Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмэнжаргалын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 124/2020/0017/з |
Дугаар | 38 |
Огноо | 2021-09-03 |
Маргааны төрөл | Газар, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 38
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл даргалан, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Янжиндулам, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Б У” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргад холбогдох,
“Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 08 сарын 05-ны өдрийн А/91, 2020 оны 03 сарын 20-ны өдрийн А/31, 2019 оны 08 сарын 05-ны өдрийн А/92, 2020 оны 03 сарын 30-ны өдрийн А/36, 2020 оны 03 сарын 30-ны өдрийн А/38, 2020 оны 03 сарын 16-ны өдрийн А/30, 2020 оны 05 сарын 06-ны өдрийн А/49 дугаартай захирамжуудын “Б У” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ““Б У” ХХК’’-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, хариуцагч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга С.У /цахимаар/, гуравдагч этгээд “Б Б” ХХК-ийн захирал Б.Б /цахимаар/, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б /цахимаар/, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э /цахимаар/, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Ц /цахимаар/, иргэдийн төлөөлөгч Ц.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Б У” ХХК-ийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б У” ХХК нь 2011 онд газар тариалангийн чиглэлээр уйл ажиллагаа явуулахаар байгуулагдаж тухайн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн. “Б У” ХХК нь Баруунтуруун сумын засаг даргын 2018 оны 07 сарын 19-ны өдрийн А/76 тоот захирамжийн дагуу үр тариа тарих зориулалтаар тус сумын Баян айраг багийн нутаг Хар хадад байрлалтай 2000 оноос хойш ашиглаагүй, атаршсан 3016 га газрыг 15 жилийн хугацаатайгаар хууль ёсны дагуу эзэмшиж авсан байдаг. Улмаар 2020 оны 5 сард өөрийн эзэмшлийн газраа ашиглаж үр тариа тарихаар ХААДСангаас хөнгөлөлттэй зээлээр 165 м.х трактор 2 ширхэг, дагалдах хэрэгслүүдийн хамт, үрийн буудай болон тариалалтад шаардлагатай хүн хүч, шатахуун тослох материалыг Улаанбаатар хотоос авч ирсэн. Ингээд өөрийн эзэмшлийн талбайдаа тариалалт хийж эхлэх явцад “Б У” ХХК-ны эзэмшил газрыг өөр хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх шийдвэр гаргаж тус компаний газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн гэдгийг олж мэдсэн. Улмаар тухайн асуудлыг судалж учрыг тодруулахад “Б У” компанид мэдэгдэлгүйгээр "эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэх үндэслэлүүдээр Баруунтуруун сумын засаг дарга хууль бус шийдвэр гарган 2019 оны 08 сарын 05-ны өдрийн А/91 дугаар захирамжаар 1516 га газрыг, 2020 оны 03 сарын 20-ны өдрийн А/31 дугаар захирамжаар үлдсэн газар эзэмших эрхийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байсан. Баруунтуруун сумын засаг дарга дээрх захирамжуудыг гаргахдаа “Б У” ХХК-д урьдчилан мэдэгдэж, сонсгох ажиллагаа явуулахгүйгээр тус компанийн хууль ёсны дагуу газар эзэмших эрхэд хууль бусаар халдсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
“Б У” ХХК-ны газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлээд тус компанийн эзэмшиж байсан газрыг Засаг дарга С.Л өөрийн эхнэрийн нэр дээрх “Т Х” ХХК-д 200 га, тус сумын агрономич Л.Батбаатарын эзэмшлийн “У А С” ХХК-д 254 га, сумын газрын даамал Б.Б-нд 100 га гэх мэтээр өөрсдийн хамаарал бүхий нийт 26 аж ахуйн нэгж, хувь хүмүүст уг газрыг олгосон байна.
Улмаар “Б У” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.А Баруунтуруун сумын Засаг даргын хууль бус захирамжийг хүчингүй болгуулахаар дээд шатны эрх бүхий албан тушаалтан буюу Аймгийн засаг даргад өргөдөл гаргасан байдаг. Тухайн өргөдлийн хариуг 2020 оны 06 сарын 12-ны өдөр авсан ба компаний зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Баруунтуруун сумын засаг даргын энэхүү хууль бус шийдвэрийн улмаас “Б У” ХХК-ны тариалалтын ажил зогсонги байдалд орж, компанийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулж байна. Мөн ихээхэн хэмжээний хохирол амсаад байна.
Иймд Баруунтуруун сумын засаг даргын 2019 оны 08 сарын 05-ны өдрийн А/91, 2020 оны 03 сарын 20-ны өдрийн А/31 тоот захирамжуудын “Б У” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч “Б У” ХХК-ийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э 2020 оны 11 сарын 04-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Б У”" ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э миний бие Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 08 сарын 05-ны өдрийн А/91, 2020 оны 03 сарын 20-ны өдрийн А/31 тоот захирамжуудын “Б У” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар 2020 оны 06 сарын 22-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Манай компани 2020 оны 10 сарын 16-ны өдөр Баруунтуруун сумын засаг даргын 2019 оны 08 сарын 05-ны өдрийн А/92, 2020 оны 03 сарын 30-ны өдрийн А/36, 2020 оны 03 сарын 30-ны өдрийн А/38 тоот захирамжуудын “Б У” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байсан. Хавтас хэрэгт авагдсан хэргийн материалтай танилцахад “Б У” ХХК-ны эзэмшиж байсан газраас Хар хадад байрлалтай 19 дугаартай 300 га газрыг 2019 оны 05 сарын 22-ны өдрийн захирамжаар Т.Б, Б.Х, Б.Б нарт хуваан эзэмшүүлсэн байгааг олж мэдэж нэхэмжлэлийн шаардлагаа дахин нэмэгдүүлсэн байсан боловч дээрх нэр бүхий иргэдэд эзэмшүүлсэн газар эзэмших эрхийг 2020 оны 05 сарын 06-ны өдрийн А/49 дугаар захирамжаар “Б Т Б” ХХК-д шилжүүлсэн байна. Хар хадад байрлалтай 19 дугаартай 300 га газрыг эзэмших манай компанийн эрх одоог болтол хэвээр хадгалагдаж байгаа ба энэхүү газар эзэмших эрх хүчингүй болоогүй байхад “Б Т Б” ХХК-д дахин эзэмшүүлснээр эзэмшил давхацсан байна. Мөн 2020 оны 03 сарын 16-ны өдрийн А/30 дугаартай эрх шилжүүлэх захирамжаар С.Н-ын эзэмшиж байсан 80 га газрыг “М О А” ХХК-д, Т.П-ийн эзэмшиж байсан 100 га газрыг “А Х” ХХК-д тус тус эзэмшүүлсэн байна.
Нэхэмжлэгч компанийн эзэмшиж байсан газрыг хууль бус захирамж гарган бусдад эзэмшүүлсэн, эзэмших эрх шилжүүлсэн, эзэмшил давхцуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаа дахин нэмэгдүүлж байна.
Баруунтуруун сумын Засаг дарга нь “Б У” ХХК-ны хууль ёсоор эзэмшиж байсан газрыг хураан авч нэр бүхий иргэн, хуулийн этгээдүүдэд эзэмшүүлсэн байх ба энэ талаар 2019 оны 08 сарын 05-ны өдрийн А/92, 2020 оны 03 сарын 30-ны өдрийн А/36, 2020 оны 03 сарын 30-ны өдрийн А/38, 2020 оны 03 сарын 16-ны өдрийн А/30, 2020 оны 05 сарын 06-ны А/49 тоот захирамжууд гарсан байгаа нь үндэслэлгүй байна.
Иймд Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 08 сарын 05-ны өдрийн А/91, 2020 оны 03 сарын 20-ны өдрийн А/31, 2019 оны 08 сарын 05-ны өдрийн А/92. 2020 оны 03 сарын 30-ны өдрийн А/36, 2020 оны 03 сарын 30-ны өдрийн А/38, 2020 оны 03 сарын 16-ны өдрийн А/30, 2020 оны 05 сарын 06-ны А/49 захирамжуудын “Б У” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү”гэжээ.
Нэхэмжлэгч “Б У” ХХК’’-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б У” ХХК нь 2020 онд тариалалт эрхлэхээр Улаанбаатар хотоос 265 морины хүчтэй трактор, 25 тонн шатахуун ачиж Увс аймгийн Баруунтуруун суманд ирсэн. Гэтэл Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга нь манай компанийн эзэмшиж байсан 3016 га талбайг 26 хувь хүн болон аж ахуйн нэгжид хувааж өгсөн байсан. Ингээд “Б У” ХХК нь тариалалт эрхлэх боломжгүй болсон тул тус компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/91, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/31 тоот захирамжуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга нь дээрх захирамжуудыг гаргахдаа “Б У” ХХК-д ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй. Мөн манай компанийн эзэмшлийн 3016 га газрыг 5 удаагийн захирамж гаргаж нийт 26 аж ахуйн нэгж хувь хүнд эзэмшүүлсэн байгаа юм. Үүнд: Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/92 дугаартай захирамжаар “У А С”ХХК, “Т Х” ХХК, “С Ө” ХХК, иргэн Б нарт, 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/30 тоот захирамжаар “А Х” ХХК, “М А” ХХК-д, 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/36 тоот захирамжаар “Т Б” ХХК, “Б Т” ХХК, “Г Х Б” ХХК, “Э Т” ХХК, “Б Т Б” ХХК-д, 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/38 дугаар захирамжаар иргэн Д.П, Б, Б.О, Р.Э, Р.Э, Д.Ө, Д.Л, О.Ш, Б.Б, С.Ш нарт, 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн А/49 “Б Т Б” ХХК-д тус тус эзэмшүүлсэн байна. Иймд дээрх захирамжуудыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү. “Б У” ХХК нь Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 76 дугаартай захирамжаар 9 байршилд, 3016 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшсэн ба үүнд үр тарианы зориулалттай 1472 га, сортын 1544 га талбай багтаж байсан юм. Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 91 дүгээр захирамжаар “Б У” ХХК-ийн эзэмшиж байсан Хар хадад байрлалтай сортын 1516 га газрыг эзэмших эрхийг, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/31 дүгээр захирамжаар Хар хадад байрлалтай үр тарианы зориулалттай 1170 га газар эзэмших эрхийг тус тус хүчингүй болгосон. Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга нь Хар хадад байрлалтай 19 дугаартай 299 га газрыг эзэмших эрхийг хүчингүй болгоогүй хэрнээ гуравдагч этгээдэд давхардуулан эзэмшүүлсэн байна. Мөн 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/91 дугаартай захирамжаар хүчингүй болгосон Хар хадад байрлалтай сортын 413 га газар эзэмших эрхийг 2020 оны А/31 дугаартай захирамжаар дахин хүчингүй болгосон ба тус захирамжаар “Б У” ХХК-ийн эзэмшиж байгаагүй 3 дугаартай 407 га газрыг манай компанийг эзэмшиж байсан гэж үзэн хүчингүй болгосон. Манай компанийн Хар хадад байрлалтай 208 га газрыг 106, 106-аар нь хоёр хувааж хүчингүй болгосон бөгөөд тус газарт байрлалтай сортын 448 га талбайг хариуцагч хүчингүй болгохдоо 454 га газар болгож өөрчлөн хүчингүй болгосон. Үүнээс Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/92 дугаар захирамжаар “У А С” ХХК-д 259 га, “Т Х” ХХК-д 200 га талбайг тус тус эзэмшүүлсэн. “У А С”ХХК нь тухайн үед манай сумын агрономич байсан Батбаатарын эхнэрийн нэр дээр бүртгэлтэй компани, “Т Х” ХХК нь тухайн үеийн Засаг дарга Л-ийн эхнэрийн нэр дээр бүртгэлтэй байсан компаниуд байгаа юм. 17 дугаартай 495 га газраас Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/36 дугаар захирамжаар “Б Б” ХХК-д 400 га газрыг, 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/38 дугаар захирамжаар иргэн О.Ш-д 100 га, Б.Б-д 100 га, Н.М-т 34 га, С.Ш-т 100 га газрыг тус тус эзэмшүүлсэн. Б нь тухайн үед Баруунтуруун сумын газрын даамал байсан хүн байгаа юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа. “Б У” ХХК нь Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргад 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр газар тариалалтын зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргаж Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн А/76 дугаар захирамжаар Баян айраг багийн нутаг Хар хадад байрлалтай 2000 оноос хойш ашиглаагүй, атаршсан 3016 га газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байдаг. Гуравдагч этгээд болон хариуцагчийн тайлбарлаад байгаа шиг 2018 оны 7 дугаар сард гэрчилгээ шинэчилсэн гэж үзэхгүй байна. Хар хадад байрлалтай уг газрын хувьд 2000 оноос хойш ямар ч тариалалт явагдаж байгаагүй. Баруунтуруун сумын Засаг даргын хувьд гэрчилгээг олгохдоо 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн А/76 дугаартай захирамжийг үндэслэж олгосон. Талуудын маргаан бүхий газар эзэмших гэрчилгээ шинэчлэгдсэн асуудал байсан бол шинээр 2018 оны А/76 тоот захирамж гарах шаардлагагүй буюу анх эрх олгосон 2011 оны захирамжийг үндэслэж гэрчилгээг шинэчлэх байсан. Иймд хоёр эрх олгосон захирамж хүчин төгөлдөр үйлчилж байх тул сүүлд гаргасан 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн А/76 дугаартай захирамжийг хүчин төгөлдөр гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “Б У” ХХК-ийг хоёр жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй гэсэн тайлбарыг гаргаж байгаа бөгөөд газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэхэд тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө, санхүүжилт шаардлагатай гэдгийг бид бүгд мэдэх ёстой. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлийн хувьд нотлогдож тогтоогдоогүй, 40.1.5 дахь хэсэгт заасан үндэслэлийн хувьд 2018 онд төлбөр төлсөн байгаа, 40.1.6-д заасан үндэслэлийн хувьд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлсэн. 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс хойш 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад, 2 жил ашиглаагүй гэж газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй. Мөн маргаан бүхий захирамжуудын хувьд Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй бөгөөд хариуцагч нь маргаан бүхий захирамжуудыг “Б У” ХХК-д мэдэгдэх үүргээ ч хэрэгжүүлээгүй. Мөн Баруунтуруун сумын Засаг даргын “Б У” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжуудаас харахад 19 нэгж талбарын дугаартай 300 га газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоогүй байгаа. Хүчингүй болгоогүй газраа бусдад эзэмшүүлсэн нь үндэслэлгүй байгаа юм. “Б У” ХХК нь техник хэрэгсэл зээлээр авчихсан байгаа тул бусдын талбайг түрээслэж тариалалт эрхлэх үйл ажиллагаа явуулж байна. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь гуравдагч этгээдүүд хохирно гэдэг зүйл яриад байна. Гэтэл өөрийн эзэмшлийн газартаа тариалалт явуулж чадахгүй байгаа компани хохирохгүй байгаа юм уу? “Б У” ХХК-ийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Б У” ХХК нь нэхэмжлэлдээ 2011 оноос газар тариалан эрхэлж байсан гэж бичсэн боловч 2011 оны 10-р сарын 10 нд тухайн үеийн Засаг дарга А.С-ийн А/75 тоот захирамжаар үр тариа тариалах зориулалтаар Хар хад гэдэг газарт 3016 га тариалангийн талбайг эзэмших шийдвэр гаргуулан талбай бүрд гэрчилгээ авч 2018 оны 07-р сарын 19 хүртэл нэг ч га талбайг зориулалтаар нь ашиглаагүй бөгөөд энэ хугацаанд хуулийн хүрээнд ноогдуулсан газрын төлбөрийг огт төлөлгүй орон нутгийн орлого, төсвийн төлөвлөгөөг тасалдуулж хууль бус үйлдлээ үргэлжлүүлсээр ирсэн юм.
Иймд тус компанийн удирдлагад удаа дараа улсын байцаагчид, газрын даамал нар утсаар болон биечлэн хандаж байсан боловч зөрчил арилгаж газраа ашиглаж төлбөрийн тооцоо хийгээгүй ирсэн нь газрыг эзэмшлээс чөлөөлөх эрх зүйн үндэслэл болсон юм.
Тус компанийн газрын гэрчилгээ солих, эзэмшлийг албажуулж, газрын мэдээллийн санд албан ёсоор кадастржуулан оруулах зорилгоор 2018 оны 07-р сарын 19-нд А/76 тоот захирамжаар уг талбайг үргэлжлүүлэн ашиглах гэрээ хийж, гэрчилгээг шинэчилсэн боловч “Б У” ХХК нь уг асуудалд санаачилгагүй хандаж газрын төлбөрийг төлөхгүйн дээр 2020 оны 05-р сарыг хүртэл газраа зориулалтаар ашиглаагүй, талбайд кадастр хийлгэж газрын нэгдмэл санд бүртгүүлж өөрийн эзэмшлийг албан ёсны болгох ажлыг хийж хэрэгжүүлээгүй тул тухайн 3016 га талбай нь уг компанийн эзэмшлийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй. 2019 оны А/91, 2020 оны А/31 тоот захирамжаар, газар эзэмшиж үр тарианы үйлдвэрлэлээ өргөтгөх, Засгийн газрын 138-р тогтоолд хамрагдаж техник технилогоо шинэчлэх хүсэлт илэрхийлсэн 5-10 жил газар тариалан эрхэлж орон нутгийн хөгжилд бодит хувь оруулж ирсэн 26 иргэн, аж ахуйн нэгжид хуулийн хүрээнд захирамж гарган эзэмшүүлсэн бөгөөд уг эзэмшүүлсэн иргэн аж ахуйн нэгжүүд талбайгаа кадастр хийлгэж газрын мэдээллийн санд бүртгүүлсэн болно. Хуваарилж эзэмшүүлсэн иргэн аж ахуйн нэгжүүд нь хуулийн хүрээнд хүсэлтээ илэрхийлэн шийдвэрлүүлсэн болно. Харин удаа дараа хөнгөлөлт боломж олгоод байхад газраа 9 жил ашиглаагүй, мөн хугацаанд газрын төлбөрөө төлөөгүй “Б У” ХХК-иас уг төлбөрийг гаргуулан хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна” гэжээ.
Хариуцагч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга С.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч “Б У” ХХК нь 2011 онд Увс аймгийн Баруунтуруун суманд 9 байршилд 3016 га талбайг эзэмшсэн бөгөөд 2011 оноос хойш тус газарт огт тариалалт хийгээгүй буюу газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, 2015, 2016, 2019, 2020 онуудад газрын төлбөр төлөөгүй учир Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга нь нэхэмжлэгч компанийг Газрын тухай хуулийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж хуулийн дагуу газар эзэмших эрхийг нь цуцалсан. Газрын тухай хуулийн 40.1.1 дэх хэсэгт “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.5 дахь хэсэгт “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6 дахь хэсэгт “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор хуульчилсан байдаг. Иймд Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын “Б У” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэр нь хууль ёсны шийдвэр гэж үзэж байна” гэв.
Гуравдагч этгээд “Т Х” ХХК-ийн захирал Ш.Л шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Т Х”ХХК нь 2010 онд газар тариалан эрхлэх чиглэлээр байгуулагдаж жил бүр үр тариа тасралтгүй тариалж ирсэн ба цаашид газар тариалан эрхлэхэд техник тоног төхөөрөмж шаардлагатай болсон тул эргэлтийн талбайтай болох хүсэлтээ 6 жилийн өмнөөс Баруунтуруун сумын Засаг даргын тамгын газарт жил бүр хүсэлт гаргаж байсан боловч талбай байхгүй гэж шийдвэрлэхгүй байж байгаад 2019 оны 08-р сарын 05-ны А/92 тоот захирамжаар 200 га талбай шийдвэрлэгдсэн. 100 га талбайд нь улаан буудай тариалсан. Нэхэмжлэлд Засаг даргын хамаарал бүхий гэж дурдсан байна. Манай компани 10 жил тасралтгүй тариа тарьж ирсэн тул хэн гуай Засаг дарга байсан ч газар авах эрхтэй. Нэхэмжлэгч “Б У” ХХК хууль бусаар авсан, үйл ажиллагаа явуулалгүй 10 жил болж газрын төлбөрөө ч төлөөгүй мөртлөө үйл ажиллагаа явуулж байсан мэт бичсэн байна. Үйл ажиллагаа явуулаагүй нэг ч га-д тариа тариагүй олон жил болсон тул хуулийн дагуу хураагдаж иргэн аж ахуйн нэгжид олгогдсон гэж үзэж байна. Ер нь 2 жил зориулалтын дагуу ашиглаагүй, татвар татвар төлөөгүй бол газар нь хураагдах ёстойг иргэн аж ахуйн нэгж гэрээгээр хүлээсэн үүргээрээ мэдсэн байх ёстой.
Иймд хуулийн дагуу газрын гэрчилгээ авч кадастр хийлгэсэн 26 аж ахуйн нэгж хувь хүний талд шүүх шийдвэрээ гаргана гэдэгт итгэж байна. “Б У” ХХК-ний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд “У А С”ХХК-ийн захирал Ч.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Манай компани нь Увс аймгийн Баруунтуруун сумын нутагт хөдөө аж ахуйн газар тариалангийн зориулалтаар ашиглах зорилгоор Газрын тухай хууль болон бусад хуульд заасан болзол журмын дагуу Увс аймгийн Баруунтуруун сумын нутаг дэвсгэрт орших “Хар хад” гэх газарт нийт 254 га газрыг эзэмшсэн бөгөөд энэ жил нийт 254 га газарт үр тариа тариалсан байна. нэхэмжлэгч болох “Б У” ХХК 2011 онд уг газрыг авсан нь үнэн бөгөөд уг газрыг аваад ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй цаашлаад газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа ноцтой зөрчсөн, Татварын тухай хуульд заасан газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, шалтгаангүйгээр зориулалтын дагуу ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Манай компани болон газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй хувь хүн аж ахуйн нэгжүүд нь Газрын тухай хууль болон Татварын тухай хуульд заасан болзол журмыг биелүүлж уг газрыг авснаас хойш газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг биелүүлж үйл ажиллагаа явуулж байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.
Гуравдагч этгээд “Э Т” ХХК-ийн захирал Х.Ө шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Э Т”ХХК-ийг үүсгэн байгуулагч Х овогтой Ө миний бие “Б У” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. 2006 оноос хойш тогтмол газар тариалан эрхэлж байгаад үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор ““Э Т” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Манай компани нь газар тариалан эрхлэхэд эргэлтийн талбай, техник тоног төхөөрөмж дутагдалтай болж, хууль дүрмийн дагуу удаа дараа хүсэлт гаргаснаар 2020 оны 03-р сард 200 га талбайг шийдэж өгч эзэмших гэрчилгээ олгогдож, уг талбайг ХААДС-нд барьцаалж 90 морины хүчтэй трактор, үрлэгч, хор бордоо цацагч, хогт ургамлын бодис, бордоо гэх мэт зүйлсийг авснаар үйл ажиллагаа хэвийн явж байна. Эргэлтийн талбайтай болсноор 08-р сард уринш боловсруулалтаа хийсэн.Уг талбай нь 2000 оноос хойш ашиглаж, үйл ажиллагаа явуулаагүй атаршсан байдалтай байсан.
“Б У” ХХК-ны нэхэмжлэлийн агуулгад дурдсан дараах мэдээллүүд болох "2011оноос хойш тасралтгүй газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн” гэсэн нь, мөн сумын засаг дарга С.Л өөрсдийн хамаарал бүхий ААН, иргэн, хувь хүмүүст уг газрыг олгосон байна гэсэн нь ор үндэсгүй худал болохыг илэрхийлж байна.
Мөн уг талбайг 2000 оноос хойш ашиглаагүй, түүнчлэн “Б У” ХХК-ийн нэр дээр шилжээд ашиглагдаагүй, хадгалаастай байсанд Баруунтуруун сумын Засаг дарга энэхүү шийдвэрээ гаргаж сум орон нутагт газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй хувь хүн, ААН, цаашлаад сум орон нутгийн ард иргэдийн амьдрал ахуйд мэдэгдэхүйц хувь нэмрээ өгсөн оновчтой шийдвэр болсон гэж үзэж байна. Иймд уг талбайтай холбоотой “Б У” ХХК-ийн нэхэмжлэлийг хүчингүй болгож хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд “Б Т” ХХК-ийн захирал О.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Баруунтуруун сумын иргэн О.А миний бие 1998 оноос хойш өнөөдрийг хүртэл газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлж байгаад үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр “Б Т” ХХК-ийг үүсгэн байгуулсан. “Б Т” ХХК-ийн газар тариалан эрхлэхэд эргэлтийн талбай техник, тоног төхөөрөмж дутагдалтай болсон тул хууль дүрмийн дагуу 2010 оноос хойш удаа дараа хүсэлт гаргасаар 2020 оны 3 дугаар сард 100 га талбайг шийдэж өгснөөр уг талбайг ТЭД санд барьцаалж техник, тоног төхөөрөмж, шатах тослох материал үр, хор, бордоо авснаар үйл ажиллагаа хэвийн явж байгаа. Уг 100 га талбайг авч эргэлтийн талбайтай болсноор уринш боловсруулалтаа 2020 оны 7 дугаар сард хийсэн. Уг талбай 2000 оноос хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байсан учраас “Б Т”ХХК-д шилжин ирсэн болно. Уг талбай “Б Т”ХХК-ийн нэр дээр мэдээллийн санд бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон болно. Уг талбайтай холбоотой “Б У” ХХК-ийн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү. “Б Т” ХХК нь намрын ургац хураалтын бэлтгэл ажил явагдаж байгаа учир уг шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй байна” гэжээ.
Гуравдагч этгээд “Г Х Б”ХХК-ийн захирал М.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Баруунтуруун сумын иргэн М.Э миний бие 1998 оноос хойш өнөөдрийг хүртэл газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлж байгаад үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр “Г Х Б” ХХК-ийг үүсгэн байгуулсан. “Г Х Б” ХХК-ийн газар тариалан эрхлэхэд эргэлтийн талбай техник, тоног төхөөрөмж дутагдалтай болсон тул хууль дүрмийн дагуу 2010 оноос хойш удаа дараа хүсэлт гаргасаар 2020 оны 3 дугаар сард 100 га талбайг шийдэж өгснөөр уг талбайг ТЭД санд барьцаалж техник, тоног төхөөрөмж, шатах тослох материал үр, хор, бордоо авснаар үйл ажиллагаа хэвийн явж байгаа. Уг 100 га талбайг авч эргэлтийн талбайтай болсноор уринш боловсруулалтаа 2020 оны 7 дугаар сард хийсэн. Уг талбай 2000 оноос хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байсан учраас “Г Х Б”ХХК-д шилжин ирсэн болно. Уг талбай “Г Х Б”ХХК-ийн нэр дээр мэдээллийн санд бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон болно. Уг талбайтай холбоотой “Б У” ХХК-ийн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү. “Г Х Б”ХХК нь намрын ургац хураалтын бэлтгэл ажил явагдаж байгаа учир уг шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй байна” гэжээ.
Гуравдагч этгээд “Т Б” ХХК-ийн захирал Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Туруун буудай ХХК-г үүсгэн байгуулагч Б овогтой Б миний бие “Б У” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. 2012 оноос хойш тогтмол газар тариалан эрхэлж байгаад үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор “Т Б” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Манай Компани нь газар тариалан эрхлэхэд эргэлтийн талбай, техник тоног төхөөрөмж дутагдалтай болж хууль дүрмийн дагуу удаа дараа хүсэлт гаргаснаар 2020 оны 03 сард 213 га талбайг шийдэж өгч эзэмших гэрчилгээ олгогдож, уг талбайг ХААДС-д барьцаалж Омичка СКП-2,1, хор бордоо цацагч, хогт ургамлын бодис, бордоо гэх мэт зүйлсийг авснаар үйл ажиллагаа хэвийн явж байна. Эргэлтийн талбайтай болсноор 08-р сард уринш боловсруулалтаа хийсэн.Уг талбай нь 2000 оноос хойш ашиглаж, үйл ажиллагаа явуулаагүй атаршсан байдалтай байсан. “Б У” ХХК-ийн нэхэмжлэлийн агуулгад дурдсан дараах мэдээллүүд болох “2011 оноос хойш тасралтгүй газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн” гэсэн нь, Мөн сумын Засаг дарга С.Л өөрсдийн хамаарал бүхий ААН, иргэн, хувь хүмүүст уг газрыг олгосон байна гэсэн нь” ор үндэсгүй худал болохыг илэрхийлж байна. Мөн уг талбайг 2000 оноос хойш ашиглаагүй, түүнчлэн “Б У” ХХК-ийн нэр дээр шилжээд ашиглагдаагүй, хадгалаастай байсанд Баруунтуруун сумын Засаг дарга энэхүү шийдвэрээ гаргаж сум орон нутагт газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй хувь хүн, ААН, цаашлаад сум орон нутгийн ард иргэдийн амьдрал ахуйд мэдэгдэхүйц хувь нэмрээ өгсөн оновчтой шийдвэр болсон гэж үзэж байна. Иймд уг талбайтай холбоотой “Б У” ХХК-ийн нэхэмжлэлийг хүчингүй болгож хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд “А Х” ХХК-ийн захирал Т.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Б У” ХХК-ийн 2020 оны 06 сарын 19-ны өдөр гаргасан нэхэмжлэлтэй танилцсан.
Манай компани нь зохих хууль журмын дагуу газар эзэмших хүсэлт гарган Баруунтуруун сумын засаг даргын 2020 оны ОЗ сарын 16-ны өдрийн А/30 тоот захирамжийн дагуу Баруунтуруун сумын 3-р баг Хад хадад 8502001093 талбарын дугаар бүхий 100,9 га талбайг үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшсэн үйл ажиллагаа эрхлэн үр тариа тариалж байна.
Манай байгууллага дээрх газрыг хууль ёсны дагуу эзэмшиж байгаа тул газрыг чөлөөлөн өгөх боломжгүй болно” гэжээ.
Гуравдагч этгээд “С Ө”ХХК-ийн захирал Н.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “С Ө” ХХК нь газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг. Манай компани нь Баруунтуруун суманд 8502001058 дугаар бүхий 257 га газрын үр тарианы зориулалтаар эзэмшдэг. Ашиглагдаж байгаагүй 257 га атар газрыг газрын албанд хууль ёсны дагуу газар эзэмших өргөдөл гаргаж авсан билээ. 8502001058 дугаар бүхий газар нь 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээтэй мөн газрын кадастрын зурагтайгаа "С Ө" ХХК-ний нэр дээр байдаг хууль ёсны эзэмшил газар юм. “Б У” ХХК газар эзэмшсэн тухайн үедээ газраа огт ашиглаагүй мөн татвар төлөөгүй кадастрын зураг хийлгээгүй мөн тус компани нь үр тарианы зориулалтаар эзэмших газар дээрээ тосны ургамал болох Рабус тарьж 3-5 жил ашиглаж болохооргүй болгож байгаа нь газрын тухай хууль зөрчиж байгаа хэрэг билээ. Иймд манай компани нь энэхүү албан бичгээрээ дамжуулан “Б У” ХХК-ий гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж байна” гэжээ.
Гурвадагч этгээд “М О А” ХХК-ийн захирал С.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Б У” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. С.Н миний бие “М О А” ХХК-ийн захирлаар ажилладаг. Би анх 2019 онд Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын захирамжаар Баян айраг багийн Хар гэдэг газарт 80 га газрыг үр тарианы зориулалтаар эзэмшсэн. Манай компани нь газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тул би өөрийн эзэмшлийн газраа компанийн нэр дээр 2020 онд шилжүүлсэн. Одоо уг газрыг “М О А” ХХК үр тарианы зориулалтаар хууль ёсны дагуу эзэмшиж байна. Иймд “Б У” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд “Б Ө Т”ХХК-ийн захирал Б.У шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Б У” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. “Б Ө Т” ХХК-нь газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тул 2020 онд Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/36, 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/30 дугаар захирамжуудаар Баян айраг багийн Хар хад гэдэг газарт тус бүр 100 га газрыг үр тарианы зориулалтаар эзэмшсэн. Манай компанийн эзэмшиж байгаа газар нь “Б У” ХХК-ийн эзэмшиж байсан газартай давхцаж байгаагүй, урьд өмнө нь хэн нэгэн эзэмшиж байгаагүй атар газар байсан. Иймд манай компани гуравдагч этгээдээр оролцох үндэслэлгүй байна. Манай компани цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзаж байна” гэжээ.
Гуравдагч этгээд Д.П шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Баруунтуруун сумын иргэн Д овогтой П би “Б У” ХХК-ны нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа миний аав Д нь тус нутагт газар тариалан эрхлэн амьдарч байгаад 1998 онд золгүй явдлаар нас барсан билээ. Улмаар 2013 онд их сургууль төгсөж ирээд сум орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллаж амьдрахын хажуугаар газар тариалан эрхлэхээр 2013 оноос хойш удаа дараа хүсэлт гаргасаар 2020 оны 03 сард 86 га талбайг шийдэж өгснөөр 30 га талбайд улаан буудай тарьж. үлдсэн 56 га-д уринш хийхээр Хөдөө аж ахуйн яамнаас зээлээр шатахуун хөнгөлөлтэй зээлээр авч 08 сард уринш боловсруулалт хийх гэж байна.
Д.П би намрын ургац хураалт, уринш боловсруулалтын бэлтгэл ажил хийгээд завгүй байгаа тул уг шүүх хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй байна. Уг талбай нь 2000 оноос хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байгаагүй газрын төлбөр төлж байгаагүй, газрын мэдээллийн санд бүртгэлгүй байсан тул Д.П миний нэр дээр гэрчилгээ олгогдсон болно
Тиймээс уг талбайтай холбоотой “Б У” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү “гэжээ.
Гуравдагч этгээд Р.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие Р овогтой Э “Б У” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Баруунтуруун сумын Баян айраг багийн Хар хад нэртэй газарт газар тариалангийн үйл ажиллагаа явуулахаар сумын Засаг даргад удаа дараа өргөдөл гаргасны улмаас хуулийн дагуу газар эзэмшсэн. Иймд “Б У” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
“Б У” ХХК нь үйл ажиллагаа явуулж байгаагүй учир газар нь хураагдсан. Миний бие шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй учир намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд С.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Баруунтуруун сумын иргэн С.Н миний бие 2015 оноос өнөөдрийг хүртэл газар тариалан эрхэлж байгаад үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр тариалангийн эргэлтийн талбай, техник тоног төхөөрөмж дутагдалтай болсон тул хууль дүрмийн дагуу 2018 оноос эхлэн удаа дараа хүсэлт гаргаснаар 2020 оны 3 сард 80 га талбайг шийдэж өгснөөр уг талбайн ТЭД санд барьцаалан техник, тоног төхөөрөмж авсаг учраас үйл ажиллагаа хэвийн явж байгаа. Уг талбай 2000 оноос хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байсан учраас надад гэрчилгээ олгогдсон болно. Миний бие шүүх хурал болох үед өөрийн биеэр оролцох боломжгүй учир “Б У” ХХК-ийн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд Н.М шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Н овогтой М миний бие нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа Баруунтуруун сумын иргэн Н.М миний би тус суманд 16 настайгаасаа эхлэн тус САА-д газар тариалангийн салбарт ажилласаар ирсэн. Миний эхнэр Х.О нь мөн адил газар тариалангийн салбарт 34 жил ажилласан ба одоо ч ажилласаар байгаа. Бид өнөөгийн нийгэмтэй хөл нийлүүлэн ажиллаж амьжиргаагаа дэмжих зорилгоор 32 га газрыг эзэмших хүсэлт гаргасны үндсэн дээр надад гэрчилгээ олгогдсон юм. Гэтэл газар олгогдсон уг талбай нь 2000 оноос хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй талбай байсан юм. Иймд “Б У” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Баруунтуруун Баян айраг багийн нутаг “Хар хад” гэдэг газарт газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар сумын Засаг даргад өргөдөл гаргасны дагуу хуулийн хүрээнд газар шийдвэрлүүлж авсан. Миний бие шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй учир намайг байлцуулахгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд Г.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Баруунтуруун сумын иргэн Г.Б миний бие газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар сумын Засаг даргад удаа дараа олон жил өргөдөл өгсний дагуу хуулийн хүрээнд газар эзэмшсэн болно. Миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй учир “Б У” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү “ гэжээ.
Гуравдагч этгээд С.Ш шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Баруунтуруун сумын Баян айраг багийн иргэн С.Ш миний бие газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар сумын Засаг даргад удаа дараа олон жил өргөдөл өгсний дагуу хуулийн хүрээнд газар эзэмшсэн болно. Миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй учир “Б У” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү “ гэжээ.
Гуравдагч этгээд Д.Ө шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Увс аймгийн Улаангом сумын иргэн Д.Ө би Баруунтуруун суманд газар тариалангийн чиглэлээр 100 га газар олгож өгөхийг хүссэн өргөдөл 2018 онд гаргасан. Өргөдөл гаргаад 2 жил гаруй хугацааны дараа буюу 2020 онд Хар хадад 100 га газрыг эзэмшүүлэхээр сумын Засаг даргын захирамж гарсан юм. Уг газраа боловсруулалт хийж ирэх жил тариалалт хийхээр бэлтгээд байгаа бөгөөд “Б У” ХХК-ийн эзэмшил газар гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. дээрх 100 га газрыг иргэнийхээ хувьд өргөдөл хүсэлт гаргаж хууль дүрмийн дагуу шийдвэрлэсэн юм. Уг компанийн гаргасан нэхэмжлэлийг хууль бус гэж үзэж байна” гэжээ.
Гуравдагч этгээд Р.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Р.Э миний бие 1963 онд Баруунтуруун суманд төрсөн одоо 57 настай. Би 2018 онд газар тариалангийн зориулалтаар газар эзэмшүүлж өгнө үү гэж өрдгөдөл өгсний дагуу шийдвэрлэгдэж 100 га газар олгосон юм. Би хууль журмын дагуу гэрчилгээ, кадастрын зураг, татвар түрээсийг нь төлж авсан билээ. Гэтэл “Б У” ХХК-ийн эзэмшил газар гээд маргаан үүссэн байна. Уг газар дээр тус компани нь огт үйл ажиллагаа явуулж байгаагүй. Иймд миний газрын маргааныг эцэслэн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд О.Ш шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Баруунтуруун сумын Шанд багийн иргэн О.Ш би Баруунтуруун сумын Тамгын газарт газар тариалангийн эрхлэхээр газар хүссэн өргөдөл өгсний үндсэн дээр 100 га газар эзэмшсэн. Уг газар нь “Б У” ХХК-иас хуулийн дагуу хураагдсан газар юм. “Б У” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж тайлбар гаргав. Шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй болохыг мэдэгдье” гэжээ.
Гуравдагч этгээд Б.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Баруунтуруун сумын Шанд багийн иргэн Б.О би Баруунтуруун сумын Тамгын газарт газар тариаланг явуулах чиглэлээр 2 жил дараалан өргөдөл өгсний үндсэн дээр 36 га газар эзэмшсэн. Уг газар нь “Б У” ХХК-иас хуулийн дагуу хураагдсан газар юм. “Б У” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж тайлбар гаргав. Шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй болохыг мэдэгдье” гэжээ.
Гуравдагч этгээд Н.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Увс аймгийн Баруунтуруун сумын иргэн Н овогтой Б миний бие Баруунтуруун суманд газар тариалангийн чиглэлээр 50 га газар олгож өгөхийг хүссэн өргөдөл 2019 онд гаргасан. Уг өргөдөл тухайн 2019 онд “Хар хадад” 50 га газрыг эзэмшүүлэхээр сумын Засаг даргын захирамж гарсан. Уг газартаа боловсруулалт, уринш хийсэн. Энэ газар нь “Б У” ХХК-ийн газар гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. дээрх 50 газрыг иргэнийхээ хувьд хүсэлт гаргаж хууль дүрмийн хүрээнд шийдвэрлүүлж авсан. Уг компанийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Д.Л шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Баруунтуруун сумын иргэн Д овогтой Л би Баруунтуруун суманд газар тариалангийн чиглэлээр 50 га газар олгож өгөхийг хүссэн өргөдлийг 2019 онд гаргасан. Өргөдөл гаргаад нэг жил гаруй хугацааны дараа буюу 2020 онд Хар хадад 50 га газрыг эзэмшүүлэхээр сумын Засаг даргын захирамж гарсан. Уг газраа боловсруулалт хийж ирэх тариалалт хийхээр бэлтгээд байгаа бөгөөд “Б У” ХХК-ийн эзэмшлийн газар гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Дээрх 50 газрыг иргэнийхээ хувьд хүсэлт гаргаж хууль дүрмийн хүрээнд шийдвэрлүүлж авсан. Уг компанийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Б.Э шүхэд ирүүлсэн тайлбартаа: Баруунтуруун сумын Засаг даргын захирамжуудын “Б У” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Миний бие Б овогтой Э нь 2019 онд сумын Засаг даргад газар эзэмших тухай хүсэлт гаргасны дагуу 60 га газрыг үр тариа тарих зориулалтаар эзэмшүүлэх захирамж гаргуулсан боловч одоог хүртэл гэрээ гэрчилгээ аваагүй байна. Тухайн эзэмших эрх олгосн газраа гэрээ байгуулж гэрчилгээ авах гэсэн боловч тухайн газраас талбай зөрүүтэй байсны улмаас газрын мэдээллийн санд оруулах боломгүй байсан. Имй Б.Э миний бие хар хадад ямар нэгэн газар эзэмшдэггүй” гэжээ.
Гуравдагч этгээд М.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Б У” ХХК-ийн захирамжуудын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Миний бие М.О нь Баруунтуруун сумын Засаг даргын 2020 оны 03 сарын 30-ны өдрийн А/38 дугаар захирамжаар Баян айраг багийн Хар хадад 50 га газрыг хууль ёсны дагуу эзэмшсэн. Миний эзэмшил газар нь “Б У” ХХК-ийн 3016 га газартай давхцаагүй болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд Б.С шүүхэд гаргасан тайлбартаа: Баруунтуруун сумын Засаг дарганын захирамжийн “Б У” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Миний бие Б.С нь Баруунтуруун сумын Засаг даргын 2020 оны 03 сарын 30-ны өдрийн А/38 дугаар захирамжаар Баян айраг багийн Хар хадад 57 га газрыг хууль ёсны дагуу эзэмшсэн. Миний эзэмшил газар нь “Б У” ХХК-ийн 3016 га газартай давхцаагүй болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд Т.П шүүхэд ирүүлэн тайлбартаа: “Т овогтой П би 2019 оны 08 сарын 05-ны өдрийн захирамжаар Баян айраг багийн хар хадад газар тариалангийн зориулалтаар 100 га газар эзэмшсэн. Улмаар газар эзэмших эрхээ 2020 оны 3 сарын 16-ны өдөр “А Х” ХХК-д шилжүүлсэн болно. Иймд миний бие одоогоор газар эзэмшихгүй байгаа. Цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзаж байна” гэжээ.
Гуравдагч этгээд Х.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Баруунтуруун сумын Засаг даргын захирамжуудын “Б У” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Миний бие Х овогтой Б нь Баруунтуруун сумын Засаг даргын 2020 оны 03 сарын 30-ны өдрийн А/38 дугаар захирамжаар Баян айраг багийн Хар хадад 50 га газрыг хууль ёсны дагуу эзэмшсэн. Миний эзэмшил газар нь “Б У” ХХК-ийн 3016 га газартай давхцаагүй болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд “Б Б”ХХК-ийн захирал Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай “Б Б” ХХК 2019 онд байгуулагдсан. Энэ газрыг бол хуулийн дагуу өргөдөл хүсэлтээ өгөөд эзэмших болсон. “Б У” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг үүссэний дараа би Улсын нэгдсэн сангаас лавлагаа авахад тухайн газар нь манай компанийн нэр дээр гарч ирсэн. Газрын гэрчилгээг үндэслэн өнөөдрийг хүртэл манай компанийн үйл ажиллагаа тасралтгүй явагдаж байгаа. Манай компанийн үйл ажиллагааг доголдуулахгүй байхаар хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
Гуравдагч этгээд “Б Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу нэхэмжлэгч нь шүүхэд зөрчигдсөн эрхээ сэлгээлгэхээр нэхэмжлэл гаргадаг бөгөөд анхан шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн ямар эрх зөрчигдсөн бэ гэдгийг тодруулах ёстой. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс ч “Нэхэмжлэгч газар эзэмших эрх нь зөрчигдсөн эсхүл газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй байхад газар эзэмшигчийн эзэмшиж байсан газрыг гуравдагч этгээдэд олгосон нь буруу гэж маргаж байгаагийн аль нь болохоо тодорхой тайлбарлаагүй байна” гэсэн үндэслэлээр тус хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байдаг. Миний хувьд Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/31 тоот захирамж нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй гэж үзэж байна. Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад нэхэмжлэгч нь газрын тухай хуульд заасан газар эзэмшигчийн үүргээ биелүүлээгүй бөгөөд газар эзэмшигч нь үүргээ биелүүлээгүй учир Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргаас “Б У” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон юм. Газрын тухай хуульд зааснаар газар эзэмшигч нь газрын төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй. Гэтэл “Б У” ХХК нь 8 жилийн хугацаанд ганц л удаа газрын төлбөр төлсөн байдаг. Иймд нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч нь хууль заасан үүргээ яагаад биелүүлээгүй шалтгаанаа шүүхийн өмнө нотолж чадахгүй байна. Мөн “Б У” ХХК нь газрыг зориулалтын дагуу ашиглаагүй. Учир нь 2011 онд анх “Б У” ХХК-д газар эзэмших эрх олгосон Засаг даргын захирамж гарсан бөгөөд нэхэмжлэгч нь газраа зориулалтын дагуу ашиглаагүй 7 жил өнгөрсний дараа 2018 онд газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгасан байгаа. Иймд нэхэмжлэгчийн газраа зориулалтын дагуу ашиглаагүй хугацааг 2018 оноос тоолох боломжгүй. Нэгэнт газар эзэмших эрхийг дуусгавар болгож байгаа бол тухайн газрыг бусад этгээдэд эзэмшүүлэх нь тус сумын Засаг даргын эрхийн асуудал бөгөөд нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн зүйл байхгүй. “Б У” ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцалсан Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 08 сарын 05-ны өдрийн А/91, 2020 оны 03 сарын 20-ны өдрийн А/31 захирамжууд нь нэлээдгүй техникийн алдаатай гарсан захирамж байна лээ. Газрын хэмжээнүүдийн хувьд техникийн алдаа их харагдсан боловч тухайн захиргааны актын зорилгыг талууд мэдсэн бөгөөд энэ тал дээр талууд маргаагүй тул дээрх алдаануудыг техникийн алдаа гэж үзээд шүүх дүгнээд явах боломжтой гэж үзэж байна” гэжээ.
Гуравдагч этгээд “Б Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-тэй санал нэг байна. Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 08 сарын 05-ны өдрийн А/91, 2020 оны 03 сарын 20-ны өдрийн А/31 захирамжууд нь техникийн алдаатай гарсан. Иймд газрын хэмжээнүүд дээр давхцал гарсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч “Б У” ХХК нь 2011 оноос хойш эзэмшиж байсан газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газрыг атаршуулсан, газрын төлбөрийг төлөөгүй зэргээр газрын тухай хуулийг зөрчсөн. Мөн нэхэмжлэгч нь тухайн газрын эзэмших эрхийг авснаас хойш газрын кадастрын зураг хийлгээгүй, газрын бүртгэлийн санд бүртгүүлээгүй байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 онд бид газрыг хагалж тариалалт эрхлэх гэж ирэхэд манай газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байсан гэсэн тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгч “Б Б” ХХК-ийн эзэмшиж байсан газар дээр 30 гаруй иргэн аж ахуйн нэгжүүд тариалалт эрхлээд явж байгаа. Эдгээр иргэд аж ахуйн нэгжүүдийн эрхийг зөрчиж болохгүй. Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 08 сарын 05-ны өдрийн А/91, 2020 оны 03 сарын 20-ны өдрийн А/31 захирамжууд нь хуулийн дагуу гарсан захирамжууд гэж үзэж байна гэв.
Гуравдагч этгээд “С Ө” ХХК, “Т Х” ХХК, “У А С”ХХК, “Э Т” ХХК, “Б Б”ХХК, “Б Т”ХХК, иргэн С.Ш, Д.Л, Р.Э нарын өмгөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б У” ХХК 2011 оноос газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар газар эзэмших эрх авсан байдаг. Гэтэл тэр хугацаанаас хойш өөрийн эзэмшлийн газарт ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Маргаан бүхий захиргааны актыг гаргасан тухайн үеийн Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга Л нь “Б У” ХХК-ийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасны дагуу хүчингүй болгож шийдвэрлэсэн байгаа. Миний хувьд Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасныг үндэслэн гаргасан 2019 оны 08 сарын 05-ны өдрийн А/91, 2020 оны 03 сарын 20-ны өдрийн А/31 захирамжуудыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ хэрэгт гуравдагч этгээдээр татагдсан иргэн аж ахуйн нэгжүүд нь хуулийн дагуу Увс аймгийн Баруунтуруун сумын засаг даргад газар эзэмших хүсэлтээ гаргаж тус тусын газрыг эзэмших болсон бөгөөд одоог хүртэл тариалалт эрхлээд явж байгаа. Газрын төлбөрийн тухай хуулийн 7.8-д зааснаар эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр атаршуулсан болон тариалалтгүй өнжөөсөн газрын төлбөрийг тухайн тойргийн тариалангийн талбайн төлбөрийн хэмжээгээр тооцон авна гэж заасан учир нэхэмжлэгч компани нь газрын төлбөрийг төлөх ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч компани нь 2011 онд байгуулагдсанаас хойш газрын төлбөрөө 2015, 2016, 2019, 2020 огт төлөөгүй тул газар эзэмших эрхээ алдсан байна гэж үзэж байгаа. Мөн Газрын тухай хуулийн 57.5-д хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл эвдрэлд орж, ашиглагдаагүй орхигдсон газрыг өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн аж ахуйн нэгж байгууллагад тухайн газрыг эзэмшүүлж болох тухай заасан байгаа. Газар тариалангийн салбарт хэрэгжиж байгаа атрын 3 дугаар аяны хүрээнд атаршсан талбайг дахин эргэлтэд оруулах арга хэмжээг төрөөс авсан байдаг. Иймд Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга нь атаршуулсан газрыг иргэдэд өгч ашиглуулсан байна гэж үзэж байна. мөн шинээр батлагдсан Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т “Тариалангийн газрыг атаршуулахыг хориглоно” гэж заасан байдаг. “Б У” ХХК нь 2011 оноос хойш тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулаагүй, 3016 га газрыг атаршуулсан байгаа юм. Тариалангийн тухай хуулийн 2.4-т “Тариалангийн зориулалтаар газар эзэмшигч, ашиглагч нь 2-оос дээш жил эзэмшил ашиглалтад байгаа газраа бүрэн болон хэсэгчлэн тариалалт хийгээгүй бол тариалалт хийгээгүй газрын хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг сум дүүргийн Засаг дарга хүчингүй болгоно” гэж заасан байгаа. Иймд Баруунтуруун сумын Засаг дарга нь тус хуулийн дагуу нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна гэж үзэж байна. Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т “Тариалангийн талбайг бүхэлд нь буюу эсхүл тодорхой хэсгийг 2 жил ашиглаагүй тохиолдолд засаг даргад албан ёсоор мэдэгдэх” мөн хуулийн 20.2.10-т “Үйлдвэрлэл үйлчилгээ явуулж сум дүүрэгтээ иргэдийг ажлын байраар хангасан байх” гэж тус тус хуульчилсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүхийн иргэдийн төлөөлөгч Ц.Х шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хариуцагч талынх нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Б У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нь анх Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 08 сарын 05-ны өдрийн А/91, 2020 оны 03 сарын 20-ны өдрийн А/31 дугаартай захирамжуудын “Б У” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож,хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 11 сарын 04-ний өдөр “Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 8 сарын 05-ны өдрийн А/92, 2020 оны 03 сарын 30-ны өдрийн А/36, мөн өдрийн А/38, 2019 оны 05 сарын 22-ны өдрийн А/54, 2020 оны 03 сарын 16-ны өдрийн А/30, 2020 оны 05 сарын 06-ны өдрийн А/49 дугаартай захирамжуудын “Б У” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/54 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.
Улмаар нэхэмжлэгч “Б У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь Баруунтуруун сумын Засаг даргын 2018 оны 08 сарын 05-ны өдрийн А/91, 2020 оны 03 сарын 20-ны өдрийн А/31 тоот захирамжуудын “Б У” ХХК-д холбогдох хэсгийг,
Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 08 сарын 05-ны өдрийн А/92 дугаар захирамжийн гуравдагч этгээд “У А С”ХХК, “Т Х” ХХК, “С Ө”ХХК, иргэн Н.Б нарт холбогдох хэсгийг,
Баруунтуруун сумын Засаг даргын 2020 оны 03 сарын 16-ны өдрийн А/30 дугаар захирамжийн гуравдагч этгээд “А Х” ХХК, “М О А”ХХК-иудад газар эзэмшүүлсэн хэсгийг,
Баруунтуруун сумын Засаг даргын 2020 оны 03 сарын 30-ны өдрийн А/36 дугаар захирамжийн гуравдагч этгээд “Т Б”ХХК, “Б Т”ХХК, “Г Х Б”ХХК, “Э Т”ХХК, “Б Б”ХХК-иудад газар эзэмшүүлсэн хэсгийг,
Баруунтуруун сумын Засаг даргын 2020 оны 03 сарын 30-ны өдрийн А/38 дугаар захирамжийн гуравдагч этгээд Д.П, Г.Б, Б.О, Р.Э, Р.Э, Д.Ө, Д.Л, О.Ш, Б.Б, С.Ш, Н.М нарт газар эзэмшүүлсэн хэсгийг,
Баруунтуруун сумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/49 дүгээр захирамжийн гуравдагч этгээд “Б Б” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж ирүүлсэн байна.
Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хэргийн оролцогчид,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дараах дүгнэлт хийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хагаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч “хариуцагч нь газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ урьдчилан мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулаагүй, газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглах хугацаа болоогүй байхад захирамж гаргасан” гэж маргажээ.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Б У” ХХК нь 2011 оны 10 сарын 10-нд тухайн үеийн Засаг даргын захирамжаар 3058 га газрыг эзэмшихээр шийдвэр гаргуулан авснаас хойш нэг ч га талбайг зориулалтын дагуу ашиглаагүй бөгөөд энэ хугацаанд газрын төлбөрийг төлж байгаагүй тул захирамж үндэслэлтэй” гэсэн тайлбар гаргажээ.
Шүүгчийн 2 удаагийн захирамжаар нийт 11 аж ахуйн нэгж байгууллага, 18 иргэнийг гуравдагч этгээдээр татан оролцуулсан ба иргэн Б.С, Х.Б, М.О, “Б Ө Т”ХХК-ийн захирал Б.У нарын зүгээс тэдгээрийн эзэмшиж буй газар нь маргаан бүхий газартай хамааралгүй учраас эрх ашиг нь хөндөгдөөгүй талаар тайлбар ирүүлсэн. Гуравдагч этгээд Б.Э нь “газар эзэмшүүлэх тухай захирамж гарсан боловч талбайн зөрүүтэй байдлын улмаас газар эзэмшээгүй” учраас мөн С.Н, Т.П нар нь газар эзэмших эрхээ “М О А” ХХК болон “А Х” ХХК -д шилжүүлсэн тул гуравдагч этгээдэр оролцох шаардлагагүй гэж үзэцгээжээ.
Бусад гуравдагч этгээд нар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байр суурийг илэрхийлсэн байна.
Гуравдагч этгээд “Б Т Б” ХХК-иас шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй бөгөөд захирал Б.Б шүүх хуралдаанд биечлэн оролцож тайлбар гаргасан болно.
Гуравдагч этгээд ““Б Т Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, Я.Б нар “Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын А/91 дугаартай захирамж нь 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр гарсан. Захиргааны актыг мэдсэнээс хойш болон мэдэх ёстой байсан хугацаанаас хойш 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах эрхтэй байдаг. 2019 оны 3 дугаар сард гарсан А/91 дүгээр захирамжийг нэхэмжлэгч мэдээгүй байх боломжгүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй мөн нэхэмжлэгч 2011 оноос хойш үр тарианы зориулалтаар газар эзэмшиж 2018 онд газар эзэмших эрхийн хугацааг сунгуулсан” талаар тайлбар гарган оролцов.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд “Нэхэмжлэгч “Б У” ХХК 2011 оноос хойш маргаан бүхий газрыг эзэмшихдээ газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, газрыг атаршуулж “Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д заасныг зөрчсөн, газрын төлбөрөө төлөөгүй, сумын Засаг даргын захирамж хуульзүйн үндэслэлтэй гарсан “ гэж тайлбар гаргажээ.
Иргэдийн төлөөлөгч “хариуцагч талын шийдвэр үндэслэлтэй” гэсэн дүгнэлт гаргасан боловч чухам ямар үндэслэлээр ийм дүгнэлт гаргаснаа тайлбарлаагүй байна.
НЭГ. Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 08 сарын 05-ны өдрийн А/91, 2020 оны 03 сарын 20-ны өдрийн А/31 дугаартай захирамжуудын “Б У” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож,хүчингүй болгуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Маргаан бүхий захиргааны акт болох Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 08 сарын 05-ны өдрийн А/91, 2020 оны 03 сарын 20-ны өдрийн А/31 дугаартай захирамжуудаар Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг үндэслэн “Б У” ХХК-ийн үр тарианы зориулалтаар эзэмшиж байсан Баян-Айраг багийн нутаг дэвсгэрийн “Хар хад” хэмээх байрлалтай газрын эзэмших эрхийг хүчингүй болгожээ.
Ингэхдээ 2019 оны 08 сарын 05-ны өдрийн А/91 дугаар захирамжаар “Б У” ХХК-ийн Хар хадад байрлалтай сортын 253 га газар,сортын 454 га газар,сортын 290 га газар, сортын 106 га газар,сортын 413 га газрыг буюу нийт 5 байршилд сортын 1516 га газрыг , 2020 оны 03 сарын 20-ны өдрийн А/31 дугаартай захирамжаар Хар хадад байрлалтай 3 дугаартай 407 га, 7 дугаартай 543 га,17 дугаартай 495 га, 18 дугаартай 132 га,сортын 106 га,сортын 413 га газрыг буюу нийт 6 байршилд 2096 га газрыг эзэмших эрхийг тус тус хүчингүй болгон шийдвэрлэсэн байна.
1.Газрын эзэмших эрх үүссэн талаар
Анх Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2011 оны 10 сарын 10-ны өдрийн 75 дугаар захирамжаар Хад хадад байрлалтай 3058 га газрыг “Б У” ХХК-д үр тарианы зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, гэрчилгээ олгожээ.
“Б У” ХХК нь 2018 оны 06 сарын 18-ны өдөр Баруунтуруун сумын Засаг даргад хандан 3000 га газрыг эзэмших хүсэлтээ илэрхийлж, шийдвэрлэж өгөхийг хүсэж өргөдөл гаргажээ. Өргөдлийн утга агуулгаас үзэхэд тус компани нь газар эзэмших эрхийг сунгуулах тухай бус газар шинээр эзэмших тухай өргөдөл гаргасан байна.
Үүнийг үндэслэн Баруунтуруун сумын Засаг даргын 2018 оны 07 сарын 19-ний өдрийн А/76 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтуудыг үндэслэн Баян Айраг багийн нутагт “Хар хад” хэмээх газар 7 дугаартай 543 га, 17 дугаартай 495 га,18 дугаартай 135 га, 19 дугаартай 299 га, сортын 413 га, сортын 208 га, сортын 448 га, сортын 290 га,сортын 185 га нийт 9 байршилд 3016 га газрыг “Б У” ХХК-д үр тарианы зориулалтаар 15 жилийн хугацаатай тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэж, Баруунтуруун сумын Засаг даргын өмнөх 2011 оны 10 сарын 10-ны өдрийн 75 дугаар захирамжийг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгожээ.
Өөрөөр хэлбэл 2011 онд нэхэмжлэгчид олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгоод 2018 онд дахин шинээр олгосон байна.
Уг захирамжийн дагуу “Б У” ХХК-д 2011 онд олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, А/75 дугаар захирамжид дурдагдсан хэмжээ бүхий газрыг эзэмшүүлэх тухай гэрээ байгуулж, №000311806, №000311807, №000311808, №000311809, №000311810, №000311811, №000311812, №000311813, №000311814 дугаар бүхий гэрчилгээнүүдийг шинэчлэн 2018 оны 07 сарын 19-ний өдөр олгосон байна.
Өмнөх газар эзэмших эрхийн гэрчилгээнүүд хүчингүй болсноор “Б У” ХХК-ийн Хар хадад байрлалтай үр тарианы зориулалттай 3058 га газрын эзэмших эрх Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-д зааснаар дуусгавар болж, харин Хар хадын 9 байршил дахь 3016 га газрын эзэмших эрх шинээр үүссэн гэж үзэхээр байна. Тэгэхээр 2018 оноос газар эзэмших эрх үүсэж байгаа учраас газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг 2011 оноос биш 2018 оны 07 дугаар 19-нээс хойш тооцох үндэстэй байна.
“Б У” ХХК-д 2011 онд олгогдсон газар эзэмших эрхийг 2018 сунгасан” гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
2. Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа оролцогчийн эрхийг хангасан эсэх, уг актыг мэдэгдэж , хүргүүлсэн эсэх талаар
Захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д зааснаар бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх , оролцоог нь хангах үүрэгтэй ба мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д зааснаар Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр , эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулдаг ба оролцогчийг тайлбар гаргах, сонсох боломжоор хангах ёстой.
Баруунтуруун сумын Засаг дарга нэхэмжлэгч “Б У” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргахдаа урьдчилан мэдэгдэж, оролцоог нь хангаж шийдвэрлэсэн нь холбогдох баримтуудаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл энэхүү шийдвэр гаргах ажиллагаа хуулийн хүрээнд явагдаагүй байх бөгөөд нэхэмжлэгчийн шийдвэрийг урьдчилан мэдэгдэж оролцоог хангаагүй гэх тайлбар үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдрл гаргах үйл ажилллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахт тохиолдолд шийдвэрийг мэдэгдснээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хогогийн дотор нэхэмжлэл гаргана” гэжээ.
Нэхэмжлэгч “Б У” ХХК-ийн захирал Б.А маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар аймгийн Засаг даргад хандаж гомдол гаргасан байх бөгөөд уг гомдлын хариуг 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан үндэслэлээр шүүхэд 30 хоногийн дотор буюу 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.
Баруунтуруун сумын Засаг даргын 2020.05.11-ний өдрийн 1/158 дугаартай албан бичгээр Увс аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт “Б У” ХХК нь тус суманд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг нь үнэн болохыг тодорхойлсон байх ба үүнийг үндэслэн нэхэмжлэгч “Б У” ХХК нь эзэмшлийн газартаа газар тариалан эрхлэхээр 2020 оны 05 сарын 06-ны өдөр Хөдөө аж ахуйг дэмжих сангаас трактор, хөдөө аж ахуйн техник дамжуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж газар эзэмших 000311812, 000311807, 000311806 дугаар гэрчилгээг барьцаанд тавьсан ба Хөдөө аж ахуйн газартай 2020 оны 05 сарын 11-ний өдрүүдэд Улаанбуудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж тариалалт хийх бэлтгэл ажлаа хангасан байна. Энэхүү үйл баримт нь тухайн цаг үед нэхэмжлэгч байгууллагад газар эзэмших эрх хүчингүй болгосон шийдвэрийг мэдэгдээгүй байсныг гэрчилж байна.
Хариуцагч талаас маргаан бүхий захиргааны актуудыг “Б У” ХХК-д мэдэгдэж, хүргүүлсэн баримтыг ирүүлээгүй бөгөөд газрын даамлаас “Б У” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай захирамжийг мэдэгдэж хүргүүлээгүй талаар тайлбар гаргаж, Баруунтуруун сумын Засаг даргын Тамгын газраас уг захирамжийг мэдэгдэж хүргүүлээгүй талаар албан бичиг ирүүлсэн байна. Захиргаа өөрөө гаргасан шийдвэрээ мэдэгдэх, хүргүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа тоологдох боломжгүй юм. Тиймээс “газар эзэиших эрхийг хүчингүй болгосон шийдвэрийн талаар нэхэмжлэгч өөрөө мэдэх боломжтой байсан” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
3. Маргааны бүхий захиргааны актын алдааны талаар:
Баруунтуруун сумын Засаг дарга 2018 оны 07 сарын 19-ний өдрийн А/75 дугаартай захирамжаар нэхэмжлэгч “Б У” ХХК-д “Хар хад” хэмээх газрын 9 байршилд 3016 га эзэмшүүлсэн ба 2019, 2020 оны А/91, А/31 дүгээр захирамжуудаар “Хар хад” хэмээх газрын 11 байршилд 3612 га газрын эзэмших эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн байна. Анх олгосон хэмжээнээсээ илүү газрыг хүчингүй болгожээ.
Тухайлбал “Б У” ХХК-д 2018 оны 07 сарын 19-ний өдрийн А/76 дугаар захирамжаар 3 дугаартай 407 га газрыг эзэмшүүлээгүй байхад Баруунтуруун сумын Засаг даргын 2020 оны 03 сарын 20-ны өдрийн А/31 дугаар захирамжаар “Б У” ХХК-ийн эзэмшлийн гэж үзэж 3 дугаартай 407 га газрыг эзэмших эрхийг хүчингүй болгожээ. Уг 3 дугаартай 407 га газар нь таргаан бүхий газартай хамааралгүй талаар нэхэмжлэгч тал тайлбар гаргасан.
Мөн “Б У” ХХК-ийн эзэмшлийн сортын 106, сортын 413 га газрыг эзэмших эрхийг 2019 оны 08 сарын 05-ны өдрийн А/91 дугаар захирамжаар хүчингүй болгосон мөртлөө дахин 2020 оны 03 сарын 20-ны өдрийн А/31 дугаар “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” захирамжаар давхардуулж хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Түүнчлэн маргаан бүхий А/91, А/31 дугаар захирамжуудад “Б У” ХХК-ийн эзэмшлийн 19 дугаартай 299 га газрыг хүчингүй болгоогүй байхад уг газрыг давхардуулан Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 05 сарын 22-ны өдрийн А/54 дугаар захирамжаар Т.Б, Б.Х, Б.Б нарт 19 дугаартай газраас тус тус 100 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж, мөн сумын Засаг даргын 2020 оны 05 сарын 06-ны өдрийн А/49 дугаар захирамжаар уг 300 га газрыг ““Б Т Б” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчсөн байна.
Маргаан бүхий газрын эзэмших эрхийг хүчингүй болгохдоо хамааралгүй газрыг мөн зарим хэсгийг давхардуулж хүчингүй болгосон, зарим хэсгийг үлдээсэн зэрэг дээр дурдсан алдаа гаргаснаа хариуцагч тал үгүйсгээгүй болно.
4. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн талаар:
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай зохицуулсан ба мөн зүйлийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заажээ.
Хариуцагч тал газар эзэмших эрхийг хүчингүй болгосон үндэслэлээ “Б У” ХХК-ийг 2011 оноос хойш газрыг зориулалтын дагуу газраа ашиглаагүй, газрын төлбөрөө төлөөгүй, удаа дараа ноцтой зөрчил гаргасан” гэж тайлбарласан.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д зааснаар газар эзэмшигч нь газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүрэгтэй бөгөөд “Б У” ХХК нь 2019-2020 онуудад газрын төлбөрийг төлөөгүй байх ба 2018 онд 300.000 төгрөг төлсөн нь Увс аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 09 сарын 28-ны өдрийн 219 дугаар албан бичгээр тогтоогдож байна.
Шүүх “Б У” ХХК-ийн хувьд 3016 га газрыг эзэмших эрх 2018 оны 07 дугаар 19-ний өдөр үүссэн гэж үзсэн учраас уг өдрийн газар эзэмшүүлэх тухай гэрээнд дүгнэлт хийсэн болно.
“Б У” ХХК-тай 2018 оны 07 сарын 19-ний өдөр байгуулсан газар эзэмшүүлэх тухай гэрээ тус бүрд эзэмшүүлсэн газрын хэмжээ, түүнд ногдох газрын төлбөрийг тодорхойлсон байх ба жилд 4 удаа улирлаар төлөхөөр тохиролцож, төлбөр төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хэтэрсэн хоног тутамд алданги төлөхөөр заасан байна.
Мөн гэрээнд газар эзэмшигч нь гэрээг жил бүрийн 6 сарын 25-ны дотор тайлагнаж ирүүлэх, газар эзэмшүүлэгч жил бүрийн 07 сарын 01-ний дотор багтаан дүгнэхээр зааж, газар эзэмшигч нь гэрээний биелэлт тооцсон дүгнэлтээр илэрсэн зөрчлийг заасан хугацаанд арилгах арга хэмжээ авах үүргийг, газар эзэмшүүлэгч нь гэрээний биелэлтээр илэрсэн зөрчлийг арилгуулах үүргийг тус тус хүлээхээр зохицуулжээ.
Хариуцагчид гэрээний биелэлттэй холбогдох баримт байхгүй, Баруунтуруун сумын Татварын албанаас “Б У” ХХК-ийн захиралтай утсаар холбогдож төлбөрөө төлөхийг мэдэгдсэн гэх тодорхойлолтыг ирүүлсэн боловч төлбөрийн нэхэмжлэхийг хүргүүлсэн баримтгүй байна.
Газар эзэмшүүлэх тухай гэрээнд газрын төлбөрийг төлөөгүй тохиолдолд алданги тооцон төлүүлэх, гэрээний үүргийг зөрчсөн тохиолдолд зөрчлөө арилгахыг шаардах зэрэг боломжуудыг заасан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 13 дугаар зүйлийн 13.3, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгүүдэд заасны дагуу шийдвэр гаргах ажиллагаанд нэхэмжлэгчийг оролцуулаагүй буюу зөрчилтэй холбоотой санал, тайлбараа гаргах боломжоор хангахгүйгээр шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна гэж үзлээ. Өөрөөр хэлбэл гэрээгээ дүгнэж, зөрчлөө арилгах боломжоор хангах үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Газар эзэмшүүлэх тухай гэрээний 6 дугаар зүйлд “зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан болзол, зориулалтын дагуу ашиглаагүй” байхыг ойлгохоор тодорхойлжээ.
Шүүх “Б У” ХХК-ийн хувьд 3016 га газрыг эзэмших эрх 2018 оны 07 сарын 19-ний өдөр үүссэн гэж үзсэн тул 2 жилийн хугацааг 2018 оны 07 сарын 19-ний өдрөөс 2020 оны 07 сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байхыг ойлгохоор байна.
Гэтэл 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад уг үндэслэлээр сумын Засаг дарга 2019 оны 08 сарын 05-ны өдрийн А/91, 2020 оны 03 сарын 20-ны өдрийн А/31 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Хариуцагч ноцтой зөрчлийн талаар харицагч тал тайлбар хийгээгүй. Гэрээний нөхцөл, болзолыг ноцтой зөрчлийг тодорхойлж тогтоогоогүй байна.
Хариуцагчийн тайлбарлаад байгаа газар эзэмших эрхийг хүчингүй болгосон 3 үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
Иймд дээр дурдсан дүгнэлтүүдэд үндэслэн Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 08 сарын 05-ны өдрийн А/91, 2020 оны 03 сарын 20-ны өдрийн А/31 дугаар “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” захирамжуудын “Б У” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Ийнхүү Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 08 сарын 05-ны өдрийн А/91, 2020 оны 03 сарын 20-ны өдрийн А/31 дугаар “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” захирамжуудын “Б У” ХХК-д холбогдох хэсэг хүчингүй болсноор Баруунтуруун сумын Засаг даргын 2018 оны 07 сарын 19-ний өдрийн А/76 дугаар “Газар эзэмшүүлэх” тухай захирамжийн үйлчлэл сэргэх үр дагаврыг үүсгэж байна.
ХОЁР. Нэхэмжлэгч “Б У” ХХК-ийн нэмэгдуулж тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн 5 шаардлага гаргасан байна. “Б У” ХХК-ийн нэмэгдүүлсэн шаардлагын тодруулгаас үзэхэд Баруунтуруун сумын Засаг даргын маргаан бүхий А/92, А/38, А/36, А/49, А/30 захирамжийн 10 аж ахуйн нэгж, байгууллага, /”Т Б”ХХК, “Б” ХХК, “Г Х Б” ХХК, “Б Б” ХХК, “Э Т” ХХК, “А Х” ХХК, “С Ө”ХХК, “У А С”ХХК, “Т Х” ХХК, “М О А”ХХК/ 12 иргэнд /Н.Б, Д.П, Г.Б, Б.О, Р.Э, Р.Э, Д.Ө, Д.Л, О.Ш, Б.Б, С.Ш, Н.М/ холбогдох эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулахыг хүсжээ.
Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 08 сарын 05-ны өдрийн А/92 дугаартай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтуудыг үндэслэн “Б У” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон газраас буюу Баян-Айраг багийн Хар хадад байрлалтай сортын 253 га газрыг “С Ө”ХХК-д, 14 дугаартай 560 га болон 13 дугаартай 251 га газрыг /нийт 811 га / “У С” ХХК-д, сортын 290 га газраас 80 га газрыг нь С.Н-т, 100 га газрыг нь Т.П-д, 60 га газрыг нь Б.Э-д, 50 га газрыг нь Н.Б-д, сортын 454 га газраас 254 га газрыг нь “У А С”ХХК-д 200 га газрыг нь “Т” ХХК-д тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 05 сарын 22-ны өдрийн А/54 дугаартай захирамжаар “Б У” ХХК-ийн эзэмшлийн газраас буюу Баян Айраг багийн Хар хадад байрлалтай 19 дугаартай 300 га газрыг 3 хувааж 100 га газрыг Т.Б-д, 100 га газрыг Б.Х-д, 100 га газрыг Б.Б-д тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
Баруунтуруун сумын Засаг даргын 2020 оны 05 сарын 06-ны өдрийн А/49 дугаартай захирамжаар Т.Б, Б.Х, Б.Б нарт эзэмшүүлсэн 9 дугаартай 300 га газрын эзэмших эрхийг “Б Б”ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
Баруунтуруун сумын Засаг даргын 2020 оны 03 сарын 16-ны өдрийн А/30 дугаартай захирамжаар сортын 290 га газраас 80 га газрыг эзэмшсэн С.Н-ын газар эзэмших эрхийг “М О А” ХХК-д, сортын 290 га газраас 100 га газрыг эзэмшсэн Т.П-ийн газар эзэмших эрхийг “А Х” ХХК-д шилжүүлсэн байна.
Баруунтуруун сумын Засаг даргын 2020 оны 03 сарын 30-ны өдрийн А/38 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар “Б У” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон газраас буюу 7 дугаартай 536 га газрыг 5 хувааж иргэн Б.О-д 36 га, Р.Э-д 50 га, Р.Э-т 100 га, Д.Ө-д 100 га, Д.Л-нд 50 га, сортын 106 га газрыг 2 хувааж Д.П-д 86 га, Г.Б-д 20 га, 18 дугаартай 132 га газрыг 2 хувааж С.Ш-т 100 га, Н.М-т 32 га, 17 дугаартай 603 га газраас О.Ш-д 100 га газрыг, Б.Б-д 17 дугаартай 603 га газраас 103 га газрыг тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
Баруунтуруун сумын Засаг даргын 2020 оны 03 сарын 30-ны өдрийн А/36 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар “Б У” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон газраас “Т Б” ХХК-д Хар хадад байрлалтай сортын 413 га газраас 213 га газрыг, “Б Т”ХХК-д сортын 413 га газраас 100 га газрыг, “Г Х Б”ХХК-д сортын 413 га газраас 100 га газрыг, “Б Б”ХХК-д 17 дугаартай 603 га газраас 400 га газрыг, “Э Т” ХХК-д 7 дугаартай 536 га газраас 200 га газрыг тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Ийнхүү дээр дурдагдсансан Баруунтуруун сумын Засаг даргын 5 захирамжаар нэхэмжлэгч ““Б У” ХХК”-ийн эзэмшиж байсан газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад давхацуулан эзэмшүүлжээ.
Шүүхээс 2021 оны 07 сарын 27-ны өдөр Баруунтуруун сумын Баян айраг багийн нутагт хамаарах “Хар хадад” хэмээх газар байршилтай маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр:
7 дугаартай 543 га /536 га/ талбайд гуравдагч этгээд “Э Т”ХХК-д 200 га газар эзэмшүүлснээс 183 га, Р.Э-т 100 га газар эзэмшүүлснээс 94 га, Б.О-д 36 га газар эзэмшүүлснээс 40 га , Р.Э-д 50 га эзэмшүүлснээс 13 га, Д.Ө-д 100 га эзэмшүүлснээс 95 га, Д.Л-д 50 га газар эзэмшүүлснээс 48 га,
18 дугаартай 135 га талбайгаас гуравдагч этгээд С.Ш-т 100 га газар эзэмшүүлснээс 100 га, Н.М-т 32 га газар эзэмшүүлснээс 32 га ,
19 дугаартай 299 га талбайгаас гуравдагч этгээд ““Б Т Б”ХХК-д 300 га газар эзэмшүүлснээс
сортын 413 га талбайд гуравдагч этгээд “Г Х Б”ХХК-д газар эзэмшүүлснээс 95 га, “Б Т”ХХК-д 100 га газар эзэмшүүлснээс 97 га, “Т Б”ХХК-д 231 га газар эзэмшүүснээс 209 га,
сортын 448 га талбайгаас гуравдагч этгээд “У А С”ХХК-д 259 га газар эзэмшүүлснээс 240 га, “Т Х” ХХК-д 200 га газар эзэмшүүлснээс 192 га,
17 дугаартай 495 га талбайгаас гуравдагч этгээд “Б Б”ХХК-д 400 га газар эзэмшүүснээс 355 га, О.Ш-д 100 га газар эзэмшүүснээс 92 га, Б.Б-д 100 га газар эзэмшүүснээс 45 га,
сортын 185 га талбайд гуравдагч этгээд “А Х” ХХК-д 100 га газар эзэмшүүлснээс 69 га, “М О А”ХХК-д 80 га газар эзэмшүүснээс 65 га, Н.Б-т 47 га газар эзэмшүүлснээс 39 га,
сортын 208 га талбайд гуравдагч этгээд Д.П-д 86 га газар эзэмшүүлснээс 81 га, Г.Б-д 20 га газар эзэмшүүлснээс 20 га,
сортын 253 га талбайд гуравдагч этгээд “С Ө” ХХК-д 253 га газар эзэмшүүлснээс 196 га талбай нэхэмжлэгч ““Б У” ХХК”-ийн эзэмшил бүхий газартай тус тус давхацсан болох нь тогтоогдсон болно.
Үзлэгээр иргэн Ц.Н нь сортын 208 га талбайд 42 га газар, Х.Б нь 253 га талбайд 75 га газар тус тус эзэмшиж, үр тариа тариалсан байсан ба Ц.Н, Х.Б хоёрт газар эзэмшүүлсэн сумын Засаг даргын захирамжид холбогдуулан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх тул тэдгээрийн газрын давхцлын асуудалд шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно. Баруунтуруун сумын Засаг даргын А/38 дугаар захирамжаар Н.М-т 32 га газар, Б.О-д 36 га газар тус тус эзэмшүүсэн ба газрын мэдээллийн санд Н.М-ын эзэмшил газрын хэмжээ “34 га ” гэж, Б.О-ийнх “41 га” гэж зөрүүтэй бүртгэгдсэн байна. Баруун туруун сумын Засаг даргын А/92 дугаар захирамжаар сортын 290 га талбайгаас Б.Э-д 60 га газар эзэмшүүлсэн боловч уг талбай хэмжээний хувьд зөрүүтэй байсны улмаас тэрээр газар эзэмшээгүй байна.
Маргаан бүхий А/91, А/31 дугаар захирамжийн “Б У” ХХК-д холбогдох хэсгүүдийг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотой тус компаний Баруунтуруун сумын Баян айраг багийн нутагт “Хар хадад”-ын 9 байршил дахь маргаан бүхий газрын эзэмших эрх сэргэж байгаа тул тус “Б У” ХХК-ийн эзэмшлийн газрыг иргэн, аж ахуйн нэгжүүдэд давхацуулан эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 2019 оны 08 сарын 05-ны өдрийн А/92, 2020 оны 03 сарын 30-ны өдрийн А/36, 2020 оны 03 сарын 30-ны өдрийн А/38, 2020 оны 03 сарын 16-ны өдрийн А/30, 2020 оны 05 сарын 06-ны өдрийн А/49 дугаар захирамжуудын холбогдох хэсгүүдийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл дээрх сумын Засаг даргын 5 захирамжийн иргэн, аж нэгж байгууллагад холбогдох хэсгийг хүчингүй болгохдоо давхцаж байгаа хэсгээр нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчийн ажлын алба болох Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 13 дугаар зүйлийн 13.3, 26 дугаар зүйлийн 26.1,Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “Б У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 08 сарын 05-ны өдрийн А/91 дугаар “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” захирамжийн “Б У” ХХК-ийн үр тарианы зориулалтаар эзэмшиж байгаа Баян-Айраг багийн Хар хадад байрлалтай сортын 253 га,сортын 454 га,сортын 290 га, сортын 106 га, сортын 413 га газрыг “ гэсэн хэсгийг,
Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2020 оны 03 сарын 20-ны өдрийн А/31 дугаар “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” захирамжийн “Б У” ХХК-ийн үр тарианы зориулалтаар эзэмшиж байгаа Баян-Айраг багийн Хар хадад байрлалтай 7 дугаартай 543 га, 17 дугаартай 495 га, 18 дугаартай 132 га, сортын 106 га,сортын 413 га газрыг “ гэсэн хэсгийг,
Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 08 сарын 05-ны өдрийн А/92 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн Баян-Айраг багийн Хар хадад байрлалд “С Ө” ХХК-д үр тарианы зориулалтаар эзэмшүүлсэн сортын 253 га газраас 196 га , Н овогтой Б-т эзэмшүүлсэн сортын 50 га газраас 39 га, “У А С” ХХК-д эзэмшүүлсэн сортын 254 га газраас 240 га, “Т Х” ХХК-д эзэмшүүлсэн сортын 200 га газраас 192 га давхцалтай хэсгүүдийг,
Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2020 оны 03 сарын 30-ны өдрийн А/36 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн “Т Б” ХХК-д Баян-Айраг багийн Хар хадад байрлалд эзэмшүүлсэн сортын 213 га газраас 209 га ,”Б Т” ХХК-д эзэмшүүлсэн сортын 100 га газраас 97 га, “Г Х Б” ХХК-д эзэмшүүлсэн сортын 100 га газраас 95 га, “Э Т” ХХК-д эзэмшүүлсэн 7 дугаартай 200 га газраас 183 га, “Б Б” ХХК-д эзэмшүүлсэн 17 дугаартай 400 га газраас 355 давхцалтай хэсгүүдийг,
Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2020 оны 03 сарын 30-ны өдрийн А/38 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн Б овогтой О-д эзэмшүүлсэн 7 дугаартай 36 га , Р.Э-д эзэмшүүлсэн 7 дугаартай 50 га газраас 13 га, Р овогтой Э-т эзэмшүүлсэн 7 дугаартай 100 га газраас 94 га, Д овогтой Ө-д эзэмшүүлсэн 7 дугаартай 100 га газраас 95 га, Д овогтой Л-нд эзэмшүүлсэн 7 дугаартай 50 га газраас 48 га, Д овогтой П-нд эзэмшүүлсэн сортын 86 га газраас 81 га , Г овогтой Б-нд эзэмшүүлсэн сортын 20 га , С овогтой Ш-т эзэмшүүлсэн 18 дугаартай 100 га , Н овогтой М-т эзэмшүүлсэн 18 дугаартай 32 га, О овогтой Ш-д 17 дугаартай 100 га газраас 92 га, Б овогтой Б-нд эзэмшүүлсэн 17 дугаартай 103 га газраас 45 га давхцалтай хэсгүүдийг,
Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2020 оны 03 сарын 16-ны өдрийн А/30 дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжаар “А Х” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн Хар хадад байрлалтай сортын 100 га газраас 69 га, “М О А” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн 80 газраас 65 га давхцалтай хэсгүүдийг ,
Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын 2020 оны 05 сарын 06-ны өдрийн А/49 дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжаар “Б Т Б” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн 300 га газраас 284 га давхцалтай хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын тамгын газраас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б У” ХХК-д олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.ЯНЖИНДУЛАМ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ОЮУНГЭРЭЛ