| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2019/00507/и |
| Дугаар | 953 |
| Огноо | 2019-04-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 953
| 2019 оны 04 сарын 02 өдөр | Дугаар 101/ШШ2019/00953 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц-ний гаргасан,
Хариуцагч: Т-т холбогдох,
50,400,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, хариуцагч Т, өмгөөлөгч Б, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Талууд, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, хариуцагч Т 21,000,000.00 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн ба гэрээнд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.3 хувийн алданги төлөхөөр тохиролцсон.
Уг зээлийн гэрээг зохигчид Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлд тус тус нийцүүлэн хүү, анзыг тохирсон учраас хүчин төгөлдөр юм. Гэрээнд зааснаар хариуцагч тал 21,000,000.00 төгрөгийг бэлнээр авсан ба тэрээр уг зээлийг 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж дуусгана гэж баталгаа бичиж өгсөн.
Хариуцагч нь зээлийг авснаас хойш нэг ч төгрөг төлөөгүй, өнөөдрийн байдлаар зээлийн хүү 12,600,000.00 төгрөг, алданги 16,800,000 болсон. Өөрөөр хэлбэл, үндсэн зээл 21,000,000.00 төгрөг, хүү 12,600,000.00 төгрөгөөс алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул хуульд нийцүүлж нэхэмжилсэн.
Зохигчид, 2015 оноос эхлэн зээлийн харилцаанд оролцож байсан, гэхдээ хариуцагчийн тайлбарлаж буй 18,200,000.00 төгрөгийн зээл бол одоо нэхэмжилж буй энэ зээлт холбоогүй. Учир нь, нэхэмжлэгч тал 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан гэрээний дагуу хариуцагчид 21,000,000.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн бөгөөд 18,200,000.00 төгрөгтэй холбоотой зээлийн маргааныг бид тусдаа шийдвэрлүүлнэ.
Талууд, энэхүү гэрээг сайн дурын үндсэн дээр, эрх, үүргээ бүрэн ойлгож байгуулсан тул дүр үзүүлсэн гэсэн сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Хэрэгт авагдсан зээлийг төлөх баталгаанд дурдсанаар 21,000,000.00 төгрөгийг хүлээн авсан гэсэн байх тул гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох хууль зүйн үндэслэлгүй.
Иймд, хариуцагчаас 50,400,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч тал тус шүүхэд гаргасан хариу тайлбараа болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч Ц эгч 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр намайг гэнэт дуудаж уулзсан ба тухайн үед нотариат дээр гэрээ хийнэ гэж хэлээгүй боловч бидний хооронд өмнө нь зээлийн гэрээний төлбөрийн асуудал байгаа учраас гэрээгээ нөхөж хийх хэрэгтэй байна гэсэн. Ингээд бид хоёр зээлийн гэрээг байгуулахдаа үндсэн төлбөр дээр хүү, алдангийг нэмж нийт 21,000,000.00 төгрөг болгосон.
Гэхдээ уг гэрээг нотариатаар гэрээг батлуулахдаа 18,000,000.00 төгрөгийг бэлнээр авсан гэж хэлэхэд нотариатч баталж өгөхгүй гэсэн. Би, хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас нөхөн гэрээ хийсэн гэдгийг мэдээгүй.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэж байна. Гэвч талууд уг өдөр зээлийн гэрээ байгуулсан боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т зааснаар мөнгө шилжүүлэх үүрэг биелэгдээгүй, өмнөх буюу 2015 оны зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх тухай дүр үзүүлсэн гэрээ байгуулж, 21,000,000.00 төгрөг болгосон. Бодит байдал ийм хэмжээний мөнгийг зээлээгүй, шилжүүлээгүй.
Өөрөөр хэлбэл, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2.-т зааснаар дүр үзүүлсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус юм. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлд зээлдэгчид мөнгийг бодитоор өгснөөр хүчин төгөлдөр болно гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч тал 21,000,000.00 төгрөгийг өгсөн мэт дүр үзүүлсэн хэлцэл байгуулсан тул гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл өгсөн.
Тус гэрээний 7 дугаар зүйлийг уншихад 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 18,000,000.00 төгрөгийг бэлнээр, 3,000,000.00 төгрөгийг дансаар шилжүүлнэ гэж заасан боловч нэхэмжлэгч тал дансаар болон бэлнээр мөнгө өгөөгүй юм. Иймд, дээр дурдсан үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Цээс хариуцагч Тт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 50,400,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна /х.х-ийн 10, 12, 20 хуудас/.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа “2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээг үндсэн зээлийн үлдэгдэл 21,000,000.00 төгрөг, хүү 12,600,000.00 төгрөг, алданги 16,800,000.00 төгрөг, нийт 50,400,000.00 төгрөг нэхэмжилж байна” гэснийг хариуцагч тал үл хүлээн зөвшөөрч, татгалзсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2.-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ /х.х-ийн 31-34, 64 хуудас/.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл тэрээр хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Үндсэн нэхэмжлэлийн тухайд,
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Ц болон хариуцагч Т нар 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, нийт 21,000,000.00 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд сарын 5 хувийн хүүтэй зээлэхээр тохирчээ /х.х-ийн 3 хуудас/.
Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдсанаар тэрээр зээлийн гэрээний зүйл 21,000,000.00 төгрөгийг хүлээн аваагүй, уг зээлийн гэрээг байгуулах болсон шалтгааныг нэхэмжлэгчээс урьд өмнө нь авсан 18,200,000.00 төгрөгийг бичгээр баталгаажуулах зорилгоор хожим энэ гэрээг байгуулсан, уг зээлээс 8,090,000.00 төгрөгийг төлсөн гэж маргасан бол, харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс зохигчдын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу хариуцагчид 21,000,000.00 төгрөгийг хүлээлгэн өгсөн, 18,200,000.00 төгрөгийг тусдаа бий болсон гэрээний харилцаа гэж мэтгэлцсэн.
Тодруулбал, нэхэмжлэгчээс хариуцагчид нийт 39,200,000.00 төгрөг зээлдүүлсэн, үүнээс 21,000,000.00 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан зээлий гэрээг үндэслэн ийнхүү нэхэмжилж байгаа ажээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 282.4.-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, хэдийгээр талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан байх боловч гэрээний зүйл болох мөнгө буюу эд хөрөнгийг бодитоор зээлдэгчид шилжүүлээгүй тохиолдолд түүнд зээлийг буцаан төлөх үүрэг үүсэхгүй юм.
Тайлбарлавал, тус хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д “эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж заасны дагуу тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.
Талуудын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 7 дугаар зүйл буюу нэмэлт нөхцөл гэсэн хэсэгт “хариуцагч Тт 18,000,000.00 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр бэлнээр өгч, үлдэх 3,000,000.00 төгрөгийг түүний 5035197524 тоот дансанд шилжүүлэх”-ээр тохирсон байна.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1.-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж, мөн 198.2.-т “Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно” гэж тус тус зааснаар 21,000,000.00 төгрөгийг хүлээлгэн өгөхтэй холбоотой зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн агуулгыг тайлбарлавал зохигчид 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулахаас өмнөх өдөр болох 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тус 21,000,000.00 төгрөгийг хүлээлгэн өгсөн гэсэн утгыг илэрхийлж байна.
Гэтэл шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн хариуцагч Тын “Хаан банк” ХХК дахь 5035197524 тоот дансны хуулгыг үзэхэд нэхэмжлэгч Цээс 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш 3,000,000.00 төгрөгийг шилжүүлээгүй ба энэ талаарх баримтыг шүүхэд өгөөгүй /х.х-ийн 36-57 хуудас/.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 18,000,000.00 төгрөгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн гэж тайлбарласан боловч үүнийгээ баримтаар нотлоогүй, гэрээний 7 дугаар зүйлд зааснаар 3,000,000.00 төгрөг болон 18,000,000.00 төгрөгийг энэ гэрээг байгуулахаас өмнө хүлээлгэн өгсөн байх ёстой хэдий ч энэ талаарх баримт хэрэгт алга байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Т нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 21,000,000.00 төгрөгийг хүлээн авсан, 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлнө гэсэн утга бүхий бичигт гарын үсэг зурсан байгаа ч энэхүү баримтаар хариуцагчийг 21,000,000.00 төгрөгийг хүлээн авсан гэж үзэхгүй /х.х-ийн 5 хуудас/.
Учир нь, тус гэрээний дагуу талууд гэрээг байгуулахаас өмнө 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 3,000,000.00 төгрөгийг дансаар, 18,000,000.00 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн гэж баталгаажуулж буй тохиолдолд тийнхүү 3,000,000.00 төгрөгийг дансаар шилжүүлчихсэн байх учиртай юм. Тодруулбал, баталгаа гаргах гэсэн нэртэй бичигт дурдсанаар хэрэв хариуцагч тал 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 21,000,000.00 төгрөгийг хүлээн авсан байсан бол нэхэмжлэгч нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 3,000,000.00 төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн, 18,000,000.00 төгрөгийг хүлээлгэн өгсөн байх ёстой.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.2.-т “Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно” гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь 21,000,000.00 төгрөгийг хариуцагчид зээлдүүлэхээр хүлээлгэн өгсөн гэж тайлбарлан буцаан нэхэмжилж буй тохиолдолд өгсөн болохоо баримтаар нотлох үүрэгтэй ба тэрээр хэрэгт ийм баримт өгөөгүй, гэрээний зүйлийг хүлээлгэн өгсөн талаар үндэслэл бүхий тайлбар гаргаагүй.
Иймд, хэдий талуудын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж 21,000,000.00 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл зээлэхээр тохиролцсон байгаа ч мөнгийг хариуцагч тал бодитоор хүлээн аваагүй учраас нэхэмжлэгчийн хувьд өгөөгүй зүйлээ хүү болон алдангийн хамт шаардах эрхгүй.
Өөрөөр хэлбэл, нэгэнт хариуцагч тал зээлийн гэрээний зүйлийг хүлээн аваагүй тул зээлийг ашигласан гэх тайлбар бүрэн үгүйсгэгдэх бөгөөд хугацаа хэтрүүлэхтэй холбоотой гэрээнд заасан алдангийн асуудал огт яригдахгүй.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд,
Хариуцагч Таас нэхэмжлэгч Цд холбогдуулан зохигчдын байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2.-т зааснаар дүр үзүүлсэн буюу 21,000,000.00 төгрөгийг бодитоор хүлээн аваагүй байхад авсан гэж гэрээ байгуулсан гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Юуны өмнө хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тохиолдолд хэн нэгэн этгээд ийнхүү тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан эсэхээс үл хамаарч тус хэлцэл анхнаасаа ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгэхгүй юм. Тодруулбал, дүр үзүүлсэн хэлцлийн хувьд талууд тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр гагцхүү гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийсэн байдаг учраас тодорхой төрлийн эрх зүйн үр дагавар үүсгэхгүй гэдгээ урьдчилан тохиролцсон байдаг.
Ийм ч учраас хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл нь анхнаасаа уг хэлцлийн дагуу эрх зүйн үр дагавар үүсээгүй байдаг тул дангаараа шаардлага болохгүй, харин хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгосноор талуудын хооронд харилцан буцаах үр дагавар бий юу гэдгийг анхаарах учиртай.
Гэтэл хариуцагч тал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ гэрээний зүйл болох 21,000,000.00 төгрөгийг хүлээн аваагүй учраас хүчин төгөлдөр бус гэж маргасан. Гэвч энэ нь, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан боловч тус хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т заасны дагуу гэрээний зүйлийг шилжүүлэн өгөөгүйтэй холбоотойгоор буцаан шаардах эрх үүсээгүй гэх үндсэн нэхэмжлэлийн хариу тайлбар, татгалзал юм.
Хэдийгээр хариуцагч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчээс урьд өмнө нь авсан 18,200,000.00 төгрөгийг бичгээр баталгаажуулах зорилгоор хожим энэ гэрээг байгуулсан, уг зээлээс 8,090,000.00 төгрөгийг төлсөн гэсэн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эдгээр гэрээг тус тусдаа байгуулагдсан, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэн 50,400,000.00 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн тул шүүхээс нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хүрээнд хэрэг маргааныг шийдвэрлэсэн болно.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР