| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2018/05537/и |
| Дугаар | 1281 |
| Огноо | 2019-05-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 1281
| 2019 оны 05 сарын 02 өдөр | Дугаар 101/ШШ2019/01281 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О-гийн гаргасан,
Хариуцагч: Б-д холбодох,
6,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Хариуцагч Б нь 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар нэхэмжлэгч О-с нийт 6,000,000.00 сая төгрөгийг зээлсэн. Тэрээр бусдаас авсан зээлээ төлөөд буцааж өгнө гэж авсан бөгөөд 2017 оноос хойш цувуулж авсан байдаг.
Нэхэмжлэгч тал түүний хүсэлтээр бусдын данс руу хэдэн төгрөг шилжүүлж, бусдыг нь ихэвчлэн бэлнээр өгсөн. Ингээд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаас мөнгөө нэхэмжлэхэд 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр амралтын газрынхаа үйл ажиллагаа эхлэхэд мөнгийг чинь өгье гэсэн тул зохигчид 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр тооцоо нийлж, 6,000,000.00 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохирсон.
Гэвч хариуцагч Б гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн учраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр нотариатын мэдэгдэх хуудас бичүүлсэн ба энэхүү мэдэгдэх хуудсыг баталгаажуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан хэдий ч шүүхээс Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйлийг зөрчсөн байна гэсэн үндэслэлээр баталгаажуулахаас татгалзсан.
Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа 3,000,000.00 төгрөгийг н.Даариймаа гэх хүнд өгсөн гэж тайлбарласан ба мөнгө өгсөн тухай баримт хэрэгт авагдсан байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Б нь хүнд зээлтэй байсан учраас нэхэмжлэгч Огаас мөнгө авч өөр хүний данс руу шилжүүлсэн байна.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг үндэслэн хариуцагчаас 6,000,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү” гэв.
Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Хариуцагч Б нь өөрийн найз Б-н дэргэд нэхэмжлэгч О-с бэлнээр 1,000,000.00 төгрөг авсан. Үүнийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байна. Гэвч хариуцагч тал бусад мөнгийг бол аваагүй, нэхэмжлэгч нь Д гэх найздаа өгсөн мөнгийг Бгаас нэхэмжилж байна.
Талууд 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэхдээ хүү гэж 3,000,000.00 төгрөгийг нэмж 6,000,000.00 төгрөг зээлсэн мэтээр гэрээ байгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал зээлийн хүүгийн талаар анхнаасаа гэрээгээр тохироогүй байж хүү нэхэмжилж байна. Нэхэмжлэгчээс 3,000,00.00 төгрөгийг дансаар өгсөн гэх боловч энэ талаар ямар нэгэн баримт хэрэгт байхгүй, түүний данснаас хариуцагчийн данс руу нэг ч төгрөг шилжээгүй.
Хэрэв нэхэмжлэгч нь 6,000,000.00 төгрөгийг зээлдүүлсэн гэж маргаж буй бол үүнийгээ баримтаар нотлох ёстой, бид зээлийг аваагүй талаар шүүхэд хангалттай нотлох баримт өгсөн. Гэтэл Д гэх хүнд өгсөн 2,000,000.00 төгрөгийг нэхэж байна, үүнийг мөнгийн шилжүүлэн авсан хүнээс л нэхэмжлэх ёстой байх.
Хариуцагч Б нь Д-ийн өмнөөс үүрэг хүлээгээгүй. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Огаас хариуцагч Бд холбогдуулан 6,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч О нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагч Бтай тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулан 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зээлсэн 6,000,000.00 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн дотор төлөхөөр тохирчээ /х.х-ийн 5 хуудас/.
Тодруулбал, талууд энэхүү гэрээгээр урьд өмнө өгч, авсан буюу 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зээлсэн 6,000,000.00 төгрөгийг ийнхүү хожим баталгаажуулан төлөх хугацааг тохирч, хариуцагч тал үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд нотариатын мэдэгдэх хуудас бичүүлэхээр болжээ.
Гэтэл зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Б нь төлбөрийг 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төлөөгүй учраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 05 тоот дугаартай нотариатын мэдэгдэх хуудас бичсэн хэдий ч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШЗ2018/18296 тоот захирамжаар тус нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулахаас татгалзсан байна /х.х-ийн 6, 36 хуудас/.
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагчид 1,000,000.00 төгрөгийг гэрчийн дэргэд бэлнээр өгч, 2,000,000.00 төгрөгийг хариуцагчийн хүсэлтээр түүний зөвшөөрсөн этгээдийн данс руу шилжүүлж, үлдэх 3,000,000.00 төгрөгийг бэлнээр өгсөн гэсэн бол, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гагцхүү 1,000,000.00 төгрөгийг хүлээн авсан гэж мэтгэлцсэн.
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШЗ2019/06200 тоот захирамжийн дагуу гэрчээр оролцуулахаар болсон Б-ийн дэргэд хариуцагч Бд 1,000,000.00 төгрөгийг өгсөн гэх үйл баримтын талаар маргаагүй ба хариуцагч тал гэрч оролцуулах хүсэлтээсээ татгалзсан /х.х-ийн 85-87, 95 хуудас/.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 282.4.-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, хэдийгээр талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан байх боловч гэрээний зүйл болох мөнгө буюу эд хөрөнгийг бодитоор зээлдэгчид шилжүүлээгүй тохиолдолд түүнд зээлийг буцаан төлөх үүрэг үүсэхгүй юм.
Тайлбарлавал, тус хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д “эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж заасны дагуу тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагчаас 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр бичгээр гаргасан хариу тайлбартаа “нэхэмжлэгчээс 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000.00 төгрөгийг дансаар, мөн 21-ний өдөр 1,000,000.00 төгрөгийг бэлнээр авч, н.Даариймаа гэж хүнд өгсөн” гэж тайлбарласан бөгөөд талууд нэхэмжлэгчийн хүсэлтээр 2,000,000.00 төгрөгийг н.Даариймаагийн дансанд шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй боловч хариуцагч тал үүнийг өөрийнхөө дансанд шилжүүлэн авсан этгээдээс нэхэмжлэх ёстой гэж маргасан /х.х-ийн 17 хуудас/.
Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1.-д “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж, мөн 211.2.-т “Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно” тус тус заажээ.
Тодруулбал, хариуцагч Бгийн шүүхэд гаргасан 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн тайлбарыг үзвэл тэрээр нэхэмжлэгч Огаас 2,000,000.00 төгрөгийг гуравдагч этгээд болох Д-ийн дансанд шилжүүлснийг хүлээн зөвшөөрснөөс гадна бэлнээр авсан 1,000,000.00 төгрөгийн хамт нийт 3,000,000.00 төгрөгийг гуравдагчт этгээдэд хүлээлгэн өгсөн хэмээн мэдүүлж, холбогдох баримтыг хэрэгт өгсөн байна /х.х-ийн 18 хуудас/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.-т “Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж заажээ.
Иймд, хариуцагч тал 3,000,000.00 төгрөгийг хүлээн авсан эсэх талаар маргаагүй тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар уг мөнгөн дүнгийн хэмжээнд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Харин шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 6,000,000.00 төгрөгөөс үлдэх 3,000,000.00 төгрөгийг хариуцагч хүлээн аваагүй гэж дүгнэв. Учир нь, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нийт 6,000,000.00 төгрөгийг хүлээлгэн өгсөн учраас 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулсан гэж тайлбарласан.
Гэтэл тус төлбөр барагдуулах гэрээгээр хариуцагчид 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 6,000,000.00 төгрөгийг зээлдүүлсэн үйл баримтыг бүрэн нотлохгүй юм. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1.-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж, мөн 198.2.-т “Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно” гэж тус тус заасны дагуу тайлбарлавал 6,000,000.00 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээлгэн өгсөн байх ёстой боловч хариуцагчид хүлээлгэн өгснөөс бусад 3,000,000.00 төгрөгийг өгсөн гэх нотлох баримт хэрэгт алга байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.2.-т “Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно” гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийн хүлээн аваагүй гэж татгалзаж буй 3,000,000.00 төгрөгийг түүнд зээлдүүлэхээр өгсөн гэдгээ баримтаар нотлох үүрэгтэй ба тэрээр хэрэгт ийм баримт өгөөгүй, гэрээний зүйлийг хүлээлгэн өгсөн талаар үндэслэл бүхий тайлбар гаргаагүй тул хариуцагчид нэмж 3,000,000.00 төгрөгийг өгсөн гэж үзэхгүй.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1.-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заажээ.
Тайлбарлавал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч тал гэрээнд заасан үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх үүрэгтэй ба хэрэв тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл биелүүлсэн тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцох, үүний улмаас зээлдүүлэгчид буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.
Гэтэл хариуцагч Б нь ийнхүү зээлийн гэрээний зүйл болох 3,000,000.00 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн дотор буцаан төлөх үүргээ биелүүлээгүй, үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн байна. Хэдийгээр энэ хуулийн 222 дугаар зүйлийн 222.2.-т “үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” байх тухай зохицуулалттай ч хариуцагчийн зүгээс үүргээ гүйцэтгэхгүй байсан шалтгаан буюу үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэхэд хүргэсэн хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсан эсэх талаар тайлбар өгөөгүй.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 3,000,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР