Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 268

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

улсын яллагч О.Багшбаяр,

шүүгдэгч А.Баатархүү өөрөө өөрийгөө өмгөөлж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Нямда овогт Аюушийн Баатархүүд холбогдуулж яллагдагчаар татах тогтоол батлаж ирүүлсэн эрүүгийн 201625013612 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн Нямда овогт Аюушийн Баатархүү, 1962 оны 5 дугаар сарын 04-нд Сүхбаатар аймагт төрсөн, 54 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, усны инженер мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо шархадны 408 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2007 онд Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 126.2-т зааснаар 5 жилийн хорих ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ЧР 62050418 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч А.Баатархүү нь 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 26 гудамж 408 тоот хашаанд иргэн Д.Даваасүрэнг хувийн таарамжгүй харилцааны улмаас толгойн тус газарт хүрзээр цохин бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Баатархүү шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй. Хэрэг бүртгэлтийн шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв,

Хохирогч Д.Даваасүрэн хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ: “...2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн орой 20 цагийн орчим би согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн найз болох А.Баатархүүгийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо 26 гудамж 408 тоот хашаанд орсон. Тэр үед А.Баатархүү хашаан дотор өөрийн байшингийн үүдний таамбар дээр гарчихсан тоосго өргөөд зогсож байхаар нь би доороос нь А.Баатархүү пизда минь чи харанхуй шөнө юу хийгээд байгаа юм, доошоо буугаад ир гээд нилээн хэдэн удаа бахирсан. Тэгсэн чинь А.Баатархүү  доошоо бууж ирээд газар байсан тоосго аваад шууд миний баруун хацар хэсэгт хоёр удаа цохьсон. Тэгэхээр нь би яагаад намайг тоосгоор цохиж байгаа юм бэ? Чи гараар намайг цохьсон бол би чамтай юм ярихгүй байсан гэж хэлсэн. Тэр үед Баатархүү шууд газар байсан том хүрз аваад намайг цохих гэхэд би гараар хаагаад эргэж хараад зугтах гэтэл А.Баатархүү барьж байсан хүрзээрээ араас миний толгойн хэсэгт цохьсон...” гэсэн мэдүүлэг. /хх18-20/,

Гэрч Д.Намжилсүрэн хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ: “...2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, шархадны 26-409б тоот хаяган дээр байдаг гэр рүүгээ харьж явахад манай нөхөр Д.Даваасүрэн над руу утсаар залгаад чи хаана явж байна. Миний толгой цусаар дүүрчихлээ хурдан ир гэж хэлэхээр нь би очсон. Тэр үед манай нөхөр гудамжинд А.Баатархүүгийн хашааны үүдэнд толгой болон. Хувцас нь битүү цус болчихсон сууж байхаар нь би юу болсон талаар асуухад энэ хашааны хүн намайг хүрз, тоосгоор цохьсон гэж хэлсэн. Тэгтэл удалгүй цагдаа ирээд цохьсон хүн хаана байна гэхэд нь манай нөхөр гэртээ орчихсон гэж хэлсэн. Нэг цагдаа нь орж А.Баатархүүг дагуулж гарч ирэхээр нь чи яагаад хүн зодож байгаа юм бэ гэж асуухад А.Баатархүү танай нөхөр өөрөө шатан дээрээс унасан гэж хэлсэн, тэр үед манай нөхрийн шарх унасан биш цохьсон шарх байсан...” гэсэн мэдүүлэг. /хх22-23/,

Сэжигтэн А.Баатархүү хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ: “...2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, 26 гудамж 408 тоот хашаандаа байшингийн  үүдний амбаар тоосгоор өрж байхад манай хашааны төмөр том хаалга хүчтэй нээгдэж хэн нэгэн хүн орж ирсэн, тухайн үед гадаа харанхуй болж байсан болохоор би ямар хүн орж ирсэнийг нь таниагүй болохоор би өрлөг хийж байсан шатан дээрээс хэн бэ? гэж асуухад нэг эрэгтэй хүн хэн байдаг юм гөлөг минь чи буугаад ир чамайг ална гэж хашгираад ойртоод ирсэн. Тэгэхэд харахад манай баруун талд байдаг хөрш Д.Даваасүрэн байсан. Д.Даваасүрэн согтуу намайг гөлөг гэх мэтээр хэл амаар доромжлоод газар байсан миний шавар зуурч байсан хүрзийг аваад барьж байсан тоосгон ханыг нураах гээд гаднаас нь цохиод байхаар нь би чи болиоч согтуу байж наадах чинь нурна гэж хэлээд шатнаас бууж очиход шууд намайг заамдаж авсан. Тэр үед би гарыг нь тавиулсан, харин дараа нь Д.Даваасүрэн манай үүдэнд хураасан байсан тоосгон дээр хөл алдаж унасан, тэр үед би өөрөө хаалганы хажууд зогсоод харж байсан...” гэсэн мэдүүлэг. /хх 36-43/,

Шүүх эмнэлгийн шинжээч эмч 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №13597 тоот актанд шинжээч эмч М.Золжаргалын гаргасан дүгнэлт:

  1. Д.Даваасүрэнгийн биед баруун хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал баруун шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт. /хх29-33/,

хохирогч Д.Даваасүрэнгийн мэдүүлэг /хх-20/, гэрч Д.Намжилсүрэнгийн мэдүүлэг /хх22-23/, шинжээчийн дүгнэлт /хх-36/, хохирогч Д.Даваасүрэнтэй эвлэрсэн баримт зэрэг нотлох баримтыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч А.Баатархүү нь 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 26 гудамж 408 тоот хашаанд иргэн Д.Даваасүрэнг хувийн таарамжгүй харилцааны улмаас толгойн тус газарт хүрзээр цохин бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч А.Баатархүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулж яллагдагчаар татах тогтоол батлаж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч А.Баатархүүг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч А.Баатархүү, хохирогч Д.Даваасүрэнтэй сайн дураар эвлэрч, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул А.Баатархүүг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч А.Баатархүү нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан шүүгдэгч А.Баатархүү нь хохирогч Д.Даваасүрэнтэй сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар А.Баатархүүг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нямда овогт Аюушийн Баатархүүг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь хохирогчтой сайн дураар эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

2. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, А.Баатархүү нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

3. Энэ өдрөөс А.Баатархүүд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

5. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.Баатархүүд бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурьдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ШИНЭБАЯР