Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 84

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 19 өдөр                  Дугаар 153/ШШ2019/00084           Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Манхан сумын Ботгон багт оршин суух, тоот регистрийн дугаартай, овогт Отгоны гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч О., нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч О. шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1964 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Манхан сумын Ботгон багт Отгоны 6 дахь хүү болж төрсөн. Ховд аймгийн Манхан сумын 8-н жилийн дунд сургуульд 1972 онд 1 дүгээр ангид орж, 1979 онд 7 дугаар ангиа төгсөөд эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1982 оны 6 дугаар сарын 30-ны өдөр цэрэгт татагдаж, 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдөр цэргийн албанаас халагдаж ирээд Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Ботгон бригадад эцэг эхийн хамт мал малласан. Улмаар 1988 онд Зугдар овоггой Отгонбаяртай гэр болж тус нэгдлийнхээ Ботгон бригадад мал маллаж амьдарсан. Тус нэгдлийг тартал малчнаар ажилласан. Би улсад 40 жил мал маллаж амьдарч байна.Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөриин дэвтэр байхгүй болсон учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагтай болсон. Ийм учраас Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгаас 70 дугаар дансны лавлагаа авч хэрэгт хавсаргасан. Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Ботгон бригадад 1979 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл, 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч О. нь Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Ботгон бригадад 1979 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл, 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргажээ. Хүсэлт гаргагч хүсэлтийн шаардлагаа нотлохоор дараах баримтуудыг ирүүлжээ. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2013 оны 6 дугаар сарын 14-ны өдрийн 2289 дугаартай лавлагаа,

-Ховд аймгийн Манхан сумын Ботгон бригадын 1980-1982, 1985-1993 оны О. гийн нэр дээрх 70-р дансны хуулбарууд,

-О. гийн 0701055 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн  нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 05/7073 дугаартай лавлагаа,

-О. гийн нэр дээрх цэргийн үүрэгтний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-О. гийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

-Гэрч Ө.Цэдэнбалын шүүхэд өгсөн “...миний бие 1957 онд Ховд аймгийн Манхан суманд төрсөн. 1973 оноос эхлэн эцэг эхийн хамт Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд мал малласан. 1979 оноос тус нэгдлийн тоо бүртгэгч, бригадын аж ахуйн эрхлэгчээр ажиллаж байгаад 1987 оноос Баясгалант амьдрал нэгдлийн Ботгон бригадын даргаар 1991 он хүртэл ажилласан. О. нь Отгон гэдэг айлын 5 дахь хүүхэд бөгөөд 1979 онд 7-р анги төгсөөд эцэг эхийн хамт нэгдлийн мал малласан. Тэрээр Баясгалант амьдрал нэгдэл тарах хүртэл малчнаар ажиллаж байгаад нэгдэл тарсны дараа нэгдлийн суурь дээр байгуулагдсан компанид мөн ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

-Гэрч Я.Банзраагийн шүүхэд өгсөн “О. нь Отгон гэдэг айлын 5 дахь хүүхэд бөгөөд 1979 онд 7-р анги төгсөөд эцэг эхийн хамт нэгдлийн мал малласан. Тэрээр Баясгалант амьдрал нэгдэл тарах хүртэл малчнаар ажиллаж байгаад нэгдэл тарсны дараа нэгдлийн суурь дээр байгуулагдсан компанид мөн ажиллаж байсан. Би 1966 онд 3-р анги төгсөөд Баясгалант амьдрал нэгдэлд 1994 он хүртэл малчнаар ажиллаж байсан учир бид биеэ сайн мэднэ” гэх мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Хүсэлт гаргагч О нь Иргэний ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдаж, 1990-2000 оныг дуустал нөхөн тооцуулсан байна.

Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч О. нь Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Ботгон бригадад 1979 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл, 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдал нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ПЖ64020514 тоот регистрийн дугаартай, Цариг овогт Отгоны гийн Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Ботгон бригадад 1979 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл, 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА