Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2025/0054

 

 

 

 

 

 

   “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн    

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэгч шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б

Нэхэмжлэгч: “Э” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 367 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 881 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, өмгөөлөгч М.Ч

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Баянжаргал

Хэргийн индекс: 128/2024/0044/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Э” ХХК-аас хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 367 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 881 дүгээр шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.4, 34.6, 34.7 дахь хэсгийг тус тус баримтлан, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн Ашигт малтмалын, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 367 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигч буюу компанийг дотоод, гадаад бүхий л харилцаанд төлөөлөн оролцох эрхтэй цорын ганц этгээд болох Г.В.Д  нь 2022 онь 08 дугаар сараас эхлэн эрүүл мэндийн шалтгааны улмаас компанийн өдөр тутмын үйл ажиллагааг явуулах боломжгүй болсон бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс үүнтэй холбоотой бүхий л баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн, ...Маргаан бүхий акт гарах үед нэхэмжлэгчийг төлөөлөх өөр этгээд байхгүй, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөх боломжгүй байсан болохыг баримтаар гаргаж өгсөөр байтал анхан шатны шүүх эдгээр баримтыг харгалзан үзэлгүйгээр өөр ямарваа нэг гуравдагч этгээдээр дамжуулан “төлбөр төлөх үйлдлийг гүйцэтгүүлэх” боломжтой байсан мэтээр буруу дүгнэлт хийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна.

3.2. Хариуцагч захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэнээс хойш ажлын 10 өдрийн дотор хуульд заасан арга хэрэгслээр тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэх үүрэгтэй бөгөөд энэ нь бодит нөхцөлийг тогтоох, нэхэмжлэгчийн оролцоог хангах, төлбөрийг алдангийн хамт төлөх боломж олгосон хуулийн заалтыг хариуцагч биелүүлээгүй.

3.3. Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.17-д зааснаар “тусгай зөвшөөрлийн бүртгэл хөтлөх”, 11 дүгээр зүйлийн 11.1.20-д “үйлчилгээний хөлс, төлбөрийг хураан авах” гэсэн хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхдээ хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн албан ёсны хаяг, утасны дугаар, мэйл хаяг зэргийг тус тус баталгаажуулсан маягтаар хүлээн авдаг болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Хариуцагч нь дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 4/3465 дугаартай албан бичгийг хүргүүлсэн гэх боловч тухайн мэдэгдлийг нэхэмжлэгч компани хүлээн аваагүй, шуудангийн буцаалтаар хариуцагчид буцаж ирсэн байхад нэхэмжлэгчийг Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ” гэж заасан үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэгчийг буруутгаж, маргаан бүхий захиргааны актыг гаргасан. Гэтэл “мэдэгдэл” буцаж ирсэн, тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргэгдээгүй байхад хуульд заасан бусад арга хэрэгслээр буюу цахим шуудан, утсаар мэдэгдэлгүйгээр тусгай зөвшөөрлийг шууд цуцалсан хариуцагчийн хууль бус үйлдлийг зөвтгөж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

3.4. Хэрэв хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс хуульд заасан дээрх ажиллагааг бүрэн гүйцэт хийж гүйцэтгэсэн бол нэхэмжлэгчийн зүгээс “...нэхэмжлэгчийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаан болох эрүүл мэндийн нөхцөл байдлын улмаас компанийг төлөөлөн үйл ажиллагаа явуулах боломжгүйн улмаас тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хожимдуулсан...” тухайгаа мэдэгдэж, төлбөрийг төлөх, цаашлаад тусгай зөвшөөрөл цуцлагдахгүй байх нөхцөл байдал бий болж болох байсан. Манай компани нь 2009 оноос хойш маргаан бүхий ашигт малтмалын ашиглалтын талбайд хайгуулын үйл ажиллагааг явуулж тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүргийг биелүүлсээр ирсэн бөгөөд зөвхөн хайгуулын ажиллагааны зардалд 4,3 тэрбум гаруй төгрөгийг хөрөнгө оруулалтын зардал гаргаж ажилласан ба тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөхөөс зайлсхийх ямар ч шаардлага үүсээгүй, тусгай зөвшөөрлийн дагуу ашиглалтын үйл ажиллагаа явуулах чин эрмэлзэл хүсэлтэй байсан болно.

Иймд хэргийн үйл баримтыг бүрэн дүүрэн зөв дүгнээгүй Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 881 дугаартай шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-д заасны дагуу хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

 

4. Хариуцагчаас нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:

 

2.1. Нэхэмжлэгч “Э” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 367 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.

 

2.2. Анхан шатны шүүхээс “...“Э” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага байсан Г.В.Д  хүндэтгэн үзэх шалтгаантай, хүнд өвчтэй, энэ нь төрийн байгууллагад хүрэлцэн очих боломжгүй байсан, тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх өөр бусад хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж үзсэн бол энэ талаар хариуцагч байгууллага, түүний удирдлагад бичгээр мэдэгдэж, аливаа хүсэлт гаргаж байгаагүй, нөгөө талаас үзвэл, тэрээр өвчтэйн улмаас өөрөө үйлдлийг хийх боломжгүй бол бусдаар дамжуулан хүсэлт, үйлдлээ гүйцэтгүүлэх боломжгүй байсан гэх нөхцөл нь нотлогдоогүй, ... эцсийн өмчлөгч, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага нь 2023 оны 08 дугаар сарын 29-ны өдөр өөрчлөгдөж, П.Г болсноор тус компанийн эд хөрөнгө, эрх, үүргийг хянах, түүнд үүссэн нөлөөллийг арилгах хугацаа байсан байхад ийнхүү тусгай зөвшөөрөлд холбогдох эрхээ хэрэгжүүлэх талаар үйлдэл хийгээгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

2.3. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд бүрэн төлөөгүй бол төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах эрхтэй” гэж зохицуулсан бөгөөд маргаан бүхий 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 367 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч “Э” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын МV-02**** дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байна.

 

2.4. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж тус тус заасан.

 

2.5. Нэхэмжлэгч “Э” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн 6 дахь жилийн төлбөрөө 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс өмнө урьдчилан төлөх ёстой байсан, энэ хугацаанд төлөөгүй бол нэмж 30 хүртэл хоног буюу 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн дотор төлбөрийг алдангийн хамт төлөх үүрэгтэй байсан боловч ээлжит жилийн төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөөгүй, энэ үйл баримтын талаар маргаагүй байна. Харин нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг хүчингүй болгуулахаар “...тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар мэдэгдээгүй, үүнтэй холбогдуулан компанийн захирал нь цар тахлын үед ковидоор өвчилсөн... ” гэж маргажээ.

 

2.6. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж заасан. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 4/3465 дугаартай албан бичгээр ашиглалтын МV-02**** дугаар тусгай зөвшөөрөл нь цуцлагдах үндэслэл бүрдсэн, хуульд заасан хугацааны дотор алданги төлөх боломжтой талаарх мэдэгдлийг тус компанийн албан ёсны хариуцагчид бүртгүүлсэн хаяг болох “Сүхбаатар дүүрэг, ** дүгээр хороо, **** тоот” хаягт шуудангаар илгээсэн, энэ хугацаанд нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй учир хариуцагч захиргааны байгууллага нь тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж, цуцалсан талаарх мэдэгдлийг 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 8/4317 дугаартай албан бичгээр мөн хаягаар хүргүүлсэн боловч “нүүсэн” гэсэн шалтгаанаар буцаагдсан байна.

 

2.7. Үүнээс үзвэл захиргааны байгууллага нэхэмжлэгчид тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн болон цуцалсан талаарх мэдэгдлүүдийг эрх бүхий этгээдэд бүртгүүлсэн тус компанийн албан ёсны хаягаар, шуудангаар хүргүүлсэн байх тул мэдэгдлийг хүлээж аваагүй явдалд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй, хуульд заасан мэдэгдэх үүргээ хариуцагч биелүүлсэн гэж үзэхээр байна.

 

2.8. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ” гэж зааснаар энэ нь тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу нэхэмжлэгчийн үүрэг болохоос захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа биш юм.

 

2.9. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан “тусгай зөвшөөрөл нь цуцлагдах болсон үндэслэл” бүрдсэн талаарх мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлж буй зорилго нь төлбөрөө хугацаандаа төлөөгүй хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлох боломжийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгосон зохицуулалт болохоос мэдэгдэл авсны дараа төлбөрөө төлнө гэсэн ойлголт биш, тус хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар тусгай зөвшөөрлийн төлбөрийг урьдчилан төлөх нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүрэг учраас төлбөр төлөөгүй шалтгаанаа “...мэдэгдэл хүлээн аваагүй”-тэй холбон тайлбарласан нь үндэслэлгүй, мэдэгдэл хүлээн авсан эсэхээс үл хамаарч хуулийн хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нэхэмжлэгч хуулийн этгээдийг зөвтгөх үндэслэл болохгүй. Иймд хариуцагч захиргааны байгууллага нь хуульд заасан журмын дагуу ажиллагаа хийж, “Э” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан байх тул “...мэдэгдэл хүлээн аваагүй” гэж маргасныг хүлээн авах боломжгүй.

 

2.10. Түүнчлэн, Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгоно”, 7.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх бүх хугацаанд энэ хуулийн 7.1-д заасан нөхцөлийг хангасан байна” гэж зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК буюу хуулийн этгээд тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан энэ тохиолдолд хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага өвчтэй байсан нь хуулийн этгээд тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүргээ биелүүлэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэл болохооргүй байна.

 

2.11. Тодруулбал, хуульд хувь хүн, хуулийн этгээдийг ялгаж, зөвхөн хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгодог нь тусгай зөвшөөрлийг эзэмших, түүний дагуу үйл ажиллагаа явуулах, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хадгалахад шаардагдах хүний нөөц, төсөв санхүү, зохион байгуулалт зэргийг хариуцах чадвартайг харгалзсан хэрэг бөгөөд тусгай зөвшөөрлийн хүчинтэй байдлыг хангахад шаардагдах үүрэг, хариуцлагыг хуваарилах, цаг тухайд нь биелүүлж ажиллах нь тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн үүрэг байна. Иймд зөвхөн нэг албан тушаалтан өвчтэй байсан гэх үндэслэл нь хуулийн этгээдийг тухайн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх гомдлыг хангах үндэслэлгүй.

 

2.12. Мөн нэхэмжлэгчээс ...тус компанийн 2 геологич нь Оросын Холбооны Улсын иргэд байсан, ковидын үед Монгол Улсын хилээр гарч явахдаа компанийн баримт бичгийг бүгдийг авч явсан гэж тайлбарлаж байх боловч тухайн тохиолдолд тус этгээдийн эрх зүйн байдлыг тодруулах нь нэг эзэмшигч бүхий нэхэмжлэгч компанийн тухайд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь ямарваа байдлаар сэргэх нөхцөл байдал үүсэхгүй. 

 

2.13. Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.В.Д  нь компанийг төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж, тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө төлөх, эсхүл хүндэтгэн үзэх нөхцөл байдал үүссэн талаар эрх бүхий байгууллагад мэдэгдэж, аливаа байдлаар хүсэлт гаргах боломжтой байсан байхад үүнтэй холбоотойгоор захиргааны байгууллагад огт хандаагүй, харин хариуцагч Кадастрын хэлтсээс Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу мэдэгдэх ажиллагааг хийсэн, маргаан бүхий акт хууль зөрчөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 881 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

 

 

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА