| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 178/2023/0024/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/34 |
| Огноо | 2023-01-23 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Батцоож |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянга, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Б.Ганзориг, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Н.Очирбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2236000000269 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Хольдог ургийн овогт ******* *******, 1982 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, суурь боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл зургаа, эхнэр хүүхдүүдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 05 дугаар (Юүдэн- Уул) багийн 11-10 тоотод оршин суудаг, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн (2002 оны) тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар: *******.
Холбогдсон хэргийн талаар:
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболд шүүгдэгч *******г “2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Ховд аймгийн Дарви сумын 03 дугаар (Мөрөн) багийн нутаг Нуурын шанаа гэх газраар дамжин өнгөрөх засмал зам дээр Киа Вонго пронтер (Kia bongo prontier-w3) загварын ******* ******* улсын дугаартай автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3-т тус тус заасныг зөрчиж засмал зам дээр Sanya загварын мотоциклынхоо хажууд зогсож байсан амь хохирогч ******* мотоциклтой нь мөргөж амь насыг нь хохироосон нь нотлогдсон” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1.1. Хэргийн газар үзлэг хийсэн “Гэмт хэрэг болсон гэх газар нь Ховд аймгийн Дарви сумын Мөрөн баг “Нуурын шанаа” гэх нэртэй газарт асфальтан зам дээр дугаартай тээврийн хэрэгсэл БНХАУ-д үйлдвэрлэсэн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан байв. ...Замын голд доош харсан байдалтай ертөнцийн зүгээр баруун зүг рүү толгой нь харсан эрэгтэй хүний цогцос байсныг Б үсгээр тэмдэглэв. Тээврийн хэрэгсэл анх мөргөлдөж асфальтан зам дээр зурагдсан мөрний эхлэлийг А үсгээр тэмдэглэж тээврийн хэрэгсэл анх тоормос гишгэсэн гэх мөрийн эхлэлийг 1 тоо 6 тоогоор тэмдэглэв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 2-8 дугаар хуудас);
- Тээврийн хэрэгсэл үзлэг хийсэн “******* ******* улсын дугаартай KIA Bongo Fronter-3 маркийн цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэл байх ба 2004 онд үйлдвэрлэсэн KH3HAP7354KO35524 арлын дугаартай байв. Тээврийн хэрэгслийн ...урд талын гупер хэсэг нь дотогшоо хонхойж хэлбэр дүрсээ алдсан урд копудны зүүн талд хонхойж дотогшоо орсон хэлбэр дүрсээ алдсан байдалтай байв. Урд копудны зүүн дээд хэсэгт 18х10см хэмжээтэй цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв. Зүүн талын гэрлэн дохио салж доош унжсан байдалтай байв. Урд тэнхлэг хэсэгт улаан хүрэн, хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цус мэт зүйл байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 9-13 дугаар хуудас);
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...SANYA нэртэй шаргал өнгийн мотоциклд үзлэг явуулав. ...Уг мотоциклын урд хянах самбар, хамгаалалтын төмөр арын дугуй нь урагшаа чихэгдэж орсон байдалтай эргэх боломжгүй арын ...гэрэл дохио эвдэрсэн түлхүүр нь зоогдсон байдалтай байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 14-17 дугаар хуудас);
- Гэрч “...Ховд аймгийн төвөөс 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 16 цагийн үед Дарви сум руу явсан. Бид нар Дарви сум руу ороход 17-18 км дутуу байхад засмал зам дээр амь хохирогч Б.Эрдэнэгомбо мотоциклоо босгох гээд тонгойгоод зогсож харагдсан. Тухайн үед манай охин Б.Сарантуяа ******* таниад “мотоциклыг нь босгож өгчхөөд явъя” гэхээр нь би замын хажуу тал руу тээврийн хэрэгслээ зогсоогоод буух хооронд бид нарын урдаас ирж байсан тээврийн хэрэгсэл амь хохирогч ******* мотоциклтой нь дайраад хамаад явчихсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 24-26 дугаар хуудас);
- Гэрч “Ховд аймгийн төвөөс 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 16 цагийн үед байх (цагыг сайн санахгүй байна) Дарви сум руу явсан. Бид нар Дарви сум руу ороход 17-18 км дутуу байхад засмал зам дээр амь хохирогч Б.Эрдэнэгомбо мотоциклтойгоо байж харагдсан. Тухайн үед амь хохирогч унаж явсан мотоцикл нь эсрэг урсгал буюу Ховд аймаг руу явах чиглэлд хажуу талаараа уначихсан байдалтай. Амь хохирогч хажууд нь даарсан бололтой ганцаараа зогсож харагдсан. Өөр хавьд нь ямар нэгэн хүн харагдаагүй. Би хажуугаар өнгөрөх үедээ амь хохирогч ******* таниад аав “манай захиргаанд ажилладаг Б.Эрдэнэгомбо байна мотоциклыг нь босгож өгчхөөд явъя” гэхэд аав тээврийн хэрэгслээ замын хажуу тал руу зогсоогоод буух хооронд бид нарын урдаас нэлээн хол тээврийн хэрэгсэл ирж харагдаж байсан. Тээврийн хэрэгсэл гэнэт ирээд амь хохирогч ******* мотоциклтой нь дайраад хамаад явчихсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 46-48 дугаар хуудас);
-Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 59 дугаартай “... цогцост зүүн талын 1-8 дугаар хавиргануудын /нурууны ойролцоох шугамаар/ хугарал, зүүн талын 3 дугаар хавирганы /өвчүүний ойролцоох шугамаар/ хугарал, баруун талын 1-2 дугаар хавирганы /нурууны ойролцоох шугамаар/ хугарал, хавирганы хугарлуудын орчмын цус хуралт, зүүн уушгины дээд дэлбэнгийн хатгагдсан шарх, цээжний хөндийн цус алдалт, суурь ясны баруун дунд хонхрын хугарал, баруун чамархай хэсгийн хуйхны зулгаралт, зүүн хөмсөгний зүүн дээд хэсгийн зулгаралт, зүүн шанаа хэсгийн зулгаралт, зүүн чихний хэсгийн зулгаралтууд, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, зүүн мөрний хэсгийн зулгаралт, баруун чихний ар хэсгийн зулгаралт, баруун чихний доод хэсгийн зулгаралт, баруун гарын шууны гадна доод хэсгийн зулгаралт, зүүн гуя, шилбэний гадна хэсгийн цус хуралтууд гэмтэл тогтоогдлоо. ...Б.Эрдэнэгомбо нь зүүн талын хавирганы хугарлын үзүүр нь зүүн уушгины дээд дэлбэнг хатгасны улмаас цээжний хөндийд цус алдаж нас барсан байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 92-96 дугаар хуудас);
- Зам тээврийн осол дээр тогтоосон “...Зам тээврийн осол болох шалтгаан нөхцөл нь: жолооч ******* нь Kia Bongo Frointer-w3 маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явж байхдаа харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээний дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүй, мөн аюул саад тулгарсан үед жолооч тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйгээс болж уг зам тээврийн осол гарсан байна” гэх акт, хэмжилтийн бүдүүвч зураг (1 дэх хавтаст хэргийн 97-99 дүгээр хуудас) зэргээр Ховд аймгийн Дарви сумын 03 дугаар (Мөрөн) багийн нутаг Нуурын шанаа гэх газраар дамжин өнгөрөх засмал зам дээр 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Киа Вонго пронтер (Kia bongo prontier-w3) загварын ******* ******* улсын дугаартай автомашин Sanya загварын мотоциклынхоо хажууд зогсож байсан амь хохирогч ******* мотоциклтой нь давхар мөргөж зам тээврийн осол гаргаж, тухайн ослын улмаас амь нас хохирсон болох нь нотлогдож байна.
1.2. Гэрч “...Увс аймгийн төвөөс Ховд аймгийн төв рүү 2022 оны 09 дүгээр сарын 26-ны орой 16 цагийн үед найз *******, нарын хамт гараад 2022 оны 09 дүгээр сарын 27-ны орой 19 цагийн үед ирээд Даваасүрэн гэх манай ахын таньдаг айлд ирсэн. ...2022 оны 09 дүгээр сарын 30-ны өглөө 9 цагийн үед Ховд аймгийн Дарви сумаас хөнгөн цагаан авахаар Ховд аймгийн төвөөс гараад Дарви сумын төвд 12 цагийн үед ирээд ард иргэдээс хөнгөн цагаан худалдаж авсан. Бид нар түүхий эдээ авч дуусаад Ховд аймгийн Дарви сумаас Ховд аймгийн төв рүү явсан. Би тухайн үед хэдэн цаг болж байсныг сайн санахгүй байна. Дарви сумын төвөөс гараад би шууд унтаад амарсан. Унтаад явж байхад тээврийн хэрэгсэл ямар нэгэн зүйл мөргөх чимээ гараад манай ах муухай орилохоор нь гайхаад сэрэхэд тээврийн хэрэгслийн урд талд ямар нэгэн зүйл чирэгдэж байсан. Тээврийн хэрэгсэл 7-8 м яваад зогсохоор нь тээврийн хэрэгслээс буугаад ирэхэд тээврийн хэрэгслийн урд талд буюу тээврийн хэрэгслийн баруун талын урд дугуйн хэсэгт мотоцикл байсан. Тээврийн хэрэгслийн ар талд замын голд нэг эрэгтэй хүн доош харсан байдалтай хэвтэж байсан. ...Тээврийн хэрэгслийг ******* жолоодож явсан. Тээврийн хэрэгслийн гол хэсэгт би суугаад жолоочийн эсрэг талын хаалга талд ах сууж явсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 29-32 дугаар хуудас);
- Гэрч гийн “...2022 оны 09 дүгээр сарын 30-ны өглөө 9 цагийн үед Ховд аймгийн Дарви сумаас хөнгөн цагаан авахаар Ховд аймгийн төвөөс гараад Дарви сумын төвд 12 цагийн үед ирээд ард иргэдээс хөнгөн цагаан худалдаж авсан. ...Ховд аймгийн Дарви сумаас 18:30 минутын үед Ховд аймгийн төв рүү явсан. Дарви сумын төвөөс гараад 17-18 км явж байсан. Би тухайн үед гар утсаа оролдоод доош тонгойгоод явж байхад жолоо барьж явсан ******* мотоциклтой хүн гэж хэлээд орилохоор нь цочоод хартал ямар нэгэн зүйл мөргөх шиг болоод тээврийн хэрэгсэлд ямар нэгэн зүйл чирэгдэх шиг болоод 10 м хиртэй яваад зогссон. Тэр үед тээврийн хэрэгслээс буугаад ирэхэд тээврийн хэрэгслийн урд талд буюу тээврийн хэрэгслийн баруун урд талын дугуй хэсэгт мотоцикл байсан. Тээврийн хэрэгслийн ар талд замын голд нэг эрэгтэй хүн доош харсан байдалтай хэвтэж байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 35-37 дугаар хуудас);
- Шүүгдэгч *******гийн яллагдагчаар өгсөн “...2022 оны 09 дүгээр сарын 30-ны өглөө 09 цагийн үед Ховд аймгийн Дарви сумаас хөнгөн цагаан авахаар Ховд аймгийн төвөөс гарсан. Ховд аймгийн Дарви суманд 12 цагийн үед ирээд Дарви сумын ард иргэдээс хөнгөн цагаан худалдаж авсан. ...Ховд аймгийн Дарви сумаас 18:30 минутын үед Ховд аймгийн төв рүү явсан. Дарви сумын төвөөс гараад 17-18 км явж байхад миний урдаас хурц гэрэлтэй тээврийн хэрэгсэл зогсож байсан. Тухайн тээврийн хэрэгслийн хажуугаар өнгөрөх үед мотоциклтой хүн замын урд талд гэнэт гараад ирсэн. Тухайн мотоцикл гэрлээ асаагаагүй Ховд аймаг руу явах чиглэлийн эгнээ /урсгал/-д зам голлоод зогсож харагдсан. Би тухайн мотоциклтой хүнийг хараад тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваад тоормос гишгэсэн боловч тухайн мотоциклтой хүнийг мөргөх үед мотоцикл дээр сууж байсан эрэгтэй хүн урагшаа үсрээд эсрэг урсгал руу ороод унаж харагдсан. Мотоцикл нь тээврийн хэрэгслийн урд хэсэгт чирэгдээд ойролцоогоор 20м явсан байх гэж бодож байна. Тээврийн хэрэгслээ зогсоогоод буугаад ирэхэд мотоцикл тээврийн хэрэгслийн урд талд байсан. Мотоцикл мөргөх үед шидэгдсэн эрэгтэй хүн замын голд доошоо харсан байдалтай хэвтэж харагдсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 40-43 дугаар хуудас) зэргээр зам тээврийн осол гарах үед Киа Вонго пронтер (Kia bongo prontier-w3) загварын ******* ******* улсын дугаартай автомашиныг ******* жолоодож явсан нь нотлогдож байна.
1.3. Био химийн шинжилгээний 176 дугаартай “... авсан гэх шингэн цус нь шинжилгээнд тэнцэнэ. авсан гэх шингэн цусанд 5.8 промилли этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 69-70 дугаар хуудас)
- Био химийн шинжилгээний 179 дугаартай “...*******гийн биеэс авсан гэх цусанд этилийн спирт илрээгүй” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 81-82 дугаар хуудас) зэргээр зам тээврийн осол гаргах үед амь хохирогч Б.Эрдэнэгомбо нь хүнд зэргийн согтолттой, шүүгдэгч ******* нь согтууруулах ундаа хэрэглээгүй байсан нь тогтоогджээ.
1.4. Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтэн дүгнэвэл Ховд аймгийн Дарви сумын 03 дугаар (Мөрөн) багийн нутаг Нуурын шанаа гэх газраар дамжин өнгөрөх засмал зам дээр 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Киа Вонго пронтер (Kia bongo prontier-w3) загварын ******* ******* улсын дугаартай автомашиныг шүүгдэгч ******* жолоодож яваад Sanya загварын мотоциклынхоо хажууд зогсож байсан амь хохирогч ******* мотоциклтой нь давхар мөргөж түүний амь насыг хохироосон үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон гэж дүгнэлээ.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
2.1. Шүүгдэгч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэж, мөн дүрмийн 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчсөн байна.
Шүүгдэгч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3-т тус тус зөрчсөний улмаас буюу шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас уг зам тээврийн осол гарчээ.
2.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив шинжүүдээс гадна учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг харгалздаг. Тодруулбал шүүгдэгч Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3-т заасныг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
2.3. Амь хохирогч Б.Эрдэнэгомбо нь хүнд зэргийн согтолттой, “А” ангиллын буюу мотоцикл жолоодох эрхгүйгээр Sanya загварын мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцож Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-г зөрчсөн байх боловч энэ нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн шалтгаан биш байна. Өөрөөр хэлбэл амь хохирогчийн дээрх үйлдэл нь шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх нөхцөл болохгүй ба харин хохирогчийн хууль бус үйлдэл нь гэмт хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлсэн байна.
2.4. Шүүгдэгч *******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 207 дугаар хуудас), Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 223-224 дүгээр хуудас), шүүгдэгч *******гийн яллагдагчаар өгсөн “...Намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зүйл ангиар яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 140-143 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн (2002 оны) тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан гэх хувийн байдал тогтоогдож байна.
2.2. Амь хохирогч Б.Эрдэнэгомбо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасныг зөрчсөн байх энэхүү нөхцөл байдал нь гэмт хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлсэн тул үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцно. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх, 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэх дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй. Учир нь шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн боловч урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй.
Мөн уг гэмт хэргийн улмаас Б.Эрдэнэгомбо нь эмнэлгийн болон ямар нэгэн туслалцаа авах боломжгүй буюу уг гэмт хэргийн улмаас тэр дороо нас барсан үйл баримт хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар тогтоогдсон. Иймд шүүгдэгч цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй.
3. Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “...Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар жолоодоох эрхийг 5 жилээр хасаж 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх” санал;
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “...ялын санал дээр хэлэх зүйл байхгүй” гэх санал;
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “...Ялыг хөнгөрүүлэх ёсгүй гэж харж байна. Улсын яллагчийн 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай санал нийлэхгүй” гэх санал;
- Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Шүүгдэгч хохирлоо төлөх боломж нь ажил хийж төлөх, шүүхээс тэнсэж үүрэг хүлээлгэвэл өмнө хийж байсан түүхий эд авах ажлаа хийх боломжтой гэж үзэж байна. Хорихоос өөр төрлийн буюу зорчих эрхийг хязгаарлах ял, эсхүл боломжит хугацаагаар тэнсэн харгалзаж өгөхийг хүсье. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах хугацааны хувьд санал байхгүй” гэх санал;
- Шүүгдэгч “...Миний хувийн байдал, бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж надад хорих ял оноолгүйгээр боломжтой хэмжээгээр тэнсэж өгнө үү” гэх санал тус тус гаргасан байна.
3.1. Эрүүгийн эрх зүйн онол, практикт хохирлыг эдийн болон эдийн бус гэж хоёр ангилдаг. Эдийн бус хохирлыг нөхөн төлөгдөх ба нөхөн төлөгдөх боломжгүй гэж хоёр төрөлд хуваана. Нөхөн төлөгдөх хохирол гэж гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан зарим төрлийн хохирлууд хамаардаг. Тодруулбал эмчилгээгээр болон явцаараа бүрэн эдгэрч, хохирогч хэвийн амьдрах боломжтой болохыг ойлгоно.
Нөхөн төлөгдөх боломжгүй хохирол гэдэгт эрүүл мэндэд учирсан зарим төрлийн хохирлууд буюу гэмтсэн эрхтэн эдгэрэх боломжгүй, бүр мөсөн байхгүй болсон, засаршгүй сорви зэрэг хамаардаг. Мөн хүний амь нас болон нэр төр, алдар хүнд, бэлгийн халдашгүй байдал зөрчигдсөн зэрэг тохиолдлууд хамаардаг. Өөрөөр хэлбэл энэ төрлийн буюу хүний амь нас хохироосон гэмт хэргийн хувьд хохирол нөхөн төлөх, нөхөн төлөхөө илэрхийлэх гэх ойлголт үүсэхгүй.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн гэх урьдач нөхцөлүүд хангагдаагүй тул хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгчийг тэнсэх хууль зүйн үндэслэлгүй болно.
3.2. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
3.3. Шүүгдэгч ******* нь урьд хорих ял эдэлж байгаагүй гэх нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
4. 2002 онд батлагдсан Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулиудад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэг агуулгаар тодорхойлж хуульчилж байсан. Харин 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж гэмт хэргийн хохирол, хор уршгийг ялгамжтай тодорхойлсон. Мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг тус бүрд нь тодорхойлж, хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр тогтоохыг үүрэгжүүлсэн байна.
Энэхүү гэмт хэргийн улмаас амь нас хохирсон болох нь тогтоогдсон. Мөн уг гэмт хэргийн улмаас түүний өмчлөлийн эд хөрөнгө болох Sanya загварын мотоцикл эвдэрсэн буюу 2’020’000 төгрөгийн хохирол учирсан болох нь тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн14-15 дугаар хуудас), Вендо ХХК-ийн хөрөнгө үнэлгээний ХЦ22-245 дугаартай дүгнэлтээр (1 дэх хавтаст 218-221 дүгээр хуудас) тогтоогдож байна.
Энэ төрлийн гэмт хэргийн улмаас хохирогч нас барсантай холбогдуулан гарсан оршуулгын зардал, тэжээгчээ алдсаны тэтгэмж, амь хохирогчийн гэрээгээр болон хуулиар бусдын өмнө хариуцвал зохих үүргийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх үндэслэлтэй.
Хор уршгийн талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч “Оршуулга болон буяны ажлын зардалд 16’049’017 төгрөг, буяны ажилд хүмүүсийн ирсэн зардлын тооцоо 1’536’992 төгрөг, амь хохирогчийн авсан зээл Төрийн банкнаас 2’000’000 төгрөг авсан байсан үүний үлдэгдэл 1’000’000 төгрөг “Хөгжилд тэмүүлэх сутай” хадгаламж зээлийн хоршооноос авсан зээлийн үлдэгдэл 10’000’000 төгрөг, үүнээс 7’775’520 төгрөг байсан. Мөн мотоциклын үнэлгээгээр 2’020’000 төгрөг нийтдээ 28’081’033 төгрөг болж байна. Дээрээс нь сүүлийн нэг жилийн хугацаанд авч байсан цалин 7’492’520 төгрөгийг нэхэмжилж байгаа” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч “...Нотлох баримтыг шаардлага хангасан баримтыг нэмж үзэхэд 18’692’039 төгрөг болж байна. Үүнээс өнөөдөр шүүх хуралдаан дээр өгсөн 2’000’000 төгрөгийг хасаж тооцоод, үлдэгдэл 16’692’039 төгрөг болж байна” гэж тус тус маргажээ.
Хэрэгт цуглуулж бэхжүүлсэн баримтаар оршуулгын зардалд 16’053’988 төгрөгийг, тээврийн зардалд 1’040’622 төгрөгийг тус тус зарцуулсан нь тогтоогдсон. Шүүгдэгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 2’000’000 төгрөг өгсөн ба энэ нь талуудын тайлбараар нотлогджээ. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гаас 17’051’633 (=16’053’988₮+1’040’622₮+2’020’000₮-2’000’000₮) төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ад олгох үндэслэлтэй.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “амь хохирогч нэг жилийн хугацаанд авах байсан цалин” гэж 7’492’520 төгрөгийг нэхэмжилсэн байх ба энэ нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт хамаарах боловч Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2-508.4 дэх хэсгүүдэд зааснаар зохицуулагддаг. Тодруулбал гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй тул амь хохирогчийн төрсөн дүү нь уг хохирлыг нэхэмжлэх эрхгүй юм. Мөн төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтоох бөгөөд тус төлбөрийг төлбөр авах эрхтэй этгээдийн хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэх зохицуулалтай. Өөрөөр хэлбэл амь хохирогчийн төрсөн эцэг эх, эхнэр, төрсөн болон үрчилж авсан хүүхэд нь уг мөнгийг нэхэмжлэх эрхтэй тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Амь хохирогч Б.Эрдэнэгомбо Төрийн банктай 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1104/849 дугаартай барьцаат зээлийн гэрээ (хавтаст хэргийн 183-184 дүгээр хуудас), Хөгжилд тэмүүлэх сутай хадгаламж зээлийн хоршоотой 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 3010121016000044 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ (хавтаст хэргийн 186-192 дугаар хуудас) тус тус байгуулсан байна. Дээрх гэрээний үүргүүдийг буюу Төрийн банкнаас авсан зээлийн үлдэгдэл 1’000’000 төгрөгийг, “Хөгжилд тэмүүлэх сутай” хадгаламж зээлийн хоршооноос авсан зээлийн үлдэгдэл 7’775’520 төгрөгийг хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх эрхгүй байна. Амь хохирогчийн гэрээгээр болон хуулиар бусдын өмнө хариуцвал зохих төлбөр нь гэмт хэргийн хор уршигт хамаарах боловч уг хор уршгийг нэхэмжлэх эрхтэй этгээд нь Төрийн банк, “Хөгжилд тэмүүлэх сутай” хадгаламж зээлийн хоршоо байна.
Тодруулбал шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас амь нас хохирч, улмаар Төрийн банк, “Хөгжилд тэмүүлэх сутай” хадгаламж зээлийн хоршоо гэрээний төлбөрөө авах боломжгүй болж эд хөрөнгийн хохирол хүлээжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл Төрийн банк, “Хөгжилд тэмүүлэх сутай” хадгаламж зээлийн хоршоо нь энэхүү хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцох боломжтой байжээ. Иймд энэхүү нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Төрийн банк, “Хөгжилд тэмүүлэх сутай” хадгаламж зээлийн хоршоо нь гэрээний төлбөрөө иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй.
6. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хольдог ургийн овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гаас 17’051’633 (арван долон сая тавин нэгэн мянга зургаан гучин гурав) төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ад олгосугай.
7. Шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА