Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 1338

 

 

 

 

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2019/013*******

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

            Нэхэмжлэгч: Д СӨХ гаргасан,

 

Хариуцагч: Б-д холбогдох,

 

            Орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 772,200.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д СӨХ ноос тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Манай сууц өмчлөгчдийн холбоо нь Баянзүрх дүүргийн ******* дугаар хорооны *******, *******, *******, *******, *******, ******* дугаар байрны дундын өмчлөлийн ашиглалт, засвар, үйлчилгээг хариуцдаг.

 

Хариуцагч Б нь 20******* оны 01 дүгээр сараас 2019 оны 02 дугаар сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 772,200.00 төгрөгийг төлөөгүй. Бид, энэ талаар удаа дараа түүнд мэдэгдэл өгсөн боловч тэрээр үндэслэлгүйгээр төлөхөөс татгалзсан хэвээр байна.

 

Хариуцагчийн амьдарч буй орон сууцыг 2015 онд ашиглалтанд оруулсан ба сууц өмчлөгчдийн зүгээс байрны ашиглалттай холбоотой зардлыг заавал төлөх учиртай юм. Иймд, хариуцагчаас 772,200.00 төгрөгийг гаргуулж өгнө үү”

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

“Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* дугаар байр нь 2015 онд ашиглалтанд орсон бөгөөд 60 орчим айлтай байснаас цэвэрлэгээ үйлчилгээний асуудлыг оршин суугчид хариуцдаг байсан. Орон сууцны цэвэр, бохир ус, дулааны хураамжийг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1.-д зааснаар эрх бүхий байгууллага болох ОСНАА-н хэрэглэгчдэд үйлчлэх төвд төлдөг.

 

Манай байр ашиглалтанд ороод удаагүй учраас засвар үйлчилгээ хийх шаардлагагүй, 3 жилийн хугацаанд гарсан засвар үйлчилээг тухайн барилгыг барьсан компани хариуцах учиртай. Миний бие Д СӨХ г хаана үйл ажиллагаа явуулдаг талаар мэдэхгүй, 2018 оны 09 дүгээр сард дарга н.Д******* гэх хүн байцаагчийн хамт манай орж ирээд сууц өмчлөгчдийн төлбөрийг төл гэж шаардахад сар бүр 19,900 төгрөг төлөх ёстой гэж ярьж, үүнээс 20*******, 2017 оны төлбөрийг төлөхгүй, харин 2018 онд засвар хийвэл төлж болно гэсэн.

 

Гэтэл үүний дараа 2019 оны 02 дугаар сарын эхээр миний амьдралд хүнд зүйл тохиолдож, уг асуудлаар дахин ярилцаагүй. Намайг эмнэлэгт хэвтэж байхад тус сууц өмчлөгчдийн холбооны байцаагч гэх хүн над руу маш бүдүүлэг ярьж, төлбөрийг нэн даруй төл гэж шаардсан.

 

Би, сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр баталсан журмын дагуу айл өрх бүрээс 1 м.кв талбайд 200-300 төгрөг ногдох ёстой тул 200x******* м.кв талбайгаар үржүүлэн нийт ******* сарын төлбөрт 273,600.00 төгрөгийг төлөхөд татгалзахгүй” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д СӨХ ноос хариуцагч Бд холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардалд 772,200.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба тус хэрэгт шүүхээс 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

            Хариуцагчаас тус шүүхэд бичгээр гаргасан тайлбараа нэхэмжлэгчийг орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг зохих ёсоор хангаагүй, дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардлыг үндэслэлтэй тогтоогоогүй, хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулдаггүй гэжээ.

           

Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Баянзүрх дүүргийн Засаг дарга П 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1.-д заасны дагуу нэхэмжлэгч Д СӨХ нд 105 тоот дугаартай гэрчилгээ олгож, тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэжээ.

Энэхүү гэрчилгээнээс үзвэл нэхэмжлэгч Д СӨХ ны гүйцэтгэх захирлаар Д.Д*******ыг томилсныг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр бүртгэсэн ба тус сууц өмчлөгчдийн холбоо нь Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* дугаар байрыг хариуцдаг талаар зохигчид маргаагүй.

           

            Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3.-д “сууц өмчлөгчдийн холбоо гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид “орон сууцны байшин” гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог хэлнэ” гэж, Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.-д "нийтийн зориулалттай орон сууцны байшин гэж бүхэлдээ буюу ихэнх хэсэг нь дөрөв ба түүнээс дээш сууцны зориулалттай барилгыг хэлнэ” гэж тус тус заасан.

 

            Өөрөөр хэлбэл, сууц өмчлөгчдийн холбоо нь хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн хэвийн ашиглалт, хамгаалалтыг хариуцдаг орон сууц өмчлөгчдөөс бий болгосон хуулийн этгээдийн эрхгүй холбоо юм.

 

            Хэдийгээр сууц өмчлөгчдийн холбоо нь ийнхүү хуулийн этгээдийн эрхгүй боловч Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д зааснаар иргэний эрх зүйн харилцаанд оролцох бөгөөд тус харилцаанд оролцогчийн хувьд гэрээний болон гэрээний бус үүргийн харилцаанаас үүссэн маргаанд түүнчлэн тус хуулийн 149 дүгээр зүйлд зааснаар сууц өмчлөгч хуульд заасан үүргээ биелүүлэхгүй, зөрчил гаргасан тохиолдолд өөрийн төлөөлөгчөөр дамжуулан шүүхэд нэхэмжлэл гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор оролцох эрхтэй этгээд болно.

 

            Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд холбооны гүйцэтгэх захирлын эрх хэмжээг зохицуулсан ба тэрээр тус 12.4.4.-т зааснаар энэ хууль болон Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.-т заасан үүргээ биелүүлээгүйгээс бусдад учруулсан хохирлыг барагдуулахыг сууц өмчлөгчдөөс шаардах, тухайн шаардлагыг сайн дураар биелүүлээгүй бол уг хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2.-т заасны дагуу холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

            Иймд, уг сууц өмчлөгчдийн холбоог гүйцэтгэх захирал Д нь төлөөлөн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг орон сууц өмчлөгчөөс шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд юм.

 

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт авагдсан “Төрийн банк” ХХК-ийн баримтаар хариуцагчаас 20******* оны 01 дүгээр сараас 2019 оны 02 дугаар сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд нийт 772,200.00 төгрөгийг нэхэмжилж байгаа ажээ.

 

            Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.-д “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ” гэж, мөн ******* дугаар зүйлийн *******.5.-д “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ” гэж зааснаас гадна 7 дугаар зүйлийн 7.1.-д “Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна” гэж заасан.

 

            Тодруулбал, энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3.-д зааснаар заавал гишүүнчлэлтэй тус холбооны эрх барих дээд байгууллага болох бүхий гишүүдийн буюу нийт өмчлөгчдийн хурлаар ийнхүү засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчдийн оролцох хэмжээг тодорхойлох асуудлыг хэлэлцэх бөгөөд тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.-д зааснаар хуралд оролцсон боловч эсрэг санал өгсөн гишүүн тухайн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.

 

            Гэтэл шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Д СӨХ ны гишүүдийн төлөх дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хэдэн төгрөгөөр тогтоосон болох нь тодорхойгүй байна.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдсанаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг 19,800.00 төгрөгөөр тогтоож, хариуцагчаас нийт 772,200.00 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн боловч “Төрийн банк” ХХК-ийн баримтаар Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* дугаар байр, 60 тоот хаягт оршин суугчийн төлбөр 20******* оны 01 дүгээр сараас 2019 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд 772,200.00 төгрөг болсон гэж харагдахгүй байна.

 

             Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1.-д “Орон сууц өмчлөгч нь .................дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж, түүнчлэн 148 дугаар зүйлийн 148.2.3.-д “орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох” үүрэгтэй гэж заасан.

 

Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3.-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцож, төлөх үүрэгтэй юм.

 

Гэвч нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн баримтаар хариуцагчийн төлбөл зохих дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардлыг 772,000.00 төгрөг мөн болохыг тогтоосон баримт байхгүйгээс гадна хариуцагчид 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр, 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн шаардлагаар үүнийг нотлохгүй юм.

 

Учир нь, уг байрны сууц өмчлөгчид сар бүр 18,800.00 төгрөгийг төлөхийг тогтоосон эрх бүхий этгээдийн баталсан шийдвэр байхгүй, 772,200.00 төгрөгийг тиынхүү ямар шийдвэрийг үндэслэн нэхэмжилж буй нь ойлгомжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.2.-т “Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно” гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаас 772,200.00 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй гэдгээ баримтаар нотлох үүрэгтэй ба тэрээр хэрэгт ийм баримт өгөөгүй, энэ талаар үндэслэл бүхий тайлбар гаргаагүй.

 

Гэвч хариуцагч Бгаас тус шүүхэд 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр бичгээр гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаас 273,600.00 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн байна.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн хариуцагчаас 273,600.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 498,600.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 1*******, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3.-д заасныг үндэслэн хариуцагч Бгаас дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардалд 273,600.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д СӨХ нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 498,600.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,082.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 8,858.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР