Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/02

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

хохирогч Н.*******,

шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Налайх, дүүргийн прокурорын газраас ******* овогт *******гийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2207000000243 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 64 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт ******* дүүргийн ******* дүгээр хороо, тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:/.

Холбогдсон хэргийн талаар.          

Шүүгдэгч Г.******* нь дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр А0101 замын 92 дахь километрийн шонгийн орчим ******* аймгаас Улаанбаатар явах чиглэлийн замд 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 14 цагийн үед Тоёота приус загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэд түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Н.ын жолоодож явсан Дайцу загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, Н.ын биед хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар.

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл шүүгдэгч Г.******* нь дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр А0101 замын 92 дахь километрийн шонгийн орчим ******* аймгаас Улаанбаатар явах чиглэлийн замд 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 14 цагийн үед Тоёота приус загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэд түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Н.ын жолоодож явсан Дайцу загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, Н.ын биед хүндэвтэр хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

1.2 Нотлох баримтын үнэлгээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийг өгсөн. Үүнд:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******гийн өгсөн “... 2022 оны 11 сарын 01-ний өдөр ******* аймгийн Айраг сумаас гараад наашаа явсан. Мааньтаас эхлээд зам мөстсөн, овгор товгортой болсон байсан. Зөөлөн явж байтал гэнэтхэн л машины урдуур орчихсон байсан. Би хааяа ухаан балартдаг. Ноднин намар хоёр удаа тэгсэн. Ганцаараа явж хамаагүй болохгүй юм байна гэж боддог байсан. Ханиах юм уу, найтаахад нүд харанхуйлаад хачин болдог. Өөрийн мэдэлгүй урдаас ирж явсан машины урдуур хөндлөн орсон байсан. Зам дэндүү гулгаатай байсан, нээх хурдтай явах шаардлага байгаагүй. Тийм зүйл болсон. ...Эрүүл мэндэд учирсан хохирлыг төлсөн. Эд хөрөнгөд нэхэмжилж байгаа 5.*******0.000 төгрөгийг төлөх боломжгүй. Эд зүйлийн үнэлгээгээр 2.250.000 төгрөг гэж тогтоосон байгаа. Үүнийг даатгалаас шүүхийн шийдвэрийн дагуу өгнө гэсэн. Миний зүгээс 1.250.000 төгрөгийг нэмж төлөх боломжтой.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын         01-ний өдөр явах замын 92-р километр орчимд явж байгаад энэ  зам тээврийн осол гарсан. Тухайн үед тэр замд явж байсан тээврийн хэрэгслүүд хурдтай явах боломжгүй, зам халтиргаатай тул зөөлөн явж байсан. Уг нь зам дээр ямар ч саад байхгүй байсан. Энэ хүний жолоодож явсан машин яг зөрж өнгөрөх гэснээ гэнэт шууд урдуур эргэчихсэн. Надад саадыг тойрох, автомашиныг зогсоох зэрэг ямар ч самбаачлах хугацаа байхгүй байсан. Маш ойрхон зайд гэнэтхэн урдуур дарж орж ирээд энэ авто осол гарсан. Би эрүүл мэндэд өнөөдрийн байдлаар гарсан зардлаа авсан. Цаашид хагалгаанд орох шаардлагатай байгаа. Дахин гарсан эмчилгээний дардлаа иргэний журмаар авна. Машин одоог болтол журмын хашаанд байгаа. Журмын хашааны төлбөрөө бас авна. Машины төлбөрт Вьетнам засвар 3.800.000 төгрөгөөр засна гэсэн. Үүн дээр нэмж солих эд ангийг нийлүүлээд 5.*******0.000 төгрөгийг нэхэмжилнэ.” гэв.

Улсын яллагчийн шинжлэн судалсан, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тодруулбал:

- мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.ын өгсөн: “..2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 11 цаг 40 минутын үед Улаанбаатар хотоос өөрийн эзэмшлийн 78-75 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээ унаад ганцаараа ******* аймаг руу явж байгаад дүүргийн нутаг дэвсгэрт 14 цагийн үед орж ирсэн чинь зам гулгаатай мөс үүссэн байсан. Тэгээд би гулгаатай байсан болохоор тээврийн хэрэгсэлтэйгээ зөөлөн явж байгаад 88 дахь километр өнгөрөөд явж байтал эсрэг урсгалаар явж байсан тээврийн хэрэгсэл зөрж өнгөрөх гэж байгаад гэнэт урдуур эргээд ороод ирсэн. Энэ үйл явдал маш богино хугацаанд болсон. Надад самбаачлах хугацаа, саадыг тойрох, машинаа зогсоох оролдлого хийх ямар ч боломж байгаагүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 58 дахь тал/,

-Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4 дэх тал/

-Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 5 дахь тал/

-осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, фото зураг /хх-ийн 6-12 дахь тал/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Сэлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №15149 дугаартай:

1. “Н.ын биед баруун өвдөг, шагай, тавхайн үений холбоосын урагдал, суналт, цээжний зүүн талын 7-р хавирганы далд хугарал, цээж, зүүн ташаа, зүүн шилбэ, баруун өвдөг, шилбэ, шагай, тавхайнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 24-27 дахь тал/,

-“Гэрэгэ Эстимэйнт” ХХК-ийн авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн улсын дугаартай Daihatsu Hijet загварын тээврийн хэрэгсэлд ослын улмаас учирсан хохирлын үнэлгээ 2.250.000 төгрөг” гэх тайлан /хх-ийн 35 дахь талл/,

-мөрдөгчийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн: “ улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явсан ******* овогт *******гийн ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3. “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтын зөрчсөн байх үндэслэлтэй байна.

улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийн жолооч Н.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.” гэх магадлагаа /хх-ийн 40-41 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болно” заасны дагуу захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг тайлбарлах нь зүйн хэрэг.

Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжуудаар замын хөдөлгөөнд оролцогч нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй ба Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн аль ч үйлдэл зам тээврийн осол гарах шалтгаан болох үндэстэй, тийм ч учраас уг үйлдлийг хориглож хууль, дүрмээр хэм хэмжээ тогтоож хуульчилж өгдөг.

Хэрвээ замын хөдөлгөөнд оролцож буй хэн аль нь дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчөөгүй тохиолдолд уг осол гарахгүй байх нөхцөл бүрдэх боломжтой байсан байна.

1.3.Эрх зүйн дүгнэлт.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Г.******* нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн болох нь хохирогч, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, мөрдөгчийн магадлагаа, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зураг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгч Г.******* нь замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан атлаа бусдад хохирол, хор уршиг учруулжээ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Иймээс шүүгдэгч Г.*******г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх “хэргийн бодит байдал”-ыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Г.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг дээрх нотлох баримтуудыг үнэлж, дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй гэж дүгнэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад “мөрдөгч гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтныг;” ойлгоно гэж, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргаж болно.” гэж тус тус заажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөвхөн хуулиар тогтоох бөгөөд шүүх, прокурор, мөрдөгч үйл ажиллагаандаа хэлбэрэлтгүйгээр чанд сахиж мөрдөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам нь эргэлзээгүй байх бөгөөд хэн нэгэн этгээд жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй тайлбарлах боломжгүйгээр тодорхой, ойлгомжтой хуульчлагдсан байдаг онцлогтой. Мөрдөгч, мөрдөн шалгах ажиллагааны явцад тусгай мэдлэг шаардагдах асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн мэдлэг, ур чадвараар тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргах эрхийг дээрх хуулиар олгосон байх ба мөрдөгч гэдэг нь тухайн хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж буй эрх бүхий албан тушаалтныг хэлнэ.

1.4. Хохирол, хор уршиг.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон. 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй,...бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус хуульчилж зохицуулсан.

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч компьютерт томографийн шинжилгээ, дүрс оношилгоо, эм тарианы төлбөрт баримтаар нийт 1.106.840 төгрөг нэхэмжилснээс Г.******* 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 1.106.840 төгрөгийг төлж барагдуулсан /хх-ийн 68 дахь тал/, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.  

Хохирогч Н.******* шүүхийн хэлэлцүүлэгт улсын дугаартай загварын тээврийн хэрэгсэлд 3.800.000 төгрөгийн засвар хийлгэх, солих эд анги авахад 1.410.000 төгрөг шаардлагатай тул нийт 5.*******0.000 төгрөгийн хохирол, мөн одоог хүртэл тээврийн хэрэгслээ журмын хашаанаас аваагүй байгаа тул гарах төлбөрийг нэхэмжилсэн. 

Шүүгдэгч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн тээврийн хэрэгсэлд нэхэмжилсэн 5.*******0.000 төгрөгөөс даатгалаас үнэлгээний дагуу олгогдох 2.250.000 төгрөг үүнээс гадна 1.250.000 төгрөг нийт 3.500.000 төгрөгийн хохирлыг  хүлээн зөвшөөрсөн.

Иймд хохирогч Н.ын унаж явсан улсын дугаартай загварын тээврийн хэрэгсэлд “Гэрэгэ Эстимэйт” ХХК-ийн авто машин техникийн эвдрэл, хохирлын тайлангийн үнэлгээгээр /хх-ийн 35 дахь тал/ 2.250.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон, хохирогч болон шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт “Г.*******гийн албан журмын даатгалд холбогдох баримтыг хүргүүлсэн шүүхийн шийдвэр гарсны дараа Практикал даатгалаас тээврийн хэрэгсэлд учирсан 2.250.000 төгрөгийн хохирлыг гаргуулан Н.*******д олгохоор байгаа” гэж мэдүүлж байх тул Г.*******гийн албан журмын даатгалаас 2.250.000 төгрөгийг, шүүгдэгч Г.*******гээс тээврийн хэрэгслийн хохиролд 1.250.000 төгрөгийг гаргуулж  хохирогч Н.*******д олгох нь зүйтэй байна.

Хохирогч Н.ын тээврийн хэрэгслийн хохиролд нэхэмжилсэн 5.*******0.000 төгрөгийн үлдэх 1.710.000 төгрөгийг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

Мөн хохирогч Н.******* нь тээврийн хэрэгслээ түр саатуулах хашаа /байр/-наас аваагүй байгаа тул гарах төлбөрийг нэхэмжилсэн. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Н.******* нь тээврийн хэрэгслээ журмын хашаанд байлгасан зардлын баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв. 

Мөн Г.*******гийн унаж авсан улсын дугаартай тээврийн хэрэгсэл Д.ын эзэмшлийнх /хх-ийн 20-******* дэх тал/ боловч эзэмшигч Д. мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр “... ******* миний аав байгаа юм. Миний машин осолд орсон талаар ааваасаа мэдсэн. Би ааваасаа машинаа нэхэмжлэхгүй. Даатгал аав бид хоёрын нэр дээр байдаг. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэж Д. нь аав болох Г.*******гээс нэхэмжлэх зүйл байхгүй талаараа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн болно.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

2.1. Талуудын санал, дүгнэлт.

Улсын яллагчаас “...Шүүгдэгч Г.*******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Н.ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан. Хохиролд 1.106.840 төгрөгийг төлсөн. Хохирогч Н.ын жолоодож явсан загварын улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үнэлгээгээр 2.250.000 төгрөгийн хохирол, хор уршиг учирсан байна. Н.ын эрүүл мэндэд учирсан хохирол болох 1.106.840 төгрөг төлөгдсөн. Эмчилгээтэй холбоотой зардал болон үнэлгээгээр гарсан 2.250.000 төгрөг, цаашид гарах зардлаа иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлээд нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх санал гаргаж байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч Г.******* нь гэм буруугаа хүлээсэн, тодорхой хэмжээнд хохирол барагдуулсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар Улаанбаатар хотоос гарахгүй байхаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээлгэхийг тус тус дурдуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг танилцуулсан.

Хохирогч Н.*******: “Миний хувьд эд хөрөнгө болон эрүүл мэндэд учирсан хохирлоо өөрийн нэхэмжилж байгаагаар гаргуулах хүсэлттэй байна. Өөр хүсэлтгүй”. гэх санал,

Шүүгдэгч Г.*******: “Би хагалгаанд орсон зүрхний дутагдалтай. Зорчих эрхийг хязгаарлах ял гэхээр амралт сувилалд явж чадахгүй болох байх. Тиймээс бага хэмжээгээр торгуулийн ял оногдуулж өгнө үү. Зун болохоор рашаан сувилалд гардаг тул хотоос гарч чадахгүй болохоор хэцүү юм байна. Цаашид гарах эрүүл мэндийн хохирлыг хариуцна. Автомашины хохирлын хувьд саналаа хэлсэн. Даатгалын мөнгө энэ хүний данс руу орно. Энэ сэлбэгээ аваад машинаа засуулах байх гэж ойлгож байгаа. Дээрээс нь хүнийг хохироосон тул нэмээд 1.250.000 төгрөгийг төлье гэж бодсон.” гэх саналыг тус тус гаргав.

2.2. Эрүүгийн хариуцлага.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Г.******* нь цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх /хх-ийн 98 дахь тал/ ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 8 сарын хугацаагаар Улаанбаатар хотоос гарахгүй байхаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал болгосон. Шүүгдэгч Г.******* нь: “Би хагалгаанд орсон зүрхний дутагдалтай. Зорчих эрхийг хязгаарлах ял гэхээр зун болохоор рашаан сувилалд гардаг тул хотоос гарч чадахгүй болохоор хэцүү юм байна. Тиймээс бага хэмжээгээр торгуулийн ял оногдуулж өгнө үү. Би тэтгэвэрт байдаг, тэтгэврийн зээлтэй 2023 оны 6 дугаар сарын дуустал тэтгэвэр авахгүй” гэж дүгнэлт гаргасан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэж заасан тул шүүгдэгч Г.******* торгуулийн ялыг өөрөө биелүүлэх боломжгүй байх тул түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулав.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно.” гэж зааснаас шүүгдэгч Г.*******гийн эрүүл мэндийн байдлаас болж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд үндсэн ял дээр нэмж 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.   

Шүүгдэгч Г.*******гийн жолооны үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, Г.******* нь 3739 дугаартай BCDE ангиллын тээврийн хэрэгслийн үнэмлэхтэй болно.

Иймд шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих, эрүүл мэндийн үзлэгт хамрагдах үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Г.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Бусад асуудлаар.

Шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримт болон хураан авсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих, эрүүл мэндийн үзлэгт хамрагдах үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Г.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.******* эрүүл мэндэд учирсан хохиролд нэхэмжилсэн 1.106.840 төгрөгийг Г.******* бүрэн төлсөн болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1,   505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгөд / загварын улсын дугаартай тээврийн хэрэгсэл/ учирсан хохиролд 3.500.000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгөөс /үүнээс 2.250.000 төгрөгийг “Практик” даатгалаас, 1.250.000 төгрөгийг Г.*******гээс/ шүүгдэгч Г.*******гээс гаргуулж хохирогч Н.*******д олгож, Н.ын нэхэмжилсэн 5.*******0.000 төгрөгөөс үлдэх 1.710.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Н.******* цаашид гарах эмчилгээний зардал, загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийн түр саатуулах хашаа/байр/-нд байлгасан төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Г.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        П.БАЯСГАЛАН