| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/1371/Э |
| Дугаар | 1032 |
| Огноо | 2019-10-17 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Т.Мандахнаран |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 1032
Э.Шид холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Оюунчулуун, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Т.Мандахнаран,
шүүгдэгч Э.Шийн өмгөөлөгч Г.Нацагдорж,
нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 2019/ШЦТ/1396 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нацагдоржийн гаргасан давж заалдах гомдлоор Э.Шид холбогдох эрүүгийн 1902000100035 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
, 1994 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 14 дүгээр байрны 52 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэгдэж байгаагүй, /РД: /;
Э.Ш нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Сансарын шатахуун түгээх станцын урд талын байрны орчим Д.Буянбат буюу Палдий гэгчээс /уг хэргээс тусгаарласан хэргийн яллагдагч/ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай 0.9 грамм жинтэй "Шавар" гэх нэршилтэй, хуулиар хориглосон мансууруулах, сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 14 дүгээр байрны 52 тоот гэртээ болон биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Э.Шийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш-йг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Шид 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Э.Шид оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Шийн урьд нь цагдан хорьсон 29 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Э.Шид авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4 дэх заалтуудыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа №1 гэж дугаарласан гялгар уутанд хийсэн 0.9016 грамм жинтэй шавар мэт зүйл, №2 гэж дугаарласан таган дээрээ НП гэсэн бичигтэй дугуй хэлбэртэй төмөр сав, №4 гэж дугаарласан гадуураа луу болон цэцгийн дүрс бүхий зурагтай дугуй хэлбэрийн цахилгаантай даавуун сав зэрэг эд зүйлсийг устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт, №3 гэж дугаарласан AL5172037 серийн дугаартай арван төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэгийг Монгол банкинд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус шилжүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 1396 дугаартай шийтгэх тогтоолын шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар хэсэгт “...тэнсэхийг хүссэн шүүгдэгчийн тайлбар болон өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй юм...” гэсэн ч яагаад хүлээн авах боломжгүйгээ тайлбарлаагүй байна.
Иймд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-т “...хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан ... бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно..." хэмээн заасныг үндэслэн, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
1. Э.Ш нь чин сэтгээлээсээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч, дахин ийм үйлдэл гаргахгүй хэмээн шүүх хуралдаан дахин мэдүүлсэн.
2. Түүний үйлдлийн улмаас бусдад шууд болон дам байдлаар хохирол учраагүй тул бусдад нөхөн төлөх төлбөргүй болно.
3. Бусдын буюу Палдийгийн өгсөн зүйлийг сонирхож, ганцаараа хэрэглэсэн гэдгээ анхнаасаа мэдүүлсэн ба нөхцөл байдлын хувьд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
4. Хувийн байдлын хувьд:
4.1. Сити дээд сургуулийн төгсөх ангид суралцаж байгаа түүний хувьд хичээлээсээ хоцрох, анги хамт олноосоо хөндийрөх, сургууль завсардах зэрэг сөрөг үр дагавар үүсэх нөхцөл бүрдээд байна.
4.2. Шүүх сэтгэц, эмгэг судлалын 371 дүгээр дүгнэлт /2-р хх 54/-ээр "Э.Ш нь мансуурах дон эсвэл манууруулах бодисын хамааралгүй" гэдэг нь тогтоогдсон тул түүнийг нийгмээс тусгаарлах шууд шаардлага байхгүй байх бөгөөд харин ч эсрэгээрээ буюу өөр бусад гэмт хэргийн талаар тодорхой мэдлэгтэй болсноор цаашдын амьдралд нь сөрөг үр дагавар үүсэх боломжтой юм.
4.3. Гэр бүлийн хувьд ээж нь гадаадад хөдөлмөр эрхэлдэг, аавтайгаа амьдардаг ба гэр бүлийн хүмүүжлийн хувьд элдэв гаж зуршилгүй байна. Түүнчлэн шүүхийн шийдвэр ээжид нь хүндээр нөлөөлсний улмаас ээж нь гэрээний хугацаагаа дуусгахгүйгээр эх орондоо эргэн ирсэн.
4.4. Ходоодны шархлаатайн улмаас өнгөрөгч 12 дугаар сард хүнд хагалгаанд орсон ба эмчийн хяналтад байдгаас гадна хоолны дэглэм барьдаг болно.
Иймд түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Прокурор Т.Мандахнаран тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Хавтас хэрэгт хийдвэл зохих мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийсэн бөгөөд анхан шатны шүүхээс түүнд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь энэ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хувийн байдалд нь тохирсон. Хэдийгээр энэ гэмт хэргийн улмаас бодит хохирол учраагүй боловч энэ гэмт хэрэгтээ холбоотой зөрчил сүүлийн жилүүдэд огцом өсөж байгаа. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд хор, хохирол учруулахуйц хэмжээнд хүрсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Э.Шид холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 186 дугаартай яллах дүгнэлтэд “...Э.Ш нь ... Д.Буянбат буюу Палдий гэгчээс /уг хэргээс тусгаарласан хэргийн яллагдагч/ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай 0.9 грамм жинтэй "Шавар" гэх нэршилтэй, хуулиар хориглосон мансууруулах, сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 14 дүгээр байрны 52 тоот гэртээ болон биедээ хадгалсан...” гэжээ. Гэтэл анхан шатны шүүх “...мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байх бөгөөд шүүгдэгч Э.Шийн “...Д.Буянбат буюу Палдий гэгчээс мансууруулах, сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан...” гэх үйлдлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар хууль зүйн дүгнэлт өгөлгүй орхигдуулжээ.
Д.Буянбат буюу Палдий гэгч нь Э.Шид мансууруулах, сэтгэцэт нөлөөт бодисыг өгсөн гэх хэргийг энэ хэргээс тусгаарласан үндэслэл нь тодорхойгүй байх тул дүгнэлт өгөх боломжгүй байна.
Мөн прокурорын 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 16 дугаартай хэрэг тусгаарласан тогтоолоос үзэхэд “...мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Э.Ш нь 2018 оны 12 дугаар сард Д.Буянбатаас мансууруулах, сэтгэцэт нөлөөт бодисыг олж авсан болох нь тогтоогдоогүй, яллагдагч Э.Шийн мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогдоогүй тул...” гэж дүгнээд Д.Буянбатад холбогдох эрүүгийн 1902000160046 дугаартай хэргээс Э.Шид холбогдох эрүүгийн 1902000100035 дугаартай хэргийг тусгаарлажээ. Үүнээс үзэхэд дээрх байдлаар хэрэг нотлогдоогүй гэж дүгнээд хэргийг тусгаарласан атлаа Д.Буянбатаас Э.Ш нь тухайн бодисыг олж авсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн нь ойлгомжгүй байна.
Хоёрдугаар хавтаст хэргийн 1 дүгээр хуудсанд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхдээ “гүйцэтгэх ажлын шугамаар авагдсан мэдээлэл” гэж, 2 дугаар хуудсанд буй гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийн тэмдэглэлд “гэмт хэргийн тухай мэдээллийг шууд өөрөө /нууц эх сурвалжаас/ хүлээн авсан” гэснээс үзэхэд энэ хэрэгт гүйцэтгэх ажил хийгдсэн байж болзошгүй байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчийн эрхийг хангах үүднээс, гүйцэтгэх ажилтай холбоотой нотлох баримтыг хуулиар зөвшөөрөгдөх хэмжээнд бэхжүүлэн хэрэгт хавсаргах нь зүйтэй.
Иймд шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зөрчлийг арилгуулахаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Шид холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан шүүгдэгч Э.Шийн өмгөөлөгч Г.Нацагдоржийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 2019/ШЦТ/1396 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Шид холбогдох хэргийг тус шүүхээр дамжуулан Нийслэлийн прокурорын газарт буцаасугай.
2. Хэрэг прокурорт очтол Э.Шид урьд авсан цагдах хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЮУНЧУЛУУН
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ