Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 83

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 19 өдөр               Дугаар 153/ШШ2019/00083              Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Манхан сумын Тахилт багт оршин суух, тоот регистрийн дугаартай, овогт гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч И., гэрч Ч.Төрбат, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч И. шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1962 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Манхан сумын хүн эмнэлэгт Идэшийн 4 дахь хүү болон төрсөн. Миний эх намайг 6 настай байхад нас барсан учраас сургуульд суралгүй эцгийнхээ хамт мал малладаг байсан. Хөгжлийн бэрхшээлтэй тул цэргийн алба хааж байгаагүй. Миний бие Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Нэвт рашаан амралтанд 1976 оноос 1982 оныг дуустал малчнаар ажиллаж байгаад 1983 онд Ховд аймгийн Манхан сум руу шилжиж Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1990 он хүртэл малчнаар ажиллаж байсан. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 153/ШШ2018/00354 дугаартай шийдвэрээр 1983 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгосон. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч зарим жилүүдэд ажиллаж байсан талаар баримтууд дутуу байгаа учраас шүүхээр дахин ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Би шүүхэд гаргасан нэхэмжлэл дээрээ Ховд аймгийн Манхан сум руу шилжсэн оноо андуурч буруу бичсэн байна.

Иймд намайг 1976 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Нэвт амралтад малчнаар ажиллаж ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч И. нь 1976 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Нэвт амралтад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргажээ. Хүсэлт гаргагч хүсэлтийн шаардлагаа нотлохоор дараах баримтуудыг ирүүлжээ. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 2287 дугаартай лавлагаа,

-Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 354 дугаартай шийдвэрийн хуулбар,

-И. гийн нэр дээрх гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

-Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн архивын лавлагаа,

-Гэрч Ч.Төрбатын шүүх хуралдаанд өгсөн “би 1944 онд Ховд аймгийн Дуут суманд төрсөн. 1975 оноос Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Нэвт амралтад тракторын жолоочоор 1992 он хүртэл ажилласан. И. нь Идиш гэдэг айлын 3 дахь хүүхэд. Тэрээр 1976 оноос эхлэн Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Нэвт амралтад малчнаар ирж ажиллаж байгаад 1982 онд Манхан сум руу шилжсэн” гэх мэдүүлэг,

-Гэрч Ч.Төрбатын нэр дээрх Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн зөвлөлийн даргын 1975 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 51 дугаартай “Ажилд авах тухай” тушаалын хуулбар,

-Гэрч Ч.Төрбатын нэр дээрх Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1982 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар,

-Гэрч Ц.Цэвээн-Очирын нэр дээрх 1986, 1989 оны 70-р дансны хуулбар,

-Гэрч Ц.Цэвээн-Очирын шүүхэд өгсөн “би Ховд аймгийн Манхан суманд төрсөн бөгөөд багаасаа эхлэн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд мал маллаж өссөн. И. нь Манхан суманд төрсөн бөгөөд багаасаа эхлэн Нэгдэл дундын үйлдвэрийн мал маллаж байгаад Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд шилжин ирсэн” гэх мэдүүлэг,

-Гэрч Л.Ичинхорлоогийн шүүхэд өгсөн “би 1957 онд Ховд аймгийн Дуут суманд төрсөн. 1976 оноос Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт малчнаар ажиллаж байгаад 1985 оноос Ховд аймгийн Дуут сумын Социализмийн зам нэгдэлд 1995 он хүртэл малчнаар ажилласан. Намайг Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт малчнаар ажиллаж байхад И. нь мөн Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт малчнаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Хүсэлт гаргагч И. нь Иргэний ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдаж, 1990-2000 оныг дуустал нөхөн тооцуулсан байна.

Хүсэлт гаргагч И. гийн 1976 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Нэвт амралтад малчнаар ажиллаж байсан байдлын талаарх цалингийн цэс, хөдөлмөрийн дэвтэр, ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн тухай тушаал, холбогдох баримтууд нь өөрт нь  хадгалагдаагүй, архивт байхгүй болох нь хэрэгт авагдсан Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 2287 дугаартай лавлагаа, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх тул түүний ажиллаж байсан байдлыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Тус хэрэгт хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Ч.Төрбатыг асуусан бөгөөд гэрч Ч.Төрбат нь Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн зөвлөлийн даргын 1975 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 51 дугаартай “Ажилд авах тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1982 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбараар нотлогдож байна.

Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч И. нь 1977 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Нэвт амралтад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1976 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Нэвт амралтад малчнаар ажиллаж байсан байдлын талаарх баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Учир нь хүсэлт гаргагч И. нь 1962 оны 5 дугаар сарын 03-ны өдөр төрсөн болох нь түүний иргэний үнэмлэхийн хуулбараар нотлогдож байх ба тэрээр 1976 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр 14 настай байсан байна. Хэрэгт авагдсан баримтуудаар И. нь 14 настайдаа буюу насанд хүрээгүй байхдаа Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Нэвт амралтад малчнаар ажиллаж байсан эсэх талаарх баримт авагдаагүй байна.         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ПЖ62050310 тоот регистрийн дугаартай, Шар минжүүр овогт Идишийн гийн 1977 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Нэвт амралтад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Хүсэлт гаргагч М. нь 1976 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Нэвт амралтад малчнаар ажиллаж байсан талаарх баримтаа бүрдүүлэн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА