Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/03

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

улсын яллагч Г.Баясгалан,

хохирогч Б.*******,

шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт  *******ийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2307000000001 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******т төрсөн, *******тай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, *******д ажилтай, ам бүл-6, аав, ээж, ах, дүү нарын хамт тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.******* нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 21 цагийн орчим , анд иргэн Б.*******тэй “насанд хүрээгүй дүүг уруу татлаа” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний нүүр, эрүү хэсэгт гараараа 2 удаа цохин халдаж, эрүүл мэндэд нь эрүү ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар.

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл шүүгдэгч Ц.******* нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 21 цагийн орчим , анд иргэн Б.*******тэй “насанд хүрээгүй дүүг уруу татлаа” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний нүүр, эрүү хэсэгт гараараа 2 удаа цохин халдаж, эрүүл мэндэд нь эрүү ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

1.2 Нотлох баримтын үнэлгээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийг өгсөн. Үүнд:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.*******ын өгсөн “... Нэмж мэдүүлэг өгөхгүй, урд өгсөн мэдүүлэг үнэн зөв болно.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 05-ны орой “” цогцолбор сургуулийн зааланд тоглож байсан. Дүү Ц. нь зааланд байгааг мэдээгүй. Гэнэт нэг хүн орж ирээд нүүр лүү цохисон. Тэр үед яг юу болсон талаар сайн санахгүй байна. Над руу дайрахаар нь би чи андуураад байна хоёулаа ярилцъя гэхэд нүүрэн тус газар 2 удаа цохисон.” гэв.

Улсын яллагчийн шинжлэн судалсан, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тодруулбал:

- мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.*******ий өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 05-ны орой найз нарын хамт ны спорт зааланд гар бөмбөг тоглосон. 21 цагийн үед зүс таних ******* гэх хүн орж ирээд надруу “чи яагаад жаахан хүүхэд уруу татаад байгаа юм” гээд миний толгойруу өөрийнхөө дух хэсгээр тулсан. Тэгээд эхлээд зүүн гараараа миний баруун хацар руу, дараа нь баруун гараараа миний зүүн шанаа хэсэг рүү 1 удаа буюу нийт 2 удаа цохисон. Би *******ын дүүг нь танихгүй. Би хэн нэгэн хүүхэд уруу татаж байсан зүйл байхгүй. Тэр үед заалнаас гараад гэртээ ирсэн ба тэгэхэд ******* араас “уучлаарай, би андуурсан байна” гээд чат бичсэн. Би гэртээ ирээд амрах гэсэн чинь бүр өвдөөд унтаж болохгүй байсан учир эмнэлэгт хандсан. Тухайн үед эрүү өвдөж байсан. Би ажилгүй байсан хугацааны цалингийн дундаж 1.200.000 төгрөг. Эм тариа, шатахууны зардалд 453.534 төгрөг, одоо 7 хоногийн өвчин намдаах эмийн зардалд нийт 2.000.000 төгрөг болсон. Энэ хугацаанд намайг эмчилгээнд байхад 1.250.000 өгрөг бэлнээр, мөн 750.000 төгрөг тус тус бэлнээр өгсөн бөгөөд эмчилгээний зардлаа гаргаж авсан тул одоо надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг  /хх-ийн 63,65 дахь тал/,

-мөрдөн шалгах ажиллагаанд Ц.*******ын яллагдагчаар өгсөн “Би 2022 оны 12-р сарын 05-ны өдөр гэртээ байж байсан чинь ээж надад 8-р ангийн дүү нэг гэх фэйсбүүк хаягнаас нэг насанд хүрсэн хүнтэй чатлаад байна дүүдээ анхаарал тавь ямар хүнтэй холбогдоод байгааг ол гэж хэлсэн би тухайн үедээ нээх тоогоогүй тэгсэн орой 20 цаг болж гадаа харанхуй болсон. Би дүүгээ гэртээ хүлээгээд л байсан. Ирээгүй 21 цаг өнгөрсөн. Ээж үглээд хүний ах бол дүүгээ олж ир гэсэн би гэрээс гараад дүүгийнхээ найз нарын гэрээр орж үзсэн байхгүй байсан. Тэгээд би дүүгээ олоогүй буцаад гэртээ ирсэн энэ үед ээж сургуулийн заал руу утсаар ярьж дүүг тэнд байгааг мэдсэн. ...тэгээд сургуулийн зааланд яваад очсон чинь дүү гар бөмбөг тоглоод байж байсан 1-р хорооноос 5 хүүхэд ирсэн байсан. Би зүс мэдэх ******* гэх залууг нөгөө гэх хаягны эзэн байна гэж бодоод уурандаа шууд очоод чи надаас ах юм байж жаахан хүүхэдтэй нийлэхээ болиоч, эцэг болох гэж байж битгий жаахан хүүхэдтэй чатлаад байгаач хэж хэлсэн. Тэгсэн ******* чи буруу ойлгоод байна гэж хэлсэн би шууд хувцаснаас нь замдаж байж байгаад *******ий зүүн талын шанаа хэсэг рүү нь баруун гараараа нэг удаа дараа нь баруун талын шанаа хэсэгт өөрийнхөө зүүн гараар мөн нэг удаа нийт 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг,

-мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.гийн өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 05-ны орой 20 цагт сургууль дээр ажлаа хүлээж авсан. 21 цагийн орчимд ******* орж ирээд шууд спорт заал руу орж байгаа харагдсан ба тэр үед дүү нь зааланд тоглож байсан. Тэгтэл хүн чангаар дугарч байгаа чимээ сонсогдоод очиход ******* нь 1 залуутай маргалдаж байсан. Намайг орохоос өмнө цохисон байсан. Мөн ******* нь “чи насанд хүрээгүй хүүхэдтэй чатлаад” гэж хэлэхэд нөгөө залуу нь “чи андуураад байна” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би *******ыг “гар чи, яагаад хэрүүл маргаан үсгээд байгаа юм” гээд хөөж гаргасан. Сургуулийн спорт зааланд хяналтын камер байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дэх тал/,

-мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Ц.гийн өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр явж заал авч тоглосон. 21 цагийн үед манай ах ******* намайг “гэрлүүгээ харь” гээд заалнаас гаргахаар нь би шууд гэрлүүгээ гүйсэн. Ах өөрөө зааланд үлдсэн. Зааланд юу болсон талаар мэдэхгүй байна. ******* гэх хүнийг би танихгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дахь тал/,

-мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч М.гийн өгсөн: “...Бид гар бөмбөг тоглож байхад гаднаас ******* ах ууртай орж ирээд тэр насанд хүрээгүй ах руу дайраад, духаараа тулж зогссон. Тэгээд “жаахан охин руу чат бичээд” гээд уурлаад зүүн гараараа тэр ахын баруун хацар руу цохисон. Би нэг удаа цохихыг нь харсан. Тэр үед би очоод салгаад байж байхад эгч орж ирээд бүгдийг нь заалнаас гаргасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 67 дахь тал/,

-мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Э.гийн өгсөн: “...Бид нийлж гар бөмбөг тоглож байсан ба 20 цагт зааланд орсон. 21 цагийн үед зааланд гийн төрсөн ах ******* орж ирээд шууд ******* гэх ахын нүүр рүү 2 удаа цохисон. Тэр үед би заалны нөгөө буланд байсан ба эгчийг зодоон болоод байна гээд дуудсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 69 дэх тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.ийн  2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №16590 дугаартай:

1. “Б.*******ий биед эрүү ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 24-25 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.3.Эрх зүйн дүгнэлт.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ц.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Ц.******* нь хохирогч Б.*******ий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.ийн  2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №16590 дугаартай: “Б.*******ий биед эрүү ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэх дүгнэлтээр тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Ц.******* нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд Ц.******* нь хохирогч Б.*******ийг “жаахан хүүхэд уруу татлаа” гэх шалтгаанаар үгийн зөрүүгүй нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь “эрүү ясны далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Иймээс шүүгдэгч Ц.*******д Эрүүгийн   хуулийн   тусгай   ангийн 11.4 дүгээр   зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

1.4. Хохирол, хор уршиг.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон. 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй,...бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус хуульчилж зохицуулсан.

Гэмт хэргийн улмаас Б.*******ий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан.

Шүүгдэгч нь хохирогчид эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн 458,534 төгрөг, ажилгүй байсан цаг хугацааны цалин хөлс 1,200,000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал 341,466 төгрөг, нийт 2,000,000 төгрөгийг төлсөн, мөн эрүүл мэндийн даатгалын сангаас Ц.*******д үзүүлсэн 218,000 төгрөгийн тусламж үйлчилгээний хөлсийг төрийн санд төлж барагдуулсан, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаар бүрдүүлэн Иргэний хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв. 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

2.1. Талуудын санал, дүгнэлт.

Улсын яллагчаас “...шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6 дугаар зүйлд тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирол, хор уршгийг мөнгөн дүнгээр төлж арилгасан, нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж тус тус үзлээ. Хохирогч Б.*******ий зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.*******аас баримтаар нийт 458,534 төгрөгийн хохирол, мөн ажилгүй байсан цаг хугацаанд олбол зохих 1,200,000 төгрөг болон цаашид хэрэглэх эмчилгээний зардал зэрэгт нийт 2,000,000 төгрөг нэхэмжилсэнг шүүгдэгч Ц.******* нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр бүрэн төлж барагдуулсан. Үүнээс гадна гэмт хэргийн улмаас хохирогчид Эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлсэн 218,000 төгрөгийн тусламж үйлчилгээг төрийн санд төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд гэмт хэрэг үйлдсэн буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой. Шүүгдэгч нь одоо *******тай бөгөөд цаашид Улаанбаатар хот, өөр дүүрэг, нутагт сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх бүрэн боломжтой бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусад нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах зэрэг ял шийтгэл нь түүний амьдралын хэвийн хэв маягийг алдагдуулсан, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хэт дордуулсан гэж үзсэн. Харин прокурорт хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргаж, тохиролцсон буюу урьд дурдсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны болон гэм буруугийн зарчимд тус тус нийцсэн байна. Ц.******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй, *******д ажилтай, ам бүл 6, аав, ээж, ах, 2 дүүгийн хамт амьдардаг. Мөн түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, бусдад учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгож, уг торгох ялыг 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх ялыг тохирсон. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсанг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх, хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгө, хөрөнгө хураах, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох, шүүгдэгчид авах албадлагын арга хэмжээтэй холбоотой гаргах саналгүй” гэх дүгнэлтийг танилцуулсан.

Хохирогч улсын яллагчийн дүгнэлтийг дэмжин оролцсон.

Шүүгдэгч Ц.******* торгуулийн ялыг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэв.

2.2. Эрүүгийн хариуцлага.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6 дугаар зүйлд тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирол, хор уршгийг мөнгөн дүнгээр төлж барагдуулсан зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.

Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр санал болгосныг шүүгдэгч Ц.******* хүлээн зөвшөөрсөн бөгөөд Ц.******* нь эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой тул торгох ял оногдуулах боломжтой, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирогч гомдол саналгүй зэрэг нөхцөл байдалд нь торгуулийн хэмжээ тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ц.*******д улсын яллагчийн санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулж, 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримт болон хураан авсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000  /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* нь шүүхээс оногдуулсан 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* нь оногдуулсан 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримт болон хураан авсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Ц.******* нь хохирогчид эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн 458,534 төгрөг, ажилгүй байсан цаг хугацааны цалин хөлс 1,200,000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал 341,466 төгрөг, нийт 2,000,000 төгрөгийг төлсөн, мөн эрүүл мэндийн даатгалын сангаас Ц.*******д үзүүлсэн 218,000 төгрөгийн тусламж үйлчилгээний хөлсийг төрийн санд төлж барагдуулсан, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаар бүрдүүлэн Иргэний хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        П.БАЯСГАЛАН