Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 978

 

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 29 өдөр             Дугаар 181/ШШ2019/00978                   Улаанбаатар хот

 

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5-р хороолол, хд37 байр, 26 тоот хаягт оршин суугаа, Хас овогт Жамсрангийн  /рд:ЧД62111812/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Төрийн ордон хаягт оршин байгаа, т холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 68,854,302 төгрөгийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Бат-Амгалан, хариуцагчийн төлөөлөгч Ч.Раднаабазар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Ж. нь 2013 оны 02 сард Төрийн албаны зөвлөлөөс зарлагдсан Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтад орж тэргүүн байр эзлэн төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж, уг албан тушаалд томилогдон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.

2014 онд Засгийн газар солигдож улмаар шинээр бүрэлдэн байгуулагдсан Засгийн газар хууль бус тогтоол буюу Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 сарын 17-ны өдрийн 390 дүгээр тогтоолоор түүнийг ажлаас чөлөөлснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т заасантай нийцээгүй гэж үзэн 2015 оны 03 сарын 10-ны өдрийн 1697 дугаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шийдвэрээр Ж.ыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4,344,139 төгрөгийг Монгол Улсын Засгийн газраас гаргуулан Ж.од олгон шийдвэрлэсэн.

Гэтэл одоог хүртэл шүүхийн шийдвэр биелээгүй байгаа бөгөөд нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаснаар 2015 оны 05 сарын 26-ны өдрийн 19250 тоот “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж гарч мөн өдөр 1779 тоот Гүйцэтгэх хуудас бичигдэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргэгдсэн байдаг.

Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхийн шийдвэрийн урьд авч байсан дундаж цалин хөлс болох 4,344,138 төгрөгийг л гаргуулсан бөгөөд ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүйгээр өнөөдрийг хүрлээ.

Шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах үүднээс шат шатны байгууллагууд болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хууль зүйн яам, Өргөдлийн байнгын хороо, Үндсэн хуулийн цэц, Төрийн албаны зөвлөл гэх байгууллагуудад гомдол гаргаж зарим байгууллагууд нь Засгийн газарт холбогдох чиглэл өгсөн боловч Үндсэн хуулийн дагуу хууль хэрэгжих зарчим, шүүхийн шийдвэр эцсийн байх, заавал хэрэгжих зэрэг зарчмуудыг  хэрэгжүүлэхгүй өнөөдрийг хүрлээ.

Иймд 2015 оны 03 сарын 10-ны өдрөөс 2019 оны 01 сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох нийт 68,854,302 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Ж. нь 2013-2014 оны хооронд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад Засгийн газрын 2014 оны 12 сарын 17-ны өдөр ажлаасаа чөлөөлөгджээ.

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандсанаар Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх 2015 оны 03 сарын 10-ны өдөр 1697 дугаар шийдвэр гаргаж түүнийг албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 4,344,139 төгрөгийг Монгол Улсын Засгийн газраас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдсэн байдаг.

Харин тэрээр ажилгүй байсан хугацаа гэх 2015 оны 03 сарын 10-ны өдрөөс 2019 оны 01 сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны 68,854,302 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь нэхэмжлэгч Ж. нь өнгөрсөн жилүүлэд улс төрийн албан тушаал эрхлэн ажиллаж байсан. Тухайлбал, Ардчилсан нам болон Монгол Улсын Их Хурлын гишүүн асан Г.Уянгын байгуулсан Тусгаар тогтнол, эв нэгдлийн намд удирдах албан тушаалд ажиллаж байсан ба 2016 оны сонгуульд нэр дэвшсэн байдаг.

Иймд түүнийг 2015 оноос хойш ажилгүй байсан гэж үзэх үндэслэл байхгүй юм. 2002 оны Төрийн албаны тухай хууль болон одоо мөрдөгдөж байгаа шинэ Төрийн албаны тухай хуулиар Төрийн нарийн бичгийн дарга нь төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд улс төрийн албан тушаалыг давхар хашихыг хориглож, мөн Улсын Их Хурал, Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгуульд нэр дэвших бол албан тушаалаасаа чөлөөлөгддөг зохицуулалттай юм гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж. нь хариуцагч т холбогдуулан, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 68,854,302  төгрөгийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Ж.ын нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 сарын 10-ны өдрийн 1697 дугаар шийдвэрээр Ж.ыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4,344,139 төгрөгийг Монгол Улсын Засгийн газраас гаргуулан нэхэмжлэгч Ж.Болдод олгон шийдвэрлэжээ. /хх-11-14х/

Хариуцагчийн төлөөлөгч М.Мөнх-Эрдэнэ нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргасан боловч тухайн шүүхийн шүүгчийн 2015 оны 05 сарын 05-ны өдрийн 228 дугаар захирамжаар давж заалдах гомдлыг хэлэлцэхээс татгалзсан байна. /хх-15х/

Улмаар, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 05 сарын 26-ны өдрийн 19250 дугаар захирамжаар тус шүүхийн 2015 оны 03 сарын 10-ны өдрийн 1697 дугаар шийдвэрийг албадан гүцэтгүүлэхээр захирамжилж, 1779 дугаарай Гүйцэтгэх хуудсыг олгожээ. /хх-16-18х/

Хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагаас 54,844,515 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 14,009,787 төгрөгийг эс зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдааны явцад гаргасан ба эс зөвшөөрч буй үндэслэлээ Нийгмийн Даатгалын Ерөнхий газраас ирсэн лавлагаагаар Ж. нь 2015 оны 03 сарын 10-ны өдрөөс хойшхи хугацаанд 9 сар ажиллаж, холбогдох хөдөлмөрийн хөлсийг авсан болох нь тогтоогддог, мөн Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хорооноос ирсэн лавлагаагаар Ж. нь “Тусгаар тогтнол эв нэгдэл” эвслээс Улсын Их Хурлын сонгуулийн 64-р тойрогт нэр дэвшин байсан болох нь тогтоогдсон, Төрийн жинхэнэ албан хаагч нь Төрийн албаны тухай хууль /2002 оны болон 2017 оны/-д заасны дагуу төрийн албанаас чөлөөлөгддөг хэмээн тайлбарладаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж тус тус заажээ.

Ж. нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 сарын 10-ны өдрийн 1697 дугаар шийдвэрийг биелүүлэх тухай удаа дараа холбогдох албан тушаалтанд хандаж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

 нь шүүхийн шийдвэрийн дагуу 4,344,139 төгрөгийг Ж.од олгосон боловч Ж.ыг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд нь, эсхүл түүнтэй адилтгах ажил, албан тушаалд томилоогүй үйл баримтын талаар зохигч талууд маргадаггүй.

Ж. нь бусад байгууллагад ажиллаж хөдөлмөрийн хөлс авсан, Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшсэн явдал нь Монгол Улсын Засгийн газраас шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхгүй байгааг зөвтгөх үндэслэл болохгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан “ажилгүй байсан бүх хугацаа...” гэдэгт анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш Ж.ыг ажилд томилох өдөр хүртэлх хугацааг хамааруулан ойлгох тул 2015 оны 03 сарын 10-ны өдрөөс 2019 оны 01 сарын 08-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 72,402 төгрөг х 951 хоног = 68,854,302 төгрөгийг хариуцагч Монгол Улсын Засгийн газраас гаргуулан нэхэмжлэгч Ж.од олгох нь зүйтэй гэж үзэв.

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангасантай холбоотойгоор эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай шаардлагыг ханган шийдвэрлэв.

Нэг хоногийн хөдөлмөрийн хөлсийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 сарын 10-ны өдрийн 1697 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдагдсан дүнгээр тооцсон болно.

Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж, 50.2-т “Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж тус тус заасны дагуу хариуцагч  нь Төрд учруулсан хохирлыг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх, нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.      Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар хариуцагч Монгол Улсын Засгийн газраас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 68,854,302 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.од олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт холбогдох нөхөн бичилт хийхийг хариуцагч т даалгасугай.

 

2.      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 502,250 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 28 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч Монгол Улсын Засгийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 502,222 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.од буцаан олгосугай.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

5.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.