Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
Хэргийн индекс | 185/2022/1086/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1142 |
Огноо | 2022-12-06 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Н.Булганчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1142
2021 12 06 2022/ШЦТ/1142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:Б.Энхтуул
Улсын яллагч: Н.Булганчимэг,
Шүүгдэгч Б.Ц, Л.М
Хохирогч Ө.У, хууль ёсны төлөөлөгч Ш.М нар оролцсон эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ... аймагт төрсөн, эрэгтэй, .. настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ТС-15 автомашины журмын хашаанд туслах ажилтнаар ажилладаг урьд ял шийтгэлгүй Б овогтой Б.Ц
Монгол Улсын иргэн, ... оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ... хотод төрсөн, эрэгтэй, 20 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “В.И” ХХК-нд бараа цуглуулагч ажилтай, урьд ял шийтгэлгүй Б овогтой Л.М
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Яллагдагч Б.Ц, Л.М нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бүлэглэн 2022 оны 07 дугаар сарын 21-ээс 22-ны шилжих шөнө Сүхбаатар дүүргийн ...ны нутаг, ...ны буудал дээр насанд хүрээгүй хохирогч Ө.У-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “..Хэрэг үйлдэгдэх үед ...ны буудал дээрээс тээврийн хэрэгсэлд суух гээд явж байхад хэдэн залуучууд намайг “хүрээд ир чи” гэж дуудсан. Насанд хүрээгүй хохирогч Ө.У тэр хүмүүстэй хамт явж байсан. Тэд манай найзын тээврийн хэрэгсэл рүү өшиглөж хохирогч Ө.У над руу заагаад “би энийг танина, дэнжийн 1000-ын гахайн байрны Пүнтүү бацаан байна” гэж үг хэлээр доромжилсон. Хэрэг гарах үед би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Өөрөөс болж энэ маргаан үүссэн...” гэв.
Шүүгдэгч Л.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, машин жолоодож байсан...” гэв.
Насанд хүрээгүй хохирогч Ө.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэрэг гарах үед би ажлаа тараад ээж, дүүгийн хамт ...ны буудал дээрх түргэн үйлчилгээний цэгээс юм худалдах авч байхад зүс таних хүмүүс ирээд “утсаараа нэг яриулаач” гэж гуйсан. Тэгээд миний утсаар яриад шүүгдэгч нарын машинрүү явсан. Би араас нь очоод утсаа авчихаад түргэн үйлчилгээний цэгрүү ороход манай ээж, дүү хоёр байхгүй байхаар нь буцаад гарахад Т хочтой Б.Ц ах хүрч ирээд намайг цохиж эхэлсэн. Шүүгдэгч нар хоорондоо “Мандахаа энд байна” гэж хэлэх үед нь би миний таньдаг М ах байна гэж бодоод “Мандах ахаа болиоч ээ” гэхэд “чи миний нэрийг яаж мэддэг юм бэ”, “чи сая тэнд байсан шүү дээ” гээд зодож, үзүүртэй зүйлээр ороолгож, өшиглөсөн. Манай ээжрүү хутга барьж дайрсан...гэв.
Эрүүгийн ... дугаартай хэргээс:
Насанд хүрээгүй хохирогч Ө.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 10-12,15-16 дугаар хуудас/,
Гэрч Г.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Гэрч Х.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг / хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07дугаар сарын 27-ны өдрийн 10265 дугаартай дүгнэлт:
1. Ө.У-ын биед баруун шанааны язарсан шарх, баруун чих, хамрын нуруу, хуйхнагны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
Б.Ц, Л.М нарын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81, 95 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх талуудын хүсэлтээр шинжлэн судалсан эдгээр баримтуудыг уг хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон хэмээн үнэлж шүүгдэгчийн гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг хийсэн болно.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Ц, Л.М нар нь бүлэглэн 2022 оны 07 дугаар сарын 21-ээс 22-ны шилжих шөнө Сүхбаатар дүүргийн ...ны нутаг, ...ны буудал дээр насанд хүрээгүй хохирогч Ө.У-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:
Насанд хүрээгүй хохирогч Ө.У-ын “...Өнөөдөр шөнийн 03 цагийн үед гэрээс ээж Ш.М-ийн хамтаар гараад тасганы овооны тэнд байх Шунхлайгаас машины масло авсан, тэгээд ...ны буудал дээр байх түцнээс орж ундаа авчхаад байж байтал 2 танихгүй ах байсан, тэр хоёр ах намайг утсаараа яриулчих гэхээр нь би утсаараа яриулсан, тэр үед Тоёота Акуа загварын 0000 УУУулсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй нийтдээ 10 гаруй том хүмүүс орилж буугаад ирсэн, тэгэхээр нь би айгаад тэнд байхад түц руу орсон, араас нь нэг нь орж ирээд гарандаа үзүүртэй тэлээ ороочихсон байж байгаад миний нүүр рүү хэд хэдэн удаа цохисон, тэр түцэнд дотор нэг эмэгтэй хүн" байсан, тэр хүний хажууд зодсон, тэгээд намайг тэндээс чирж гаргаад замын голд зодсон, анх намайг цохисон хүмүүсээс гадна өөр нэг залуу байсан, тэд нар арвуулаа байсан. Тэр хоёр залуу намайг замын голын хашлага налуулж зодож байхад манай ээж Ш.М ирж салгасан. Намайг зодуулж байхад ээж дүү хоёр ойрхон байсан, ээж намайг зодуулж байхад салгасан, ээж намайг салгаж байхад нэг нь хутга гаргаж ирээд байсан. Тэр хутга гаргаж ирээд байсан залуу өөрийгөө Дэнжийн мянгын гахайн байранд байдаг, өөрийгөө Пүнтүү гээд байсан, тэгээд ээж зам дээр зогсож байгаад явж байсан цагдаагийн машин зогсоосон. Тэгээд тэр хоёр залуу тэндээс зугтаачихсан. Би тэр залуучуудыг ерөөсөө танихгүй, намайг анх зодсон залуу цээж нүцгэн, цээжин дээрээ шивээстэй, надаас бага зэрэг намхан, богино үстэй, хашлага налуулж зодсон залуу бас жижигхэн биетэй, цээжин дээрээ шивээстэй залуу байсан. Эхлээд намайг зодсон залуу миний нүүр рүү гараараа цохисон, хөлөөрөө цохисон, хавирга руу өшиглөсөн, гартаа үзүүртэй зүйл ороогоод нүүр, хавирга руу цохиод байсан, би яагаад зодоод байгаа юм бэ гэхэд тэр залуу намайг ална гээд байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Г.Т-ийн “...Буудлаас дүү А-г тосох гэж очоод буудал дээрээс дүүгээ тосоод найзтайгаа хамт түцэнд ороод тамхи авах гэж байхад автобусны буудал дээр ямар ч машин байгаагүй, бид хоёр түц ороод тамхи аваад гараад ирсэн чинь 21-22 орчим насны 3-4 залуучууд түц рүү ороод нэг эрэгтэй хүүхдийг чирээд гаргаад ирсэн. Тэгээд тэр хүүхдийг тэр залуу арай намхан нуруутай хоёр хүүхэд татаж унагаад чирээд өшиглөөд цохиод байсан тэр үед нөгөө зодуулж байгаа банди М ахаа болиоч ээ гээд байсан, нэгнийгээ таньдаг юм шиг байна лээ, тэр хүүхдийг зодож байгаа хоёр залуу цагдаа ирж байгааг хараад зугтчихсан...” мэдүүлэг,
Гэрч Х.А-ийн “...2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр би ангийн найз И-гийн гэрт хамт хоол идээд утсаар оролдож байгаад би И-гийн гэрээс 23 цагийн 30 минутын үед гарахдаа өөрийн ах Т лүү залгаад агаа намайг ирээд авчхаач ээ оройтчихлоо гэсэн. Тэгсэн чинь Т ах гэрийн ойролцоо байдаг Т буюу Э-гийн гэрт байсан болохоор за за би яваад очъе гэсэн. Тэгээд И-гийн гэрээс гараад И-тэй утсаар яриад ганцаараа алхаад явсан. Т ах намайг ...ны буудал дээрээс ирж авсан. Тухайн үед хэдэн цаг болж байсныг би хараагүй. Тэгээд ах ирэхдээ Т-тэй хамт ирсэн. Тэгээд ах автобусны буудал дээр ирчхээд ТҮЦ ороод тамхи аваад ирье гээд найзтайгаа яваад орсон би гадаа найзтайгаа утсаар яриад зогсож байсан, тэгээд би зам руу хараад зогсож байхад засмал дээр 2-3 залуучууд хоорондоо болиоч ээ хөөе гээд зодолдоод байсан, тэгээд нэг эгч болиоч ээ гээд орилоод байсан, тэр эгч хамт явж байсан үгүйг нь би мэдэхгүй байна. Тэгээд ах түцнээс гараад ирэхээр нь бид гурав замын гарцаар гарах гээд урагшаа алхаад явж байхад ардаас нэг банди ирснээ манай ахыг заамдаж аваад энэ нөгөөдөхний чинь найз нь байна зодчихъё гээд фудволкоос татаж чангааж байгаад фудволкыг нь урж хаячхаад зугтаад явчихсан. Тэгээд бид гурав цаашаа алхаад явж байсан чинь нэг эгч цагдаа нартай зогсож байгаад манай ах руу хараад энэ нөгөө манай хүүхдийг зодсон хүүхэд мөн байна гээд байсан. Тэгээд би тэр ээжид нь хүртэл тайлбарлаад хэлсэн чинь чи битгий худлаа өмөөрөөд бай зугтаасан хүүхдүүд ээ олж өг гээд байсан. Хоорондоо зодолдож байсан хүмүүсийн зодуулж байсан хүн нь Мандах ахаа болиоч ээ гээд тод хэлээд орилоод байсан. Би түц ард утсаар яриад зогсож байсан болохоор тэр тэгж орилоход нь засмал руу харахад зодоон болж байсан юм..” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 10265 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж гэж шүүх дүгнэлээ.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ц, Л.М нар бүлэглэн хүч хэрэглэн насанд хүрээгүй хохирогч Ө.У-ын биед халдаж түүний нүүрэн тус газар цохих, бие рүү өшиглөх зэргээр эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь насанд хүрээгүй хохирогч Ө.У-ын мэдүүлэг, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Тодруулбал Б.Ц, Л.М нар бүлэглэн нь насанд хүрээгүй хохирогч Ө.У-ын биед халдан цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас түүний биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.
Насанд хүрээгүй хохирогч Ө.У-ын эрүүл мэндэд хохирол учирсантай холбоотой баримтаар нэхэмжилсэн зүйлгүй ба эмчилгээний зардлыг төрөөс бүрэн хариуцсан талаар тайлбарлаж байх тул шүүгдэгч нарыг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Насанд хүрээгүй хохирогч Ө.У нь эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.Ц, Л.М нарыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Ц, Л.М нарт тус бүр 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар санал гаргасан ба шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт тус бүр 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Ц, Л.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах, бие биеэ ойлгож хүндэтгэлтэй хандах зан харилцааны түвшин дутагдсан зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогтой Б.Ц ,Б овогтой Л.М нарыг бүлэглэн Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц, Л.М нарыг тус бүр 320/гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц, Л.М нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Б.Ц, Л.М нар нь баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй, шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин Т болтол шүүгдэгч Б.Ц, Л.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН