Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1057

 

 

 

 

 

 

 

2022           11           10                                     2022/ШЦТ/1057

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүгдэгч: Г.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Х

Улсын яллагч: Э.Б нар оролцсон эрүүгийн 2209000001545 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1967 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, 1 удаа ял шийтгэгдэж байсан. Д овогт Г.М

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Г.М нь 2022 оны 08 дугаар сарын 14-ны 22 цагийн үед согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сити Юү” оффисын 1 давхарт хохирогч Б.Ч биед ямар нэгэн шалтгаангүйгээр халдаж, хохирогчийн биед зүүн шуунд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Эрүүгийн 2209000001545 дугаартай хэргээс:

Хохирогч Б.Ч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

Гэрч С.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 11258 дугаартай дүгнэлт/хх-ийн 28-29 дүгээр хуудас/ гэх дүгнэлт,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн43 дугаар хуудас/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.М нь 2022 оны 08 дугаар сарын 14-ны 22 цагийн үед согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сити Юү” оффисын 1 давхарт хохирогч Б.Ч биед ямар нэгэн шалтгаангүйгээр халдаж, хохирогчийн биед зүүн шуунд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч Б.Ч "... 2022 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн 22 цагийн үед манай “Сити Юү” оффисын харуул дээрээс залгаад үл таних хүн тоосго барьчихсан 1 давхарт орж ирээд агсан тавиад байна гэсэн, би нэг давхарт бууж очиход согтуу хүн агсан тавьж байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Цагдаад дуудлага өгснөөс хойш 30 орчим минутын дараа харуулын байрладаг хэсгийн хажуу талд байсан шил өргөгчийн төмрийг бариад хүмүүс рүү далайлгаад цохих гээд байсан, би очоод ахаа та наадах төмрөө буулгачих" гэж хэлэхэд шууд барьж байсан төмрөөрөө миний толгой руу чиглүүлж савахад нь би гараараа хааж миний зүүн гарт цохисон...” гэх мэдүүлэг,

Гэрч С.О “.. 2022 оны 08 сарын 15-ны орой оффис тарчихсан байхад гаднаас согтуу хүн орж ирээд та нар дээрэлхлээ, та нарыг ална" гэж хэлсэн. Би оффис хариуцсан хүн болох Ч-ийг “согтуу хүн агсан тавиад байна, буугаад ир” гэж дуудсан. Ч бууж ирэхэд тухайн согтуу хүн оффисын 1 давхарт байсан төмрийг баруун гартаа барьчхаад зүүн гараараа хаалганы бариул барьчихсан зогсож байсан. Ч тухайн хүнд хандаж та наадах төмрөө тавьчих,, ингэж болохгүй шүү дээ хэлэхэд нь төмөр барьсан согтуу хүн төмрөөрөө толгой руу нь чиглүүлж савахад Ч зүүн гараараа хааж гартаа цохиулсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 11258 дугаартай:

1. Б.Ч биед зүүн шуунд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүснэ.

3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.М нь 2022 оны 08 дугаар сарын 14-ны 22 цагийн үед согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сити Юү” оффисын 1 давхарт хохирогч Б.Ч биед ямар нэгэн шалтгаангүйгээр халдаж, хохирогчийн биед зүүн шуунд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.Ч мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул шүүгдэгч Г.М-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. .

Тодруулбал Г.М нь хохирогчийг цохисон үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж  үйлдсэний улмаас Б.Ч биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Г.М нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Ч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэн хохирогч нь өөрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд  заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас: шүүгдэгч Г.М-д 3 /гурав/ сарын хугацаагаар Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг хязгаарлах ял оногдуулах саналыг шүүхэд гаргасан байна. 

Шүүхээс шүүгдэгч Г.М-ы үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл зэргийг тал бүрээс нь харгалзан  3 /гурав/ сарын хугацаагаар түүний оршин суугаа газар болох Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан, зорчих эрх хязгаарлах ялыг зөрчсөн тохиолдолд гарах хууль зүйн үр дагаврыг тайлбарлаж, ялын биелэлтэд хяналт тавихыг нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Г.М Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ыг 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д оногдуулсан 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тухайн нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хориглосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Г.М-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Г.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь өөрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. 

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

           8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДАРЬСҮРЭН