Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1156

 

 

 

 

2022       12         12                           2022/ШЦТ/1156

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн “Ё” танхимд хийсэн Сүхбаатар эрүүгийн хэргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга: И.Номин,

Прокурор: В.Батдэлгэр /тээврийн прокурор/,

Хохирогч: Н.О, түүний өмгөөлөгч С.Дэлгэрмаа, Э.Шинэцэцэг,

Яллагдагч: С.Д, түүний өмгөөлөгч Р.Чинбаа нар оролцсон Эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.                                                            

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ...оны 03 дугаар сарын 16-нд ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүү эдийн засагч мэргэжилтэй, Б.Г ББСБ-д зөвлөх ажилтай, Урьд ...дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, С овогт С.Д,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Шүүгдэгч С.Д нь 2022 оны 07 дугаар сарын 21-ний шөнө 03 цаг 55 минутын орчимд Сүхбаатар дүүргийн .. дүгээр хороо, Оний хойд талын уулзвар замд Тоуоtа Land Cruiser-200 маркийн 0000 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.“Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас уулзвар дээр зогсож байсан Н.О жолоочтой Honda Fit маркийн .... УБҮ улсын дугаартай, Э.Л жолоочтой Toyota prius-20 маркийн .... УАУ улсын дугаартай автомашинуудын араас мөргөж, жолооч Н.О-ын эрүүл мэндэд хүндэвтэр, жолооч Э.Л-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах  нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч С.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Эрүүгийн 2203004400457тоот эрүүгийн хэргээс:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 4-14 дүгээр хуудас/,

Хохирогч Н.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч Э.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1хх-ийн 25-26 дугаар хуудас/

Иргэний хариуцагч С.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1хх-ийн 44 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 07-р сарын 28-ны өдрийн 10200 дугаартай дүгнэлт/1хх-ийн 103-105 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 07-р сарын 26-ны өдрийн 10968 дугаартай дүгнэлт /1хх-ийн 111 -112 дугаар хуудас/

Химийн шинжээч О.Лгийн 2022 оны 07-р сарын 28-ны өдрийн 3645 дугаартай шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт /1хх-ийн 125-127 дугаар хуудас/

“И” ХХК-ийн үнэлгээчин Г.О, С.Ө нарын гаргасан 2022 оны 07-р сарын 21-ны өдрийн 77404 дугаартай дүгнэлт /1хх-ийн 174-176дугаар хуудас/

“И” ХХК-ийн үнэлгээчин Г.О, С.Ө нарын гаргасан 2022 оны 07-р сарын 21-ны өдрийн 77405 дугаартай дүгнэлт /1хх-ийн 162-167 дугаар хуудас/

2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн925 дугаартай мөрдөгчийн магадлагаа /1хх-ийн 191-193 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /1хх-ийн 87 дугаар хуудас/,

Хохирлын баримт болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Д нь 2022 оны 07 дугаар сарын 21-ний шөнө 03 цаг 55 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Оний хойд талын уулзвар замд Тоуоtа Land Cruiser-200 маркийн .... УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.“Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн  үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас уулзвар дээр зогсож байсан Н.О жолоочтой Honda Fit маркийн .... УБҮ улсын дугаартай, Э.Л жолоочтой Toyota prius-20 маркийн .... УАУ улсын дугаартай автомашинуудын араас мөргөж, жолооч Н.О-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт хамаарал бүхий шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд: Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Хохирогч Н.О-ын “... Honda fit маркийн .... УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Маршлаас Сүхбаатар дүүргийн .. дүгээр хороонд байрлах гэр лүүгээ харих гээд Контенталын уулзвар дээр ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлд ногоон гэрэл асахыг нь хүлээгээд уулзвар дээр зогсож байтал араас автомашин хурдтай ирж мөргөөд тухайн үед хэсэг юу болсноо сайн санахгүй байгаа ...” гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Э.Л-гийн “...шөнийн 03 цаг 45 минутын орчим цагаа бүртгүүлээд ажлаасаа гараад Toyota Prius-20 маркийн 0000 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод ганцаараа Хан-уул дүүргийн Е-март худалдааны төвөөс Сансарын Дарь эхийн хуучин эцэс орох гээд Оийг ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо даваад Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Оний хойд талын гэрлэн дохионы уулзварын гэрэл улаан гэрэл асчихсан байхаар нь ногоон гэрэл хүлээгээд 2 дугаар эгнээнд зогсож байтал араас хурдтай автомашин ирж мөргөөд миний машин эсрэг урсгалд ороод ертөнцийн зүгээр урагшаа хараад зогсчихсон ...” мэдүүлэг,

Иргэний хариуцагч С.Б-гийн “ ...хохирол мөнгөтэй холбоотой асуудлыг манай байгууллагын зүгээс төлж барагдуулахгүй. Учир нь 202 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ... дугаартай зээлийн гэрээ түүний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан ФД/... фидуцийн гэрээний үндсэн дээр “Т” ХХК нь Toyota Land-200 маркийн .... УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай байгууллагын барьцаа хөрөнгө болгож манай байгууллагын нэр дээр уг машиныг шилжүүлсэн. Гэрээний дагуу машины эзэмшиж ашиглахтай холбоотой бусдад учруулсан хохирол, төлбөр хураамжийг “Т” ХХК нь өөрөө хариуцах үүрэгтэй. Осол гарах үед “Т” ХХК нь уг автомашиныг эзэмшиж, ашиглаж байсан учир аливаа хохирлыг бүрэн хариуцна ...”. гэх мэдүүлэг,

Химийн шинжээч О.Лхагвагийн 2022 оны 07-р сарын 28-ны өдрийн 3645 дугаартай шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт,

“И” ХХК-ийн үнэлгээчин Г.О, С.Ө нарын гаргасан 2022 оны 07-р сарын 21-ны өдрийн 77404 дугаартай дүгнэлтээр: “...Honda fit0000 УУУ дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 11,365,000 төгрөгийн хохирол учирсан...” гэх дүгнэлт,

“И” ХХК-ийн үнэлгээчин Г.О, С.Ө нарын гаргасан 2022 оны 07-р сарын 21-ны өдрийн 77405 дугаартай дүгнэлт:“...Toyota prius-20маркийн ..... УАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 6,005,000 төгрөгийн хохирол учирсан...” гэх дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07-р сарын 28-ны өдрийн 10200 дугаартай шинжээчийн:

1. Э.О-ын биед зүүн хацрын ясны хугарал, цээжний зүүн талын 9-р хавирганы хугарал баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, хэвлийн зөөлөн эдийн няцрал. цус хуралт, зулгаралт, зүүн шанаа, духны шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт,

Химийн шинжээч О.Лгийн 2022 оны 07-р сарын 28-ны өдрийн 3645 дугаартай шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт:

1. Шинжилгээнд ирүүлсэн “47 эр С.Д” гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн “47 эр С.Д” гэж хаягласан цусанд 3.9 промилли спирт илэрсэн. Цусан дахь 3.9 промилли спирт нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,

“2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 925 дугаартай мөрдөгчийн: Тoyota Land 200 маркийн .... УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлсийг хориглоно: а/....., эсхүл согтууруулах ундаа, ...... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна...” гэх магадлагаа зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Мөрдөгчийн магадлагаа нь хууль ёсны, үндэслэлтэй эсэхийг хэрэгт авагдсан зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудтай харьцуулан судлахад эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч, хохирогч нарын мэдүүлэг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан тул шүүхээс үйл баримт болон хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримт гэж үнэлж шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэж заасан байна. Шүүгдэгч С.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас аливаа эрсдэл үүсч болзошгүй болохыг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасанАвто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч С.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчээс хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй тул шүүхээс шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болохыг тэмдэглэв.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч С.Д нь өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан эсэхийг хянан үзэхэд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, гэм буруу болон прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч Н.О-д 18.365.000 төгрөгийг хүлээлгэн өгч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах  эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн баримт хэрэгт авагджээ.

Иймд шүүгдэгчийн хүсэлтийг хүлээн авч гэм буруугийн шүүх хуралдааныг үргэлжлүүлэн, улмаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч С.Д-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан, зорчих эрх хязгаарлах ялын бүсчлэлийг Хан-уул, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс тогтоож, шүүхээс оногдуулсан ялыг зөрчсөн тохиолдолд гарах хууль зүйн үр дагаврыг тайлбарлаж, ялын биелэлтэд хяналт тавихыг нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар тус тус шийдвэрлэлээ.

Мөрдөн шалгах ажиллагаанд тухайн ослын улмаас Э.Лхагвазаяагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан тул түүнийг иргэний нэхэмжлэгчээр оролцуулсан нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүгдэгчээс 20.000.000 төгрөг төлсөн болохыг дурдав. 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Д-ийн №161417 дугаартай жолоочийн үнэмлэхийг холбогдох байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч С овогт С.Д-ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Д-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-д оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Хан-уул, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тухайн нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хориглосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч С.Д-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2.3-т тус тус зааснаар шүүгдэгч С.Д-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг  зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан  үеэс эхлэн тоолсугай.

7. Шүүгдэгч С.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, С.Д-ийн №... дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Лицензийн төвд шилжүүлсүгэй.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч Н.О нь өөрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсантай холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч,  өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН