Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 1098

 

 

 

 

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2019/01098

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Бийн гаргасан,

 

Хариуцагч: Э ХХК т холбогдох,

 

16,500,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч тал тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Миний бие 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагч Э ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 1 м.кв талбай буюу 1 өдөр 700,000 төгрөгөөр газар шорооны ажил хийж гүйцэтгэхээр болсон. Ингээд юуны өмнө ажил хийхэд түлшний зардалд 3,600,000.00 төгрөгийг урьдчилгээ хэмээн авч, үлдэх 11,000,000.00 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төлөхөөр тохирсон.

 

Би, гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгээд хариуцагчтай гүйцэтгэсэн ажлын талаар тооцоо нийлж, үлдэх төлбөрийг дээр дурдсан хугацаанд авах тухай баримт өгсөн боловч хариуцагч тал өнөөдрийг хүртэлх хугацаанд төлбөрийг төлөхгүй намайг хохироож байна.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.-т зааснаар төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувиар алданги тооцохоор заасан бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэл алдангийг тооцвол хуульд заасан үндсэн үүргийн 50 хувиас хэтэрсэн.

 

Иймд, хариуцагчаас үндсэн төлбөрийн үлдэгдэл 11,000.00 төгрөг, алданги 5,500,000.00 төгрөг, нийт 16,500,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Боос хариуцагч Э ХХК-нд холбогдуулан 16,500,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарласан байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хууль зүйн туслалцаа авах хүсэлтийг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр товлосон шүүх хуралдааныг хойшлуулж, улмаар 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 09:30 цагт товлон энэ тухай хариуцагчид мэдэгдсэн хэдий ч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Б, хариуцагч Э ХХК нар 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ /х.х-ийн 32, 33 хуудас/.

 

Тодруулбал, нэхэмжлэгч тал уг гэрээний дагуу Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 давхар бүхий контор, үйлчилгээ, эмнэлгийн барилга, мөн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн ажилчдын орон сууцны барилгын гадна шугамын ажилд тус тус экскаватороор газар шорооны ажил гүйцэтгэх үүрэг хүлээсэн бол хариуцагч нь гүйцэтгэсэн ажлын хөлсөнд өдрийн 700,000.00 төгрөг, нийт 14,600,000.00 төгрөгөөс урьдчилгаа төлбөрт 3,600,000.00 төгрөгийг төлж, үлдэх 11,000,000.00 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлөх үүрэг хүлээсэн байна.

 

Нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар тэрээр гэрээнд заасан ажлыг 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн ба урьдчилгаа төлбөрт 3,600,000.00 төгрөгийг хүлээн авсан тухай маргаагүй.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 343.2.-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж зааснаас гадна 343.3.-д “Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх гэрээний дагуу талуудын тохиролцсон ажил гүйцэтгэгчийн үйл ажиллагааны үр дүнд шинээр бий болсон зүйлийг захиалагчийн өмчлөлд шилжүүлснээр гүйцэтгэгч тал хэлэлцэн тохирсон хөлс шаардах эрх үүсэх бөгөөд тухайн гүйцэтгэсэн ажлын үр дүн аливаа доголдолгүй байх ёстой юм.

 

 Тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал гэрээнд заасан ажлын үр дүнг хүлээн авсан болон нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил доголдолтой эсэх талаар тайлбар, татгалзал өгөөгүй. Тодруулан хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4.-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасныг үндэслэн хариуцагч Э ХХК-ийг энэхүү нэхэмжлэлд дурдсан үйл баримт буюу нэхэмжлэгчийг нийт 14,600,000.00 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн талаар маргаагүй гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1.-д “Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч тал уг хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1.-д “гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх” гэж заасны дагуу гагцхүү татгалзах үндэслэл байхгүй тохиолдолд хөлсийг төлөх үүргээ биелүүлэх ёстой.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчид 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, нэхэмжлэгч Бийг 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн хэмээн дүгнэж, төлбөрийн үлдэгдэл 11,000,000.00 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төлөхөөр тохирчээ /х.х-ийн 5, 6 хуудас/.

 

Талуудын хооронд байгуулсан энэхүү тооцоо нийлсэн актыг үзвэл хариуцагч тал 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг хүлээн авсан байна.

 

 Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн  208.1.-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан. Тайлбарлавал, ажил гүйцэтгэх гэрээгээр үүрэг хүлээсэн нэхэмжлэгч тал гэрээнд заасан ажлыг тогтоосон газар, хугацаандаа зохих ёсоор гүйцэтгэх учиртай.

 

Гэтэл хариуцагч буюу захиалагч Э ХХК нь ийнхүү зохигчдын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.2, түүнчлэн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн тооцоо нийлсэн актад заасан хугацаанд гэрээний үлдэгдэл төлбөр болох 11,000,000.00 төгрөгийг төлөөгүй байна.

 

Хэдийгээр тус хуулийн 222 дугаар зүйлийн 222.2.-т “үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” байх тухай зохицуулалттай ч хариуцагчийн зүгээс үүргээ гүйцэтгэхгүй байсан шалтгаан буюу үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэхэд хүргэсэн хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсан эсэх талаар тайлбар өгөөгүй.

 

Иймд, нэхэмжлэгч Б нь 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагч Э ХХК-иас 11,000,000.00 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй юм.

 

Талуудын байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.-т зааснаар зохигчид Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг хэрэглэхээр тохирсон байна. Тодруулбал, тус хуулийн 232 дугаар зүйлийн 232.1.-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж, түүнчлэн 232.6.-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” тус тус заажээ.

 

Нэгэнт хариуцагч буюу захиалагч нь 11,000,000.00 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төлөх үүргээ зөрчсөн байх тул тус компани гэрээнд заасны дагуу нэхэмжлэгчид алданги төлөх үүрэг хүлээх ба тийнхүү төлбөл зохих алдангийн хэмжээг тооцоход Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т заасан буюу гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч байгаа учраас гүйцэтгээгүй үүрэг буюу 11,000,000.00 төгрөгийн 50 хувь болох 5,500,000.00 төгрөгөөр алдангийн хэмжээг  тогтоох нь зүйтэй /11,000,000x0.3%=33,000 /1 өдрийн алданги/, 33,000x350өдөр=11,550,000 төгрөг/.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас үндсэн төлбөрийн үлдэгдэл 11,000,000.00 төгрөг, алданги 5,500,000.00 төгрөг, нийт 16,500,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг тус тус үндэслэн хариуцагч Э ХХК-иас 16,500,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Бт олгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,450.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 240,450.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг үүгээр дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР