Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1150

 

 

 

 

 

 

 

2022         12           07                                      2022/ШЦТ/1150

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүгдэгч: Л.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Номин,

Улсын яллагч: М.Гансувд

Гэрч Б.Б

Хохирогч Р.Б нар оролцсон эрүүгийн 2209000001982 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Галшар суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт хэрэг хариуцах чадвартай, Ч овогт Л.Э 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Э нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах

“НБ” барилгын 10 давхарт Р.Б-г өөрийн нөхөр Батзаяатай хардсаны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гар утсаа барьсан гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “..Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээг даруй үзүүлсэн. Гэмт хэрэг нь хохирогч, манай нөхөр нарын буруутай үйлдлээс болж гарсан. Хохирогч Р.Б нь манай нөхөр Б.Б-тай гэр бүлээс гадуурх харилцааг үүсгэсэн. Монгол Улсад гэр бүлээс гадуурх харилцааг зохицуулсан хуулийн зохицуулалт байхгүй учир миний бие шүүхийн танхимд шүүгдэгчээр зогсож байна. Гэмт хэрэг гарсан цаг хугацаанд хохирогч Р.Б нь манай нөхөртэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, намайг зүй бус үгээр хэлсэн. Миний бие сэтгэл санаа цочирдсоны улмаас хохирогчийн толгойн тус газарт цохисон, өөрийн гар гар утас байгааг анзаараагүй....” гэв.

Хохирогч Р.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Миний бие 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн өөрийн найз залуу Батсүмбэрэлтэй нийлж Г.Б-гийн байрыг түрээслэх болсон. Орон сууцыг түрээсэлж байх хугацаандаа Г.Б-тай ямар нэгэн гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж байгаагүй. Тэдний байрыг 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл түрээсэлсэн. 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр миний найз залуу Б нь хувийн таарамжгүй харилцааны улмаас миний эрүүл мэндэд халдсан. Үүний улмаас бид салсан. Миний хуучин найз залуу нь Г.Б, түүний эхнэр нарт намайг гүтгэсэн хуурамч мэдээлэл тараасан. 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Л.Э нь намайг ёс бус үгээр доромжилж эхэлсэн. Би түүний нөхөртэй ямар нэгэн байдлаар хувийн таарамжгүй, гэр бүлээс гадуурх харилцааг үүсгэж байгаагүй байтал намайг доромжилж, миний эрүүл мэндэд халдсан. Шүүгдэгчийн шүүхийн шатанд шинээр гаргаж өгсөн баримтын хүрээнд миний бие Г.Б-тай гэрийн түлхүүр асуух байдлаар холбоо барьдаг байсан. Миний бие 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр өөрийн найз Н-тай шөнийн цэнгээний газарт үйлчлүүлж байгаад Г.Б-тай таарсан. Бид хамтдаа байж байтал найз Н-гийн бие муудаж гэртээ харих боломжгүй болсон бөгөөд би Г.Б-гаас “чи нэг буудлын өрөө аваад өгөөч, би түргэн тусламжийн төвд дуудлага өгсөн” байгаа талаар хэлсэн. Бид гурав хамт буудалд хоносон. Хэрвээ шүүгдэгчийн хэлж байгаа шиг гэр бүлээс гадуурх харилцааг түүний нөхөртэй үүсгэсэн бол юу гэж тэдний гэрийн хажуу талын буудлаар үйлчлүүлэх, мөн найзын хамт гурвуулаа хонох байсан бэ? Тухайн өдөр би Г.Б-д “эртхэн хариарай, баярлалаа” хэмээн хэлж найзынхаа хамт унтсан. Өглөө сэртэл Г.Б яваагүй байсан. Энэ бүх үйл явдлыг миний найз Н гэрчлэх болно. Би шүүгдэгчийн нөхөртэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн зүйлгүй, тэрээр миний хуучин найз залуу Батсүмбэрэлийн буруутай үйл ажиллагаанаас болж миний эрүүл мэндэд халдсан. Тэрээр намайг эмнэлгийн байгууллага руу дагуулж явахдаа “чиний хуучин найз залуу надад чиний талаар хэлсэн” хэмээн хэлсэн. Л.Э нь миний хуучин найз залуутай нийлж миний нэр төр, эрүүл мэндэд халдаж байна. Түүний буруутай үйлдлээс болж миний нүдний шил хугарсан. Мөн гэрээр эмчилгээ хийлгэсэн, эм тарианыхаа мөнгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна. Надад хохирол төлбөр төлөөгүй, хэрэг гарах үеийн таксины мөнгө, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд үзүүлсэн төлбөрийг төлж барагдуулсан болно...” гэв.

Гэрч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 07 дугаар сарын 02-ноос эхлэн бид харилцсан. Хамтдаа зочид буудалд хүртэл орж байсан, тухайн буудлын хяналтын камерыг шүүлгэж нотлох баримт гаргах гэтэл нэг сарын хугацаа өнгөрсөн тул дүрс бичлэг устсан байсан. Би эхнэрийгээ дагуулаад Р.Б-гийн ажлын газар очиж “хоёулаа миний эхнэрээс уучлалт гуйя” хэмээн хэлтэл тэрээр уурлаж эхнэрийг зүй бус үгээр доромжилсон...Би эхнэрээсээ уучлалт гуйж байна...” гэв.

Эрүүгийн 2209000001982 дугаартай хэргээс:

Хохирогч Р.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

Гэрч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23-29 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан 13279 дугаартай дүгнэлт/хх-ийн 17-18 дугаар хуудас/ гэх дүгнэлт,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 41 дүгээр хуудас/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.Э нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “НБ” барилгын 10 давхарт Р.Б-г өөрийн нөхөр Б-тай хардсаны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гар утсаа барьсан гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч Р.Б-гийн“...Би 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өглөө 11 цагийн орчимд өөрийн ажил болох Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ““НБ”” оффисын 10 дугаар давхар 1002 тоотод ажлаа хийгээд сууж байхад Б, Э гэх зүс таних хүмүүс 12 цаг 45 минутын орчимд ирээд намайг дуудуулсан байсан тэгээд намайг гараад очиход Э нь над руу хэл амаар доромжлоод дайраад намайг хойш нь түлхээд баруун гартаа гар утсаа барьсан түүгээрээ миний нүүрний зүүн хэсэг нүдний дээд талд цохисон ба миний зүүн хөмсөгнөөс цус гарсан тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн ба тухайн үед 103-т дуудлага өгсөн байсан болохоор эмч ирээд цус тогтоогоод боолт тавьж өгсөн...Маргаан болох шалтгаан нь Э гэх эмэгтэй намайг нөхөр Батзаяатай хардсаны улмаас маргаан болсон...Би 2022 оны 02 дугаар сард хуучин найз залуутайгаа Б, Э нарын хажуу өрөөг түрээсэлж амьдарч байхдаа танилцаж байсан тэгээд 08 дугаар сард уг байрнаас гарсан... Уг бэртэл гэмтлийг Л.Э гэх эмэгтэй маргалдаж байхдаа гартаа барьсан гар утсаар цохиж учруулсан. Би эмчилгээ хийлгээгүй эм тариа авч ууж байсан. Одоо баримт нь байхгүй....” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Б-гийн: “...мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй...2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “НБ”-ийн 10 дугаар давхарт 1210 тоотод би эхнэр Э-ын хамт Б дээр очсон. Тэгээд Б-тэй ярилцаж Э-аас Б-г уучлалт гуйлгуулах гэж байсан. Тэгтэл Б нь би юуг буруу хийсэн гэж Э-аас уучлалт гуйх ёстой юм гэж хэлсэн. Тэгээд Э уурандаа Б-гийн зүүн хацар луу нэг удаа баруун гараараа алгадсан.Дараа нь Б-гийн нүүрний зүүн нүдний хөмсөг рүү Э баруун гартаа барьж байсан утсаараа нэг удаа цохисон. Дараа нь Б Э хоёр харилцан зодолдсон.Тэгээд цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан 13279 дугаартай:

1. Р.Б-гийн биед зүүн хөмсөгт няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Э нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “НБ” барилгын 10 давхарт Р.Б-тэй маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гар утсаа барьсан гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь гэрч, хохирогчийн мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж  үйлдсэн нь үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.

Иймд шүүх шүүгдэгч Л.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг үйлдэхэд хохирогч Р.Б-гээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, биеэ зөв боловсон авч явж чадаагүй нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Л.Э нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд  заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна. 

Шүүгдэгч Л.Э нь гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдсон,  гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаагаа  мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлсэн, прокурорын сонсгосон 480.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь баримтаар хохирол нэхэмжлээгүй ч шүүгдэгчээс эмнэлгийн анхан шатны  тусламж үйлчилгээ авахад гарсан зардлыг төлж барагдуулсан зэргийг хянан үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид гарах зардлыг нотлох баримтын хэмжээнд нөхөн төлөхөө илэрхийлж байх тул иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Иймд прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байх тул шүүгдэгч Л.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 480.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийг хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ч овгийн Л.Э-ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-д 480 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 480.000 /дөрвөн зуун ная/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш/3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай. 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч нь өөрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шүүгдэгч Л.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

9. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДАРЬСҮРЭН