Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 05

 

 В.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Б.Ариунбаяр

Шүүгчид: Т.Жаргалсайхан, Ж.Баттогтох

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч:  В.Б-

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.*******

Хариуцагч байгууллагын төлөөлөгч: Ш.*******

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч:Б.*******

Нарийн бичгийн дарга: Б.******* нар оролцов.

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзулын даргалж шийдвэрлэсэн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 547 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч байгууллагын төлөөлөгч Ш.*******ын давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  В.Б- анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие нь 2015 оны 2 сараас эхлэн тус сургуульд ажиллаж эхэлсэн бөгөөд 2016 оны 10 сард хүний нөөц, ХАБЭА-нажилтнаар томилогдсон. Гэтэл 2016 оны 11 сард сургуулийн удирдлага солигдож, бүтэц орон тоог шинэчлэн байгуулахдаа хүнийнөөцийн асуудлыг аж ахуйн даргад, ХАБЭА-н ажилтны орон тоо байхгүй болсон гэсэн үндэслэлээр 2017 оны 06 сард ажлаасчөлөөлсөн. Орон тоог салгасан байж болох ч аль нэг дээр нь намайг ажиллуулах ёстой хэмээн үзэж гомдолтой байгаа тул ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, СУИС-ийн салбар Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн захирлын 2017 оны 06 сарын 06-ны өдрийн Б/63 тоот тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэх, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар танай шүүхэд хандаж байна гэжээ.

 Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ш.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Завхан аймаг дахь Хөгжим бүжгийнколлеж нь СУИС-ийн салбар сургууль бөгөөд бүрэлдэхүүн сургуулиудын нэгэн адил СУИС-аас баталж өгсөн бүтэц орон тоондзахирагдан ажилладаг билээ. СУИС-ийн захирлын 2017 оны А/76 тоот тушаалаар манай сургуулийн бүтэц орон тоог өөрчилж, зарим ажлын байр, ажилтны тоог цөөрүүлсэнтэй холбогдуулан байгууллагын дотоодод сэлгэн ажиллуулах, хавсран ажиллуулах, ажлын ачаалал ажлын цагийг нягтруулах зэрэг зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Үүнтэйхолбоотойгоор Сургалтын албаны мэргэжилтэн, Аж ахуйн дарга, Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан, Архив бичиг хэрэг, Хүний нөөцийн ажилтны ажлын байран дээр батлагдсан бүтэц орон тооны дагуу сонгон шалгаруулалт явуулсан ба  В.Б- нь сонгон шалгаруулалтанд орохгүй гэсэн хариу өгч сонгон шалгаруулалтанд ороогүй тул ажлаас чөлөөлөхшийдвэр гаргасан юм. Учир нь: А.Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1, Хөдлөмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийнсанаачилагаар цуцалж болно. 40.1.1 аж ахуйн нэгж байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн

Б. СУИС-ийн захирлын 2017 оны 03 сарын 02-ны өдрийн А/76 тоот Орон тоог шинэчлэн батлах тухай тушаал дээр шинэчлэн баталсан орон тоог 2017 оны 03 сарын 02-ны өдрөөс дагаж мөрдөж, зохион байгуулалт хийж ажиллах үүрэг өгсний дагуу

В. Засгийн газрын 2016 оны 09 сарын 09-ний 47 дугаар тогтоол чиглэлийн дагуу улс орны эдийн засгийн нөхцөл байдалтайуялдуулан төсвийг хэмнэлтийн зарчмаар удирдах зайлшгүй шаардлагын улмаас бүтэц орон тооноос илүү хүн ажиллуулахболомжгүй байна.

Иймд  В.Б-г ажлаас чөлөөлсөн нь зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээ мөний дээр, түүний хөдөлмөрлөхэрхийг хууль бусаар хөндсөн асуудал биш хэмээн үзэж байна гэжээ.

 Нэхэмжлэгч  В.Б- анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 06 сарын 08-ны өдөр бичиг хэргийн ажилтан ******* надад сургуулийн захирлын 2017 оны 06 сарын 06-ны өдрийн Б/ 63 тоот тушаалыг танилцуулсан. Тухайн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, Соёл урлагийн их сургуулийн захирлын 2017 оныА/76 тоот тушаал, байгууллагын дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.6 дахь заалтыг үндэслэн таныг ажлаас чөлөөлж байна гэсэн байсан. Тушаалын 1 дэх заалтад бүтцийн өөрчлөлт хийж байгаатай холбогдуулан хүний нөөц хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтны орон тоо хасагдсан тул  В.Б-г 2017 оны 06 сарын 06-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэсэн заалтад тайлбар хэлье. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан заалтыг тайлбарлах тухай Дээд шүүхийн тайлбар байдаг. Энэ тайлбарт орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино гэж заасан байгаа. Гэтэл захирлын намайг ажлаас чөлөөлсөн тушаал дээр орон тоо хасагдсан гэж байгаа боловч Соёл урлагийн их сургуулиас баталсан бүтэц орон тоон дээр миний ажиллаж байсан ажлын байр хоёулаа нэршилээрээ байгаа учраас орон тоо хасагдсан гэж үзэх үндэслэлгүй. Хариуцагч байгууллагаас шүүхэд гаргаж өгсөн 1 дэх тайлбартай танилцсан тэгэхэд өмнө нь манай байгууллагад ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн Отгонбаатарын нэхэмжлэлд хариу тайлбараар ирүүлж байсан тайлбарын нэрийг нь өөрчлөөд шүүхэд хүргүүлсэн байна лээ. Хариуцагч байгууллагаас шүүхэд гаргаж өгсөн 2 дахь хариу тайлбарыг уншиж танилцуулаад энэ тайлбар дээр миний ажиллаж байсан ажлын байр хасагдсан биш салсан учраас ажлаас чөлөөлсөн гэж бичсэн байгаа. Төрийн үйлчилгээний албан хаагчийн эрх ашгийг Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль эдгээр хуульд нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжийн актуудаар зохицуулдаг. Төрийн албаны тухай хуульд зааснаар ямар тохиолдолд сонгон шалгаруулалт явуулах талаар заасан байна. Үүнд сул орон тоо гарсан юм уу эсхүл шинээр ажлын байр гарсан тохиолдолд л сонгон шалгаруулалт зарлахаар заасан байна. Тиймээс би энэ хүний зарласан сонгон шалгаруулалт хууль зүйн үндэслэлгүй байгаа учраас сонгон шалгаруулалтад орохоос татгалзсан. Аж ахуйн дарга хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтны ажлын байрны тодорхойлолт гаргаагүй байсан. Одоо бол гарсан байх л даа. Тухайн үед гараагүй байсан. Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 11 сарын 03-ныөдрийн 34 дүгээр тогтоолоор ажлын байрны тодорхойлолтыг хэрхэн байгуулах, ямар загвартай байх талаар заасан байгаа. Энэ тогтоолд ажлын байрны тодорхойлолт нь хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл болдог. Тиймээс ажлын байрны тодорхойлолт заавал хийгдэх ёстой байсан. Ийм зүйл хийгдээгүй ажлын байран дээр сонгон шалгаруулалт зарласан. Би хүний нөөц, хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтны орон тоон дээр ажиллаж байсан. Нийгмийн ажилтан *******о аж ахуйн даргын ажлыг хавсран гүйцэтгэж байсан. Миний ажлын байр байсаар байхад хавсарч гүйцэтгэж байсан хүнтэй өрсөлдөх болсныг би сайн ойлгоогүй. Тэгж өрсөлдөх боломжгүй. Энэ талаар хууль тогтоомжид заасан байгаа. Энэ талаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн27.2.3.төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулна гэж заасан байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ гэж заасан. Надад албан ёсоор бүтцийн өөрчлөлтийн дагуу ажилгүй болж байгаа учраас хөдөлмөрийн гэрээг цуцална гэж хэлээгүй. 2017 оны 03 сарын 13-ны өдөр ажил танилцуулаад ороход надаас сонгон шалгаралуулалтад орох юм уу гэж асуусан. Тэгэхэд нь миний ажлын байрны орон тоо байгаа учраас би сонгон шалгаруулалтад оролцохгүй гэхэд захирал хориглоогүй учраас би захиралтай энэ талаар зөвшилцсөн гэж ойлгож байгаа тиймээс би өөрийнхөө ХАБ-ын ажлыг үргэлжлүүлэн хийнэ гэж ойлгож байсан шүү гэж хэлье. Хэрвээ би сонгон шалгаруулалтад орохоос татгалзсан байлаа гэхэд сонгон шалгаруулалтад ороогүй учраас энэ ажлын байран дээр ажиллах боломжгүй тул сарын дараа ажлаас чинь чөлөөлнө шүү гэж надад мэдэгдэл өгөх ёстой байсан. Гэтэл надад албан мэдэгдэл ирээгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.Миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 40 дүгээр зүйлийн 40.1,1 40.1.5, Үйлдвэрчиний эвлэлийн гишүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Бүтцийн өөрчлөлт хийсэн байж болно. Гэхдээ тэр бүтцийн өөрчлөлтөө хэрхэн хийх вэ гэдэг нь их чухал байсан. Бид хэн нэгнийг ажилд томилж чөлөөлөхдөө хуулийн дагуу томилж чөлөөлөх ёстой талаар хуульд зааж өгсөн байгаа. Хэн нэгийг албан ёсны мэдэгдэл өгөлгүйгээр, сонгон шалгаруулалтыг тохиромжтой бусаар хийснээс болж миний ажлын байр байсаар байтал орон тооны цомхотголд орсон үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан нь миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. Хэн ч таны гаргасан энэ тушаал шийдвэрийн чинь цаана хүний амь амьдрал байгаа шүү дээ. Тиймээс шүүх энэ асуудлыг сонгон шалгаруулалтад орсон уу үгүй юу гэдэг өнцгөөс нь биш, харин ямар дарааллаар хийх ёстой байсан бэ гэдгийг нь авч үзэх байх гэж найдаж байна гэжээ.

 Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ш.******* анхан шатны шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Энэ асуудал хуулийн хүрээнд явагдсан гэж үзэж байгаа. Бүтэц орон тоо батлагдаж ирсэн 2017 оны 03 сарын 02-ний өдрийн тушаалыг би 2017 оны 03 сарын 07-ны өглөөний байгууллагын шуурхай хурал дээр танилцуулсан. Мэдэгдлийг би өрөөндөө нэг нэгээр нь дуудаж гардуулж өгсөн. ******* сонгон шалгаруулалтын тухай хэлэхэд миний ажлын байр хасагдаагүй байгаа учраас би мэдэгдэл авахгүй гээд тайлбараа хэлээд гарсан. Тиймээс би хэд хоногийн дараа захиргааны зөвлөлийн хурлыг хуралдуулж *******аас яагаад мэдэгдэл аваагүй талаар асууж *******аа тайлбараа хэлээд гарын үсэг зураад гарсан. Яагаад сонгон шалгаруулалтад орохгүй байсан шалтгаанаа хэллээ. Аж ахуйн дарга ХАБ-ын орон тоон дээр өмнө нь нилээдгүй хугацаагаар ажиллаж байсан ажилтан өөрөө сонгон шалгаруулалтад орно гэсэн учраас сонгон шалгаруулалт явуулахад *******аа өөрөө ороогүй гэв.

 Хариуцагчийн өмгөөлөгч Б.******* анхан шатны шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс Төрийн албан тухай хуульд заасан үндлэслэлүүдийг дурдаж байна. Энэ хуулийн заалтыг баримтлах боломжгүй. Учир нь нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байгаа учраас Төрийн албаны тухай хуулийн заалтууд хамааралгүй. Ажил олгогчийн зүгээс дээд байгууллагаас батлагдаж ирсэн тушаалыг биелүүлсэн байна. Ингэж биелүүлэхдээ бүх талын арга хэмжээг авсан байна гэж үзэж байна. Бүтцийн өөрчлөлтийн талаарх мэдэгдлийг сарын өмнө өгсөн байна. Мөн сонгон шалгаруулалт зарласан байна. Тиймээс хуульд нийцсэн тушаал гаргасан гэж үзэж байна. Мэдэгдэл өгсөн байх ёстой. Мэдэгдлээ өгсөн байна гэж ойлгож байна. Гэтэл нэхэмжлэгч өөрөө мэдэгдлээ аваагүй гэдэг нь хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. Хавтаст хэрэгт тухайн байгууллагын бүтэц орон тоог баталсан нотлох баримт авагдсан байна. Энэ баримтад хүний нөөц, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан гэсэн орон тоо байхгүй байна.Тухайн орон тоо нь байгууллагын бүтэц орон тоонд байхгүй байгаа учраас тухайн орон тоог хасагдсан гэж үзнэ гэв.

 Анхан шатны шүүх: Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан СУИС-ын салбар Завхан аймаг дахь ХБКоллежийн захирлын 2017 оны 06-р сарын 06-ны өдрийн Б63 тоот тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэгч  В.Б-г Соёл урлагийн их сургуулийн салбар Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийн хүний нөөц, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтнаар эгүүлэн тогтоож, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Соёл урлагийн их сургуулийн салбар Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежооснэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор болох 3.262.320 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  В.Б-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас 111.917 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулж, шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох, зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ш.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 547 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан шаардлагыг биелүүлээгүй, биелүүлсэн гэдгээ нотолж чадаагүй гэж үнэлсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ... Миний хувьд  В.Б-гийн ажлаас чөлөөлөх мэдэгдлийг өгөх талаар хангалттай арга хэмжээ авсан, мэдэгдлээ өгсөн гэж үзэж байна. Энэ хүн мэдэгдлээ авахаас зайлсхийсэн болохоор захиргааны зөвлөлийн хурлаар оруулж тайлбар бичүүлж гарын үсэг зуруулж авсан. Гэтэл шүүх ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн гэдгээ нотлож чадаагүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна...

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Ийм учир ХБК-ийн зохион байгуулалтын бүтцээс хүний нөөц, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтны ажлын байр үгүй болсон гэж шүүх дүгнэв... гэж зөв дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан шүүхийн шийдвэр нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна....

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Хүнийн нөөцийн ажлыг архив бичиг хэрэгт хавсран гүйцэтгүүлэхээр, Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтны ажлыг аж ахуйн даргын орон тоонд хавсарган гүйцэтгүүлэхээр баталсан байна гэж ...хавсран гүйцэтгүүлэхээр бүтэц батлаагүй, Архив бичиг хэрэг хүний нөөц гэсэн нэг ажлын байр, Аж ахуйн дарга, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан гэсэн нэг ажлын байр, мөн шинэ ажлын байрууд бий болсон байхад хавсарган гүйцэтгүүлэхээр гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 547 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллагаас 1.863.000 төгрөг өгөөд ажилд эгүүлэн авахгүйгээр эвлэрэн хэлэлцэх саналтай байна гэв.

 Нэхэмжлэгч  В.Б- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эвлэрэх саналын тухайд хүлээн зөвшөөрч байгаа ч 1.863.000 төгрөг авч эвлэрэх боломжгүй байна. Яагаад гэвэл банкны зээлтэй ажилгүй байх хугацаандаа зээлийн хүүгээ төлөхгүй байсаар байгаад 6 сарын зээлийн хүү төлөөгүй учраас банкнаас 2 сард багтаан 6 сарын зээлээ төлөхгүй бол найдваргүй зээлдэгч гэсэн ангилалд оруулж, нийт зээл болох 6.500.000 төгрөгийг төлүүлнэ гэж банкнаас мэдэгдсэн. Банктай холбоотой асуудлаа цэгцлэхийн тулд хариуцагч талтай эвлэрээд бэлнээр ямар нэгэн суутгалгүй 2.100.000 төгрөгийг 02 дугаар сард багтааж буюу 6 хоногийн дотор өгөх юм бол эвлэрч болно. Банкны найдваргүй зээлдэгч гэдэг ангилалд орох юм бол 10 жил банктай харилцах боломжгүй болох учраас 6 сарын зээлээ төлөхийн тулд хариуцагч талтай эвлэрээд ажилгүй байсан хугацааны цалингаа аваад нэхэмжлэлийн бусад шаардлагаасаа татгалзаж эвлэрэх саналтай байна гэв.

 Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ш.******* давж шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай талаас саналыг хүлээн зөвшөөрч байна. 2.100.000 төгрөгийг 02 дугаар сард багтааж төлөөд ажилд авахгүйгээр эвлэрэх саналыг зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Зохигчдын эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч  В.Б- нь хариуцагч Соёл урлагын их сургуулийн салбар Хөгжим бүжгийн коллежид холбогдуулан тус сургуулийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/63 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх, шимтгэлийг зохих газарт төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Соёл урлагын их сургуулийн салбар Хөгжим бүжгийн коллежийн захиралын 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/63 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч  В.Б-г Соёл урлагын их сургуулийн салбар Хөгжим бүжгийн коллежийн хүний нөөц, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтанаар эгүүлэн тогтоож, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Соёл урлагын их сургуулийн салбар Хөгжим бүжгийн коллежоос нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор болох 3.262.320 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч  В.Б-д олгохоор тогтоожээ.

Зохигчид давж заалдах шатны шүүх хуралдааны явцад эвлэрэлийн гэрээ байгуулжээ.

Эвлэрлийн гэрээнд, хариуцагч Соёл урлагын их сургуулийн салбар Хөгжим бүжгийн коллеж нь нэхэмжлэгч  В.Б-д ажилгүй байсан хугацааны цалинд 2.100.000 төгрөгийг, ямар нэгэн суутгал хийхгүйгээр түүний ******* банкны ******* тоот дансанд 2018 оны 02 дугаар сарын 28-ны дотор шилжүүлэх, мөн нэхэмжлэгчид урьд олгосон 3 сарын дундаж цалин хөлстөй тэнцэх хэмжээний тэтгэмжийг  В.Б-гаас нэхэмжлэхгүй, харин нэхэмжлэгч  В.Б- нь ажилдаа эргэн орохгүй, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд бичилт хийлгүүлэх, шимтгэлийг зохих газарт төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг талууд харилцан зөвшөөрөхөөр тохиролцжээ.

Эвлэрлийн гэрээнд талууд гарын үсэг зурсан байх тул тус эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэхээр байна.

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалдагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

тогтоох нь

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Соёл урлагын их сургуулийн салбар Хөгжим бүжгийн коллеж нь нэхэмжлэгч  В.Б-д ажилгүй байсан хугацааны цалинд 2.100.000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийг, ямар нэгэн суутгал хийхгүйгээр түүний ******* банкны ******* тоот дансанд 2018 оны 02 дугаар сарын 28-ны дотор шилжүүлэх, мөн нэхэмжлэгчид урьд олгосон 3 сарын дундаж цалин хөлстөй тэнцэх хэмжээний тэтгэмжийг  В.Б-гаас нэхэмжлэхгүй, харин нэхэмжлэгч  В.Б- нь ажилдаа эргэн орохгүй, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд бичилт хийлгүүлэх, шимтгэлийг зохих газарт төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзанзохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч байгууллага нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.4, 56.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч  В.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид 12.138 төгрөг, хариуцагч байгууллагаас 12.138 төгрөг гаргуулж тус тус улсын орлого болгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД  Т.ЖАРГАЛСАЙХАН

Ж.БАТТОГТОХ