| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2023/0017/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/24 |
| Огноо | 2023-01-16 |
| Зүйл хэсэг | 15.2.2.2., |
| Улсын яллагч | М.Бамбадорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч М.Бамбадорж
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх М.Бамбадоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,******* оны 05 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймаг сумын 2 дугаар баг ******* гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж тус ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 178 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 314 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, ******* овогт ******* . /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 14 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 2 дугаар багийн нутаг ******* гэх газарт иргэн улсын дугааргүй хул өнгийн маркийн тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож, зам тээврийн осолд орсон иргэн ослын улмаас эрүүл мэнд, амь насанд нь аюул учрах нөхцөл байдалтай байхад нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүй осол болсон газар нь орхиж явсны улмаас амь нас нь хохирсон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би нөхөр Б. хамтран амьдраад 12 жил болсон. Бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. 2 хүүхдэдээ 18 нас хүртэл нь тэтгэмж гаргуулах хүсэлтэй байна. Миний дансанд *******оос 1,500,000 төгрөг хийсэн байсан...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 26-ны орой хөдөө гэрээсээ хүүхдээ сургуульд оруулах гэж ирэхэд манай талийгаач нөхөр нь гэртээ ганцаараа малаа хараад үлдсэн. 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өглөө 08 цаг 40 минутын орчимд нөхөр нь манай хөдөө гэрээс холгүй төрсөн эгч гэрийн суурин утаснаас над руу залгаад ахын гэрт байна, гэрийн утас болохгүй унтраад байна гэхэд нь би за за гэж хэлээд утсаа салгасан. 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө 09 цагийн орчимд байх гэж бодож байна, намайг хадам ээжийнхээ гэрт аймгийн төвд байж байхад эгч хөдөө гэрээсээ хадам ээж гар утас руу залгаад нас барчихсан байна гэж хэлэхээр нь мэдсэн бөгөөд өөр надад мэдэх зүйл үнэхээр байхгүй байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...”гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 27-ны орой 17 цагийн орчимд аймгийн төвийн гэртээ байж байхад цагдаа над руу яриад танай нөхөр чинь согтуу аймаг орох гээд явган явж байна гэр чинь хаана юм нөхрийг чинь хүргээд өгье гэж хэлсэн. Удалгүй цагдаагийн машин ирээд нөхрийг маань буулгаж өгсөн ба том охин маань нөхрийг түшээд гэрт оруулах үед нөхөр маань хөл дээрээ тогтож чадахгүй, шал согтуу байдалтай үүдэнд унаад өгсөн. ...Би нөхрөөсөө чи хонь малаа яасан юм гэж асуухад хонио өглөө гаргаад танай дүү цуг хойд талын саахалт айл гэрт архи уусан, хонь мал хаана байгааг мэдэхгүй гэсэн. Мөн 9 дүгээр сарын 27-ны орой аймгийн төвд болон хөдөө гэртээ очих үед нөхөр надад цуг мотоциклтой онхолдсон гэж хэлээгүй. ...Өглөө 07 цагийн үед нөхөр маань надад би гэр рүү нь явчихаад ирье гэж хэлээд мотоциклтойгоо хөдөлсөн. гэр нь манайхаас зүүн хойшоо 2 км зайтай байдаг. 8 цагийн орчим нөхөр маань гэртээ ирсэн ба би түүнээс юу хийж байна гэж асуухад гэртээ байхгүй байна гэж хэлсэн. Би хаачсан юм бэ, та 2 өчигдөр архи ууж яваад хаана салсан юм гэж асуухад бид 2 мотоциклтойгоо онхолдсон гэж хэлсэн. Би тэгэхээр нь гайхаад хаана яаж онхолдсон юм гэж асуухад хаана онхолдсоноо санахгүй байна. ийг босохгүй болохоор нь би мотоциклтойгоо хөдлөөд явсан гэж хэлсэн. Би уурлаад юу солиороод байгаа юм бэ, чи тэгээд онхолдсон хүнийг хөдөө хаяад ирсэн юм уу гэж асуухад ийг татаж босгох гэхэд өөрөө архиндаа согтоод босохгүй болохоор нь мотоциклтойгоо хөдөлсөн. Яаж яваад аймагт очсоноо мэдэхгүй байна гэж хэлсэн. Би түүнээс аль замаар яаж явсан талаар асуугаад нөхрийнхөө хамтаар машинтайгаа явж ийг хайсан. Нөхрийнхөө заасан замаар явж байх үед манай гэрээс баруун хойд зүгт 5 орчим км зайд замын хагарсан уруу хэсгийн элсэн дээр нүүр ам нь шороо болчихсон ухаангүй хэвтэж байсан. ...аймгийн төв рүү түргэн тусламж дуудсан. Түргэн тусламжийн утас руу залгаад ирж байна уу гэхэд та нар наад хүнээ аваад аймгийн төв рүү гарч бай өөдөөс чинь түргэн тусламж очно гэсэн. Тэгээд би ийг машиныхаа арын суудал дээр хэвтүүлээд аймаг руу хөдөлсөн. Зүүн бетон гүүрний урд талын танктай хөшөөний дэргэд ирж байхад ард сууж явсан залуу эгчээ энэ ахын гар хөл нь хөдлөхөө больчихлоо амьсгалахгүй байх шиг байна гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид 2 машинаа зогсоогоод ийг үзэх үед хөл гар нь огт хөдлөхгүй, зүрх нь цохилохгүй болчихсон байсан. Удалгүй түргэн тусламж ирээд эмч үзээд ийг нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Нөхөр маань надад хэлэхдээ гаднаас хөдлөх үед миний мотоцикл дээр суугаад ахаа хоёулаа аймаг ороод ирье, та суучих би мотоциклийг бариад явъя гэсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-29/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид 4 миний задалсан 2,5 литрийн пивыг хувааж уугаад бид 2 үлдээд, морио унаад, мотоциклоо унаад явсан. Тэрнээс хойш той таараагүй. Тэгсэн 09 дүгээр сарын 28-ны өглөө 08 цаг болж байхад ганцаараа мотоциклтойгоо эрүүл ирээд гэртээ байхгүй байна харсан уу гэхэд нь би харагдаагүй гэж хэлэхэд өөр юм хэлээгүй яваад өгсөн. Би 27-ны өдөр мотоциклоо ээр бариулаад явж байхыг хараагүй, өөрөө бариад л явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/
Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ... ах ийг гэртээ буулгаагүй ахын гэрийн гадаа бууна гээд байна тэгэхээр нь буулгаад үлдээчихлээ гэж хэлсэн. Тэгээд ирчихээд ын мотоциклийн түлхүүр хаана байгаа юм гэж асуухаар нь надаа байна гэхэд нь тэгвэл аваачаад өгье гэж хэлээд ах түлхүүрийг нь аваад ахад өгсөн. ах мотоциклоо бариад гэр рүүгээ явж байгаа харагдсан. Дахиж , ах хоёртой таараагүй. ах мотоциклийг нь гуйхаар өгч л байдаг. , хоёрыг мотоциклтой явж байхыг харсан хүн байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө 09 цагт манай нутгийн ах машинтайгаа ирээд утсаар чинь түргэн дуудчихъя гэж хэлээд утсаар хүн ухаангүй байна гэж ярьсан. Тэгээд хойно зам дээр уначихсан ухаангүй байна, хоёулаа хамт очъё гэж хэлсэн. Тэгээд бид хоёрыг очиход замын хойд тал өвсөнд байсан бөгөөд ахын эхнэр ийг өвөр дээрээ толгойг нь тавьсан байдалтай байсан. Тэгээд бид хэд ус өгөхөд уугаагүй бөгөөд нүд нь нээгдээгүй амьсгалж байсан бөгөөд ямар нэгэн хариу үзүүлээгүй. Түргэн рүү ярьсан, гарч байна гэсэн бөгөөд ийг машиныхаа арын суудал дээр хэвтүүлээд толгойг нь би өвөр дээрээ тавиад аймаг хөдөлсөн. Хөдлөөд 30 орчим км явсан байх, ямар ч хөдөлгөөн үзүүлээгүй амьсгалахгүй байх шиг болохоор нь машинаа зогсоогоод түргэн ирэхийг хүлээсэн. Түргэн бид хэдийг зогссоноос хойш 5 орчим минутын дараа ирж үзээд нас барсан гэж хэлсэн. Осол болсон газар манай гэрээс хойш 1 км орчим зайтай харагдаж байсан. Би болон нарыг мотоциклтой явахыг хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 46/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…09 дүгээр сарын 27-ны өглөө 07 цаг өнгөрч байхад нутгийн , нар нь мотоциклтэй ирсэн бөгөөд хэн барьж ирсэн талаар хараагүй. Тухайн үедээ архи уусан байдалтай байх шиг байсан бөгөөд онц юм яриагүй. Тэгээд ганц шил юм байна уу гэж асуухад нь би байхгүй гэж хэлсэн. Удалгүй , нар хөдөлсөн. , хоёрыг мотоциклтой явсныг харсан хүн байгаа үгүйг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 32/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр аймгийн төвд гэртээ байхад өглөө хүү ийг хөдөө ухаангүй хэвтэж байна. Хэрлэн сумын 5 дугаар баг Дивизийн тэнд аваад явж байна гэж талийгаачийн эгч утсаар хэлсэн. Тэгсэн өмнөх өдөр нь буюу 9 дүгээр сарын 27-нд хүргэн *******ын хамт хүү нь мотоциклтой согтуу явж байгаад осолд орсон байсныг 28-ны өдөр мэдсэн. Тэгсэн ******* нь талийгаачийг осол болсон газар орхиж явж тухайн осолд орсон талаар хүнд болон ар гэрийн бидэнд хэлээгүйд нь гомдож байна. Хэрвээ энэ талаар хэлсэн бол өнөөдөр амьд ч байж магадгүй байсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 48/
Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... надад та мотоциклоо өгчих, дүү нь аймаг яваад ирье гэхэд нь ах нь мотоциклоо өгөхгүй гэсэн чинь тэгвэл хоёулаа хамт явъя гэхээр нь би зөвшөөрөөд мотоцикл бариад би ард нь суугаад хөдөлсөн. Тэгээд гэрээс баруун хойшоо 2-3 км орчим шороон зам дээр явж байхад элс таараад мотоциклтойгоо дайвалзаж явж байгаад зам дээр баруун гар тал руугаа унасан бөгөөд би чигээрээ цээжин хэсгээрээ унасан. баруун хажуу хэсгээрээ унасан сайн харж чадаагүй. Би босож мотоциклоо босгочихоод рүү очиж хувцаснаас нь татахад хариу үйлдэл үзүүлээгүй, сэрэхгүй хурхираад байхаар нь би өргөж замын хойд талын өвсөн дээр тавьчихаад дахиад сэрээх гэж дуудахад сэрэхгүй хурхираад унтаад байсан. Тэгэхээр нь би унтаж байгаа юм байна гэж бодоод мотоциклоо унаад аймаг руу хөдөлсөн. Би нэлээн согтуу байсан болохоор зарим зүйлээ санахгүй, ухаан орж гараад байсан. Нэг мэдэхэд Сүхжин компанийн үхрийн фермийн урд явж байхад мотоцикл бензингүй болоод унтарсан. Тэгэхээр нь цаг орчим машин ирэхийг нь хүлээгээд ирэхгүй байхаар нь хойшоо алхаад танихгүй айлаас 500 грамм орчим бензин гуйж аваад мотоциклоо асаагаад гэх айл дээр ирж мотоциклоо орхисон. ...Нэг мэдэхэд цагдаагийн машинтай явж байсан бөгөөд намайг гэрт маань буулгаж өгсөн. ...Тэгээд гэртээ очоод унтаад маргааш өглөө нь 06 цагийн үед босоод гэр рүү нь ганцаараа очиход байхгүй байхаар нь ы гэр рүү очсон. Тэдний гэрт нь хүн байхгүй байхаар нь би рүү очоод өчигдөр бид хоёр мотоциклтой явж байгаад осолд орж унасан. унасан газраа байхгүй байна харагдсан уу гэж асуусан. Тэгэхэд харагдаагүй гэхээр нь би утсаар нь ээж болон эхнэр рүү нь залгаад аймагт очоо юу гэхэд ирээгүй гэсэн. Тэгээд би гэр рүүгээ очоод эхнэрийн машинтай осол болсон газраа 08 цагийн орчимд ирэхэд байхгүй байсан бөгөөд осол болсон газраас баруун хойш замын хойд талд 40 орчим метр зайд өвсөнд улаан дээл харагдахаар нь очиход дээл, гутлаа тайлчихсан, хувцаснаасаа 5 орчим метр зайд доошоо хараад хэвтэж байсан. Түүнийг татаж дээшээ харуулахад амьсгаатай байсан бөгөөд эхнэр өвөр дээрээ дээшээ харуулж тавиад гар хөлийг нь хөдөлгөсөн. Би замын урд талд байсан айл руу очоод утсаар нь түргэн дуудчихаад айлын хүүхдийг нь дагуулаад ус аваад эхнэр рүүгээ ирсэн. Тэгээд т ус уулгахад багаар уугаад нүд нь аниатай амьсгаадаад байсан. Дахиад түргэн рүү ярихад гараагүй байна гэхээр нь аваад очиж байх уу гэхэд тэг гэсэн. Ингээд манай перемо маркийн тээврийн хэрэгслийн арын суудалд ийг айлын хүүгийн өвөр дээр хэвтүүлээд аймаг явсан. Аймаг дөхөж байхад гэнэт эвгүй болчихлоо, амьсгалахгүй байна гээд Дивиз дээр зогссон. Зогсоод байж байхад түргэн ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 85-86/
Дорнод аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн магадлагаа:
1. Дорнод аймгийн сумын 2 дугаар багийн нутаг ******* гэх газарт иргэн нь улсын дугааргүй хул өнгийн Даюун маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 14 цагийн орчимд жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т зааснаар “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн “жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 3.4в мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна.
Мөн зорчигч Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөн нь тогтоогдож байна гэжээ. /хх-ийн 49/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 100 тоот дүгнэлтэд:
1. Талийгаач ийн цогцост гавлын том нүхний зүүн талаас дагз руу үргэлжилсэн, суурийн зүүн ар хонхорт чулуулгийн араас үргэлжилсэн шугаман хугарал, их тархины хоёр тал бөмбөлгийн духны дэлбэн, чамархайн дэлбэнгийн суурийн хэсэгт эдийн доторх цус хуралт, эдийн няцрал, бага тархины суурийн хэсгийн эдийн доторх цус хуралт, толгойн хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, зүүн шанаа, духанд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэл буюу зам тээврийн ослын улмаас хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гавал тархины битүү гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэг, бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ.
5. Талийгаачид хийсэн химийн шинжилгээгээр цус, шээсэнд спиртийн агууламж илрээгүй байна.
6. Талийгаач нь 1-р бүлгийн цустай байна гэжээ. /хх-ийн 80-81/
-Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 89 тоот дүгнэлт /хх-ийн 71-72/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09-15/
- маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16/
- Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 17/
- Гэрч Б.ы мэдүүлэг /хх-ийн 31/
- Гэрч мэдүүлэг /хх-ийн 44/
- Шинжээч эмч мэдүүлэг /хх-ийн 52-53/
- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 56-57, 62-65/
- Биологийн лабораторид шинжилгээ хийлгэх илгээх бичиг, хариу /хх-ийн 66/
- Химийн лабораторид шинжилгээ хийлгэх илгээх бичиг, хариу /хх-ийн 67/
- Хүний бие, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 79-81/
- *******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 87-88/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89/
- Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 91-106/
- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 46-47/
- Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шинээр гаргасан 4 хуудас баримт /задгай/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж, шүүгдэгч *******од холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 14 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 2 дугаар багийн нутаг ******* гэх газарт хохирогч улсын дугааргүй маркийн тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож осол гаргаж, зам тээврийн осолд орсон ослын улмаас эрүүл мэнд, амь насанд нь аюул учрах нөхцөл байдалтай байхад нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүй осол болсон газар нь орхиж явсны улмаас амь нас нь хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Д., Б., , Б., , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, биологийн лабораторид шинжилгээ хийлгэх илгээх бичиг, хариу, химийн лабораторид шинжилгээ хийлгэх илгээх бичиг, хариу, хүний бие, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 100 тоот “...Талийгаач ийн цогцост гавлын том нүхний зүүн талаас дагз руу үргэлжилсэн, суурийн зүүн ар хонхорт чулуулгийн араас үргэлжилсэн шугаман хугарал, их тархины хоёр тал бөмбөлгийн духны дэлбэн, чамархайн дэлбэнгийн суурийн хэсэгт эдийн доторх цус хуралт, эдийн няцрал, бага тархины суурийн хэсгийн эдийн доторх цус хуралт, толгойн хуйхны дотор гадаргуу дах цус хуралт, зүүн шанаа, духанд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэл буюу зам тээврийн ослын улмаас хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 14 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 2 дугаар багийн нутаг ******* гэх газарт улсын дугааргүй маркийн тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож осол гаргаж, зам тээврийн осолд орсон хохирогч ослын улмаас эрүүл мэнд, амь насанд нь аюул учрах нөхцөл байдалтай байхад нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх үүргээ зориуд биелүүлээгүй осол болсон газар нь орхиж явсан бөгөөд улмаар хохирогч нь гавал тархины битүү гэмтлийн улмаас амь нас нь хохирсон үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ын үйлдэл нь хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан, аюултай нөхцөл байдал үүссэн эсхүл тийм нөхцөл байдал бүхий орчинд амь хохирогчийг хүнд зэргийн согтолтоос шалтгаалан бусдаас тусламж авах, өөртөө тусламж үзүүлэх, биеэ авч явах чадвараа илтэд алдсан гэдгийг мэдсэн, мэдэх боломжтой байсан атлаа зохих тусламж үзүүлээгүйн улмаас амь нас нь хохирсноороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэргийн “...хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас ...хохирогч нас барсан” шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******од 3 жилийн хорих ял, шүүгдэгчийн өмгөөлөгч улсын яллагчийн санал болгосон хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзах санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй байна.
Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч ******* овогт ******* од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ийн амь нас хохирсон бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогчийн оршуулгын зардалд 4,000,000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 1,500,000 төгрөг нийт 5,500,000 төгрөг төлсөн бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “*******од гомдол, саналгүй, 2 хүүхдээ 18 нас хүртэл нь тэтгэмж тогтоолгох хүсэлтэй байна. Өөр нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлж байгаа боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь хүүхдийн тэтгэмж тогтоолгох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч *******оос нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч ******* ыг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь хүүхдийн тэтгэмж тогтоолгох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэмт буруутай этгээд *******оос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА