Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2025/0049

 

 

 

 

 

Г.Гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Билгүүн

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд Ж.Б

Нэхэмжлэгч: Г.Г

Хариуцагч: Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга

Гуравдагч этгээд: Ж.Б

Нэхэмжлэлийн шаардлага: “Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд Г.Гийг томилохыг даалгах, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/85 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 51 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Гуравдагч этгээд: Ж.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Цогтбаяр

Хэргийн индекс: 119/2024/0039/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд Г.Гийг томилохыг даалгах, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/85 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 51 дүгээр шийдвэрээр: “...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.3, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Г.Гийн Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Г-д холбогдуулан гаргасан Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд Г-ын Г-ийг томилохыг даалгах, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/85 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж...” шийдвэрлэсэн байна.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Нэхэмжлэгч Г.Г нь Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь тус газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус албан тушаалд томилохыг даалгаж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлсон бөгөөд 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Ц-д хандан энэ талаар гомдол гаргасан гэж шүүхэд маргасан болно.

3.2. Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлд “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх” харилцааг зохицуулсан бөгөөд 75.1-д “Томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд гарсан маргааныг ... төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ”, хуулийн 75.2-т “Төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигч гомдлоо холбогдох баримт бичгийн хамт төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 30 хоногийн дотор гаргана ”, 75 3-д “Төрийн албаны төв байгууллага гомдлыг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор маргаан үүсгэх эсэх талаар шийдвэр гаргаж, 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд энэ хугацааг 14 хоногоор сунгаж болно.” мөн хуулийн 75.5-д “...хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилсан. Мөн Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-д “Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно " гэж заасан.

3.3. Дээр дурдсан Төрийн албаны тухай хуулийн зохицуулалтаас харахад нэхэмжлэгч Г.Г нь Төрийн албаны төв байгууллагад хуульд заасны дагуу гомдол гаргасан эсэх, Төрийн албаны төв байгууллага гомдлыг хүлээн авсан эсэх, гомдолд дурдсан асуудлаар хяналт шалгалт хийсэн эсэх, гомдолд хариу өгсөн эсэх нь тодорхойгүй. Энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй, хариуцагчийн зүгээс тус баримтуудыг гаргаж өгөх боломжгүй нотлох баримтууд болох талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлөөлөгч миний бие шүүхэд тайлбарлаж, шүүхийг нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх, талууд тэгш эрхтэй оролцох талаар мэдэгдсэн боловч анхан шатны шүүх Захир ааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.2-т “Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ.”, 7.1-д заасан “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй”, 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ.” гэж заасныг зөрчиж шийдвэр гаргасан.

3.4. Дээрх нотлох баримт хэрэгт авагдаагүйн улмаас магадгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 54.1.8-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байсан болохыг ч үгүйсгэх аргагүй юм.

Иймд хэрэгт зайлшгүй шаардлагатай нотлох баримтууд цуглараагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0051 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

 

4. Гуравдагч этгээдээс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

4.1. “...Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.Төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигч гомдлоо холбогдох баримт бичгийн хамт төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 30 хоногийн дотор гаргана, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д зааснаар нэхэмжлэгч захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө маргаж буй асуудлаараа Захиргааны ерөнхий хуулийн 92-94-т заасан гомдол гаргах журмаар захиргааны байгууллагад хандах ёстой бөгөөд уг шаардлагыг биелүүлээгүй бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан. Нэхэмжлэгчийн хувьд 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаартай тогтоолыг гарснаас хойш Аймгийн Засаг даргын Тамгын газарт ажилд орохоор ирээгүй, хүсэл зоригоо илэрхийлээгүй, 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр буюу 6 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4.2. 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Төрийн албаны зөвлөлд хандсан гэх боловч Төрийн албаны зөвлөлд уг гомдлыг хүлээн авсан, шийдвэрлэсэн эсэх талаар шүүх болон талуудаас хэн аль нь нотлох баримт бүрдүүлээгүй, гомдол гаргах 30 хоногийн хугацаа өнгөрсний дараа байгаа зэрэгт шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна. Маргаан бүхий нөхцөл байдлаас үзэхэд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 119/ШШ2023/0024 дүгээр шийдвэрээр “Орхон аймгийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд Г.Гийг томилуулахаар нэр дэвшүүлэхийг Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлд даалгах” нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Тус шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоол гарч, Орхон аймгийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд Г.Гийг томилуулахаар нэр дэвшүүлснээр шүүхийн шийдвэр биелэгдэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 08648 дугаартай тогтоолоор дуусгавар болгосон. Нэхэмжлэгч Г.Г энэ тогтоолд гомдол гаргаагүй, ажил албан тушаалдаа томилуулах хүсэл зоригоо илэрхийлээгүй байдаг.

4.3. Төрийн албаны зөвлөлөөс 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр сонгон шалгаруулалт зарласан бөгөөд энэ шалгаруулалтад Г.Г нөөцөөс оролцоогүй, нэрээ дэвшүүлээгүй, нөөцөд бүртгэгдсэн эсэх тагаар баримт байхгүй, Төрийн албаны салбар зөвлөлөөс яагаад нөөцөөс нэр дэвшүүлээгүй шууд сонгон шалгаруулалт зарласан талаар тодруулах зайлшгүй шаардлагатайгаас гадна энэ нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын эрхлэх асуудал биш юм. Дээр дурдсан асуудлыг шийдвэрлэхгүйгээр Г.Гийг томилуулахыг даалгах шаардлагыг шийдвэрлэх боломжгүй бөгөөд Захиргааны хэргийн шүүхэд бус урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлийн эдлэх эрх, хүлээх үүрэгт хамаарч байна. Тиймээс Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс уг нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн нь буруу бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэхүү нөхцөл байдал тогтоогдвол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах зохицуулалттай ч шүүх уг нөхцөл байдлыг хэрхэн үнэлж дүгнэсэн талаар дурдаагүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргалаа.

4.4. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 119/ШШ2023/0024 дүгээр шийдвэрээр “Орхон аймгийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд Г.Гийг томилуулахаар нэр дэвшүүлэхийг Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлд даалгах” шийдвэр гарсан боловч энэхүү шийдвэртэй уялдуулан Төрийн албаны салбар зөвлөл болон хуульд заасан төлөөлөх эрх бүхий этгээдийн эрх хэмжээнд шүүх хөндлөнгөөс халдаж хуульд заасан эрх хэмжээгээ хэтрүүлж болохгүй. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно. Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно” гэж зааснаас үзвэл эрх бүхий төрийн албаны төв байгууллага (Орхон аймгийн Төрийн албаны салбар зөвлөл)-аас нэр дэвшигчийг санал болгох чиг үүрэгтэй ба санал болгосон нэр дэвшигчийг томилох, томилохоос татгалзсан тохиолдолд төрийн албаны төв байгууллагаас дахин өөр нэр дэвшигчийг санал болгох хуульд заасан процесс ажиллагааг алгасан шүүх томилох чиг үүрэг хууль тогтоомжоор олгогдоогүй байна. Иймд шүүхийн эрх хэмжээнд үл хамаарах үндэслэлээр анхан шатны шүүх шийдвэр гаргасан нь буруу гэж үзэж байна.

4.5. Дээр дурдсанчлан шүүх өөрт олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлж, үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд Орхон аймаг дахь салбар зөвлөлийн үйл ажиллагаа цаашилбал хуульд заасан томилох эрх бүхий албан тушаалтны шийдвэр хуульд нийцсэн эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөхөөс бус гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхолд шууд халдаж, эрх бүхий байгууллагуудын чиг үүргийг хэрэгжүүлэн (Ж.Б намайг хуулийн дагуу нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж томилж, эрх бүхий байгууллагын шийдвэр албажсан байтал) тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тодруулбал, 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хуульд заасны дагуу нээлттэй сонгон шалгаруулалт зарлан, сонгон шалгаруулалтад оролцсон 2 иргэний дунд шалгалт зохион байгуулагдаж, уг шалгалтын үр дүнг баталгаажуулан Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 67 дугаартай тогтоол гарч нэр дэвшүүлсээр байтал уг тогтоолыг үл хэрэгсэн Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/85 дугаар тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

4.6. Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаас шууд дур мэдэж намайг уг ажил албан тушаалд томилоогүй бөгөөд Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 67 дугаартай тогтоолыг үндэслэн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/85 дугаар тушаал гарсан юм. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ уг тушаалын үндэслэл болсон Сонгон шалгаруулалтын зар, шалгаруулалт, үр дүн болон нэр дэвшүүлэх тогтоол одоог хүртэл хүчин төгөлдөр байгаад үнэлэлт дүгнэлт өгсний дараа тушаалын үндэслэлийг хянах учиртай.

4.7. Үүнээс гадна анхан шатны шүүх гуравдагч этгээд Ж.Б намайг томилсон 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/35 дугаар тушаалыг хүчингүй болгож байгаа шийдвэрээ хууль зүйн дүгнэлт хийж тайлбарлаагүйг давж заалдах шатны шүүх онцгойлон анхаарна уу. Шүүхийн дээрх үйлдэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

4.8. ...анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “ ... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай” гэж шийдвэрлэснээс бус хуульд заасан нэхэмжлэлийн шаардлагыг хэн, хэрхэн биелүүлэх болон шүүхийн уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгч, хариуцагч нь ямар эрх, үүрэг хүлээхийг тодорхой тусгаагүйгээс гадна шүүхийн шийдвэр хэрхэн биелэгдэх нь тодорхой бус байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын гомдлоор бүхэлд нь хянаад анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Г.Г нь “Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд Г-ын Г-ийг томилохыг даалгах, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/85 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргажээ.

 

3. Анхан шатны шүүх “...Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах гэж заасан тул хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх зарчимтай ба нэхэмжлэгч Г.Г нь хуулиар тусгайлан шаардсан болзол, нөхцөлийг хангасан, Төрийн албаны салбар зөвлөл Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн байхад тус албан тушаалд томилогдох эрхийг хязгаарлах боломжгүй” гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

4. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэснийг зөрчсөн байх тул хэргийн оролцогчдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааны явцад маргаж буй үндэслэл тус бүрд хамаарах, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулах үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэхээргүй байна.

 

5. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж зааснаар тухайн хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлж, цуглуулах нь шүүхийн үүрэг бөгөөд анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

6. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анх Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 119/ШШ2023/0024 дүгээр шийдвэрээр Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд Г.Гийг томилуулахаар нэр дэвшүүлэхийг Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлд даалгаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 708 дугаар магадлалаар хэвээр үлдээж, Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 79 дүгээр тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ. Улмаар Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Г.Гийг маргаан бүхий албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

 

7. Үүнтэй холбоотойгоор Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлийн Г.Гийг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэх тухай дээрх 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолыг хариуцагчид хүргүүлсэн эсэх, хэрэв хүргүүлсэн бол хариуцагч захиргааны байгууллагаас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн  27.3-д “...төрийн албаны төв байгууллагын санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй...” гэж заасны дагуу татгалзсан эсэх болон ийнхүү татгалзсаны үндсэн дээр дахин сонгон шалгаруулалт зарласан эсэхийг тодруулах шаардлагатай.

 

8. Түүнчлэн сонгон шалгаруулалт зарлах үед нэхэмжлэгч Г.Г нь удирдах албан тушаалтны нөөцөд байсан эсэх, тухайн тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан зохицуулалт хэрхэн үйлчлэх болон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой эсэх буюу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх боломжтой эсэх талаар хууль зүйн дүгнэлт өгч хэрэг маргааныг нэг мөр шийдвэрлэх байжээ.

 

9. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч Г.Гийн Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээний үнэлгээний хэлтсийн даргын албан тушаал дээр зарлагдсан шалгалтыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 348 дугаар захирамжаар “...төрийн албаны шалгалтыг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулдаггүй, Төрийн албаны төв байгууллагаас зохион байгуулдаг” гэж дүгнээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-т заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх бөгөөд үүнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

 

10. Харин Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 379 дугаартай захирамжаар Ж.Бг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байх ба гуравдагч этгээд Ж.Б шүүхэд “...Төрийн албаны зөвлөлөөс зарласан сонгон шалгаруулалтад оролцон тэнцэж, Төрийн албаны зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөл 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 67 дугаар тогтоолоор нэр дэвшүүлснээр тухайн албан тушаалд томилогдсон” гэх агуулга бүхий хариу тайлбарыг ирүүлсэн байгаа энэ тохиолдолд шүүх уг орон тоонд сонгон шалгаруулалтыг хэн, хэзээ зарлаж зохион байгуулсан болохыг тодруулаагүй, мөн гуравдагч этгээдийг нэр дэвшүүлсэн уг 67 дугаар тогтоолын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөөгүй, үүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулах үүргээ хэрэгжүүлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

11. Анхан шатны шүүх дээр дурдсан нөхцөл байдлыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсний улмаас давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй эсэх, маргаан бүхий акт хуульд нийцсэн эсэх, уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх хууль зүйн боломжгүй, энэ нь шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-д “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байвал”, 121.3.4-д “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн...”, 121.3.7-д “шүүх нэхэмжлэлийн ... шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол” гэж тус тус зааснаар хүчингүй болгох үндэслэл болж байна.

 

Иймд давж заалдах шатны шүүх дээрх алдааг зөвтгөж дээр дурдсан ажиллагааг явуулж уг маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 51 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           З.ГАНЗОРИГ

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА