| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2019/00660/И |
| Дугаар | 1178 |
| Огноо | 2019-05-17 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 1178
2019 оны 05 сарын 17 өдөр Дугаар 181/ШШ2019/01178 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 29-р байр, 118 тоот хаягт оршин суугаа, Боржигон халтар овогт Балжинсүрэнгийн /рд:ЙР76021261/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, МТҮПаркийн байр, 315 тоот хаягт оршин байгаа, “Шинжлэх ухаан, технологийн сан” УТҮГ /рд:9126813/-т холбогдох,
“Шинжлэх ухаан, технологийн сан” УТҮГ-ын захирлын 2019 оны 01 сарын 14-ний өдрийн 01 тоот тушаалыг хүчингүй болгуулах, өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б., түүний өмгөөлөгч А.Мөнх-Өлзий, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлын 2019 оны 01 сарын 14-ний өдрийн 01 тоот актыг эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Учир нь тус тушаал нь иргэн миний Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжоор хамгаалагдсан хөдөлмөрлөх эрхийг үндэслэлгүйгээр илт хуулийг зөрчиж хязгаарласан билээ.
Тодруулбал, иргэн намайг ажлаас халах тушаал гаргахдаа тус байгууллагын захирал гэх Д.Энхжаргал нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 01 сарын 14-ний өдрийн Б/02 дугаартай тушаалаар “... ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэлээр чөлөөлөгдсөн, эрх хэмжээгүй атлаа тушаал гаргасан байдаг.
Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэгт заасан “байнгын ажлын байранд гэрээг хугацаагүй” байгуулна, 23.3-т “Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно” гэсэн заалтуудыг ноцтойгоор зөрчсөн тушаалыг гаргасан.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.1, 24, 37.1.3, 38.1.2, 40.1-д заасан хөдөлмөрийн гэрээ дуусах нөхцөл, үндэслэл тогтоогдоогүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасны дагуу ажил олгогч нь 1 сарын өмнө ажилтанд мэдэгдэх ёстой болно гэсэн заалтуудыг тус тус зөрчиж байна.
Иймд Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлын 2019 оны 01 сарын 14-ний өдрийн 01 тоот тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Иргэн Б.ээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Хариуцагчийн зүгээс уг шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б. нь хариуцагч “Шинжлэх ухаан, технологийн сан” УТҮГ-т холбогдуулан, “Шинжлэх ухаан, технологийн сан” УТҮГ-ын захирлын 2019 оны 01 сарын 14-ний өдрийн 01 тоот тушаалыг хүчингүй болгуулах, өмнө нь эрхэлж байсан Захиргаа, хяналт шинжилгээний хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3,480,000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч “Шинжлэх ухаан, технологийн сан” УТҮГ нь нэхэмжлэгч Б.ээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Б.ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэг. Хэрэгт авагдсан 2018 оны 01 сарын 08-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ”-гээр Б.ийг “Шинжлэх ухаан, технологийн сан” УТҮГ-ын Захиргаа, хяналт шинжилгээний хэлтсийн даргаар ажиллуулах, ажилтны сарын үндсэн цалинг ТҮ-11-3 цалингийн сүлжээгээр тооцож олгохоор зохигч талууд тус тус харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байна. /хх-23-28х/
“Шинжлэх, ухаан технологийн сан” УТҮГ-ын захиралын 2019 оны 01 сарын 14-ний өдрийн 01 тоот тушаалаар Б.тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2018 оны 12 сарын 31-ний өдөр дуусгавар болсон үндэслэлээр Б.ийг ажлаас чөлөөлсөн байх ба уг тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасныг тус тус үндэслэл болгожээ. /хх-4х/
Нэхэмжлэгч Б. дээр дурдсан тушаалыг эс зөвшөөрч, ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халагдсан тухай гомдлоо анх 2019 оны 02 сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацаанд гомдлоо гаргажээ гэж үзэв. /хх-8х/
Хоёр. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар заасан байх ба мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д “байнгын ажлын байр” гэдэгт ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил үүргийг ойлгохоор зохицуулжээ.
Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 01 сарын 08-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ”-нд тусгагдсан нөхцөл буюу ажлын байрны буюу албан тушаалын нэр /2.1, 2.2 зүйл/, үндсэн цалин /4.1, 4.5 зүйл/, ажил, амралтын цаг /3.1-3.7 зүйл/, ажилтны эрх, үүрэг /6.1.8, 6.1.9, 6.1.10, 6.1.14 зүйл/, гэрээ дуусгавар болох нөхцөл /8.1.1-8.1.9 зүйл/ зэрэг зохицуулалтаас үзэхэд “Шинжлэх ухаан, технологийн сан” УТҮГ-ын Захиргаа, хяналт шинжилгээний хэлтсийн даргын ажил, албан тушаал нь “Байнгын ажлын байр”-ны шинжийг агуулж байх тул хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д нийцээгүй байна. /хх-23-28х/
Хэрэгт авагдсан Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдын 2019 оны 01 сарын 14-ний өдрийн “Дамдины Энхжаргалыг ажлаас чөлөөлөх тухай” Б/02 тоот тушаалын хуулбар, “ШУТСангийн захирал Д.Энхжаргалын ажил хүлээлцэх үйл ажиллагааны протокол” зэрэг бичгийн нотлох баримтаар “Шинжлэх ухаан, технологийн сан” УТҮГ-ын захирал Д.Энхжаргалыг 2019 оны 01 сарын 14-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох, мөн “Байгууллага дотроос гомдол ирсэн” нь Д.Энхжаргалыг ажлаас чөлөөлөх нэг үндэслэл болсон болох нь тус тус тогтоогдож байна. /хх-32-36х/
Дээр дурдсан үйл баримтыг хэрэгт авагдсан Хүний эрхийн үндэсний комиссын 2019 оны 01 сарын 07-ны өдрийн “Гомдол шийдвэрлүүлэх тухай” 2/10 тоот албан бичигтэй харьцуулан дүгнэхэд “Д.Энхжаргал захирал нь байгууллагын дотроос гомдол гаргасантай холбоотойгоор үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн учир хувийн сэдэлтээр намайг ажлаас чөлөөлсөн” гэсэн агуулга бүхий нэхэмжлэгч талын тайлбарыг үнэн зөв гэж үзэх үндэслэлтэй байхаас гадна “Шинжлэх ухаан, технологийн сан” УТҮГ-ын захирал Д.Энхжаргалыг бүрэн эрхгүй байхдаа Б.ийг ажлаас чөлөөлөх тушаал гаргажээ гэж үзэхээр байна. /хх-32-36х/, /хх-46х/
Иймд Б.ийг “Шинжлэх ухаан, технологийн сан” УТҮГ-ын Захиргаа, хяналт шинжилгээний хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.
Гурав. Нэхэмжлэгч нь нэг сарын цалин хөлсийг 1,160,000 төгрөгөөр тооцож нийт 90 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 3,480,000 төгрөгийг нэхэмжилж байна.
Хэрэгт авагдсан “Хөдөлмөрийн гэрээ”, “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт” зэрэг баримтаар Б.ийн нэг сарын цалин хөлс 1,160,000 төгрөг болох нь нотлогдохгүй байх тул “Хөдөлмөрийн гэрээ”-ний 4.1-д заасан ТҮ-11-3 гэсэн цалингийн сүлжээний шатлалыг үндэслэн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын Засгийн Газрын 2014 оны 10 сарын 11-ний өдрийн “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай” 332 дугаар тогтоол ТҮ-11-3-т хамаарах нэг сарын цалин нь 740,341 төгрөг байна.
Иймд 740,341 төгрөг : 22 хоног = 33,651.86 төгрөг /нэг өдрийн цалин хөлс/ х 85 хоног /Ажлаас халсан тушаал гарсан 2019 оны 01 сарын 14-ний өдрөөс Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2019 оны 05 сарын 17-ны өдөр хүртэлх хугацааны ажлын өдрүүд/ = 2,860,408 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох тооцоолол гарч байна.
Дөрөв. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх, ийнхүү шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг хийх үүрэгтэй учир нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг хангах үндэслэлтэй.
Тав. “Шинжлэх ухаан, технологийн сан” УТҮГ-ын захирлын 2019 оны 01 сарын 14-ний өдрийн 01 тоот тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд, энэхүү тушаал нь нэхэмжлэгчийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргах үндэслэл болсон байх тул хүчингүй болгох шаардлагагүй буюу нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд шийдвэрлэх шаардлагагүй гэж үзэв.
Зургаа. Хариуцагчийн төлөөлөгч Н.Ариунтунгалаг нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг үндэслэн түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн ба энэ талаар “Ирц шийдвэрлэх тухай” тусдаа захирамж гаргасан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Б.ийг “Шинжлэх ухаан, технологийн сан” УТҮГ-ын Захиргаа, хяналт шинжилгээний хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,860,408 төгрөгийг хариуцагч “Шинжлэх ухаан, технологийн сан” УТҮГ-аас гаргуулан нэхэмжлэгч Б.т олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох нөхөн бичилтийг хийхийг хариуцагч “Шинжлэх ухаан, технологийн сан” УТҮГ-т даалгаж, үлдэх 619,592 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Б.ийн нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч “Шинжлэх ухаан, технологийн сан” УТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 60,716 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.