Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1137

 

 

 

 

 

 

 

2022          12           02                                 2022/ШЦТ/1137

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүгдэгч: Б.Г, түүний өмгөөлөгч П.Сарантуяа, Т.Пүрэвхатан

Хохирогчийн өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Номин,

Улсын яллагч: Г.Түвшинбаяр нар оролцсон эрүүгийн 2209000001471 дугаартай хэргийг хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Монгол Улсын иргэн, 1998 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Б.Г

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Эм жи жи” эмнэлгийн зүүн талын зам дээр “...нэгдүгээр эгнээнд машин тавьж болохгүй, түгжрэл үүсгээд байна, зам чөлөөл..” гэж зүй ёсны шаардлага тавьсан хохирогч М.М-тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар үүссэн маргааны явцад нүүр хэсэг рүү нь цохих, түлхэх, боох зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн завжны салстад цус хуралт, хүзүү, баруун эгмийн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Миний бие хохирогчийн хэлсэн замын орчинд тээврийн хэрэгслийг байршуулаагүй байсан. Би тухайн замаас холдсон ч түгжрэл арилахгүй байсан бөгөөд хохирогч өөрийн тээврийн хэрэгслийг холдуулсан тохиолдолд түгжрэл арилах боломжтой байсан. Мөн хэрэг гарах цаг хугацаанд эхнэр хүүхдээ тэврээд тээврийн хэрэгслээс буусан бөгөөд хохирогчид “та тээврийн хэрэгслээ холдуулаад өгөөч, хүүхэд халуураад бид эмнэлэг орох хэрэгтэй байна” хэмээн хэлсэн, өөрөөр ямар нэгэн байдлаар М.М буюу хохирогчийн биед халдсан зүйлгүй байсан. Гэтэл хохирогч миний эхнэртэй зүй бус харьцсан буюу түүнийг дээрэлхэж “чи миний хэн гэдгийг мэдэх үү? би прокурорт ажилладаг” гэх мэт үгсийн хэлсэн. Би түүнийг эхнэр, хүүхэдтэй зүй бус харьцаад байсан учир тээврийн хэрэгслээс бууж хохирогчтой маргалдсан...” гэв.

Эрүүгийн 2209000001471 дугаартай хэргээс:

Хохирогч М.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар хуудас/,

Хохирогч М.М-аас гаргаж өгсөн гэмт хэрэг гарсны дараа биед нь гэмтэл учирсан байдлыг харуулсан гэрэл зураг /хх-ийн 26 хуудас/

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 42-43 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 10650дугаартай дүгнэлт /хх-ийн 47-48 дугаар хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр хуудас/,

Хохирлын баримт болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Эм жи жи” эмнэлгийн зүүн талын зам дээр “...нэгдүгээр эгнээнд машин тавьж болохгүй, түгжрэл үүсгээд байна, зам чөлөөл..” гэж зүй ёсны шаардлага тавьсан хохирогч М.М-тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар үүссэн маргааны явцад нүүр хэсэг рүү нь цохих, түлхэх, боох зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн завжны салстад цус хуралт, хүзүү, баруун эгмийн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч М.М-ын “...2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 11 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэгдүгээр төрхийн зүүн урд талын замаар урдаасаа хойшоо зүгт “Эм жи жи” эмнэлгийн хажуугаар явж байсан. Тэгсэн машины зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд нэг залуу машинаа байршуулж байсан. Тэр хүнд би нэгдүгээр эгнээнд машин тавьж болохгүй энэ зам түгжрээд машин зөрж болохгүй байна машинаа холдуул гэсэн шаардлага тавьсан. Тэгсэн эхнэр нь гарч ирээд чи юун сүртэй юм гэж хэлээд эхнэр нь миний хацар руу гараараа хүрсэн. Тэгээд эхнэртэй нь маргалдаад зогсож байсан цаана машиндаа сууж байсан залуу ирээд гараад ир гэхээр нь гарсан ба хоорондоо маргалдаж зууралдсан. Улмаар хойноос машин сигналдаад байхаар нь хүнд төвөг удаад яах уу гэж бодоод салаад машин руугаа суух гэсэн чинь араас тэр залуу боож эргэж хараад зууралдсан. Тэгсэн тэр залуу намайг4-5 удаа гараараа нүүр рүү цохиж гэмтэл учруулсан. Миний гаргасан үйлдэл бол тэр залууг нэг удаа л өшиглөсөн. Мөн цааш нь түлхэж хашаа руу шахсанаас өөр үйлдэл хийгээгүй. Тэгсэн хажуугаар явж байсан нэг залуу ирж салгасан ба миний хамраас цус гараад байсан болохоор өөр зүйл анзаарч хараагүй.." гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 10650 дугаартай “...М.М-ын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн завжны салстад цус хуралт, хүзүү, баруун эгмийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г нь хохирогч М.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон бөгөөд  шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Тодруулбал Б.Г нь хохирогчийн нүүр рүү цохиж хоолойг боож буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж  үйлдсэний улмаас М.М-ын биед хөнгөн гэмтэл учруулсан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн  дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцсэн байна гэж шүүхээс дүгнэв.

Хохирогчийн өмгөөлөгч Ч. Пүрэвсүрэнгээс: Монгол Улсын Үндсэн хуулинд хүн эрүүл мэндээ хамгаалуулах талаар дурдсан. Хэн ч ямар нэгэн байдлаар хүний эрүүл мэндэд халдаж болохгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хангалттай нотлон тогтоосон бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураан бэхжүүлсэн дүрс бичлэгээс хэрэг учрал болсон үеийн үйл баримт тодорхой харагддаг. Бид эд мөрийн баримтыг шинжлэн судлах үед миний үйлчлүүлэгч хэрүүл маргаанаас зайлсхийж өөрийн тээврийн хэрэгсэл рүү буцтал шүүгдэгч түүний араас ирж эрүүл мэндэд нь халддаг. Хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шүүгдэгчийн эхнэрээс мэдүүлэг, тайлбар авах шаардлагагүй. Миний үйлчлүүлэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хэргийн материал, эд мөрийн баримттай таарч тохирдог. Ямар нэгэн байдлаар зөрсөн зүйлгүй. Шинжээчийн дүгнэлтээр миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндэд учирсан гэмтлүүдийг ямар зүйлийн үйлчлэлээр, ямар ямар гэмтэл учирсныг тодорхой дурдаж өгдөг. Гэмтлийн дагуу тэрээр эмчилгээ үйлчилгээг авсан. Хохирол төлбөртэй холбоотой баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад мөн шүүхийн шатанд шинээр гаргаж өгсөн. Иргэний хуульд зааснаар гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн цаашид гарах гэм хорыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж өгнө үү гэх,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Сарантуяа: Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлт гарсан. Дээрх дүгнэлтээр хохирогчийн биед учирсан гэмтэл боолтын улмаас үүссэн хэмээн дүгнэсэн зүйлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг миний үйлчлүүлэгчийн эхнэр хэлэх байсан. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг гарах болсон цаг хугацаанд хохирогч миний үйлчлүүлэгчийн эхнэр, өвчтэй хүүхэдтэй нь зүй бусаар харьцаж доромжилсны улмаас энэхүү хэрэг гарсан. Шүүгдэгчийн эхнэрээс гадна шүүгдэгч, хохирогч нарын маргааныг хөндлөнгийн этгээдүүд салгасан бөгөөд тухайн хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах боломжтой байсан. Бид шүүхийн шатанд эд мөрийн баримтыг шинжлэн судалсан бөгөөд дээрх баримтаар шүүгдэгч нь аргагүй хамгаалалт хийж, хохирогчийн эрүүл мэндэд халдаж байгаа үйл баримт харагддаг. Өөрөөр хэлбэл шүүгдэгч, хохирогч нар нь харилцан зодолдож хэн хэнийхээ эрүүл мэндэд хохирол учруулсан. Миний үйлчлүүлэгчийн гаргасан гомдлыг хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, энэхүү хэргээс туст нь шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Шинжээчийн дүгнэлтээр Б.Г-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан хэмээн дүгнэсэн. Нэг өдөр болсон хэргийг яагаад тусгаарлаж шалгаж байгаа нь тодорхойгүй байна. Прокурор хуульд байхгүй заалтыг үндэслэж миний үйлчлүүлэгчийн хэргийг тусгаарласан. Миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар 60 хүртэл хоногоор хойшлуулж хохирогч нь өөрийгөө прокурор гэж хэлсэн тул хувийн байдлыг тогтоох, хэрэг учрал гарсан гэх цаг хугацаанд хамт байсан этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг тайлбар авах хэрэгтэй гэх,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Пүрэвхатан: Миний үйлчлүүлэгч нь мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Хохирогчийн мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагаанд худал байсан. Хэргийн материалтай танилцах үед хохирогч миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндэд түрүүлж халдсан байсан гэхдээ үүнийгээ мэдүүлээгүй. Тэрээр хүүхэд нь байнгын асаргаанд байх шаардлагатай тул тогтсон тодорхой ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй. Миний үйлчлүүлэгч багадаа тархиндаа хүнд гэмтэл авсан. Шүүгдэгчийн хэлж буйгаар эрүүгийн хэргийн талаар мэдээгүй, цагдаагийн албан хаагч зөрчлийн тухай хуулиар торгоно гэсэн учир шүүх эмнэлэгт үзүүлэлгүй удсан. 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр мөрдөгч миний үйлчлүүлэгчийг дуудаж яллагдагчаар татах тогтоол танилцуулсан бөгөөд үүний дагуу эмнэлэгт үзүүлсэн баримтаа гаргаж өгч, шүүх эмнэлэгт үзүүлсэн. Энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч, хохирогч нарын биед адилхан гэмтэл үүсэж, гэмтлийн зэрэг тогтоогдсон. Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл тодорхойгүй, үүний дагуу эхнэрээс нь мэдүүлэг авах хэрэгтэй. Хохирогч нь хуулийн мэдлэг өндөр, мөрдөн шалгах ажиллагааны шатанд өмгөөлөл хууль зүйн туслалцааг бусдаас авч ирсэн. 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 11 цагийн харилцан зодооныг тусгаарласан прокурорын тогтоол ойлгомжгүй, үндэслэлгүй. Хэргийг хууль сайн мэддэг, заргач хүмүүст ашигтайгаар шийдвэрлэх боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар 60 хүртэл хоногоор хойшлуулж өгнө үү гэх дүгнэлт тайлбарыг тус тус гаргаж байна.

            2022 оны 09 сарын 07-ны өдрийн 12088 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Б.Г-ын эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн хохирол учирсан байх ба дээрх асуудлыг хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа болох нь 2022 оны 10 сарын 03-ны өдрийн 220902571 дугаартай тогтоолоор тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  “хэд хэдэн яллагдагч нэг, хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж зааснаас үзэхэд хэргийг нэгтгэн шийдвэрлэх асуудал нь зөвхөн яллагдагчийн хувьд  хамаарах тул Б.Г-ын хохирсон  үйлдлийг тусад нь шалгаж шийдвэрлэх нь хуульд нийцсэн байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх хэргийг 2022 оны 10 сарын 06-ны өдөр хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх талаар хүсэлт гаргаагүй тул 2022 оны 10 сарын 21-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг товлон зарласан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон бөгөөд шүүх хуралдаанаас хуульд заагаагүй үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй тул нэр бүхий этгээдүүдийг гэрчээр асуулгах, хохирогчийн хувийн байдлыг тогтоолгохоор гаргасан өмгөөлөгч нарын хүсэлтийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий сидиг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахад хохирогч М.М нь шүүгдэгч Г.Г-ыг түрүүлж цохиж биед нь халдаж байгаа үйлдэл тогтоогдсон бөгөөд хохирогчийн зүй бус үйлдэл болон шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Хохирол төлбөрийн хувьд: Хохирогч нь  өөрийн эмчилгээний зардалд нийт 2.119.747 /хоёр сая нэг зуун арван есөн төгрөг долоон зуун дөчин долоо/ төгрөг баримтаар нэхэмжилснээс эмчийн үзлэг, шинжилгээ, дүрс оношилгоо болон эм тарианы зардалд хамаарах 1.508.329 /нэг сая таван зуун найман мянга гурван зуун хорих ес/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгон, 611.418 /зургаан зуун арван нэгэн мянга дөрвөн зуун арван найм/ төгрөгт холбогдох баримт нь хэрэгт хамааралгүй болон гэмтэл учирснаас хойш 3 сар гаруй хугацааны дараа хийгдсэн эмчилгээний төлбөр нь хөнгөн гэмтэл учирсантай холбоотой гарсан зайлшгүй зардал гэж үзэхэд эргэлзээтэй байх тул энэ талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх даа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдэл гэмт үйлдэхэд нөлөөлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас: Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар,

Хохирогчийн өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн: Прокурорын саналыг дэмжиж байна. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж түүнд зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Сарантуяа: Миний үйлчлүүлэгч нь өөрийн хүүхдийн эрүүл мэндийн байдалтай холбогдуулан гадаад эмчилгээ хийлгэх, хөдөө орон нутаг руу зорчихыг үгүйсгэхгүй. Миний үйлчлүүлэгчид өмнө гэмт хэрэг холбогдож байгаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцаас эхлэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний ар гэр, хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн ялын доод нэгжээр торгох ялаар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Пүрэвхатан: Миний үйлчлүүлэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй. Тэрээр өөрийн хүүхдийн эрүүл мэндийн байдалд зохицуулж хөдөө орон нутагт эмчилгээ, сувилгаа хийлгэдэг учир зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах зохимжгүй. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү...” гэсэн саналыг тус тус гаргасан байна.

Шүүхээс шүүгдэгч Б.Г-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, хохирлоо нөхөн төлөөгүй зэргийг тал бүрээс нь харгалзан  1 /нэг/ сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан, зорчих эрх хязгаарлах ялыг зөрчсөн тохиолдолд гарах хууль зүйн үр дагаврыг тайлбарлаж, ялын биелэлтэд хяналт тавихыг нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1. 5. 6.  8,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Т овогт Б.Г-ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ыг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тухайн нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хориглосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Б.Г-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-аас 1.508.329 /нэг сая таван зуун найман мянга гурван зуун хорин ес/ төгрөгийг гаргуулж хохирогч М.М-д олгож, 611.418 /зургаан зуун арван нэгэн мянга дөрвөн зуун арван найм/ төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхин, хохирогч нь шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийг хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8. Шүүгдэгч Б.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

10. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДАРЬСҮРЭН