Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2021/0722

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч О.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч Э.Гантөмөрийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Гомдол гаргагч: М ХХК 

Хариуцагч: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.О, Б.О,

Гомдлын шаардлага: Нийслэлийн Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагч М ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.М, хариуцагч Б.О, М.О, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, Э.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч М ХХК шүүхэд анх гаргасан гомдолдоо: ...2015 онд тайланд тусгагдсан орлого нь банкны хуулгатай таарч байгаа тул 171,580,727.27 төгрөгийн борлуулалт бодит биш нотлох баримтгүй.

М э и" ХХК-иас албан татвар суутган төлөгч хоорондын бараа ажил үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэн албан татварын хасалт хийнэ гэж заасныг Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 333 дугаар тушаалыг тус тус баримтлан ажилласан тул 0******* дугаар шийтгэлийн хуудасны хавсралт дээр дурдагдсан М э и ХХК //-иас 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн бичилт хийгдсэн 00******* тоот падаан нь худалдан борлуулагч, худалдан авагч хоёр тал харилцан хүлээн зөвшөөрсөн татварын тайланд тусгагдсан. Татварын албаны баталгаажилт хийгдэж тайланг хүлээн авсан нь баримтаар нотлогдож байгаа. Мөн бараа материал хүлээж авсан зарлагын баримттай байхад Баянгол дүүргийн татварын улсын байцаагч дан ганц цагдаагийн тодорхойлолтыг үндэслэн "М" ХХК-д 80334037.90 төгрөгийн төлбөр оногдуулсан. гэжээ.

Гомдол гаргагч М ХХК-ийн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар, шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Тус шүүх М ХХК-ийн гомдолтой Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.О, Б.О нарт холбогдох захиргааны хэргийн хянан шийвэрлэх ажиллагаанд хандаж 0******* тоот шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлагаа бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлж байна.

Хүсэлт гаргаж ил тодын тайланг Татварын ерөнхий газраас лавлагаа гаргуулан шүүхэд өгсөн. Ил тодын тайланд 2015 оны эхний улиралд орсон орлого 171,580,727 төгрөгийн борлуулалт багтсан байна. Ил тодын тайланд тайлагнаснаар бүх татвараас чөлөөлөгдсөн байдаг. М э и ХХК-иас цемент, бараа материал хэд хэдэн удаа бэлэн мөнгөөр худалдаж аваад, нийт дүнгээр нь падаан бичүүлсэн, хоёр тал татварын тайландаа хүлээн зөвшөөрч тусгасан, татварын албаны баталгаажилт хийгдсэн, баримтаар нотлогдсон тайланг үгүйсгэж байдаг хуулиа зөрчсөн ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй, хий бичилттэй гэж гүтгэж байгаад гомдолтой байна. гэв.

 Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.О. М.О бид, Баянгол дүүргийн Татварын хэлтэст бүртгэлтэй, ******* тоот регистрийн дугаартай М ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Татварын хяналт шалгалтын тасгийн даргын олгосон тоот томилолтын дагуу санхүү, татварын тайлан, санхүүгийн анхан шатны баримт, арилжааны банкин дахь харилцах дансны хуулга, хөндлөнгийн мэдээлэл зэрэг баримтад тулгуурлан Татварын ерөнхий хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиудын хэрэгжилтэд татварын хяналт шалгалтын ажиллагааг хийж, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 260******* тоот шийтгэлийн хуудсаар 53,521,709.10 төгрөгийн нөхөн татвар, 19,488,127.30 төгрөгийн торгууль, 7,272,727.30 төгрөгийн алданги, 51,474.20 төгрөгийн хүү нийт 80,334,037.90 төгрөгийн төлбөр ногдуулсан.

Татварын хяналт шалгалтаар нийт 706,797,818.17 төгрөгийн зөрчил илэрч Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 Татвар төлөгч... үүрэг хүлээнэ, 18.1.1 татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх...,18.1.3 анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах, 18.1.14 хууль тогтоомжид заасан бусад үүрэг... гэж заасныг зөрчсөн дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:

1. 2015 онд 171,580,727.27 төгрөгийн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн борлуулалтын орлогод тусгахгүй орхигдуулж албан татвар ногдох орлого бууруулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.Албан татвар төлөгчийн дараахь төрлийн орлогод албан татвар ногдоно, 7.3.1 үйл ажиллагааны орлого, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараахь орлогод албан татвар ногдоно, 8.1.1-д үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого гэж заасныг,

2. 2015 онд 171,580,727.27 төгрөгийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгахгүй орхигдуулж албан татвар ногдох орлого бууруулсан зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурьдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна, 7.1.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ гэж заасныг,

3. 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ******* тоот регистрийн дугаартай М э и ХХК-ийн ******* тоот падаанаар 363,636,363.63 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаан бүхий худалдан авалтыг 2015 оны 10 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа хэсэгт тусган төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасаж албан татвар ногдуулах орлогыг бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан ... нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй., Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 Анхан шатны зөв баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно... гэсэн заалтыг тус тус зөрчсөн нь М ХХК-ийн бүрдүүлсэн 2013-2017 оны санхүүгийн анхан шатны баримт, татварын тооцооллын программ-ын татварын өрийн бүртгэл, харилцах дансны хуулга, 2013-2017 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, падаан зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж үзэж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасныг удирдлага болгон хялбаршуулсан журмаар, дараах байдлаар шийдвэрлэсэн болно. Үүнд:

Нэг. 2015 оны зөрчилд Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол ... татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна, 74.1.3 нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгалгүй орхих, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйл 74.1-д Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна..., 74.2-т Энэ хуулийн 74.1-д заасан алданги нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан анзад хамаарахгүй гэж заасныг үндэслэн 2015 онд 171,580,727.27 төгрөгийн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн борлуулалтын орлогод тусгахгүй орхигдуулж албан татвар ногдох орлого бууруулсан зөрчлөөс 171,580,727.27 төгрөгийн ажил үйлчилгээний зардлыг хасаж 0.00 төгрөг ногдуулах, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ******* тоот регистрийн дугаартай "М э и ХХК-ийн ******* тоот падаанаар 363,636,363.63 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаан бүхий худалдан авалтыг 2015 оны 10 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа хэсэгт тусган төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасаж, албан татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 36,363,636.40 төгрөгийн нөхөн татвар, 10,909,090.90 төгрөгийн торгууль, 7,272,727.30 төгрөгийн алданги ногдуулах,

Хоёр. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй буюу ногдуулсан боловч уг татварыг төлөөгүй нь тогтоогдвол эрх бүхий улсын байцаагч энэ хуулийн 17-1-д заасан хариуцлагыг хүлээлгэнэ, 17.1-д Энэ хуулийн 6.1, 6.2-т ... бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан, түүнчлэн ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй байсан нь тогтоогдвол эрх бүхий улсын байцаагч уг татварыг нөхөн төлүүлж дараахь хариуцлага хүлээлгэнэ, 17.1.1 нөхөн төлбөл зохих нэмэгдсэн өртгийн албан татварын нийт дүнгээс 0,3 хувиар тооцож хүү төлүүлэх, 17.1.2 нөхөн төлбөл зохих албан татварын нийт дүнгийн 50 хувиас илүүгүй хэмжээгээр торгууль ногдуулах гэж заасныг үндэслэн 2015 онд 171,580,727.27 төгрөгийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгахгүй орхигдуулж албан татвар ногдох орлого бууруулсан зөрчилд 17,158,072.70 төгрөгийн нөхөн татвар, 8,579,036.40 төгрөгийн торгууль, 51,474.20 төгрөгийн хүү ногдуулах,

Хяналт шалгалтаар нийт 706,797,818.17 төгрөгийн зөрчил илэрч 0******* тоот шийтгэлийн хуудсаар 53,521,709.10 төгрөгийн нөхөн татвар, 19,488,127.30 төгрөгийн торгууль, 7,272,727.30 төгрөгийн алданги, 51,474.20 төгрөгийн хүү, нийт 80,334,037.90 төгрөгийн төлбөр ногдуулан төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Татвар төлөгчийн зүгээс дээрх шийдвэрийг үл зөвшөөрч 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд хандан гомдол гаргасан. Уг гомдолдоо 2015 оны 171,000,000 төгрөг дутуу тайлагнасан гэж үзсэн. 2015 оны тайланд тусгагдсан орлого нь банкны хуулгатай таарч байгаа тул 171,000,000 төгрөг андуурагдсан болно. Тус компанийн 2015 оны жилийн эцсийн санхүүгийн баталгаажсан тайланд

Үзүүлэлт

Эхний үлдэгдэл

Эцсийн үлдэгдэл

Урьдчилж орсон орлого

278,488,800.0 /төгрөг/

0.0 /төгрөг/

 Жич: Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Энэ хуулийн 4.1-д заасны дагуу харьяалах гааль, татварын алба, харилцагч санхүүгийн байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр гаргаж өгсөн санхүүгийн болон татварын тайлан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн барааны мэдүүлгийг тухайн хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны эхлэлтийн тайлан, баланс, мэдүүлэг гэж тус тус үзэх бөгөөд эдгээр тайлан, мэдүүлэгт сайн дурын үндсэн дээр мэдүүлж шинээр тусгасан албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйлд албан татвар, хүү, торгууль, алданги нөхөн ногдуулахгүй, 2015 оны орлогоор хүлээн зөвшөөрөх урьдчилж орсон орлого 278,488,800.0 төгрөг, 2015 онд харилцах банкны дансны хуулгаар орж ирсэн нийт орлого 587,589,411.0 төгрөг байна. 2015 онд орлогоор хүлээн зөвшөөрч тайлагнасан борлуулалтын орлого 615,754,010.0 төгрөг. Үүнээс харахад борлуулалтын орлогоор хүлээн зөвшөөрч тайлагнах ёстой нийт орлого нь 278,488,800.0+ 587,579,411.0 = 866,068,211.0 төгрөг нэмэгдсэн өртгийн албан татваргүй дүн нь 787,334,737.0+587,579,411.0 =866,068,211.0 нэмэгдсэн өртгийн албан татваргүй дүн нь 787,334,737.0 төгрөг, 787,334,737.0-615,754,010.0=171,580,727.0 төгрөгийн орлого дутуу тайлагнасан байна. Тус компанийн захирал Г.М борлуулалтын орлого дутуу тайлагнасан талаар асуухад тухайн асуудлыг ойлгохгүй, тайлан баланс гаргасан нягтлан бодогчоо уулзуулахгүй, шаардсан материалыг цаг тухайд авчирч өгөөгүй болно.

М э и ХХК-иас албан татвар суутган төлөгч хоорондын бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэн албан татварын хасалт хийнэ гэж заасныг, Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 333 дугаар тушаалыг тус тус баримтлан ажилласан тул 029445 дугаартай шийтгэлийн хуудсын, хавсралтад дурдагдсан М э и ХХК -иас 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн бичилт хийгдсэн 00******* тоот падаан нь худалдан борлуулагч, худалдан авагч хоёр тал харилцан хүлээн зөвшөөрсөн татварын тайланд тусгагдсан татварын албаны баталгаажилт хийгдэж тайланг хүлээн авсан нь баримтаар нотлогдож байна.

М э и ХХК-ийн татварын ногдуулалт төлөлтийн байдалд харьяа татварын хэлтэс буюу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс татварын хяналт шалгалт хийж, татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй гэж үзэн эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр татварын улсын байцаагчийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаартай дүгнэлт үйлдэн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд шилжүүлсэн.

М э и ХХК нь эрсдэлтэй борлуулалт хийсэн байж болзошгүй гэж үзэн татварын албанаас Сангийн сайдын 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 201 тоот Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг хүлээн авах. хянах, нэгтгэл хийх, мэдээллийг ашиглах журмын 4.3-т Жилийн эцсийн санхүүгийн тайлангийн залруулгыг дараа оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл... харилцагч санхүүгийн байгууллага хийнэ гэж заасны дагуу тус компаниудтай холбоотой худалдан авалтыг буцаалт хийж, тайлангаа засварлах талаар мэдэгдлийг e-tax.mn тайлангийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн хэсэгт татварын албаны зүгээс мэдэгдсэн.

М э и ХХК нь 1 үүсгэн байгуулагчтай бөгөөд бараа материал худалдан аваагүй, импортлоогүй атлаа авсан мэтээр тайлагнасан, худалдан авсан бараа материалгүй атлаа их хэмжээний бодит бус борлуулалт хийсэн гэж падаан бичсэн болох нь Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 58 тоот тогтоолоор тогтоогдон нотлогдож байгаа тул М ХХК-ийн санхүү, татварын тайлан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд 7.7 Анхан шатны зөв баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно..., Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан... нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй.., гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Шалгалтын явцад дээрх зөрчилтэй холбоотой тайлбар болон нотлох баримт шаардсан боловч тус компанийн захирал Г.М холбогдохоор удаа дараа залгасан боловч тус татвар төлөгч нь утсаа авдаггүй, утсаа авахаараа хөдөө ажлаар явж байна гэх зэргээр хяналт шалгалтын явцыг удаашруулж, нотлох баримт гаргаж өгөөгүй болно. Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл нь 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаараа уг гомдлыг хянан хэлэлцэж татварын улсын байцаагчийн 0******* дугаар шийтгэлийн хуудас нь хууль тогтоомжид бүрэн нийцсэн байна гэж үзэж хэвээр үлдээхээр шийдвэрлэн 063 тоот тогтоол гаргасан. гэжээ.

Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн тодруулсан нэмэлт тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйл Хууль хэрэглэх журмын 10.2 Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна.". 10.З Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэлийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурорын хяналтын болон шүүхийн шатанд тус тус шалган тогтоосон байна.' гэж заасны дагуу татварын улсын байцаагчийн 0******* тоот шийтгэлийн хуудас 2018 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүчин төгөлдөр болсон тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулинд хамрагдах үндэслэл болохгүй байна.

Мөн цаг хугацааны хувьд 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас хойш үйлдэгдсэн нь дараах байдлаар тогтоогдож байна.

1. 2015 онд 171,580,727.27 төгрөгийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгахгүй орхигдуулж албан татвар ногдох орлого бууруулсан зөрчил нь 2015 оны 3 улирлын санхүүгийн тайлан буюу 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн санхүүгийн тайланд эхний үлдэгдлээр байсныг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр балансаас хассан нь 2015 оны жилийн эцсийн санхүүгийн баталгаажсан тайлангаар баталгаажсан байна.

М ХХК-ийн 2015 оны 3 дугаар улирлын санхүүгийн тайлан буюу 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар баталгаажсан санхүүгийн тайлан

Үзүүлэлт

Эхний үлдэгдэл

Эцсийн үлдэгдэл

Урьдчилж орсон орлого

278,488,800.0 /төгрөг/

774,024,100.0 /төгрөг/

 М ХХК-ийн 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан буюу 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх баталгаажсан санхүүгийн тайлан

Үзүүлэлт

Эхний үлдэгдэл

Эцсийн үлдэгдэл

Урьдчилж орсон орлого

278,488,800.0 /төгрөг/

0.0 /төгрөг/

 2. 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ******* тоот регистрийн дугаартай "М э иь ХХК-ийн ******* тоот падаанаар 363,636,363.63 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаан бүхий худалдан авалтыг 2015 оны 10 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа хэсэгт тусган төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасч, албан татвар ногдуулах орлогыг бууруулсан байна.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Энэ хуулийн 4.1-д заасны дагуу харьяалах гааль, татварын алба, харилцагч санхүүгийн байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр гаргаж өгсөн санхүүгийн болон татварын тайлан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн барааны мэдүүлгийг тухайн хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны эхлэлтийн тайлан, баланс, мэдүүлэг гэж тус тус үзэх бөгөөд эдгээр тайлан, мэдүүлэгт сайн дурын үндсэн дээр мэдүүлж шинээр тусгасан албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйлд албан татвар, хүү, торгууль, алданги нөхөн ногдуулахгүй, 2015 оны орлогоор хүлээн зөвшөөрөх урьдчилж орсон орлого 278,488,800.0 төгрөг, 2015 онд харилцах банкны дансны хуулгаар орж ирсэн нийт орлого 587,589,411.0 төгрөг байна. 2015 онд орлогоор хүлээн зөвшөөрч тайлагнасан борлуулалтын орлого 615,754,010.0 төгрөг. Үүний зөрүү 171,580,727.0 төгрөгийн орлого дутуу тайлагнасан байна. 2015 оны 3 дугаар улирлын балансад эхний үлдэгдэл, эцсийн үлдэгдэл нь урьдчилж орсон орлого 278,488,800.0 төгрөг байгаа тул энэ дүнг эхлэлтийн баланс гэж үзнэ. Бид бусад орлогыг нь ил тодын тайланд тусгасан гээд зөрчилд тооцоогүй, зөвхөн банкны дансаар орсон борлуулалтын орлого тайлангийн зөрүүг зөрчил гэж үзсэн.

Иймд Татварын улсын байцаагч бидний бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох аливаа үндэслэл байхгүй. Маргааныг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.О. М.О нар татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Татварын хяналт шалгалтын тасгийн даргын олгосон тоот томилолтын дагуу М ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2015 онд 171,580,727.27 төгрөгийн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварт тус тус тайлагнаагүй, М э и ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй ******* тоот падаанаар 363,636,363.63 төгрөгийн худалдан авалтыг 2015 оны 10 дугаар сард тайлагнаж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж бууруулсан зөрчилд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 260******* дугаартай шийтгэлийн хуудсаар 53,521,709.10 төгрөгийн нөхөн татвар, 19,488,127.30 төгрөгийн торгууль, 7,272,727.30 төгрөгийн алданги, 51,474.20 төгрөгийн хүү, нийт 80,334,037.90 төгрөгийн төлбөр ногдуулсан байна. Ингэхдээ 2015 оны 171,580,727.27 төгрөгийн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварт тайлагнаагүй зөрчилд нөхөн татвар, торгууль, алданги ногдуулаагүй, энэ дүнгээр нэмэгдсэн өртгийн албан татвар бууруулсан зөрчилд нь 17,158,072.70 төгрөгийн нөхөн татвар, 8,579,036.40 төгрөгийн торгууль, 51,474.20 төгрөгийн хүү, мөн хий бичилттэй гэх падаанаарх худалдан авалтын дүнгээр хасалт хийж төсөвт төлөх татвар бууруулсан зөрчилд нь 36,363,636.40 төгрөгийн нөхөн татвар, 10,909,090.90 төгрөгийн торгууль, 7,272,727.30 төгрөгийн алданги тус тус ногдуулжээ.

Шийтгэлийн хуудсыг бүхэлд нь эс зөвшөөрсөн татвар төлөгчийн гомдлоор Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл хянаад 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 63 тоот тогтоолоор татварын улсын байцаагчийн 0******* дугаар шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээжээ.

Гомдол гаргагч М ХХК нь 2015 онд тайланд тусгагдсан орлого нь банкны хуулгатай таарч байгаа тул 171,580,727.27 төгрөгийн борлуулалт бодит биш нотлох баримтгүй, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар тайлагнасан, М э и  ХХК-иас 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн бичилт хийгдсэн 00******* тоот падаан нь хоёр талын татварын тайланд тусгагдсан, татварын албаар баталгаажсан, бараа материал хүлээж авсан зарлагын баримт, кассын орлогын ордертой гэх үндэслэлээр маргаж, шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргажээ.

1 дэх зөрчлийн хувьд: гомдол гаргагч нь 2015 онд тайланд тусгагдсан орлого нь банкны хуулгатай таарч байгаа гэж маргасан ч 2015 оны урьдчилж орсон орлого 278,488,800.0 төгрөг дээр мөн онд банкны харилцах дансны хуулгаар орж ирсэн орлого нь 587,589,411.0 төгрөг буюу нийт 787,334,737.0 төгрөгийн борлуулалтын орлого байх бөгөөд үүнээс тайлагнасан борлуулалтын орлого 615,754,010.0 төгрөгийг хасахад зөрүү 171,580,727.0 төгрөгийн орлогыг дутуу тайлагнасан гэж үзсэн ч дутуу тайлагнасан гэж үзсэн орлогыг энэ дүнгээр нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн татвар ногдох орлого буюу 7 дугаар зүйлийн 7.3.1 үйл ажиллагааны орлого, 8 дугаар зүйлийн 8.1.1 үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого оос хасагдах 12 дугаар зүйлийн 12.1-д заасан зардалд тооцож хасаж, уг хуулиар татвар ногдох орлогыг 0 төгрөгөөр тооцож, нөхөн татвар болон хариуцлага ногдуулаагүй байна.

Харин дээрх зөрчилд борлуулалтын орлогоо дутуу тайлагнаснаас Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан гэж үзэж, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.1, 17.1.2-т зааснаар нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн ногдуулж, торгууль, хүү тооцсон нь үндэслэлтэй байна.

Татвар төлөгч нь энэ орлогыг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар тайлагнасан хэмээн маргаж, 1,334,898.77 төгрөгийн борлуулалтын орлогыг мэдүүлсэн, 133,489,882.37 төгрөгийн татвараас чөлөөлөгдөх лавлагаа ирүүлсэн ч ийнхүү мэдүүлсэн орлогод зөрчилд хамаарах орлого багтахгүй байна. Учир нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн зорилго нь бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын ... тайланд тусгаж, шинээр тайлагнасан тохиолдолд хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад орших тул тайлагнасан урьдчилж орсон орлого болон банкны дансны хуулгаар орж ирсэн орлого энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй, өөрөөр хэлбэл бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсанаа шинээр тайлагнасан орлого биш, нөгөөтэйгүүр энэ хуулиар чөлөөлөгдөх татвар болон хүү, торгууль, алданги нь 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд гаргасан байвал зохих санхүү, татварын тайланд хамаарах бөгөөд тус компанийн 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хойш хийгдсэн борлуулалтын орлого, 2015 оны 10 дугаар сарын 30-нд бичигдэж, 10 дугаар сарын тайланд тусгагдсан падаанаарх худалдан авалт энэ хуулийн хуулийн үйлчлэлд хамаарахгүй.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т ... шинээр гаргаж өгсөн санхүүгийн болон татварын тайланг ... үйл ажиллагааны эхлэлтийн тайлан, баланс гэж үзэхээр заасан бөгөөд 2015 оны 3 дугаар улирлын балансад эхний үлдэгдэл, эцсийн үлдэгдлээр урьдчилж орсон орлого 278,488,800.0 төгрөг тайлагнасан, үүнийг эхлэлтийн баланс гэж татварын байгууллага үзсэн нь үндэслэлтэй.

2 дахь зөрчлийн хувьд: М э и ХХК-иас 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр бичигдсэн нэмэгдсэн өртгийн албан татварын ******* тоот падаанаарх 363,636,363.63 төгрөгийн худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын 2015 оны 10 дугаар сарын тайланд дотоодоос худалдан авсан бараагаар тайлагнаж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг энэ дүнгээр бууруулсан байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно, 14.3-т Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй гэж тус тус заажээ. Уг хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд өөрийн эрхэлдэг үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглах зориулалтаар бусдаас худалдан авсан барааны хувьд түүнийг худалдан авахдаа төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг тухайн этгээдийн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцохоор, харин худалдан авагч нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь падаан, холбогдох санхүүгийн баримтуудаар тогтоогдсон байх хуулийн зохицуулалттай байна.

Татвар төлөгч нь татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төсөвт төлөх үүрэгтэйн дээр төсөвт төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан авах, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийх эрхтэй, харин ийнхүү худалдан авалтдаа нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн болохоо буюу худалдан авалтаа бодитойгоор хийгдсэн болохоо санхүүгийн анхан шатны баримтуудаар нотлох үүрэгтэй.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3.1.3-т анхан шатны баримт гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог, 3.1.4-т журнал гэж ажил, гүйлгээг ерөнхий дэвтрийн дансанд шилжүүлэхийн өмнө цаг хугацааны дарааллаар нь бүртгэх бичилтийг, 3.1.5-д ерөнхий дэвтэр гэж аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг бүрдүүлж байгаа бүх дансыг ойлгохоор тодорхойлсон ба М э и ХХК-ийн бараа материалын зарлагын 1 ширхэг баримт, кассын орлогын 1 ширхэг ордероос өөрөөр санхүүгийн анхан шатны баримтгүй, хашмал панерь, цемент, тоосго, хар замаск зэрэг барилгын материалыг М э и ХХК-иас нэмэгдсэн өртгийн албан татвартай дүнгээр худалдан авсан болох нь тогтоогдохгүй байна.

Нөгөөтэйгүүр падаан бичсэн буюу борлуулагч гэх М э и ХХК-ийг татварын улсын байцаагчийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаартай дүгнэлтээр Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 58 тоот тогтоолоор бараа материал худалдан аваагүй, импортлоогүй атлаа бараа материал худалдан авсан, импортлосон мэтээр тайлагнасан, худалдан авсан бараа материалгүй атлаа их хэмжээний бодит бус борлуулалт хийсэн падаан бичиж нэмэгдсэн өртгийн албан татварын цахим шивэлт хийсэн болох нь шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд Монголгранд эйнжил инвест ХХК-ийн захирал Р.Б холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөгчийн тогтоолоор томилогдсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 228 дугаартай дүгнэлтийн хавсралт Монголгранд эйнжил инвест ХХК-ийг татварын зөрчлийн тооцоололд 126-д МХХК-д 363,636,363.63 төгрөгийн борлуулалт хийсэн гэж 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр бичсэн нэмэгдсэн өртгийн албан татварын ******* тоот падаан, түүнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварын дүн 36,363,636.30 төгрөгөөр тусгагдсан байна. Тодруулбал шинжээчийн дүгнэлтээр Мэ и ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр бичсэн нэмэгдсэн өртгийн албан татварын ******* тоот падаанаарх 363,636,363.63 төгрөгийн борлуулалтыг бодит бус болохыг, өөрөөр хэлбэл дээрх дүнгээр нэмэгдсэн өртгийн албан татвартай дүнгээр борлуулалт хийгээгүй болохыг тогтоожээ.

Ийнхүү М ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвартай дүнгээр худалдан авалт хийсэн болох нь санхүүгийн анхан шатны баримтаар болон нягтлан бодох бүртгэлээр тогтоогдоогүй тул татварын улсын байцаагч 363,636,363.63 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр тайлагнаж, хасалт хийж төлбөл зохих татвараа бууруулсан зөрчил гэж үзсэн нь үндэслэлтэй.

М ХХК нь Татварын ерөнхий хуулийн хууль /2008 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, 18.1.3-т зааснаар анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй үндэслэлээр мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.4, 74.3-т зааснаар нөхөн татвар ногдуулж, нөхөн татварын дүнгээс торгууль, алданги тооцсон нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар энэ хуулийн үйлчлэлд 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гаргасан зөрчилд хамаарах бөгөөд 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас хойш орсон орлогод, тухайлбал ХААН банк дахь дансны хуулгаар зөрчилд хамаарсан орлогууд 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хойш хийгдсэн, хий бичилттэй гэх нэмэгдсэн өртгийн албан татварын падаан 2015 оны 10 дугаар сарын 30-нд бичигдэж, 10 дугаар сарын тайланд тусгагдсан байх тул өршөөлд хамрахгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.3, 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.1, 17.1.2 дахь заалтыг тус тус баримтлан М ХХК-ийн тус шүүхэд гаргасан Нийслэлийн Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА

ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ