| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2022/1087/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1143 |
| Огноо | 2022-12-06 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Ц.Төгөлдөр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1143
2022 12 06 2022/ШЦТ/1143
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,
Шүүгдэгч: Б.У
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Номин,
Улсын яллагч: Ц.Т нар оролцсон эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 12 сарын 06-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ... оны 05 дугаар сарын 06-ны өдөр .. аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт , М оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б.У,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Б.У нь 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн ..ны нутаг дэвсгэрт байрлах ““АВ”” төвийн 102 тоот өрөөнд Л.О нь NikkonD7200 загварын зургийн аппаратыг ажилдаа хэрэглээрэй хэмээн итгэмжлэн хариуцуулж өгснийг завшиж 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирлоо удаахгүй нөхөн төлнө. ..” гэв.
Эрүүгийн ... тоот хэргээс:
Хохирогч Л.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 28дугаар хуудас/,
“АБ” ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 43-45 дугаар хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд зэрэг болно.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.У нь 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн ..ны нутаг дэвсгэрт байрлах “Nikon D7200” төвийн 102 тоот өрөөнд Л.Онь Nikon-D7200 загварын зургийн аппаратыг ажилдаа хэрэглээрэй хэмээн итгэмжлэн хариуцуулж өгснийг завшиж, 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан үйлбаримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:
Хохирогч Л.О-ийн “...Би У гэх хүнийг Тэрэлж чанар группэд ажилд авсан. Авсны дараа албан ажилдаа ашиглаарай гэж 1,800,000 төгрөгөөр Никон загварын аппарат худалдан авч өгсөн. Тэгэхэд У нь гүйцэтгэх захирал албан тушаалд ажиллуулаад компаниас машин утас гэх мэт зүйлс өгөөд, оффист шаардлагатай зүйлс байвал аваарай гээд 1,000,000 төгрөгийг дансанд нь шилжүүлэн өгсөн. Ингээд би хөдөө ажлаар явсан. Тэгээд буцаад ирэхэд мөнгөн задаргаануудыг асуухад надтай уулзахгүй маргааш очно гэж хэлээд алга болсон. Манай байгууллагад 14 хоног л ажилласан. Яагаад би уг хүнд итгэсэн бэ гэвэл таньдаг хүнээр маань яриулж ирж байсан учраас би итгэсэн байсан. Одоо би уг хүнээс 1,800,000 төгрөгөөр худалдан авсан аппаратыг нэхэмжилж байна. Надтай саявтар холбогдоод хохирлоо барагдуулъя, танай байгууллагад ажиллаад төлөөд өгье гэж хэлээд байгаа ч би итгэхгүй байна. Надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Манай амралтын газрын нэрийг барьж хүмүүсээс барьж хүмүүсээс мөнгө авсан асуудал байгаа. Энэ асуудлыг нь шалгуулахаар Төв аймгийн Эрдэнэ суман дахь цагдаад өргөдөл гаргасан...” гэх мэдүүлэг,
““АБ”” ХХК-ийн “үнэлэгдэж буй хөрөнгө нь 1.800.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.У нь албаны хэрэгцээнд ашиглуулахаар өгсөн “Nikon-D7200” загварын зургийн аппаратыг завшиж “Л.О-т 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч хохирогч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Тодруулбал Б.У нь бусдын хариуцуулсан итгэмжлэн хариуцуулж өгсөн “Nikon-D7200” загварын зургийн аппаратыг итгэмжлэн эзэмшиж буй байдлаа урвуулан ашиглаж өөрийн өмчлөлд хууль бусаар авч захиран зарцуулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь гэм буруу хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч хүсэл сонирхлоо хязгаарлаж чадахгүй зүй бус хандлагатай, амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох гэсэн шунахай сэдэл, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил дутагдалтай нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Хохирол төлбөр бусад асуудлын талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.У-аас хөрөнгийн үнэлгээний байгууллагын гаргасан дүгнэлтээр тогтоогдсон эд зүйлийн үнэлгээ болох 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Л.О-т олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.У-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.У-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хохирол нөхөн төлөх талаар шүүх хуралдааныг завсарлуулах боломжтой болохыг шүүхээс тайлбарлаж өгсөн боловч дээрх хугацаанд төлөх боломжгүй гэж мэдүүлсэн тул эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болохыг дурдах нь зүйтэй.
Улсын яллагчаас шүүгдэгч Б.У-т 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар санал гаргасан ба шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.У-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг авч завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-т 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.У-аас 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийг төгрөг гаргуулж хохирогч Л.О-т олгосугай.
5. Шүүгдэгч Б.У нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН