Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1060

 

 

 

 

 

 

 

2022          11           10                                2022/ШЦТ/1060 

 

                                  

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга И.Н

Улсын яллагч Э.Б,

Хохирогч Ө.М, түүний өмгөөлөгч Ц.Б,

Шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Б.Б нар оролцсон эрүүгийн 2209013821278дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, Хот цэцэрлэгжүүлэлтийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Б.О.Б

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч О.Б нь иргэн Ө.М-д “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж, хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарыг хүртэлх хугацаанд нийт 7 удаагийн үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 416 байрны 37 тоотод оршин суух хохирогч Ө.М-ээс өөрийн “Х” банкны ... тоот дансаар нийт 10.755.000 төгрөг шилжүүлэн авсан, мөн үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 12 дугаар сарын 31-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутагт хохирогч Р.О-т “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, 2.500.000 төгрөгийг “Х” банкны ... дугаарын дансаар тус тус шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийг 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирлоо ойрын хугацаанд төлж барагдуулна..” гэв.

 

Хохирогч Ө.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлээд олон удаагийн үйлдлээр надаас нийт 10.755.000 төгрөг авсан. Өдийг хүртэл надад ганц ч төгрөг эргүүлж өгөөгүй. Мөн миний бичиг баримтуудыг ч өгөөгүй. Би гомдолтой байна...” гэв.

 

Эрүүгийн 2209013821278 дугаартай хэргээс:

Хохирогч Р.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 19дүгээр хуудас/,

Хохирогч Ө.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,Иргэний нэхэмжлэгч Р.Будын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 96-98 дугаар хуудас/,

Хохирогч Ө.М-ээс гаргаж өгсөн “Х”, Голомт банкны дансны хуулга, фейсбүүк чатаар харилцсан тухай тэмдэглэл зэрэг баримтууд /хх-ийн 103- 127 дугаар хуудас/,

Гэрч Р.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Баримт бичигт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

“Х” банкны 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 29/5070 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ц.Ц, О.Б нарын дансны хуулга /хх-ийн 37-53 дугаар хуудас/

Дансны хуулганд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 54-55 дугаар хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 74 дүгээр хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх талуудын хүсэлтээр шинжлэн судалсан эдгээр баримтуудыг уг хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон хэмээн үнэлж шүүгдэгчийн гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг хийсэн болно.   

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч О.Б нь иргэн Ө.М-д “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарыг хүртэлх хугацаанд нийт 7 удаагийн үйлдлээр хохирогч Ө.М-ээс өөрийн ““Х”” банкны ... тоот дансаар нийт 10.755.000 төгрөгийг, мөн 2021 оны 12 дугаар сарын 31-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутагт хохирогч Р.О-ээс 2.500.000 төгрөгийг “Х” банкны ... дугаарын дансаар тус тус шилжүүлэн авч залилсан гэх хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч Р.О-ийн “...2021 оны 11 дүгээр сард надад миний төрсөн эгч том Ч болон төрсөн охин болох Б.Д нар Б гэдэг хүн Солонгос улс руу эмчилгээнд явуулах зорилгоор найдвартай виз гаргаж өгнө гэж хэлсэн. Миний бие нуруу болон хүзүү, толгой, хэвлий дотор өвддөг. Байнга өвдөг нь нуруу юм. Дараа нь Б нь над руу гар утсаар ... дугаараас залгаж виз гаргуулахад төрсний гэрчилгээ, гадаад паспорт хэрэгтэй гэж хэлсэн.Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр би 3,4 дүгээр хорооллын 1000 нэрийн барааны дэлгүүрийн замын урд талд Б-д өөрийн гадаад паспорт, миний төрсөн охин Б-ийн гадаад паспорт, төрсний гэрчилгээ, мөн Б бид хоёрын нэг хүний тав таван ширхэг 5х6-ийн хэмжээтэй цээж зургийг өгсөн. Уг өдрөөс хойш сар орчмын дараа буюу 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр миний том ах Р.Б нь миний биеийн эмчилгээнд зориулж эмчилгээний мөнгийг өөрийнхөө өмнөөс өөрийн эхнэр Ц-ын “Х” банкны ... дугаарын данснаас Б-ын “Х” банкны ... дугаарын данс руу 2.500.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш хэсэг хугацааны дараа би Б-аас визний талаар асуухад дандаа удахгүй гарна, түр хүлээж байгаарай эгчээ гэх мэт шалтаг байнга хэлдэг болсон. Сүүлийн үед заримдаа гар утас нь холбогдохгүй болчихдог. Энэ байдлаар явсаар байгаад одоог хүртэл Б-аас том ах Р.Б-ын шилжүүлсэн гэх эмчилгээний 2.500.000 төгрөг, миний гадаад паспорт, миний төрсөн охин Б-ийн гадаад паспорт, төрсний гэрчилгээ, нэг хүний тав таван ширхэг 5х6-ийн хэмжээтэй цээж зургийг аваагүй болно...” мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Р.Б-ын “...Би Солонгос улс руу эмчилгээнд явуулах зорилгоор өөрийнхөө өмнөөс эхнэр Ц-ын “Х” банкны ... дугаарын данснаас Б-ын “Х” банкны ... дугаарын данс руу 2.500.000 төгрөг интернэт банкаар шилжүүлсэн уг шилжүүлсэн гэх 2.500.000 төгрөгийг нэхэмжилж байна....” гэх мэдүүлэг,

Гэрч Р.Ч-ийн “...О.Б гэх эмэгтэй миний төрсөн охин болох Д-д Солонгос улсад виз гаргаж өгнө гэж санал болгосон. Тэгээд Д надад Солонгос руу виз гаргаж өгөх талаар хэлсэн. Тэгээд манай том дүү болох Р.Б нь миний бага дүү О-ийг Солонгос улс руу явуулж эмчилгээнд хамруулах зорилгоор Б-д ....2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Б-ын ... дугаарын данс руу Б нь 2.500.000 төгрөгийг өөрийн эхнэр Ц-ын данс болох “Х” банкны ... дугаарын данснаас шилжүүлсэн....” мэдүүлэг,

Хохирогч Ө.М “...О.Б-тай утсаар холбогдож би Солонгос улс явах гэсэн юм. чи яаж Солонгос улс яваад байгаа талаар асуухад: “Надад виз гаргаж өгдөг танил хүн байгаа, тэр хүнээр байнга виз гаргуулдаг юм, найдвартай хүн байгаа” талаар хэлсэн. Тэгээд 45 хоногийн дараа 5,000,000 төгрөгөөр гаргаж өгдөг гэхээр нь Солонгос улсын виз гаргуулахаар болж маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр О.Б-тай Баянгол дүүргийн 12-р хороо ахуй үйлчилгээний хажуу Минж плаза дэлгүүрийн дэргэд уулзаад гэрлэлтийн баталгаа, хүүхдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдийнхээ гадаад паспортыг өөрийн гадаад паспортын хамт өгөөд, О.Б-ын “Х” банкны ... дугаартай данс руу 2,500,000 төгрөг өөрийн “Х” банкны ... дугаартай данснаас шилжүүлж өгсөн. Тэгэхэд О.Б надад чиний виз 2022 он гарахаас өмнө гарч магадгүй гарахгүй бол 45 хоногийн дотор найдвартай гарна гэж хэлээд үлдэгдэл 2,500,000 төгрөгийг виз гарсны дараа авна гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр О.Б над руу залгаад виз чинь ойрын хугацаанд гарах гээд байна, үлдэгдэл 2.500.000 төгрөг чинь хэрэгтэй байна гэхээр нь би О.Б-ын “Х” банкны ... дугаартай данс руу өөрийн Голомт банкны ... дугаартай данснаас 2,500,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд чинь виз удахгүй гарна гээд л яваад байсан. Тэгж явж байгаад 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр над руу залгаад виз чинь гарах гээд байна онгоцны тийзээ захиалж бай гэхээр нь би онгоцны билет захиалсан. Тэгээд виз гарахгүй би нийт 8 удаа билет захиалсан. 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр О.Б над руу залгаад виз гаргуулах гэсэн чинь 1,000,000 вон дутаад байна элчинд ажилладаг хүнд өгөх шаардлага үүслээ гэж хэлсэн. Би Монгол мөнгөөр 2,430,000 төгрөгийг Б-ын “Х” банкны ... дугаартай данс руу өөрийн “Х” банкны ... дугаарын данснаас шилжүүлсэн өгсөн. Тэрнээс хойш виз чинь удахгүй гарна гэж явсаар байж байгаад 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр одоо яг виз чинь гарах гээд байна 500,000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь би өөрийн Голомт банкны ... дугаартай данснаас 500,000 төгрөгийг Б-ын “Х” банкны ... дугаартай данс руу шилжүүлж өгсөн. Тэгээд байж байхад 2022 оны 04 зүгээр сарын 25-ны өдөр 500.000 вон хэрэгтэй байна гэхээр өөрийн “Х” банкны ... дугаарын данснаас О.Б-ын “Х” банкны ... дугаартай данс руу 1,285,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд виз гарахгүй байж байгаад 2022 оны 05 дугаар сарын 11- ний өдөр О.Б манай нөхөр М-тай фейсбүүк чатаар нь холбогдож 500.000 вон хэрэгтэй байна виз нь удахгүй гарлаа гэж хэлэхээр нь манай нөхөр өөрийн “Х” банкны ... дугаартай данснаас 1.240.000 төгрөг Б-ын ... дугаартай данс руу шилжүүлсэн байсан. Тэгээд виз гарахгүй удахгүй гарна гээд О.Б явж байгаад 2022 оны 5 дугаар сарын 24- ний өдөр манай хүүхдийн виз танай виз бүгд зэрэг гарах гээд байна. Надад 500 000 төгрөгийн хэрэг байна зээлээч гэхээр нь би мөнгөний боломж муу байна гээд 300.000 төгрөг Бүжинлхамын данс руу шилжүүлж өгсөн. Одоо болтол миний виз гараагүй, надтай уулзахгүй зугтаад байхаар нь цагдаад өргөдөл өгсөн. Мөн 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр виз чинь гарах гээд байна 1.000.000 төгрөг хэрэгтэй байна гээд байхаар нь мөнгө өгөөгүй...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ө.М-ээс гаргаж өгсөн “Х” банк, Голомт банкны дансны хуулга, фейсбүүк чатаар харилцсан тухай тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагддаг.

Шүүгдэгч О.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцсэн ба хохирогч Ө.М, Р.О-т нарт “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хариу төлбөр төлөх санаа зорилгогүйгээр эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Б болон түүний өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл гэм буруугийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй.

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Хохирол төлбөрийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Б-аас 10.755.000 /арван сая долоон зуун тавин тав/ төгрөг гаргуулж хохирогч Ө.М-д олгож, иргэний нэхэмжлэгч Р.Б-д 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг төлсөн  /хх-ийн 56/болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч О.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас: Шүүгдэгч О.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,

Хохирогчийн өмгөөлөгчөөс: “...Миний үйлчлүүлэгч хохирол төлбөр хурдан барагдуулж авах хүсэлтэй байгаа. Шүүгдэгчид холбогдуулан хэлэхэд бичиг баримтуудыг нь цаг алдахгүйгээр өгнө гэсэн хугацаандаа өгөөрэй. Хохирол төлбөрийг богино хугацаанд төлж барагдуулахыг хүсэж байна. Нэгэнт хохирол төлбөр төлөөгүй учраас торгох ял онгодуулах нь зохисгүй гэж үзэж байна. Харин бусад ялын хувьд тусгайлан хэлэх саналгүй...” гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Миний үйлчлүүлэгч нь тохиолдлын шинжтэй хөнгөн гэмт хэргийг анх удаагаа үйлдсэн гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа. Хохирол төлбөрийн хувьд тодорхой хэмжээний хохирол төлбөр төлж барагдуулсан. Ө.М хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн. Шүүхээс миний үйлчлүүлэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тохиолдолд түүнд авсан Монгол Улсын хилээр гарах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр сольж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргасан байна.

Шүүгдэгч О.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог байна.

Шүүхээс шүүгдэгч О.Б-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлөх боломж нөхцөл  зэргийг тал бүрээс нь харгалзан 3 /гурав/ жилийн хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан, зорчих эрх хязгаарлах ялыг зөрчсөн тохиолдолд гарах хууль зүйн үр дагаврыг тайлбарлаж, ялын биелэлтэд хяналт тавихыг нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэв.

Хохирогч Ө.Мэс өөрийнх нь гадаад паспорт, охин Номин-эрдэнийн төрсний гэрчилгээ зэрэг бичиг баримтуудыг авсан боловч одоог хүртэл өгөөгүй байгаа талаар тайлбар гаргасан ба шүүгдэгч О.Б нь бичиг баримтуудыг хүлээлгэн өгөхөө илэрхийлж мэдүүлж байна.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-д авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах,  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр үргэлжлүүлэхийг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б овогтой О.Б-ыг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ыг 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тухайн нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг хориглосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч О.Б-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-аас10.755.000 /арван сая долоон зуун тавин тав/ төгрөг гаргуулж хохирогч Ө.М-д олгож, иргэний нэхэмжлэгч Р.Б-д 2.500.000 /нэг сая/ төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч О.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-д урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДАРЬСҮРЭН