Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 1005

 

 

 

 

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2019/01005

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Мы гаргасан,

 

Хариуцагч: Бд холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 21,424,165.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.                              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Нэхэмжлэгч Мыг Улсын дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 378 дугаар тогтоолоор өмнө нь ажиллаж байсан Б-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын болон ажлын албаны даргын ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн болохыг тогтоож, ажилд нь буцаан томилсон.

 

Тэрээр уг ажлыг гүйцэтгэж байхдаа Засгийн газрын 2014 оны 332 тоот тогтоолын дагуу ТЗ-8 дугаар зэргийн 5 дугаар ангиллаар сарын 695,935.00 төгрөгийн цалин хөлс авч байсныг үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 371 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ажилд нь эргүүлэн томилохдоо 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны нэг сарын цалин хөлсийг 692,117.00 төгрөгөөр тогтоож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхээр хариуцагчид даалгасан юм.

 

Улсын дээд шүүхийн тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч М ажил үүргээ гүйцэтгээгүйгээс нийт 681 хоног ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 21,424,165.76 төгрөгийг нэхэмжилсэн.

 

Хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3.-д заасныг үндэслэсэн байна. Гэтэл хэрэгт нэхэмжлэгчийг ажилд нь эргүүлэн томилсон баримт байхгүй, тус хуулийн 29.1.5.-д заасан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгох ёстой. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлсөн гэсэн тайлбар өгсөн боловч хэрэгт байгаа нотлох баримтаар Б-ын тэргүүлэгчдийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн хурлын А/04 тэмдэглэлд *******г үүрэгт ажлаас нь чөлөөлөх, Мыг үүрэгт ажилд нь томилох, мөн буцаагаад чөлөөлж, дахин Б-г буцаан томилсон байна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч тал шүүхийн шийдвэрийг бодитоор биелүүлээгүй, энэ талаар хариуцагчийн тайлбарууд хэрэгт байгаа нотлох баримттай зөрдөг. Учир юу бэ гэвэл 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн нотлох баримтын талаар хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарт  нэхэмжлэгч Мыг ажилд нь томилсон, ажлаа хийж байгаад маргалдаад гараад явсан гэсэн атлаа дараа нь 2018 оны 04 дүгээр сард гэж хэлсэн, үүнээс дүгнэхэд нэхэмжлэгчийг яг хэдэн сард ажилд томилж, ажлаас чөлөөлсөн тухайгаа тодорхой тайлбарлаж чадахгүй байна.

 

Нэхэмжлэгч М, мөн ******* гэдэг хүнийг 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаалуудыг тэдэнд гардуулж өгөөгүй, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тухай Б/07 тогтоолын үндэслэх хэсэгт Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 22.1.6, Төрийн албаны тухай хуулийн 15.1.2, 26.7, Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 249 тоот тогтоол зэргийг үндэслэн чөлөөлсөн байсан.

 

Гэвч ажлаас халах үндэслэл болсон шүүхийн тогтоол нь нэхэмжлэгчийг ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд гарсан тул үндэслэлгүйгээр шүүхийн тогтоолыг буцаан хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн Улсын дээд шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 249 тоот тогтоолд нэхэмжлэгчийн гэм бурууг тогтоосон зүйл байхгүй учраас дүр үзүүлсэн ажлаас чөлөөлсөн тогтоол гэдэг нь нотлогддог.

 

Энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримт болох шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Б-ын тэргүүлэгчид хүргүүлсэн мэдэгдэлд тодохой дурдсан байдаг.

 

Иймд, нэхэмжлэгч Мд ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд  21,424,165.76 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Б-ын тэргүүлэгчдийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, нэхэмжлэгч Мыг Улсын дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 378 дугаар тогтоолоор өмнө эрхэлж байсан ажилд нь эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох шийдвэр гарсныг үндэслэн түүнийг 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өмнө нь эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон.

 

Нэхэмжлэгчээс Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасан үндэслэлээр ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилсэн ч түүнийг 2018 оны 03 дугаар 16-ны өдөр ажилд нь эргүүлэн тогтоож цалин хөлсийг нь өгсөн ба үүнээс хойших хугацааны цалин хөлсийг олгох үндэслэл байхгүй. Яагаад гэвэл нэхэмжлэгч Мыг тухайн өдөр нь өөр үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн тогтоол гарсан юм.

 

Энэ тухай 2018 оны 03 дугаар 16-ны өдрийн Б/07 тоот тогтоолд тодорхой дурдсан ба нэгэнт ажлаас чөлөөлөгдсөн тул энэ хугацаанаас хойших цалин хөлсийг нэхэмжлэх ямар ч үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29.1.5.-д зааснаар Б-ын тэргүүлэгчдийн хурлаар нэхэмжлэгчийг өмнөх ажилд нь эргүүлж томилсон ба өөрөө ч үүнийг зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлт өгсөн байдаг.

 

Нэхэмжлэлийн гол шаардлага нь ажилгүй байсан хугацаа буюу 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн цалин хөлсийг нэхэмжилсэн. Гэтэл нэхэмжлэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш 2,360,000.00 төгрөгийн цалинтай ажил хийж байсан учраас өмнө авч байсан цалин хөлснөөсөө бага цалин хөлс авч байсан гэж үзэхгүй.

 

Мөн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр буюу нэхэмжлэгчийг ажилд нь эргүүлэн томилсон өдөр тэр өөрийн биеэр хуралд оролцсон. Гэвч тэрээр сүүлдээ хурлын даргын өрөөнд тэргүүлэгч нартай маргалдсан, энэ тухай өөрөө мэдэж байгаа бөгөөд тухайн үед ажилд нь томилж, чөлөөлсөн талаар бүрэн мэдсэн, уг үйл явдал 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд явагдсан ба энэ талаар шийдвэр гүйцэтгэгч нарын тэмдэглэлд тусгагдсан.

 

Нэхэмжлэгч М 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр өрөөндөө сууж байгаа бичлэг байгаа, гэвч түүнийг өөр үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тул цаашид манай байгууллагад ажиллах шаардлага байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д энэ төрлийн маргааны талаар шүүхэд гомдол гаргах хугацааг хуульчилсан ба хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

 

Нэхэмжлэгч нь сонгуулийн хорооны ажилд орж ажиллаж байхдаа хууль бусаар буюу шүүхийн тогтоолгүйгээр нэр дэвшигч нарын нэрсийг жагсаалтаас хассан тогтоолд гарын үсэг зурсан байсан. Үүнийг эрх нь зөрчигдсөн хүмүүс хууль бус болохыг шүүхийн журмаар тогтоолгосон учраас нэхэмжлэгчийг ажлаас тухайн үндэслэлээр чөлөөлсөн юм.

 

Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад  

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Маас хариуцагч Бд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 9,532,338.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 11,891,827.08 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 21,424,165.76 төгрөг нэхэмжилснийг хариуцагч тал үл зөвшөөрч, татгалзсан /1-р х.х-ийн 212-215, 221 хуудас/.

 

Шүүх, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 371 тоот шийдвэрээр нэхэмжлэгч Мы гаргасан хариуцагч Б-ын тэргүүлэгчид холбогдох 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/01 тоот тогтоолыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай захиргааны хэргийг хянан шийдвэрлэж, нэхэмжлэгч Мыг Б-ын ажлын албаны дарга бөгөөд тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 4,152,702.00  төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байна /1-р х.х-ийн 66-73 хуудас/.

 

            Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 378 тоот тогтоолоор нэхэмжлэгч Мы гаргасан хариуцагч Б-ын тэргүүлэгчид холбогдох дээр дурдсан захиргааны хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2017/0520 тоот магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 371 тоот шийдвэрт өөрчлөлт оруулжээ /х.х-ийн 5-9 хуудас/.

 

            Тодруулбал, хэдийгээр Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны уг тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан боловч нэхэмжлэгч Мыг Б-ын ажлын албаны дарга бөгөөд тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон шийдлийг хэвээр үлдээсэн байна.

 

            Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Б-ын тэргүүлэгчдийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/06 тоот тогтоолоор нэхэмжлэгч Мыг Б-ын ажлын албаны дарга бөгөөд тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн томилсон ба зохигчид шүүхийн шийдвэрээр олгохоор болсон 4,152,702.00 төгрөгийг төлсөн эсэх талаар маргаагүй /х.х-ийн 11 хуудас/.

 

            Гэтэл Б-ын тэргүүлэгчдийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/07 тоот тогтоолоор нэхэмжлэгч Мыг ийнхүү шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолын дагуу өмнөх ажилд нь томилсон ч тухайн өдрөө ажлаас нь дахин чөлөөлсөн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь буцаан томилох тухай Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэр 371 тоот шийдвэр гарснаас хойш 303 хоногийн дараа буюу 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр түүнийг ажилд нь эгүүлэн тогтоосон хэдий ч мөн өдөр ажлаас чөлөөлсөн ажээ /х.х-ийн 10 хуудас/.

 

             Нэхэмжлэгч Маас хариуцагч Бд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 21,424,165.76 төгрөгийг нэхэмжлэхдээ нэг өдрийн цалин хөлсийг 31,459.86 төгрөгөөр тооцож, 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 9,532,338.68 төгрөг, ажилд эгүүлэн томилох тухай шүүхийн шийдвэрийг бодитоор биелүүлээгүй буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжилж байгаа гэсэн үндэслэлээр 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 11,891,827.08 төгрөг, нийт 21,424,165.76 төгрөгийг нэхэмжилсэн.

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д “Энэ хуулийн 36.1.2.-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж, мөн 128 дугаар зүйлийн 128.1.-д “Дараах маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ” гээд 128.1.5.-д “энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасан асуудлаар гарсан маргаан” гэж тус тус заажээ.

 

            Тайлбарлавал, тус хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” гэж заасны дагуу шүүхийн шийдвэрээр эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоогдсон ажилтанд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгохтой холбоотой маргааныг гагцхүү шүүх харъяалан шийдвэрлэх учиртай.

 

            Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2.-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбоотой нэхэмжлэлийг тухайн этгээд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор энэ хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5.-д зааснаар шүүхэд гаргах ёстой.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д “хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэгэн үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж, түүнчлэн 75 дугаар зүйлийн 75.1.-д “хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байна” гэж заасны дагуу дээр дурдсанаар ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийг хөдөлмөрийн маргаан таслах комисс бус, харин шүүх харъяалан хянан шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэгч тал ийнхүү эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор харъяа шүүхэд гаргах журамтай юм.

 

            Гэтэл нэхэмжлэгч М нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд нийт 21,424,165.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гаргаж, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна /х.х-ийн 1, 2 хуудас/.

 

            Учир нь, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШЗ2017/7916 тоот захирамжаар тус шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 371 тоот шийдвэр болон Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 378 тоот тогтоолыг тус тус албадан гүйцэтгүүлэхээр 204 тоот дугаартай гүйцэтгэх хуудас олгожээ /х.х-ийн 160-165 хуудас/.

 

            Ингээд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Б-ын тэргүүлэгчдэд шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдэж, ажил олгогч буюу хариуцагчийн төлөөлөгчтэй уулзаж, шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааг явуулсан байна /х.х-ийн 181-186 хуудас/.

 

Б-ын тэргүүлэгчдийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд дурдсанаар нэхэмжлэгч Мыг хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг үндэслэн өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг шийдвэрлэсний сацуу мөн түүнийг ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ /х.х-ийн 128-133, 235-239 хуудас/.

 

            Гэвч тус шийдвэрийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үл хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Мыг нэн даруй урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилохыг шаардаж, тийнхүү биелүүлээгүй учраас 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг албадан гүйцэтгэж, нэхэмжлэгчийн ажил үүргийг хүлээлцүүлсэн байна /х.х-ийн 195-206 хуудас/.

 

            Түүнчлэн хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч М нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасныг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 4/392 тоот тогтоолоор уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгон шийдвэрлэжээ /х.х-ийн 64, 65 хуудас/.

 

            Тодруулбал, хэдийгээр энэхүү шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3.-т “төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн” гэсэн үндэслэлийг дурдсан байх боловч нэхэмжлэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан хүсэлт, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тэмдэглэлийг үзвэл тус хуулийн 103 дугаар зүйлийн 103.2.-т “Энэ хуулийн 103.1.-д заасан хугацаанд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч албадан гүйцэтгэх тухай мэдэгдлийг ажил олгогчид хүргүүлж, тогтоосон хугацаанд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд энэ хуульд заасан журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж, мөн 103.3.-д “Мэдэгдлийг хүлээн авсан ажил олгогч урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосноор гүйцэтгэх баримт бичгийн шаардлага биелэгдсэнд тооцно” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийг урьд өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон гэж үзэхээр байна.

 

            Нөгөө талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа, мөн захиргааны хэрэг маргааны хариуцагч Б-ын тэргүүлэгчдээс нэхэмжлэгч Мыг 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлсөн Б/07 тоот тогтоолын талаар хариу өгөхдөө 2016 оны орон нутгийн сонгуулийг хуульд заасны дагуу явуулж чадаагүйн улмаас шат шатны шүүхээс түүний гаргасан шийдвэр хүчингүй болсныг үндэслэн ажлаас чөлөөлсөн хэмээн тайлбарласан ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 4/392 тоот тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа гэх үйл баримт тогтоогдохгүй байна /х.х-ийн 192 хуудас/.

 

            Өөрөөр хэлбэл, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 371 тоот шийдвэр болон Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 378 тоот тогтоолыг албадан биелүүлэх ажиллагаа үргэлжилж байгаа гэх үйл баримт тогтоогдохгүй байгаагаас гадна нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тухай 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/07 тоот тушаал хүчин төгөлдөр хэвээр байгаа гэж хариуцагч тал мэтгэлцэж байна.

 

            Иймд, нэгэнт шүүхийн шийдвэр, тогтоолыг албадан гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр дуусгавар болгосон байх тул нэхэмжлэгчийг 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжлэх буюу эрхээ зөрчигдсөнийг 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр мэдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

 

            Түүнчлэн нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн буюу 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 11,891,827.08 төгрөгийн шаардлагын хувьд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон, хариуцагч тал нэхэмжлэгчийг өөр үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэх тогтоол хүчин төгөлдөр гэж маргаж байгаагаас гадна шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин явуулж байгаа гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул хөөн хэлэлцэх хугацааг мөн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолно.

 

            Ийнхүү шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Маас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ түүний хүсэлтээр тус шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШЗ2019/04862 тоот захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4.-т заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамж 205,219.00 төгрөгийг төлөхийг хойшлуулсан ба шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон учраас нэхэмжлэгч нь энэ хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар тэмдэгтийн хураамжийг төлөх үүрэгтэй болохыг үүгээр дурдаж байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Мы гаргасан хариуцагч Бд холбогдох ажилгүй байсан хугацааны цалин, хөлсөнд 21,424,165.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167,500.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 205,219.00 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР