| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2023/0017/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/017 |
| Огноо | 2023-01-19 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Н.Энхтөр |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2023/ШЦТ/017
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж, Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа, шүүгч Д.Батцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй
Улсын яллагч: Н.Энхтөр
Нарийн бичгийн дарга: Х.Золцэцэг
Иргэдийн төлөөлөгч: С.Оюунгэрэл
Шүүгдэгч: Б.Ганбаатар, түүний өмгөөлөгч Г.Чингис нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Ганбаатарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, Таванханхар овогт Балбарын Ганбаатар регистрийн дугаар/ ВЙ77030114/
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Б.Ганбаатар нь согтуурсан үедээ 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 20 цагийн орчим Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Задгай 4 дүгээр багийн 1-114 тоотод байрлах өөрийн гэртээ И.Юндэнсүрэнтэй үл ялих зүйлээс маргалдаж улмаар түүнийг зэвсэг хэрэглэж буюу хутгаар хутгалж хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Б.Ганбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
... И.Юндэнсүрэн, хадам эгч н.Уранчимэг нар нь эхнэр бид хоёрын амьдралыг үймүүлээд манай эхнэрийг надаас салгасан. Мөн намайг дарамталдаг байсан. Манай эхнэр хүүхдийг надтай уулзуулдаггүй, гэртээ ирүүлдэггүй юм. Би гэртээ ганцаараа 1 жил 6 сар амьдарсан. Би өнгөрсөн хугацаанд дарамтлуулж явсаар байгаад эцэст нь дарамтаа тэсэж чадахгүй ийм муухай хэрэг хийчихлээ. Би эхнэртэйгээ хамгийн сүүлд 2021 оны 8 дугаар сард 1 удаа уулзсан. Гэртээ ганцаараа байх хугацаанд И.Түндэв буюу И.Юндэнсүрэн нь намайг ирж дарамталдаг байсан. Намайг гэр лүүгээ дуудаж ойр зуурын зүйл хийлгэдэг. Гэхдээ гэрийнхээ гадаа юм хийлгэж байгаад гэртээ оруулахгүй гэрийнхээ гадна байлгасаар байгаад буцаагаад явуулдаг байсан. Би И.Юндэнсүрэн, хадам эгч н.Уранчимэг нарын дарамтад 1 жил 6 сар амьдарсан гэв.
Шүүгдэгч Б.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
.. 12 цагийн үед манай найзууд болох Ариунболд, Нямсүрэн 2 манайд ирэхдээ 0.75граммын Ерөөл нэртэй 2 шил архи авчирсан ба архийг бид 3 хувааж уусан. Би уусан архиндаа согтоод тасарсан байсан. Уусан архи бага зэрэг гараад ухаан ороод харсан чинь надтай банз болох И.Юндэнсүрэнг би хутгалсан байсан. И.Юндэнсүрэнгийн баруун талын бөөрний хэсгээс цус гарч байсан. Тухайн үед Юндэнсүрэнгийн эхнэр болох Уранчимэг, Нямсүрэн, Ариунболд нар манайд надтай хамт байсан. Тухайн үед юу хийчих вэ гээд орилж байснаа санаж байгаа Юндэнсүрэнг хутгалснаас болж шокны байдалд ороод ухаан алдсан. Би цааш нь юу болсныг мэдээгүй маргааш нь сэрсэн чинь манай найз нар залгаад И.Юндэнсүрэнг хутгалсан талаар надад хэлсэн. Удалгүй сумын цагдаа нар манайд ирээд намайг дагуулаад сумын цагдаагийн байранд авчраад надаас мэдүүлэг авсан өөр зүйл болоогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 73-75/,
Хохирогч И.Юндэнсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Б.Ганбаатарын гэрт очиход Б.Ганбаатар, Ариунболд, Нямсүрэн нар архи уугаад сууж байсан. Ороод суусан чинь Б.Ганбаатар намайг зайл, юугаа хийж яваа юм гэхээр нь би Б.Ганбаатарыг өшиглөх гэсэн чинь хий өшиглөөд унасан. Босож ирээд Б.Ганбаатар луу уурлаад дайртал Ариунболд намайг ирээд тэврээд автал цаанаас Б.Ганбаатар гал тогооныхоо эргэнэгээс хутга аваад шууд миний баруун талын хэвлий хэсэг рүү хутгалсан. Би арагшаа орон дээр нь унаж чи намайг хутгалчихлаа гэж хэлээд цус ихээр гараад байхаар нь гараараа дарчихаад эхнэр Уранчимэг рүү залгаад “би Ганбаатарт хутгалуулчихлаа” гэж хэлсэн. Удалгүй манай эхнэр ирж харчихаад сумын эрүүл мэндийн төвд болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн өөр зүйл болоогүй. ...Би тухайн үед 2,5 литртэй сэрүүн нэртэй 2 ширхэг пиво хоёулаа хувааж уусан, би бага зэрэг согтолттой байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 /
Иргэний нэхэмжлэгч Д.Одонтунгалагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Тухайн хэргийн хохирогч И.Юндэнсүрэн нь Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан эсэхийг шалгахад 2022 оны 10, 11 дүгээр саруудад Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт амбулаторийн үзлэг, эмчилгээ хийлгүүлж, нийт 2.007.000 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан байсан тул буруутай этгээдээс 2.007.000 төгрөгийг нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 103-104 /,
Гэрч Б.Уранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... орой 20 цагийн орчимд гэртээ байж байхад манай нөхөр И.Юндэнсүрэн над руу залгаад салгачихаар нь би эргүүлээд залгасан чинь намайг Ганбаа хутгалчихлаа, эмнэлэг дуудаарай гэсэн. Би яваад очиход нөхөр Юндэнсүрэн, Ганбаагийн гэрийн баруун талын орон дээр нь царай нэлээн цайчихсан, өмд гутал нь цус болчихсон хэвтэж байхаар нь сумын эрүүл мэндийн төв дээр ирж дуудлага өгөөд эмч аваад очсон. Тэгээд эмч үзээд “хутгалуулчихсан байна” гээд шууд эмнэлэг дээр авч ирээд эмчилгээ хийсэн. Тэгээд эмч нар үзээд оёдол тавих гэсэн хүрэн юмаар бөөлжсөн Чойжоо эмч, Оюундалай эмчийг дуудаад аймгийн эрүүл мэндийн төвд мэдэгдээд мэс заслын эмч нар шөнө 02 цагт ирж манай нөхөр Юндэнсүрэнг үзээд дотуур цус алдалтай байна гээд шууд хагалгаа хийж 05 цагийн орчимд дууссан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 /
Гэрч А.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
..20 цагийн орчимд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр баг сумын төвд Ганбаатарын гэрт Ариунболд, Ганбаатар бид 3 архи уугаад сууж байхад манай сумын Түндэв орж ирээд арчаагүй лалар минь гээд Ганбаатарыг шууд өшиглөөд, цохиод авсан чинь Ганбаатар босож ирээд тэр хоёр хоорондоо барилцаж авахлаар нь Ариунболд бид хоёр салгасан чинь Түндэв наад Ганбаатар чинь намайг хутгалчихлаа гээд цамцаа сөхөөд харуулсан чинь баруун талын гэдэсний дор хутгалчихсан цус гараад Түндэв өөрөө гараараа барьчихсан байсан. Тэгээд Түндэв эхнэр рүүгээ залгаад Ганбаа намайг хутгалчихлаа гээд утсаар ярьсан. ...Намайг Ганбаагийн гэрт иртэл араас Ариунболд орж ирээд бид 3 нийлээд 0,5 граммтай ерөөл нэртэй 2 шил архи уусан. Сүүлд Түндэв орж ирсэн өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-29 /,
Гэрч Ш.Ариунболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...орой 19 цагийн орчимд Ганбаагийнд очсон чинь Ганбаа, Нямсүрэн хоёр 1 шил ерөөл нэртэй архи дундаа тавьсан уугаад сууж байсан. Тэгээд би 1 шил ерөөл нэртэй архи аваад очсон байсан бид 3 тэр 2 шил архи уугаад юм яриад сууж байснаа санаж байна. Би архи уугаад нэлээн муудчихсан Түндэвийг хэзээ орж ирсэн талаар нь санахгүй байна. Нэг мэдсэн чинь Түндэв ороод ирсэн Ганбаа намайг хутгалчихлаа гээд цамцаа сөхчихсөн зогсож байсан би эмнэлэг дууд гэж хэл байснаа санаж байна өөр юу болсныг санахгүй байна. ...Би Түндэвийн бүтэн нэрийг Юндэнсүрэн гэдгийн мэднэ бид нар Түндэв гэж дуудаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 11 сарын 02-ны өдрийн 693 дугаартай
1.И.Юндэнсүрэнгийн биед хэвлийн баруун доор хэсгээр нэвтэрсэн, шулуун булчингийн артери, вен, мухар гэдэсний чацархайг гэмтээж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн шингэн хуралдалт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь учирсан үедээ амь насанд аюултай болно.
3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн бүрэн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.
5.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-47/,
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухайн тогтоол / хх-ийн 66-69/, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 02/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-11/, хохирогчийн өвчний түүх /хх-ийн 49-59/, оршин суугаа газрын багийн засаг даргын тодорхойлолт / хх-ийн 79/, шүүгдэгч Б.Ганбаатарын иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 84/, дипозит дансны хуулгууд / хх-ийн 86-90/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-91/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд , шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Б.Ганбаатар нь согтуурсан үедээ 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 20 цагийн орчим Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Задгай 4 дүгээр багийн 1-114 тоотод байрлах өөрийн гэртээ И.Юндэнсүрэнтэй үл ялих зүйлээс маргалдаж улмаар зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж буюу хутгаар хутгалж хутгалж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч Б.Ганбаатарын мэдүүлэг /хх-ийн 73-75/, хохирогч И.Юндэнсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 19-20/, иргэний нэхэмжлэгч Д.Одонтунгалагийн мэдүүлэг /хх-ийн 103-104/, гэрч Б.Уранчимэгийн мэдүүлэг /хх-ийн 24-25/,, гэрч А.Нямсүрэнгийн мэдүүлэг / хх-ийн 20-29/, гэрч Ш.Ариунболдын мэдүүлэг хх-ийн32-34/, Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 693 дугаартай дүгнэлт /44-47/, зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Ганбаатар нь согтуурсан үедээ 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 20 цагийн орчим Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Задгай 4 дүгээр багийн 1-114 тоотод байрлах өөрийн гэртээ И.Юндэнсүрэнгийн хэвлийн тус газарт хутгалж, эрүүл мэнд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Б.Ганбаатарын үйлдсэн гэмт хэргүүд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Б.Ганбаатар нь зэвсэг хэрэглэн И.Юндэнсүрэнгийн хэвлийн тус газарт хутгалж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь шинжээчийн дүгнэлтэд дурьдсан гэмтлийг авсан үйл баримт тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Ганбаатар нь хохирогч И.Юндэнсүрэнг хутгалсан үйлдэл нь чиглэсэн идэвхтэй, санаатай үйлдэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
Хохирогч И.Юндэнсүрэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1400000 төгрөг бэлнээр авсан, шүүгдэгч Б.Ганбаатараас нэхэмжлэх зүйлгүй, нотлох баримтаар бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй тул шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Прокуророос шүүх хуралдаанд оролцуулах талаар тусгайлан гаргасан саналгүй байсан бөгөөд шүүхээс хохирогч И.Юндэнсүрэнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй болохыг тэмдэглэв.
Шүүгдэгч Б.Ганбаатар нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Аймгийн прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар газраас шүүгдэгч Б.Ганбаатарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Б.Ганбаатарыг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Ганбаатарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийг улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Б.Ганбаатар, түүний өмгөөлөгч Г.Чингис нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч С.Оюунгэрэл ...шүүгдэгч Б.Ганбаатарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна... гэсэн дүгнэлтийг гаргасан нь шүүхээс гаргасан шийдвэртэй тохирч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд...Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх...” тухай заасан ба уг зүйлийн 1 дэх хэсэгт ...Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.... гэж,
- 1.4 дэх заалтад...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулахаар хэрэглэж болно...гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч Б.Ганбаатарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зэвсэг хэрэглэж, хүний биед халдаж хохирол учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид хүнд зэргийн гэмтэл учирсан, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтийг гаргасан, цаашид хөдөлмөрийн чадвар алдагдуулах эсэх нь гэмтлийн бүрэн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан/, шүүгдэгчийн хувийн байдал /үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болон бусад шаардлагатай эмчилгээний зардлыг төлсөн/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Б.Ганбаатарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 03 жил 04 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Хохирогч И.Юндэнсүрэн нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт 2.007.000 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Б.Ганбаатараас 2,007,000 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгож,
Хохирогч Т.Юндэнсүрэн нь цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар даалгаж,
Шүүгдэгч Б.Ганбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Таванханхар овогт Балбарын Ганбаатарыг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Ганбаатарыг 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Б.Ганбаатараас 2,007,000 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
6. Шүүгдэгч Б.Ганбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар даалгасугай.
8. Шүүгдэгч Б.Ганбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Ганбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ