Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 707

 

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 25 өдөр          Дугаар 181/ШШ2019/00707         Улаанбаатар хот

 

 

 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 11-р хороо, Мандал 1 гудамж, 11 тоот хаягт оршин суугаа, Шавь овогт Норовын  /рд:ЕЙ64100506/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Цэргийн хотхон АОС, 220а тоот хаягт оршин суугаа, Сартуул овогт Дашцэрэвийн  /рд:ЧЙ75082103/-д холбогдох,  

 

О.Доржлхагвад өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл, Сонгинохайрхан дүүргийн нотариатын 2018 оны 04 сарын 27-ны өдрийн 064 тоот “Өвлөх эрхийн гэрчилгээ”-г тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатч Д. нь 2012 оны 05 сарын 22-ны өдөр нас барсан Сонгинохайрхан дүүргийн иргэн О.Пүрэвдорж гэгчийн төрсөн дүү болох О.Доржлхагва гэгчид 2018 оны 04 сарын 27-ны өдөр 064 тоот өвлөх эрхийн гэрчилгээг гаргахдаа Иргэний хуулийн 528.2-т заасан энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал өвийг хүлээн авсан гэж үзнэ. Мөн хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч эд хөрөнгийг хүлээн аваагүй, хүлээн авах тухай хүсэлтийг зохих байгууллагад гаргаагүй бол түүнийг өвлөх эрхээс татгалзсан гэж үзнэ гэсэн хуулийн зохицуулалтыг алдагдуулсан.

Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатч Д. нь талийгаач О.Пүрэвдоржийг 2012 оны 05 сарын 22-ны өдөр нас барсан байгааг мэдсээр байж 6 жилийн дараа 2018 оны 04 сарын 27-ны өдрийн 064 тоот өвлөх эрхийн гэрчилгээг О.Доржлхагва гэгчид өвлөх эрхийн гэрчилгээгээр газар олгосон байх юм.

Энэ нь нэхэмжлэгч миний эзэмшиж байгаа газар дээр маргаан үүсгэх, миний газрын эрх ашиг хөндөгдөж байгаа тул Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатч Д.ийн өвлөх эрхийн гэрчилгээг О.Доржлхагва гэгчид 2018 оны 04 сарын 27-ны өдөр 064 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл, өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2018 оны 04 сарын 27-ны өдрийн 064 тоот өвлөх эрхийн гэрчилгээгээр Сонгинохайрхан дүүргийн 11-р хороо, Мандал 1 гудамж, 12б тоот хаягт байрлах 651.10 м.кв талбайтай газар өмчлөх эрхийг өв хүлээн авагч О.Доржлхагвад өвлүүлсэн байна.

О.Пүрэвдорж нь 2012 оны 05 сарын 22-ны өдөр нас барсан болох нь 05/007148 тоот нас барсны гэрчилгээгээр нотлогдсон байна.

Өвлүүлэгч О.Пүрэвдорж нь гэр бүлгүй байсан болох нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын 2018 оны 04 сарын 26-ны өдрийн 05/007147 тоот лавлагаагаар нотлогдоно.

Өв хүлээн авагч О.Доржлхагва нь өвлүүлэгч төрсөн ах О.Пүрэвдоржтой нас барах хүртэл хамт амьдарч байсан болох нь 2018 оны 04 сарын 26-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн 11-р хорооны тодорхойлолтоор нотлогдоно.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т заасны дагуу бусад өвлөгчид нь өв хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллагуудад нь гаргаагүй учраас өвлөхөөс татгалзсан гэж үзнэ.

О.Пүрэвдорж нь 2012 оны 05 сарын 22-ны өдөр нас барсан ба өвлөх эрхийг 2018 оны 04 сарын 27-ны өдөр нээх хүртэл аливаа нэгэн этгээдээс өвийн талаар ямар нэгэн хүсэлт огт гаргаж байгаагүй болно.

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд Иргэний хуулийн 520.1.2-т заасны дагуу өв хүлээн авагч О.Доржлхагва нь 2-р зэргийн хууль ёсны өвлөгч мөн учраас хуулийн дагуу өвлөх эрх нээгдэн дээрх газар өмчлөх эрх нь хууль ёсны өвлөгчид өвлөгдсөн болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н. нь хариуцагч Д.д холбогдуулан, О.Доржлхагвад өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл, Сонгинохайрхан дүүргийн нотариатын 2018 оны 04 сарын 27-ны өдрийн 064 тоот “Өвлөх эрхийн гэрчилгээ”-г тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Д. нь нотариатын үйлдэл хуульд нийцсэн учир “Өвлөх эрхийн гэрчилгээ”-г хүчингүй болгох үндэслэлгүй гэж маргажээ.

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Н.ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нэг. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон зохигч талуудаас шүүхэд бичгээр гаргасан тайлбар зэргээр тогтоогдсон үйл баримтын тухайд.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2005 оны 04 сарын 29-ний өдрийн шийдвэрээр Сонгинохайрхан дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт 651.10 м.кв талбай бүхий газрыг О.Пүрэвдоржид үнэгүй өмчлүүлэхээр шийдвэрлэжээ. /хх-19х/

О.Пүрэвдорж нь 2012 оны 05 сарын 22-ны өдөр нас барсан барсныг 2012 оны 05 сарын 23-ны өдөр нас барсны бүртгэлд бүртгэсэн байх ба О.Пүрэвдорж нь гэр бүлгүй байжээ. /хх-18х/

О.Пүрэвдоржийг нас барах хүртэл түүний төрсөн дүү О.Доржлагва нь түүнтэй хамт амьдарч байжээ. /хх-16х/

О.Доржлхагва нь Сонгинохайрхан дүүргийн нотариатч Д.д “Өвлөх эрхийн гэрчилгээ” авах тухай хүсэлтийг гаргажээ. /хх-17х/

Сонгинохайрхан дүүргийн нотариатч Д.ээс 2018 оны 04 сарын 27-ны өдөр иргэн О.Доржлагвад 064 тоот “Өвлөх эрхийн гэрчилгээ”-г олгож, Сонгинохайрхан дүүрэг, 11-р хороо, Мандалын 1-р гудамж, 12б тоот хаягт байршилтай 651.10 м.кв талбай бүхий газрыг өмчлөх эрхийг өвлүүлжээ. /хх-15х/

Хоёр. Тогтоогдсон үйл баримтын хүрээнд нотариатын үйлдэлд эрх зүйн дүгнэлт өгөхөд.

Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д зааснаар О.Пүрэвдоржийн нас барсан өдөр буюу 2012 оны 05 сарын 22-ны өдрийг өв нээгдсэн өдөр гэж үзнэ.

Өмнө дурдсанчлан О.Пүрэвдорж нь гэр бүлгүй учир түүний төрсөн дүү О.Доржлхагва нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2-т заасан хууль ёсны өвлөгч болно.

О.Доржлхагва нь О.Пүрэвдоржийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан учир Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д зааснаар өвийг хүлээн авсан гэж үзнэ.

Нэхэмжлэгч Н. нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ О.Доржлхагва нь өв нээгдсэн өдрөөс хойш 6 жилийн дараа хүсэлтээ гаргасан учир түүнийг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т заасны дагуу өвлөхөөс татгалзсан гэж үзэхээр байтал нотариатч Д. нь “Өвлөх эрхийн гэрчилгээ” олгосон байх тул нотариатын үйлдэл болон “Өвлөх эрхийн гэрчилгээ”-г хүчингүйд тооцох үндэслэлтэй хэмээн тайлбарладаг.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д заасан “гурван сар”-ын хугацаа нь өв хүлээн авах тухай хүсэлтээ гаргах хугацаа бус харин өв хүлээн авахаас татгалзах тухай хүсэлтээ гаргах хугацаа учир нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан тайлбар үндэслэлгүй байна.

Түүнчлэн, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т заасан “өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй” гэдэгт Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д заасны дагуу өв хүлээн авахаас татгалзсан тухай хүсэлт гаргахыг ойлгох ба ийм хүсэлтийг О.Доржлхагва нь гаргаагүй учир түүнийг өвийг хүлээн авсан гэж үзэхийг тайлбарлах нь зүйтэй.

Гурав. Н.ийн шаардах эрхийн тухайд.

Иргэний хуулийн Тавдугаар бүлэгт заасан Өвлөх, өвлүүлэх харилцаанд үүсэх маргаан нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлд заасан хууль ёсны өвлөгч нарын хооронд үүсэх маргаан юм.

Гэтэл нэхэмжлэгч Н. нь талийгаач О.Пүрэвдоржийн хажуу айлын оршин суугч байх ба шүүхэд хандах болсон үндэслэлээ “миний эзэмшиж байгаа газар дээр маргаан үүсгэх, миний газрын эрх ашиг хөндөгдөж байгаа” хэмээн тайлбарлаж байна.

Талийгаач О.Пүрэвдоржийн өмчлөлд байсан газар нь хэнд өвлөгдөх, хэний өмчлөлд шилжихээс үл хамааран нэхэмжлэгч Н.ийн хөндөгдөж буй гэх газрын маргаантай асуудал шийдвэрлэгдэхгүй буюу газрын маргаантай нөхцөл байдал арилахгүй юм.

Өөрөөр хэлбэл, өвийн асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгч Н.ийн газрын маргаантай асуудлын шийдэлд нөлөөлөхгүй бөгөөд газар эзэмших, ашиглах эрхтэй холбоотой үүссэн маргаантай асуудал нь холбогдох Газрын алба, Захиргааны хэргийн шүүхэд хандсанаар шийдвэрлэгдэх юм.

Дөрөв. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд.

а/. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хариуцагч Д.ийг “Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, 7-р хороолол, 3-р байр, 7 тоот” хаягт оршин суудаг үндэслэлээр Н.ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлсэн.

Хариуцагч Д. нь дээр дурдсан хаягт оршин суудаггүй буюу “Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Цэргийн хотхон АОС, 220а тоот” хаягт оршин суудаг болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т “Шилжүүлсэн хэргийг хүлээн авсан шүүх түүнийг хянан шийдвэрлэх үүрэгтэй. Энэ хуулийн 20.1-д заасны дагуу шилжүүлсэн хэргийн харьяаллын талаар шүүхүүд хоорондоо маргаж болохгүй” хэмээн заасан учир уг хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн болно.

б/. Шүүхийн зүгээс нэхэмжлэгч Н., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа, хариуцагч Д. нарт шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд мэдэгдсэн боловч тэдгээр нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4, 100.5-д заасны дагуу зохигч талуудыг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.3-т зааснаар Д.д холбогдох, О.Доржлхагвад өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл, Сонгинохайрхан дүүргийн нотариатын 2018 оны 04 сарын 27-ны өдрийн 064 тоот “Өвлөх эрхийн гэрчилгээ”-г тус тус хүчингүй болгуулах тухай, Н.ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.