Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 266

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

улсын яллагч Х.Ням-Эрдэнэ ,

хохирогч М.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч О.Түвшинтөгс, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Отгонбазарын Түвшинтөгсөд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625013144 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Боржигон овогт Отгонбазарын Түвшинтөгс, 1979 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо зүүн Алтан-Өлгийн 1-25 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд 2008 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, НЗ79020779 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч О.Түвшинтөгс нь согтуугаар 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн Алтан Өлгийн 1-25 тоот хашаанд хохирогч М.Бат-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар М.Бат-Эрдэнийн баруун хөлийг хүрзээр цохиж баруун хөлийн шаант тахилзуур ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, зулайд няцарсан шарх бүхий бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Түвшинтөгс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр М.Бат-Эрдэнэ бид хоёр 1 шил архи хувааж уусан бөгөөд би эхнэртэйгээ хардаж муудалцаад зодолдсон. Би М.Бат-Эрдэнийн баруун талын хөл рүү нь хүрзээр нэг удаа цохьсон. М.Бат-Эрдэнэ гэрээс гарахдаа гэрийн босгонд тээглэж газар унасан. М.Бат-Эрдэнийн эхнэрийг дуудахад охинтойгоо ирээд М.Бат-Эрдэнийг гэртээ аваад орсон” гэв.

Хохирогч М.Бат-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “О.Түвшинтөгс бид хоёр цуг ажилладаг болохоор тухайн өдөр гэрт нь нэг шил архи хувааж уусан. О.Түвшинтөгс намайг эхнэртэйгээ хардсан зүйл болоогүй. Манай эхнэрт 10.000 төгрөг хадгалуулсан гээд мөнгөө авъя гэхээр нь би өгсөн хүнээсээ ав гэж хэлсэн. Тэгээд үүнээс болж бид хоёр маргалдсан. Тэрнээс цааш юу болсныг мэдэхгүй байна. Надад одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Хохиролд 600.000 төгрөг авсан” гэв.

 

Хохирогч М.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...хөрш Түвшингийнд хамт архи уугаад сууж байсан. Тэгээд ойролцоогоор 18 цагийн үед Түвшин намайг зодсон байсан, би тухайн үед нилээн согтсон байсан учраас юу болсныг тодорхой санахгүй байна. Тухайн хэрэг болох үед Түвшин бид хоёр л байсан. Тэгээд би гэмтлийн эмнэлэгт байснаа л санаж байна...” гэсэн мэдүүлэг. /хх14-15/

 

Гэрч О.Буянтунгалаг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Зүүн Алтан өлгийн 1-26 тоот гэртээ байж байтал орой 17 цагийн үед хажуу айл руу ороход Бат-Эрдэнэ болон Түвшин нар архи уугаад сууж байсан. Тэгээд дараа нь цагийн дараа ороход өөдөөс Түвшин ах аавыг тэврээд гаргаж ирээд гэрийнхээ гадаа тавиад май аавыгаа ав гэсэн. Тэгээд ээж ирсэн. Тухайн үед аав гишгэж чадахгүй согтуу хөл өвдөөд байна гээд суугаад байсан. Тэгээд гэр рүүгээ би ээжтэй хамт үүрч оруулаад түргэн дуудаж үзүүлсэн чинь хөл нь хугарсан гэмтэл яв гэсэн. Тухайн үед аавын толгойноос цус гараад байсан. Тэгээд аавыг ээж аваад гэмтлийн эмнэлэг явсан. “...би хэрэг болох үед хажуу гэрт байсан. Хажуу айлд орилж хашгираад байхаар нь яваад очсон. Тухайн үед аав Бат-Эрдэнэ, Түвшин хоёр л байсан. Түвшингийн гэрийн хаяа нь маш өндөр шуусан байдаг учраас ханаар нь харахад  Түвшин аав Бат-Эрдэнийн хөл рүү нь улаан өнгөтэй хүрзний ишээр цохиж байсан. Яг хэдэн удаа цохьсон эсэхийг хараагүй...” гэсэн мэдүүлэг. /хх-8-19 /,

 

Гэрч Ч.Гэрэлт-Од мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Бат-Эрдэнэ, Түвшинтөгс хоёр согтуу орж ирсэн. Тэгээд гадаа хогны машин ирээд би гадаа хогоо янзлаад байж байтал охин Буянтунгалаг ээж тэрийг хар аа, аав гадаа суугаад байна гэсэн. Тэгэхээр нь би хогоо янзалж дуусаад Бат-Эрдэнэ дээр очтол хөл нь эвгүй болчихсон байсан. Би хэрэг болох үед яг хажууд нь байгаагүй болохоор мэдэхгүй байна. Гэхдээ Түвшин, Бат-Эрдэнэ хоёр л байсан, өөр хүн байгаагүй учраас Түвшин зодсон байх, очоод харахад нөхөр Бат-Эрдэнийн хажууд улаан иштэй хүрз хэвтэж байсан ...” гэсэн мэдүүлэг. /хх20-21/,

 

Шинжээчийн №11807 дугаартай дүгнэлт: “...Бат-Эрдэнийн биед баруун хөлийн шаант тахилзуур ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, зулайд нь няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт. /хх-27/,

Шинжээч эмч Н.Туяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Дээрх гэмтэл нь хохирогчийн хөл рүү хүрзээр цохих үед үүсэх боломжтой бөгөөд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэнийг нь тогтоох боломжгүй, нэг буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Зулайд няцарсан шарх гэмтэл нь толгойд цохих үед үүсэх боломжтой гэмтэл...” гэсэн мэдүүлэг. /хх-28/,

Хохирогч М.Бат-Эрдэнийн мэдүүлэг /хх15-16/, гэрч О.Буянтунгалагийн мэдүүлэг /хх18-19/, гэрч Ч.Гэрэлт-Одын мэдүүлэг /хх20-21/, яллагдагч О.Түвшинтөгсийн мэдүүлэг /хх-36/, шинжээчийн дүгнэлт /хх-27/, шинжээч эмч Н.Туяагийн мэдүүлэг /хх-28/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч О.Түвшинтөгс нь согтуугаар 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн Алтан Өлгийн 1-25 тоот хашаанд хохирогч М.Бат-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар М.Бат-Эрдэнийн баруун хөлийг хүрзээр цохиж баруун хөлийн шаант тахилзуур ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, зулайд няцарсан шарх бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч О.Түвшинтөгсөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч О.Түвшинтөгсийг бусдын бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэхээр шийдвэрлэв.

Хохирогч М.Бат-Эрдэнэ нь шүүгдэгч О.Түвшинтөгсөд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч О.Түвшинтөгс нь урьд ял шийтгүүлж байсан бөгөөд хуульд заасан ялтай байх хугацаа дууссан байх тул түүнийг анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлбөр төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Боржигон овогт Отгонбазарын Түвшинтөгсийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.   Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар О.Түвшинтөгсийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар О.Түвшинтөгсөд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

           4.  Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хүрзийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, О.Түвшинтөгс нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар О.Түвшинтөгсөд оногдуулсан  2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай. 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Түвшинтөгсөд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ШИНЭБАЯР