-нд 09/7948 тоотоор газрын төлбөрөө төлөөгүй гэх үндэслэл зааж газар ашиглах эрхийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн нь, мөн энэ үндэслэлээ 2021 оны 2 дугаар сарын 18-нд газар ашиглах эрхийг цуцлах үндэслэл болгосон нь буруу, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сонсох ажиллагааны мэдэгдэл өгсний дараа төлбөрөө төлсөн гэх тайлбар ч бодит байдалд нийцэхгүй байна.

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний 11 дүгээр тогтоолоор газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газар төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг шинэчлэн тогтоосон, үүгээр газрын төлбөрийн хэмжээнд өөрчлөлт орсноор газар ашиглах гэрээ шинэчлэн байгуулахаар тус компани 2019 оны 7 дугаар сарын 08-нд 1/0708 тоотоор Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүсэлт гаргасан, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга болон газар ашиглагч гарын үсэг зурсан 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн газар ашиглах тухай гурван талт гэрээг Хан-Уул дүүргийн Засаг дарга батлаагүй байх бөгөөд О ХХК нь 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 3/20 тоотоор ... тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газрын төлбөрийн хэмжээг буруу бичигдсэн гэдэг үндэслэлээр батлахаас татгалзаж гэрээний төслийг 2020 оны 3 дугаар сарын 19-нд буцаасан, төлбөрийн хэмжээ 1788 т/м2 байх ёстой байтал газрыг 1 дүгээр бүс, 6 дугаар бүс болгон хувааж 2 өөр дүнгээр төлбөрийг тогтоосон нь буруу, засч ирүүлэхийг мэдэгдсэн талаар дурдаад гэрээний төслийн 2.3-т заасан төлбөрийн хэмжээг засуулах хүсэлт гаргасан, уг хүсэлтийг мөн өдөр нь хүлээн авсан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ирсэн бичгийн бүртгэл хяналтын картаар Б.М цохогдож, улмаар ирсэн бичгийн бүртгэл хяналтын картад Төлбөрийн үнэлгээний бүсчлэл алдаагүй болно. Гэрээ засах шаардлагагүй гэж гараар бичиж хариу өгчээ.

Дээрх үйл баримтаас үзвэл газрын төлбөрийг гэрээнд заасан болон эрх бүхий этгээдээс тогтоосон дүнгээр төлсөн, сонсох ажиллагаа хийх үед ч, газар ашиглах эрхийг цуцлах шийдвэр гаргах үед ч төлөгдөөгүй үлдэгдэл байгаагүй, газрын төлбөрийн хэмжээг тогтоох гэрээг шинэчлэн батлуулаагүй нь газар ашиглагч этгээдээс хамаараагүй байх тул газрын төлбөрийг төлөөгүй гэж газар ашиглах эрхийг цуцлах үндэслэл болгосон нь бодит байдалд нийцээгүй, хууль бус болжээ.

2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтын агуулгаас үзвэл, газар эзэмшигч, ашиглагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болох зохицуулалттай байна. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч, ашиглагч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй буюу газар дээрээ ямар нэгэн бүтээн байгуулалт хийгээгүй барилга, байгууламж, зам, талбай бариагүй байхыг ойлгох юм.

Энэ тохиолдолд, нэхэмжлэгч О ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг даргатай Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2016/139 тоот гэрээг 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан байх бөгөөд уг гэрээг яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга баталсан байх ч О ХХК-д ашиглах эрх олгосон газрыг У скай ХХК-д давхцуулан олгосон маргаан үүсч, улмаар маргааныг шийдвэрлэх хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт У трэвел ХХК, О ХХК, У скай ХХК-иудын удирдлагуудтай дээрх гэрээг байгуулснаас хойш 4 сарын дараа буюу 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр уулзалт зохион байгуулж, уулзалтаас У скай ХХК-д шинэ байршилд газар ашиглах эрх олгох хүртэл О ХХК газар ашиглах эрхээ хэрэгжүүлэхгүй байхаар тохирсон үйл баримт уулзалтын тэмдэглэлээр тогтоогдож байна.

Ийнхүү тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглуулах асуудлыг шийдвэрлэх төрийн захиргааны төв байгууллагын тухайн асуудлыг хариуцсан нэгж болох яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга, мэргэжилтэн, мөн яамны Кадастрын хэлтсийн дарга, мэргэжилтэн, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн оролцсон уулзалтаас өгсөн үүргийн дагуу У скай ХХК-д өөр байршилд газар ашиглах эрх олгох хүртэл Огторгуйн шилтгээн ХХК газар ашиглах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан хэмээн тайлбарлах бөгөөд У скай ХХК-д газар ашиглах эрх олгох асуудлыг шийдвэрлүүлэхээр О ХХК 2021 оны 3 дугаар сарын 26-нд тус яаманд хүсэлтээ гаргаж байсан, энэ хугацаанд У скай ХХК хүсэлт гаргах, кадастрын зураг хийгдэх, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас санал хүргүүлэх, яамны дотоод хяналтын хуудсаар судлагдах ажиллагаанууд хийгдсэн байх хэдий ч одоог хүртэл шийдвэрлэгдээгүй байна.

Түүнчлэн О ХХК-ийн ашиглах эрхтэй тухайн газар дээр хийгдэх аялал жуулчлалын цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлт, барилгын эскиз зургийг өмнөх газар ашиглагч В тревэл ХХК 2015 онд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулсан, 2017, 2020 онд аялал жуулчлалын зориулалт бүхий цогцолбор барилгын эскиз зураг төслийг боловсруулсан, 2019 онд тухайн газар дээр байгуулах төслийн байгаль орчны менежментийн 2019-2023 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөг, 2019 онд төслийн байгаль орчинд нөлөөллөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг тус тус Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар батлуулсан байдаг.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, нэхэмжлэгч О ХХК нь газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй нь газрыг давхардуулан олгосон шийдвэрээс үүдэлтэй газрын маргааныг шийдвэрлээгүйгээс хамаарсан, өөрөөр хэлбэл эрх бүхий этгээдээс газраа зориулалтын дагуу ашиглахыг хязгаарласан үйл баримт байх тул газраа зориулалтын дагуу ашиглаагүй хугацаа алдсанд хүндэтгэн үзэх шалтгаан байсан, үүнийг тогтоогоогүй, бодит нөхцөл байдлыг тодруулах ажиллагаа хийгээгүй хариуцагчийн шийдвэр бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий байх Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасан зарчмыг зөрчжээ.

Тодруулбал О ХХК-ийн хувьд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл үүсээгүй байхад хариуцагч өөрөөс нь хамаарах энэ шалтгаан нөхцлийг тогтоогоогүйгээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

3. Бусад үндэслэлийн талаар,

а/ Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас нэр бүхий хуулийн этгээдэд холбогдуулан эх үүсвэр нь тодорхойгүй хөрөнгөөр аялал жуулчлалын зориулалттай газар хувийн эзэмшлийн хотхон бариулж мөнгө угаасан байж болзошгүй гэх үйлдлийг шалгах явцад гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийг арилгуулахаар бичсэн мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлсэн албан бичгийг газар ашиглах эрхийг цуцлах шийдвэрийн үндэслэл шууд болгосон нь тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулахтай холбоотой харилцааг зохицуулсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуульд нийцээгүй байх тул шийдвэр хуульд үндэслэх Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан зарчмыг зөрчжээ.

б/ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар тусгай хамгаалалттай газар нутгийг дархан цаазат газар, байгалийн цогцолборт газар, байгалийн нөөц газар, дурсгалт газар гэж ангилж, дархан цаазат газрыг онгон бүс, хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүсэд хувааж, тэдгээрийн дэглэмийг тогтоосон байна. Нэхэмжлэгчид аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосон Богинын аманд байрлалтай газар нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарч байгаа, энэ талаар маргаагүй.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд зохих зөвшөөрөлтэйгээр явуулж болох үйл ажиллагааг, 12 дугаар зүйлд дархан цаазат газарт хориглох үйл ажиллагааг тодорхой зохицуулсан, тухайлбал 11 дүгээр зүйлийн 7-д зааснаар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглахыг зөвшөөрдөг, харин 12 дугаар зүйлийн 5, 9-д зааснаар дээрхээс өөр барилга, байгууламж барихыг хориглодог байна. Өөрөөр хэлбэл дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд түр хоноглох, буудаллах зориулалтаар байр сууц барихаас өөрөөр барилга байгууламж барих боломжгүй байна.

Гэтэл Байгаль орчны асуудал эрхэлсэн сайд нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахтай холбоотой 33 дугаар зүйлийн 1 дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно, 36 дугаар зүйлийн 1 Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана гэсэн зохицуулалтаар, мөн Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар баталсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журам-аар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг олгодог байна.

Ийм байдлаар нэхэмжлэгчид дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрхийг аялал жуулчлалын зориулалтаар олгосон шийдвэрээ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д заасныг зөрчсөн гэж тайлбарлах нь газар ашиглах эрхийг цуцалсан маргаан бүхий шийдвэрийг зөвтгөх үндэслэл болохгүй, харин ч Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим хангагдахгүй болж байна. Учир нь эрх бүхий этгээдээс зохих шийдвэрийн дагуу газар ашиглах эрх олгосны дагуу байгуулагдсан газар ашиглах гэрээнд заасан газрын төлбөрт нэхэмжлэгч нь 2016-2021 онд нийт 117,760,620 төгрөг төлсөн байдаг.

Түүнчлэн газар дээр хэрэгжүүлэх төслийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг эрх бүхий этгээдээр батлуулсан, энэ байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг хэрэгжүүлж, байгаль орчинд сөрөг нөлөөгүй ашиглах үүрэг газар ашиглагч гэрээгээр хүлээж, энэ үүргээ зөрчсөн тохиолдолд газар ашиглах эрхийг дуусгавар болгохоор хуульд болон гэрээнд тодорхой заасан, ийм үндэслэл тогтоогдоогүй байхад дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн дэглэм зөрчигдсөн гэж үзэх боломжгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч О ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын О ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.8, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч О ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын хавсралтын 14 О ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч О ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА