Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 251

 

                            

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

Улсын яллагч Э.Гэрэлмаа,

шүүгдэгч Ц.Мөнхдөл, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Цогтбаатарын Мөнхдөлд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625012952 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Боржигон овогт Цогтбаатарын Мөнхдөл, 1984 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, 12-91 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд 2002 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 324 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгэгдэж 1 жил тэнсэн хянан харгалзаж байсан,

 

Шүүгдэгч Ц.Мөнхдөл нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Асгат сервис ХХК-ний “Мянган оюутны байр”-ны А корпусын 227 тоотод оршин суух иргэн Г.Ганбаатарын өрөөнд 2016 оны 07 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө нэвтрэн орж хавар, намрын куртик, малгай, гар утас, хөөрөг, машины түлхүүр зэрэг эд зүйлсийг хулгайлан авч, уг байрны гадна зогсоолд байрлуулан тавьсан байсан 19-83 УНВ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Toyota Carina маркийн машиныг хулгайлан 5.260.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Мөнхдөл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гэррүүгээ орох гэж байхад Ганбаатартай таарсан. Ганбаатар манайд оръё манай гэрийн кабел болохгүй байна гэхээр нь орж кабелийг нь янзлаад нэг шил архи задалж уусан. Тэгтэл гаднаас Баярсайхан эгч орж ирсэн хамт архи ууж байгаад гараад явсан. Ганбаатар ах 2 ширхэг утас гаргаж ирээд зар гэж надад хэлсэн. Тэгээд байж байтал Ганбаатар ахыг унтахаар нь утсыг нь ломбарданд тавих гэж машиныг түлхүүрийг нь аваад гарсан. Би Ганбаатарын машинаар явж байгаад замаас нэг хүн авч 7 буудалд хүргэж өгсөн. Тэндээс найзыгаа аваад явж байтал машины бензин дуусаж зогссон. Тэгээд явж байгаад цагдаад баригдсан” гэв.

Хохирогч  Г.Ганбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 07 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 1000 оюутны байрны 227 тоотод өрөөндөө унтаж байх хооронд шөнө хүн орж ирээд эд зүйл болон автомашины түлхүүр хулгайлж миний машиныг авч зугтсан байсан, маргааш өглөө нь 7-8 цагийн орчим ажилдаа явахаар гарах гэхэд ширээн дээр цоожиндоо зүүлттэй нь хамт орхисон холбоотой гэрийн түлхүүр болон машины түлхүүр байхгүй, цоож нь газарт уначихсан байхаар нь гайхаад гадаа гараад машинаа харсан чинь миний өөрийн эзэмшлийн 19-83 УНВ улсын дугаартай тоёота карина маркийн машин алга болчихсон байсан. Жижүүр эгчээс асуухад мэдэхгүй харин Мөнхдөл гэх залуу гадаа сууж байгаад машин асаагаад явчих шиг болсон гэж хэлсэн...тэгэхээр нь би дүүгийнх нь утсыг олж аваад залгаж миний машиныг хулгайлж аваад явчихсан байна, ах чинь хаана байна хурдан ир гэсэн...ирэхдээ таны машин бүрэн бүтэн журмын хашаанд журамлагдсан байгаа юм байна, өглөө 7 цагийн орчимд баригдсан байна гэж ярьсан...гэрт чемодан дотор байсан Тайландаас авчирсан гээд эгч Отгонбаяр бэлэглэж байсан шүрэн толгойтой дунд гарын хаш хөөрөг, хавар намрын хар өнгийн нимгэн адидас гэсэн бичигтэй богино куртик, бор өнгийн шилапин малгай, цагаан өнгийн пүүз, HTC маркийн гар утас, андройд мэдрэгчтэй гар утас зэрэг эд зүйл алдагдсан байсан. Тэрнээс хойш 4-5 хоногийн дараа дүү Мөнхдөл нь энэ таны пүүз мөн үү гээд миний пүүзийн бариад орж ирэхээр нь би пүүзээ буцааж авсан...дүү нь журмын хашааны мөнгө төлж миний машиныг гаргаж өгсөн...намайг сэрүүн байхад бол зурагтын антен засаад тэгээд ширээн дээр байсан 3000-4000 орчим төгрөгийг надаас аваад гарсан. Би утсаа яг аваад яв гэж хэлээгүй. Ломбарданд тавчихъя гээд байхаар нь хуучин утсаа заагаад тавьбал юу юм гэсэн болохоос аваад гарчихна гэж бодоогүй...” гэсэн мэдүүлэг. /хх8-10, 39-43/,

Иргэний нэхэмжлэгч С.Борбаньди мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гэрээсээ гараад өөрийн 83-50 УНТ улсын дугаартай приус 11 маркийн машинтайгаа явж байхад зүс таних Мөнхдөл гэх залуу ирээд намайг хөөрөг авах уу, авчихаач гээд байхаар нь би барьж явсан цагаан өнгийн чулуун хөөргийн 10.000 төгрөгөөр худалдан авсан юм. Гэтэл уг хөөрөг нь хулгайн гэмт хэрэг үйлдэж олж авсан хөөрөгөө надад зарсаныг би над руу цагдаагийн байгууллагаас ярихад нь л мэдсэн. Намайг хөөргийг худалдаж авах үед надаас ганцаараа ирээд авчих гэж гуйсан...надад 10.000 төгрөгийг хохирол учирсан хохирлыг барагдуулаагүй...миний худалдан авсан хөөрөг бол цагаан хөөрөг байсан толгой нь хуван гэх юмуу даа улаан өнгийн толгойтой, зэс халбагатай гуулин нуухтай байсан...” гэсэн мэдүүлэг. /хх45-46/

Гэрч М.Энхбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Мөнхдөл нь өглөө 07:00 цаг өнгөрөөд 08:00 цагийн орчимд манай гэрт ирээд машинаа барьж чадахгүй байна намайг Чингэлтэй дүүрэг ногоон булангийн ойролцоо найзынхаа гэрт хүргээд өгөөч гээд нэг шил архи барьчихсан байсан. Би зөвшөөрөөд барьж өгөхөөр болоод авчирсан нэг шил 0.75 литрийн Стандарт гэсэн бичигтэй архийг нь гэрийн гадаа хашаан дотроо хувааж уучихаад барьж байсан мөнгөлөг саарал өнгийн Тоёота Карина маркийн машин байсныг нь барьж явсан юм. Тэгээд Мөнхдөлийг хүргэж өгөх гэж явж байгаад Чингэлтэй дүүрэг Ногоон булгийн ойролцоо замын цагдаа зогсоогоод согтуурал шалгаад согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж намайг саатуулаад тээврийн хэрэгслийг журмын хашаа руу авч явсан юм. Би хулгайн машин гэдгийг нь бол мэдээгүй. Надад ээж авч өгсөн юм л гэж ирсэн. Тэр талаар нь бол мэдэх зүйл байхгүй байна. Надад бол утсаа зараад бензин хийчихээд ганц шил архи аваад ирлээ гээд ирсэн юм...” гэсэн мэдүүлэг. /хх47-49/,

Гэрч Д.Нямжав мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...27-ны өдрийн орой 23:00 цагаас 00:00 цагийн хооронд 227 тоотод оршин суух Мөнхдөлийн ах нь шилэпэн малгай, өөртөө томдуулсан хар куртик өмсчихсөн гарч ирээд надаас тамхи байна уу гэхээр нь дотор байгаа гэхэд хүү ирж байхаар нь хүүгээсээ аваад өгөх үү гэхэд за яахын гээд болиод яваад өгсөн. Харин миний хажууд сууж байсан 215 тоотод оршин суух Пүрэвсүрэн “энэ манай байрны залуу юм уу орой намайг ирэхэд 500 төгрөг асууж байсан гэж ярьж байгаад машин унаад явчихвуудаа” гэхээр нь би энэ ямар юмны машинтай байх вэ? тэгээд ч согтуу хүн яаж машин барьж чадах вэ? гээд л өнгөрсөн юм...” гэсэн мэдүүлэг. /хх 52-54/,

Гэрч Д.Пүрэвсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байрныхаа үүдэнд жижүүр Нямжав эгчтэй суусан эсэхээ сайн санахгүй байна. Надаас нэг хүн мөнгө авч байсан сар, өдрийг нь сайн санахгүй байна би 500 төгрөг өгч байсан. Орой нь байр руу нь орж явахдаа байрны жижүүр эгчээс энэ манай байрны хүн юм уу гээд уулзаад явсан. Нямаа эгчээс асууж авсан залуу тэр үед цагаан цайвар машинд суугаад явах шиг болохоор нь энэ машинтай юм уу гээд асууж байсан шиг санагдаж байна. Яг ямар маркийн машин байсныг нь би мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг. /хх55-56/

Гэрч С.Лхаасүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 07 дугаар сарын 27-ны өглөө 07:30 цагт ажилдаа хойд чиглэлд шалгалтанд гарсан юм. Намайг Чингэлтэй дүүргийн Ногоон булгийн замд шалгалт хийж байхад 09:00 цагийн орчимд 7 буудлаас хойшоо Чингэлтэй чиглэлд орж ирсэн машин байна. Уг машиныг зогсоож жолоочийг нь тандагч багажаар шалгахад согтууруулах ундаа хэрэглэсэн гэж гарч ирсэн. Уг машинд жолоочоос гадна 2 согтуу хүн байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-59/,

Гэрч Б.Баярсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр утасны цэнэглэгч Ц.Мөнхдөлөөс асуухад эгч надад цэнэглэгч байна та ирээд ав л даа гэхээр нь би Баянзүрх дүүргийн 1000 оюутны байр руу гэрт нь очсон. Тэгээд надтай хамт 0.33 литрийн архи хувааж уугаад байж байхад урд талын буюу өөдөөс нь харсан хаалгатай өрөөнд амьдардаг хүн орж ирээд тэр хүнээр авахуулсан уу яасан юм нэг 0.75 литрийн архи аваад гэр рүү нь орж хаалгануудыг нь онгойлгож орхиод архиа гэрт нь хувааж уусан. Тэгээд тэр архиа хувааж ууж дуусаад намайг Ц.Мөнхдөл гаргаж өгөөд автобусанд суулгаж өгсөн. Харин нөгөө хүн нь гэртээ унтлаа гээд үлдсэн. Тэрнээс хойш дахин Ц.Мөнхдөлийн гэр рүү яваагүй утсаар ярьж тааралдаагүй. Тухайн өдөр тэдний гэрээс ямар нэгэн эд зүйлс огт авч гараагүй. Би Мөнхдөлөөс огт гар утас аваагүй...” гэсэн мэдүүлэг. /хх-64/,

Яллагдагч Ц.Мөнхдөл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...хэсэг хугацааны дараа эргээд Ганбаа ахын гэрт ороход Ганбаа ах унтаж байсан. Би цаг хэд болж байсныг нь бол мэдэхгүй байна. Тэгэхээр нь би ширээн дээр байсан оосортой багц машин болон гэрийнх нь түлхүүрийг, өлгүүрт нь байсан малгай, куртик, пүүзийг нь авч гараад пүүзийг нь гэрийн хажуу талын эзэнгүй өрөөнд оруулж тавиад малгай куртикийг нь өмсөж гараад машиныг нь асаагаад яваад өгсөн. Маргааш өдөр нь би 83-50 улсын дугаартай серийг нь мэдэхгүй саарал өнгийн Приус 11 маркийн машин унадаг Бороо гэх ахад хөөргийг 18.000 төгрөгөөр зарчихсан. Тэр өдрөө Нэргүй гэх ахын гэрт нь очиж хоноод маргааш нь гарч явж байгаад нөгөө халаасалж авч явж байсан гар утсаа замын хүнд 5.000 төгрөгөөр зарчихсан. Харин малгай, куртикийг нь 3-4 хоног архи ууж явж байгаад Моогоогийн гэрт очоод урд талынх нь байшингийн өлгүүрт нь өлгөөд орхичихсон...” гэсэн мэдүүлэг. /хх83-84/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-38/, эд зүйлийн үнэлгээ /хх-88/, иргэний нэхэмжлэгч С.Борбаньдийн хүсэлт /хх-89/, шүүхэд шинээр гаргаж өгсөн хохирогчийн хүсэлт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Ц.Мөнхдөл нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Асгат сервис ХХК-ний “Мянган оюутны байр”-ны А корпусын 227 тоотод оршин суух иргэн Г.Ганбаатарын өрөөнд 2016 оны 07 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө нэвтрэн орж хавар, намрын куртик, малгай, гар утас, хөөрөг, машины түлхүүр зэрэг эд зүйлсийг хулгайлан авч, уг байрны гадна зогсоолд байрлуулан тавьсан байсан 19-83 УНВ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Toyota Carina маркийн машиныг хулгайлан 5.260.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Ц.Мөнхдөлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ц.Мөнхдөлийг бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэхээр шийдвэрлэв.

Хохирогч Г.Ганбаатар нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.Мөнхдөл нь урьд ял шийтгүүлж байсан бөгөөд хуульд заасан ялтай байх хугацаа дууссан байх тул шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.Мөнхдөл нь хохирол төлбөрөө сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлбөр төлсөн, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Ц.Мөнхдөлөөс эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч Ц.Мөнхдөлийн нэр дээр ямар нэгэн үл хөдлөх болон, хөдлөх хөрөнгө байхгүй болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Боржигон овогт Цогтбаатарын Мөнхдөлийг бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Ц.Мөнхдөлөөс эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял хорих ял шийтгэсүгэй.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ц.Мөнхдөлд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
  2. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ц.Мөнхдөл нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Ц.Мөнхдөлд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.  
  4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
  5. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Мөнхдөлд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ШИНЭБАЯР