| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2019/01264/и |
| Дугаар | 1584 |
| Огноо | 2019-05-28 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 1584
| 2019 оны 05 сарын 28 өдөр | Дугаар 101/ШШ2019/01584 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Д.Золзаяа, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: А-ийн гаргасан,
Хариуцагч: Г-д,
Гэм хорын хохиролд 25,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, өмгөөлөгч Б, хариуцагч Г, өмгөөлөгч П, гэрч Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
“Бид, нэхэмжлэгчийн эмчилгээний зардалд 986,532.00 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 10,800,000.00 төгрөг болон ирээдүйд гарах эмчилгээний зардалд 13,403,463.00 төгрөгийг тус тус нэхэмжилсэн.
Нэхэмжлэгчийг эмчилж буй эмч нараас цаашид хэдэн төгрөгийн эмчилгээний зардал гарна гэдгийг нарийн тооцох боломжгүй гэсэн. Учир нь, одоогийн эмийн эмчилгээ нь тодорхой үр дүн өгөхгүй байгаа тул нэмж мэс засалд орж ч магадгүй гэсэн учраас зардлыг тооцох боломжгүй юм. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч тал өвчин намдаах, үрэвсэл дарах эмчилгээнүүд хийлгэж байгаа бөгөөд мэс заслын дараах эмчилгээний шатанд заавал үе шалттайгаар эмчлүүлэх боловч биеийн байдал сайн дээрдэхгүй байна.
Энэ байдлаас болж үргэлжлүүлэн эмчилгээ хийх шаардлагатай тул зардлыг 13,403,463.00 төгрөг гэж тооцсон. Нэхэмжлэгч нь хэвлийн тус газраа хутгалуулсны дараа цээжний хөндий, хэвлийн хөндийн мэс засалд орж, өрцний хажууд үүссэн идээг эмнэлгийн байгууллагаас монголд авах боломжгүй гэж хариу өгсөн.
Одоо нэхэмжлэгч нь 2 гуурс хажуу талдаа суулгуулж, 1 ширхэг нь 50,000.00 төгрөгийн үнэтэй эмийг ууж, өдөрт 8 цагийн зайтай тариа хийлгэж, уургийн алдагдалтай явж байна. Өнгөрсөн хугацаанд тэрээр Б ХХК-нд барилгын дотор засал, гадна фасадны ажил хийж, сар бүр 1,200,000.00 төгрөгийн цалин авдаг байсан.
Гэтэл өнгөрсөн 10 сарын хугацаанд хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нийт 10,800,000.00 төгрөгийн цалин хөлс авч чадаагүй, үүнийг гэрч Г.Өлзийбат нотлох болно.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 986,532 төгрөгийг төлөхөд татгалзахгүй гэж байгаатай санал нийлж байна. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хариуцагчаас нэхэмжлэгчийг тусалж дэмжиж байсан нь үнэн. Гэвч үүнээс хойш гарсан зардлыг нотолсон баримт бий. Цалингийн тухайд нотлуулахаар гэрчийг оролцуулсан. Нэхэмжлэгч тал өнөөдрийг хүртэлх хугацаанд ажлаа хэвийн хийж байсан бол 10,800,000.00 төгрөгийг авах ёстой байсан юм.
Хариуцагч нь хорих байгууллагад ял эдэлж байгаа гэдэг шалтгаанаар бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлыг эдгээхэд шаардлагатай төлбөрийг төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй. Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Хэрэгт авагдсан мөнгө шилжүүлсэн баримт болон Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсанаар хариуцагчаас 7,679,000.00 төгрөг, мөн 1,800,000.00 төгрөг, нийт 9,479,000.00 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Эдгээр төлбөрийг төлөхдөө өөрөө болон эхнэрийн нэр дээр банкнаас тэтгэврийн зээл авч, өгсөн бөгөөд зээлийг буцаан төлөх хугацаа дуусах болоогүй.
Бид, эмчилгээтэй холбоотой гарсан 986,532.00 төгрөгийг төлөхөд татгалзахгүй, харин бусад зардлыг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад бэ гэвэл хариуцагч хорих газар хоригдож байгаагаас гадна түүнд хохирлыг төлөх мөнгө байхгүй, нөгөө талаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй.
Хэрэгт нэхэмжлэгчийг 2018 оны 08 дугаар сараас хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлс гэж 10,800,000.00 төгрөгийг авах ёстой байсан гэдгийг нотолсон хөдөлмөрийн гэрээ, ажилд томилсон тушаал байхгүй, сар бүр 1,200,000.00 төгрөгийн цалин авч байсан гэсэн тайлбар худлаа байна.
Мөн цаашид гарах эмчилгээний зардлын хувьд энэ талаар тодорхой тооцоолол, нэхэмжлэл алга, ажилгүй байсан хугацааны цалингийн талаар ярьсан, гэтэл барилгын ажил нь хугацаатай байдаг учраас зарим үед ажил олдохгүй тохиолдол ч бий, гэрчээр оролцсон этгээдийн мэдүүлгээс үзвэл нэхэмжлэгч тал тус компанид 2016 оноос хойш ажил хийгээгүй байна.
Иймд, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул 986,532.00 төгрөгөөс бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Аээс хариуцагч Год холбогдуулан гэм хорын хохиролд 25,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр иргэний үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл тэрээр хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4.-т зааснаар учруулсан хохирлыг арилгуулахыг хүсчээ. Гэвч шүүх, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 907 тоот шийтгэх тогтоолоор хариуцагч Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4.-т заасан зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоож, түүнийг 5 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэсэн байна /х.х-ийн 2-5 хуудас/.
Тодруулбал, хариуцагч Г нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч Аийн хэвлий тус газар хутгалж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан ба зохигчид дээр дурдсан 907 тоот шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон эсэх талаар маргаагүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, тус 907 тоот шийтгэх тогтоолоор хариуцагч Гыг нэхэмжлэгч Аийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх үйл баримтын талаар дүгнэж, хариуцагчийг гэм буруутайг тогтоон шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул зохигчид энэ талаар маргахгүй эрхгүй юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14.-т “.............бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй” гэж, мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заасан.
Энэ нь, уг хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 187 дугаар зүйлийн 187.1.-д тус тус зааснаар гэм хор учруулсан үйлдэл, эс үйлдэхүйн улмаас тодохой үүрэг үүсэх үндэслэл болох ба үүнд гэм хор учруулсан этгээд гэм буруутай байх тохиолдолд тэрээр хохирогчийн өмнө учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэг хүлээнэ гэсэн агуулгатай.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн тус 907 тоот шийтгэх тогтоолд дурдсанаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлтээр хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн амь насанд аюултай гэмтлийн “хүнд” зэрэгт хамаарах хохирол учирсан гэж дүгнэсэн байна.
Тодруулбал, Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-д ”эрүүл мэнд гэж хүн өвчин, эмгэггүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхыг хэлнэ” гэж заасны дагуу хариуцагч Г тийнхүү нэхэмжлэгч Аийн хэвлий тус газар хутгалснаар түүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан байх тул нэхэмжлэгч тал үүнээс бий болсон сөрөг үр дагаврыг арилгахыг хариуцагчаас шаардах эрхтэй юм.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1.-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн 505.2.-т “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны эмчилгээний зардалд 986,532.00 төгрөг, энэ хугацаанд авч чадаагүй цалин хөлс 10,800,000.00 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардалд 13,403,463.00 төгрөгийг тус тус нэхэмжилсэн.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нэхэмжлэгч Аийн амбулаториор эмчлүүлэгсдийн картад тусгагдсанаар тэрээр тус эрүүгийн хэргийн улмаас цээжний болон хэвлийн хөндийн мэс засалд орж, улмаар мэс заслын дараах эмчилгээнд хамрагдаж байгаа ажээ.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 907 тоот шийтгэх тогтоолд дурдсанаар хариуцагч тал эмчилгээний зардалд нэхэмжлэгчид 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд 7,679,000.00 төгрөг, мөн 1,800,000.00 төгрөг, нийт 9,479,000.00 төгрөгийг төлсөн бөгөөд одоо нэхэмжилж буй эмчилгээний зардалд төлсөн 986,532.00 төгрөгийг төлөхөд татгалзахгүй гэсэн боловч гэм хорын улмаас авч чадаагүй гэх цалин хөлс болох 10,800,000.00 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардалд 13,403,463.00 төгрөгийг тус тус төлөхгүй гэж маргасан.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Б ХХК-иас нэхэмжлэгч Аийг нэг сарын 1,200,000.00 төгрөгийн цалинтай ажиллаж байсан нь үнэн гэсэн тодорхойлолт өгчээ. Гэвч шүүх хуралдаанд гэрчээр оролцсон тус компанийн гүйцэтгэх захирал ажилтай Г.Өлзийбат мэдүүлэхдээ “нэхэмжлэгчийг 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилласан, энэ өдрөөс хойш манай компанид ажиллаж байгаагүй” гэсэн тайлбар өгсөн /х.х-ийн 7 хуудас/.
Тодруулбал, хэдийгээр нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ гэм хорын улмаас ажилгүй байсан хугацаанд Б ХХК-иас авах ёстой 10,800,000.00 төгрөгийн цалин хөлсийг авч чадаагүй гэсэн ч тэрээр 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс хойш тус компанид ажиллаж байгаагүй, сард 1,200,000.00 төгрөгийн тогтмол цалин хөлстэй ажил эрхэлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-д “эмнэлгийн тусламж, үйлчилгээ гэж өвчин эмгэг, гэмтэл бэртэл, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах цогц үйл ажиллагааг хэлнэ гэж, түүнчлэн Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9.-д ”эмчлэх гэж өвчнийг оношлох, эдгэрүүлэх, өвчтөнийг сэргээн засах, өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн эмчийн мэргэжлийн цогц үйл ажиллагааг хэлнэ” гэж тус тус заажээ.
Тайлбарлавал, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч А нь мэс заслын дараах эмчилгээнд хамрагдаж байгаа болох нь эмнэлгийн магадлагаа, амбулаториор эмчлүүлэгсдийн картаар нотлогдож буй ч цаашид ямар төрлийн эмчилгээ хийлгэх болон ямар эм тариа хэрэглэх нь тодорхой бус, мөн сар бүр тогтмол гардаг эмчилгээний зардлын баримт байгүйгээс улбаалан ирээдүйд гарах зардлыг тодорхойлох боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4.-т “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж заасан боловч нэхэмжлэгч тал уг гэм хорын улмаас эрүүл мэндэд учирсан сөрөг үр дагаврыг арилгахад гарах зардал нь ирээдүйд 13,403,463.00 төгрөг болох эсэх нь хөдөлбөргүй баримтаар тогтоогдсонгүй.
Хэдийгээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2.-т “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж нотлох үүргийг хариуцагч талд хуваарилсан боловч энэ нь зөвхөн гэм буруугийн талаар маргах тохиолдолд хамааралтай юм.
Тодруулбал, хариуцагч тал гэм буруугийн талаар маргаагүй ч нэхэмжлэгч нь гэм хорын улмаас өөрийн эрүүл мэндийн эмчилгээний зардалд цаашид 13,403,463.00 төгрөгийг зарцуулах, мөн ажиллаж чадаагүй улмаас 10,800,000.00 төгрөгийн цалин хөлс авч чадаагүй гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3.-д “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэж тус тус заасны дагуу нотлох учиртай юм.
Гэвч хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгчийн 10,800,000.00 төгрөгийн цалин хөлс авч чадаагүй болон эмчилгээний зардалд 13,403,463.00 төгрөгийг зарцуулан гэсэн тайлбараа тодорхой баримтаар нотолсонгүй.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 986,532.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 24,013,468.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр нэхэмжлэгчийн цаашид гарах эмчилгээний зардлыг хариуцагчаас жич нэхэмжлэхэд саад болохгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Ц.ЦЭРЭНДУЛАМ