Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1074

 

 

 

 

2022          11           15                                   2022/ШЦТ/1074

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн “А” танхимд хийсэн Сүхбаатар эрүүгийн хэргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга И.Номин,

Улсын яллагч Д.Эрдэнэчимэг /тээврийн прокурор/

Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Г.Золжаргал нар оролцсон Эрүүгийн 2203005210512 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар 2022оны 11 дүгээр сарын15-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.                                                     

Шүүгдэгчийнбиеийнбайцаалт:

Монгол улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 09-нд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, УБЦС ХХК-ны Зүүн түгээх төвийн Шуурхай үйлчилгээний хэлтсийн ээлжийн монтер ажилтай, ам бүл 5 эхнэр хүүхдүүдийн хамт, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Д.Б,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Д.Б нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо Хэвлэлийн хүрээлэнгийн урд замд 2022 оны 09-р сарын 03-ны өглөө 08 цаг 38 минутын орчимд Чингэлтэйн өргөн чөлөө ШТС-ын зүүн замд “2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 20 цаг 40 минутын орчимд  Lexus РХ-350 маркийн ...УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөний улмаас унадаг дугуйны жолооч Д.Б-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах  нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Эрүүгийн 2203005210512 тоот эрүүгийн хэргээс:

3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7 дугаар хуудас/,

Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-47 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Э.Б-ын 2022 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 12286 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

Ашид билгүүн ХХК хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний тайлангаар 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 574 дугаартай тайланд “...Lexus RХ-350 маркийн ...УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.125.000 төгрөгийн эвдрэл” /хх-61-65 дугаар хуудас/,

Ашид билгүүн ХХК хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний тайлангаар 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 966 дугаартай тайланд “... унадаг дугуйнд 135.000 төгрөгийн эвдрэл”/хх-65 дугаар хуудас/,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1136 дугаартай магадлагаа /хх-78-79 дүгээр хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 95 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо Хэвлэлийн хүрээлэнгийн урд замд 2022 оны 09-р сарын 03-ны өглөө 08 цаг 38 минутын орчимд Чингэлтэйн өргөн чөлөө ШТС-ын зүүн замд “2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 20 цаг 40 минутын орчимд  Lexus RХ-350 маркийн ...УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөний улмаас унадаг дугуйны жолооч Д.Б-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт хамаарал бүхий шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт: “асфальт, шулуун тэгш, хуурай, явган хүний гарцтай, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, эгнээний тоо 6, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй зам байв гэх тэмдэглэл Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл,

Хохирогч Д.Б "... 2022 оны 09-р сарын 03-ны өглөө 08 цаг 30 минутын орчимд би Сүхбаатар дүүргийн 10-р хороо Хэвлэлийн хүрээлэнгийн урд талын замаар унадаг дугуйтай замын 1-р эгнээгээр явж байтал уг замын хойд уулзвараас цагаан өнгийн LexusRХ-350 маркийн ... УНУ улсын дугаартай автомашин гэнэт хурдтай орж ирээд зүүн урд хэсгээрээ миний баруун хөл бие хэсэг рүү мөргөөд замын 3-р эгнээнд очоод зогссон, би мөн замын 3-р эгнээнд зам дээр унасан. Мөргөсөн жолооч ослын дараа автомашинаасаа бууж ирээд хааз гачсан гэж хэлж байсан. Тэгээд 103 ирээд намайг Гэмтлийн-эмнэлэг аваад явсан. Мөргөсөн жолооч намайг Гэмтлийн хажуугийн Оточ манал эмнэлэгт 14 хоног хэвтүүлж төлбөрийг төлсөн, өдрийн 65.000 төгрөг гэсэн. Одоогоор надаас гарсан мөнгө байхгүй. Мөн мөргөсөн жолооч унадаг дугуйн төлбөрт 550.000 төгрөг өгсөн, унадаг дугуйн хувьд нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Б-ын “... 2022 оны 09-р сарын 03-ны өглөө 08 цаг өнгөрч байхад би Сүхбаатар дүүргийн 10-р хороо Хэвлэлийн хүрээлэнгийн зүүн хойд талд байх УБЦТС ХХК-ны Зүүн түгээх төвөөс ээлжнээсээ буугаад надтай хамт ээлжинд гарсан Д.Б-ын автомашинд дайгдаад хороолол орох гээд хөдөлсөн. Хэвлэлийн хүрээлэнгийн хажуугийн эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээ замаар хойноосоо урагшаа чиглэлд уруудах үед бид 2 явж байсан эгнээнд манай ээлжийн автомашин зогсож байхаар нь ажилтай байгаа юм байна гэж бодоод замын голыг тусгаарласан хашлагийн эсрэг талаар буюу урсгал сөрөөд уулзвар луу дөхөөд очиход автомашины хааз өндөрсөөд хурдлаад эхлэхээр нь жолооч Д.Б-д машинаа унтраагаач гэсэн энэ үгийг хэлж дуусаагүй байхад зүүн гар талаас буюу төв замаар явж байсан унадаг дугуйтай хүн гараад ирсэн, тэгээд л яах ийхийн зуургүй л унадаг дугуйтай хүнийг Д.Б автомашиныхаа зүүн урд хэсгээр мөргөж замын 3-р эгнээнд автомашинаа түлхүүрээр нь унтраалгаад зогсоосон. Ослын дараа автомашинаас буугаад харахад унадаг дугуйтай хүн замын 3-р эгнээнд буюу автомашины ард талд хэвтэж байсан. Ослын дараа эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн, 100 айлын уулзвар дээр ажиллаж байсан 2 цагдаа тэр даруй гүйж ирсэн, тэгээд 103 ирээд хүнийг авч явсны дараа хэргийн газрын үзлэгийн баг ирж үзлэг хэмжилтийг хийсэн. Д.Б түрүүлж ирсэн 2 цагдаад машины шалавч хаазанд гацаад осол гаргачихлаа гэж хэлсэн. Д.Б-ын автомашины хааз төв зам руу орох гээд явж байх үед гэнэт өндөрсөөд хурдлаад эхэлсэн, энэ асуудал хоромхон зуурт л болсон, хэдхэн секунтын дотор л энэ асуудал болсон. Ослын дараа цагдаа нар автомашиныг асаах үед хааз нь өндөр хаазлаастай байсан, мөн шалавч нь хаазанд орж гацсан байсан” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Э.Б-ын 2022 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 12286 дугаартай дүгнэлт:

1. Д.Б биед сээрний 7-р нугалмын арын сэртэнгийн далд хугарал, зөөлөн эдийн няцрал, духанд зөөлөн эдийн няцрал, хуухнаг, баруун цавинд цус хуралт, нуруу, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт,

 

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1136 дугаартай мөрдөгчийн магадлагаа“...Lexus RX-350 маркийн ....УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна... гэх магадлагаа зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Мөрдөгчийн магадлагаа нь хууль ёсны, үндэслэлтэй эсэхийг хэрэгт авагдсан зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудтай харьцуулан судлахад эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч, хохирогч нарын мэдүүлэг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан тул шүүхээс үйл баримт болон хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримт гэж үнэлж шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэж заасан байна. Шүүгдэгч нь хөдөлгөөнд анхаарал болгоомжгүй оролцсоны улмаас аливаа эрсдэл үүсч болзошгүй болохыг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасанАвтотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн  шинжийг бүрэн хангаж байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй тул шүүхээс шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болохыг тэмдэглэв.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Д.Б нь Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Тээврийн прокуророос шүүгдэгч Д.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна. 

Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаагаа мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлсэн, прокурорын сонсгосон 700.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрсөн зэргийг хянан үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Б нь эмчилгээний зардалд 4.048.000 төгрөгийг хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-110/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзээд шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.     

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1, 36.2 дугаарзүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт Д.Б-ыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ыг 700 /долоон  зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерийн бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Шүүгдэгч Д.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч,  өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН