Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1105

 

 

 

 

 

 

 

2022        11           23                               2022/ШЦТ/1105

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Н,

Улсын яллагч: Г.Ц

Шүүгдэгч: Б.У оролцсон эрүүгийн ... дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, .. оны 05 дугаар сарын 22-ны өдөр ... аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, .. дүүргийн .. дугаар цэцэрлэгийн багш ажилтай, урьд ял эдэлж байгаагүй, Б овогт Б.У

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Б.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн .. хороо, Рашааны .. тоотод хохирогч Ө.Б -тэй “хардалтын улмаас” маргалдаж, түүний нүүр хэсэгт цохих, маажих, хөл рүү нь өшиглөх зэргээр зодож, зүүн доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, баруун хацар, хамрын баруун угалзанд зулгаралт, зүүн гарын ядам хурууны хумсны хугарал, хэвтэшний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Хэрэг гардаг өдөр нөхөр бид хоёр хөдөөнөөс айраг авчирсан. Гэртээ ирэх үед найз “хүүхдийнхээ үсийг авах гэж байгаа тул айраг зээлээч, мөнгийг нь цалин буухаараа өгье” хэмээн хэлж манай гэрт эхнэрийн хамт ирсэн. Бид хамтдаа бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Гэтэл хохирогч нь миний нөхрийн хөнжил рүү орох, эхнэрээсээ салчих гэх мэтээр зүй бус үйлдэл миний дэргэд гаргасан тул би уурлаж түүний эрүүл мэндэд халдсан. Хохирогч нь манай гэрээс гараад өөрийн нөхөртэйгөө мөн адил маргалдаж бие биенийгээ түлхэж байсан...” гэв.

Эрүүгийн ... дугаартай хэргээс:

Хохирогч Ө.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 8-9, 11-12, 14-15 дугаар хуудас/,

Гэрч З.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар хуудас/,

Гэрч Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Эд зүйл, баримт бичгийг хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /39-43 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 10595 дугаартай дүгнэлт /хх-ийн 29-30дугаар хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн53 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн .. хороо, Рашааны .. тоотод хохирогч Ө.Б-тэй “хардалтын улмаас” маргалдаж, түүний нүүр хэсэгт цохих, маажих, хөл рүү нь өшиглөх зэргээр зодож, зүүн доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, баруун хацар, хамрын баруун угалзанд зулгаралт, зүүн гарын ядам хурууны хумсны хугарал, хэвтэшний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч Ө.Б “...2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр нөхөр Б.А-тай хамт Сүхбаатар дүүрэг .. дугаар хороонд байх нөхрийн найз З.Б-ийн гэрт очиж айраг авахаар очсон. Тэгтэл нөхрийн найз З.Б удаан уулзаагүй юм чинь ганц шил архи уучихъя гээд ганцаараа дэлгүүр яваад нэг шил архи авч ирсэн. Тэгээд манай нөхөр, найзтайгаа тэр архийг нь хувааж уусан. Нөхөр нь айраг байгаа гээд надад айраг хийж өгөхөөр нь 3 аяга айраг уусан. Тэгтэл эхнэр У нь хоёулаа пиво уучихъя гээд бид хоёр Сэнгүр нэртэй том савлагаатай 2 ширхэг пиво хувааж уусан.У над руу агсарч, нөхөртэйгөө хардсан, намайг хүүхдээ хөхүүлээд сууж байтал У ирээд миний үсийг үсэдсэн. Нүүр рүү самардсан, хүүхэд маань уйлаад байхаар нь гэрээс нь гарсан. Араас У гарч ирээд намайг үстээд зууралдаад байсан. Хүүхдээ тэвэрчихсэн байж байтал надтай зууралдаад байсан. Би хүүхдээ машинд суулгачхаад нөгөө хүүхдээ авах гээд эргээд очтол над руу дахиад У хэл амаар доромжлоод дайраад байхаар нь түүнийг түлхсэн. Тэгтэл нөхөр З.Б намайг түлхэж унагаасан. Намайг газар унах үед У миний нуруу дал хөлийн шилбэ хэсэг рүү өшиглөсөн, Босоод иртэл У миний зүүн гарын сарвууны хэсгийг өчиж, дарсан, миний хуруу хавдчихсан, би арай гэж хүүхдээ аваад машиндаа суусан. Суутал машины урд салхины шил рүү У нэг юм шидэх шиг болсон. Тэгээд нөхөр орж ирээд суугаад тэндээсээ хөдлөөд гэр лүүгээ явсан. Тэр үед манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Намайг цохиулж байх үед хамт хажууд байсан боловч салгахгүй байсан. Тэгээд гэртээ иртэл хартал нүүр хавдчихсан, хамар мурийчихсан, хөлийн шилбэ, далны хэсэг хөндүүртэй болчихсон байсан юм. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр ирж гомдол гаргасан юм. Би томографын зураг 120,000 төгрөгөөр авхуулсан. Энэ асуудлаас болоод наашаа цаашаа нэлээн явсан, гомдолтой байна...” гэх мэдүүлэг,

Гэрч З.Б-ийн “...Би архиа уучхаад унтаад өгсөн байна лээ. Сэрэхэд 4 ширхэг Сэнгүр нэртэй пивоны хоосон сав байсан. Босоод иртэл Б.А эхнэртэйгээ хэрэлдэж байсан. Юунаас болоод хэрэлдээд байгааг нь мэдээгүй, тэгээд гарч тамхилах гээд гартал араас Ө.Б гарч ирээд нойл руу орж ирээд тамхилчих найзаа гэхээр нь чи ямар сонин юм бэ бие засаж байхад гэхэд гараад явчихсан. Тэгээд гэр лүү ороод унтаж байсан баруун талынхаа орон дээр хөнжилдөө ороод хэвтэж байтал Ө.Б миний ор луу орох гээд байсан. Тэгэхэд би болиоч гэж хэлсэн. Ө.Б чинийхийг хөхье, долооё гэхээр нь би боль гэж хэлсэн, тэр үед манай эхнэр байсан, эхнэр маань түүнийг ямар хүнд тоглодог юм бэ гээд инээгээд байж байсан. Тэгтэл Б.А чи айлд ирчхээд болиоч гэхэд Ө.Б нөхөр рүүгээ чи угаасаа намайг хангадаггүй биз дээ гээд орилоод байсан. Харин нөхөр нь манай эхнэр Б.У руу чи яаж тэвчиж байна аа гээд байсан. Б.А-д Ө.Б-ийг аваад яв аа гэхэд Ө.Б ч тэр, Б.А ч тэр явахгүй суугаад байсан. Ө.Б манай эхнэрийн нуруу, гар руу нь гараараа цохиод, нөхрөө ч цохиод байсан, манай эхнэрт чи нөхрөөсөө салчхаач, би нөхрийг чинь хангаад явчихна шүү дээ гээд байсан. Манай эхнэр уурлаж босож ирээд Ө.Б-ийг түлхсэн, хариуд нь манай эхнэрийг үстээд дарсан, тэгтэл эхнэр маань түүнийг үстээд зууралдсан. Нээх удалгүй би тэр хоёрыг салгасан. Б.А энэ үед салгахгүй суугаад байсан. Би тэр хоёрыг салгасан боловч Ө.Б манай эхнэр рүү дайраад байсан. Алчихъя пизда гээд хараагаад байсан. Б.А-тай нийлээд эхнэрийг хашаанаас гаргасан, тэр хоёрыг орхичхоод эхнэр рүү гаргахгүй гээд гэрийнхээ үүдэнд зогсож байтал Б.А хүүхдүүдээ авъя гээд ирсэн, араас нь Ө.Б ирээд манай эхнэртэй дахиад үсдэлцээд байсан, үсдэлцэж байгаад хамтдаа гэрийн үүдэнд унасан..” гэх мэдүүлэг,

Гэрч Б.А-гийн “...уугаад дуусаж байтал Ж.Б унтаж байгаад сэрсэн. Гарч тамхилах уу гээд Ж.Б-ийн хамтаар гарсан. Ууж байгаад гадаа салхинд цохиулаад бүр илүү согтсон юм шиг байгаа юм. Түүнээс хойших үйл явдлыг санахгүй байгаа юм. Нэг мэдэхэд Ж.Б нөгөө хоёр чинь зодолдоод байна гэхээр нь хартал хашаанд манай эхнэр Ө.Б болон У хоёр хоорондоо тэврэлдэж байх шиг байсан. Би зодолдож байна гэж хараагүй болохоор тоохгүй хаячихсан. Би өмнөх өдөр нь ажилтай хоносон, нойр муутай, хоол унд идээгүй байсан болохоор амархан согтчихсон байгаа юм. Нэг харахад Ж.Б эхнэр У-г салгаад цаашаа аваад явж байсан. Тэндээс хөдлөөд эхнэр хүүхдүүдтэйгээ харьчихсан юм.. ” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 10595 дугаартай “...Ө.Б биед зүүн доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, баруун хацар, хамрын баруун угалзанд зулгаралт, зүүн гарын ядам хурууны хумсны хугарал, хэвтэшний цус хуралт. зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх, дарах, шахах механизмаар үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна.” гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.У-ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Тодруулбал Б.У нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас Ө.Б биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.

Иймд шүүх шүүгдэгч Б.У нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.У нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.У нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд  заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болон хохирогч Ө.Б зүй бус үг хэллэг шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг зүгээс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч Ө.Б баримтаар нэхэмжилсэн 128000 /нэг зуун хорин найман мянга/ төгрөгийг /хх-ийн 43 дугаар хуудас/ шүүгдэгчээс гаргуулан хохирогч Ө.Б-т олгох нь зүйтэй.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар,эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болон  хувийн байдал, орлого олох боломж зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.У нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт Б.У-ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай. 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-аас 128.000 /нэг зуун хорин найман мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Б-т олгосугай.   

6. Шүүгдэгч Б.У нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДАРЬСҮРЭН