Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1179

 

 

 

 

 

 

 

2022        12               15                              2022/ШЦТ/1179

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүгдэгч: А.Г, өмгөөлөгч О.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Н,

Улсын яллагч: Ц.Г нар оролцсон эрүүгийн ... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ...оны 04 дүгээр сарын 30-ны өдөр .. хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн, ял шийтгэл, хэрэг хариуцах чадвартай, Б овогт А.Г

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч А.Г нь 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ..... тоотод хамтран амьдрагч Б.Б зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь баруун шилбэнд зүсэгдсэн шарх, зүүн шилбэнд зулгаралт, цээж, нуруу, зүүн гуя, баруун, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Эрүүгийн 2209000001976 дугаартай хэргээс:

Хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Гэрч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 18-124 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 13510 дугаартай дүгнэлт/хх-ийн 27-28дугаар хуудас/ гэх дүгнэлт,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 34 дүгээр хуудас/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Г нь 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...тоотод хамтран амьдрагч Б.Б зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь баруун шилбэнд зүсэгдсэн шарх, зүүн шилбэнд зулгаралт, цээж, нуруу, зүүн гуя, баруун, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч Б.Б-ийн “...Би 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө 7 цагийн үед гэртээ орж ирсэн би өмнөх өдөр нь гэртээ хоноогүй тэрнээс болж манай нөхөр Га уурлаад нүүр рүү гараараа цохиод миний үснээс зулгаасан бас сүхээр нуруу руу 2 удаа цохиод хөл рүү сүхээр цохисон. Бас хутгаар миний хөлийг зүссэн” гэх мэдүүлэг,

Гэрч Б.У-ын “...9 цаг өнгөрч байх үед Сүхбаатар дүүргийн ...дугаар хороо Хангайн .. дугаар гудамжны .. тоотод гэртээ нөхөртөө зодуулсан гэх дуудлага мэдээлэл ирсэн. Тэгээд очоод шалгахад тухайн айлд өөрийгөө Батчимэг гэх эмэгтэй манай нөхөр намайг зодоод сүхээр цохисон бас хөлийг маань хутгаар зүссэн өмнө нь ч гэсэн намайг зоддог байсан гэж хэлж байсан Тухайн эмэгтэйн хөлөөс нь цус гарчихсан юмаар зүссэн мэт шархтай байсан. Тэгээд би нөхөр нь гээд Га гэх залуугаас юу болсон талаар тодруулахад манай эхнэр гэртээ хоноогүй гадуур хоносон. Тэгээд надад үнэнээ хэлэхгүй байхаар нь хутгаар айлгах гэж байгаад хөлийг нь зүсчих шиг болоод гэж байсан ...тухайн хутга нь гэрт нь харагдахгүй байсан. Харин сүх нь мөнгөлөг өнгөтэй том сүх байсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 13510 дугаартай:

1. Б.Б-ийн биед баруун шилбэнд зүсэгдсэн шарх, зүүн шилбэнд зулгаралт, цээж, нуруу, зүүн гуя, баруун. зүүн шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн бусад хэсгийн зулгаралт, цус хуралт нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх шарх нь тусдаа усад хэсгүүд нь нийтдээ гэмтлийн зээг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зээг тогтоогдлоо.

5. Дээрх гэмтлүүд нь 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр үүссэн байх боломжтой...”гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч А.Г нь 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ....тоотод хамтран амьдрагч Б.Б зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь баруун шилбэнд зүсэгдсэн шарх, зүүн шилбэнд зулгаралт, цээж, нуруу, зүүн гуя, баруун, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.Б-ийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт хангалттай тогтоож чадсан байх тул шүүгдэгч А.Г-ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Тодруулбал А.Г нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж  үйлдсэний улмаас Б.Б-ийн биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.

Иймд шүүх шүүгдэгч А.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч А.Г нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд  заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Г-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна. 

Шүүгдэгч А.Г нь гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдсон,  гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаагаа  мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлсэн, хохирогч Б.Б-ийн гомдол саналгүй талаар баримтыг ирүүлсэн, прокурорын сонсгосон 800.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрсөн зэргийг хянан үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй тул шүүгдэгч А.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.     

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг зохих байгууллагад даалгаж,  шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1. 4, 36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт А.Г-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш/3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай. 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг төмөр сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Шүүгдэгч А.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДАРЬСҮРЭН