Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/86

 

 

 

  

2023         01          18                                          2023/ШЦТ/86

 

                             

      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

улсын яллагч Б.Эрдэнэбаяр,

хохирогч О.О,

гэрч Б.М, С.Н,

шүүгдэгч С.О, түүний өмгөөлөгч Г.Баасан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ..... овогт С. О-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн .......... дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ...... оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эмэгтэй, дээд боловсролтой, ..... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ......... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

..... овгийн С. О, /РД:**********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.О нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 17 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрлаж буй хашааны дотор талд буюу Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хориглосон газарт жагсаал, цуглаан хийж болохгүй талаар Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад О.О-гийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж буюу гараараа цохих байдлаар биед халдаж эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.О мэдүүлэхдээ: “Бидний 6 иргэн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Тусгаар тогтнол хөдөлгөөний Ц , Т  нарын шүүх хурлын ажиллагаанд нэр төлөөлөл оролцуулах, шүүгдэгч байгаа нөхөддөө сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх, өмгөөлөгч прокурор нартай уулзах, үнэн бодит мэдээлэл авах зорилгоор очсон. Бид 2022 оны 08 дугаар сараас эхлэн байнга барьж явдаг, одоо ч гэсэн явж байна, энэ бол миний сэтгүүл зүйн салбарт олж авсан мэргэжлийн маань онцлог, барьж явдаг лоозонгоо авч явсан. Яагаад гэвэл ойр орчимдоо элдэв чимээ шуугиан гаргахгүй,  бусдад санаа бодлоо ойлгуулахыг хүсдэг. Бид тэр өдөр шүүхийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулах чимээ шуугиан огт гаргаагүй. Биднийг шүүхийн хашаагаар ороход лайв /live/ бичлэг хийх, гартаа ямар нэгэн эд зүйл барихыг хориглосон мэдээлэл бүхий самбар энэ хашаан дотор ерөөсөө байгаагүй. Бид нэр төлөөлөгчөө шүүх рүү оруулаад бусад нь гадаа байсан. Шүүхийн хашаанд биднээс өөр хүн байгаагүй. Би лайв /live/ хийсэн, энэ бол сэтгүүлч хүний хувьд олон нийтэд үнэн зөв мэдээллийг бодитой газар дээрээс нь сурвалжлах энэ бол миний эрх, ард түмэнд бодит мэдээлэл хүргэх сэтгүүл зүйн зарчмаараа би лайв /live/ хийсэн. Энэ үед М эгч шүүхээс гарч ирсэн. М эгчээр лайваар үзэл бодлыг нь илэрхийлүүлсэн. М эгч дахиад шүүх хурал руу орсон. Энэ лайв нь шүүхийн гадаа 20 минут үргэлжилсэн. Энэ хугацаанд шүүхийн цагдаа бид нар дээр ирж уулзаагүй, 20 минут би хүн болгоныг яриулсан, тэр үед шүүхийн цагдаа ирээд “уучлаарай та нар энд самбар барьж зогссон байна, энд лайв хийж болохгүй” гээд эхлээд шүүхийн цагдаа гарч ирэх ёстой, гэвч тэгээгүй. Энэ хугацаанд шүүхээс цагдаа бид нартай уулзаагүй, ямар нэгэн хориглосон асуудал мэдэгдээгүй. Энэ бол хавтаст хэрэгт сиди бичлэг болон цаасан хэлбэрээр орсон байгаа. Миний хийсэн лайваас үзэхэд илт байгаа. Хүн нэг бүрчлэн 2-3 минут сэтгэгдлийг нь яриулж байх хооронд шүүхээс цагдаа гарч ирээгүй, шүүхээс цагдаа гарч ирээд болохгүй гээд 20 минутын хугацаанд ерөөсөө тийм юм болоогүй. Бид лайваа зогсоогоод М эгчийг хүлээж байтал гэнэт 2-3 цагдаа ирж “жагсаал цуглаан хийж байна, торгоно, саатуулна, энгэрийн камер зүүсэн байна, бичиж байгаа шүү” гэх мэтчилэн бид нарт сүрдүүлж хэлсэн. Хоёроос дээш хүн байвал жагсаал цуглаан болно гэж биднийг буруушаасан. Н жагсаал хийгээгүй гэсэн. Тэгвэл таны болон миний, эхнэр нөхөр энэ шүүх хурлаар шүүгдэж байвал үр хүүхдүүдээ дагуулаад ирсэн бол жагсаал цуглаан болох юм уу гэж цагдаагаас асуусан. Үүнээс болоод бид нар бухимдаж эхэлсэн, яагаад жагсаал цуглаан гэж, бухимдах шалтгаан эндээс болсон. Цагдаа О бид камераар бичлэг хийж байна гэдгээ хэлээд тэгэхээр нь би гар утсаа гаргаж тэгвэл би ч гэсэн баримтжуулж лайв хийнэ гээд өөрийнхөө гар утсыг гаргаж ирээд лайв хийж эхэлсэн. Тэр нь О-гийн энгэрийн камерын бичлэг дээр тодорхой байгаа. Цагдаа бид нарыг хашаанаас гар гэсэн шаардлагыг биелүүлж бүгдээрээ хашаанаас гарсан, хашаанаас гармагц О цагдаа лайваа зогсоо гэж намайг дарамталсан, тэгээд миний утсыг булааж авсан. Энэ үйлдэлд би маш их бухимдсан, үнэхээр их бухимдсан. Ер нь анхнаасаа шударга бус байсан. Үгээр аймар дүрслэгдэхээр юм бичээд байна, цагдааг цохьсон гэж байна, би сонсоод  гайхаж байна. Үгээр хүнийг яаж буруушааж болдог юм байна гэж сая яллагчийн дүгнэлтийг сонсохдоо би гайхаад зогсож байсан. Энэ үйл явдалд би маш их бухимдсан. Би гар утас өгөөч ээ гэж би утсаа нэхсэн, тэр бол миний лайвын төгсгөлд байгаа, өгөөч ээ гэж би маш их бухимдсан. Би болж байгаа явдлыг хүмүүст үнэн бодитоор мэдээллэх ёстой, ард түмэн үүнийг шүүнэ. Би тэр лайвыг хийсэн тулдаа өөрийгөө аварч гарах бичлэгийг авч үлдэж чаджээ гэж би өөртөө итгэж байна. Яагаад гэвэл өгөөч ээ, өгөөч ээ гэдэг нь би ямар нэгэн юмаа булаалгасны нотолгоо. Хэрвээ би тэр лайвыг хийгээгүй байсан бол яг энэ хүний хэлснээр би аймар хүн зодоод, хохироогоод О цагдаа үүнийг эсэргүүцээд, би анхнаасаа энэ хүнд “би таныг ойлгож байна, би та нарт буруу өгөхгүй, та нар бол ажлаа хийж байгаа хүмүүс” гэж анх хэлсэн. Анхнаасаа надад цагдаагийн хүмүүсийг буруушаах, тийм сэдэл байгаагүй гэдэг нь миний хийсэн лайв дээр тодорхой байгаа. Цагдаа намайг онцлон буруушааж, хэлтэс рүү саатуулан авч явахаар цагдаагийн машинд суулгасан. Бусдадаа сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх зорилгоор ирсэн миний өмчид миний зөвшөөрөлгүй халдаад, намайг саатуулна, торгоно гэж дарамталж машинаар гэмт хэрэгтэн мэтээр ачиж авч явсан үйлдэлд би маш их цочирдсон, маш их стрессдэж бухимдсан, үнэхээр үхмээр ч хүртэл санагдсан, тэгвэл намайг буудчих гэж би Од хэлсэн. Үнэхээр гомдолтой байна, ийм шударга бус зүйлийг би хүлээн зөвшөөрөөгүй, үхмээр санагдсан, тэрийгээ ч би Од хэлсэн, би чи намайг буудчих гэж Од хэлсэн. Би хууль сахиулагчийг хууль ёсны ажил үүргээ биелүүлж байхад нь саад учруулах, хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх үйлдэл би ерөөсөө гаргаагүй, миний санаа зорилго ч биш байсан. Би анх ирэхэд нь хүртэл ойлгосон. Би та нарыг ойлгож байна, та нар ажлаа хийж яваа хүмүүс гэсэн нь хамгийн эхэнд миний лайваас үзэхэд байгаа, харин ч та нарыг ойлгож байна, та нар ажлаа хийж яваа хүмүүс, та нартай муудалцаад яах вэ гэж миний хэлсэн үг лайв дотор байгаа. Энэ нь миний хууль сахиулагчийг эсэргүүцээгүйг нотлох нотолгоо юм. Тийм ч учраас миний утсыг булаагаагүй бол бид гэр рүүгээ тарах байсан, өнөөдөр би ялтан юм шиг гэмгүй мөртлөө зогсохгүй байсан. Гэтэл О миний өмчид санаатай санаандгүй аль нь ч болов халдчихаад гэмт хэрэг хийгээгүй намайг баривчилж хамт явсан хүмүүсээс надад илүү ялгавартай хандаад, миний хууль ёсны эрхэнд халдчихаад яагаад хариуцлага хүлээж гэм буруугаа шүүхээр хэлэлцүүлэхгүй давуу эрх эдлээд байгаа юм бэ, би үүнийг ойлгохгүй байна. Хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэж Үндсэн хуульд заасан байдаг. Цагдаа хүчнийхэнд хууль үйлчилдэггүй гэж бодохгүй байна. Иргэний гар утсыг шууд булааж авах эрх ямар хуулиар цагдаад олгогдсон бэ, би хуулиас хайгаад олоогүй. Хууль сахиулагч 2 хүн байвал жагсаал цуглаан болдог гэж бидэнд хэлсэн, үүнийг бас хуулиас хайгаад олоогүй. Цагдаа хуулийг чанд сахих, хуульд байхгүй үг хэлж хуулиар ойлгоогүй үйлдэл хийгээд тэр нь зөвтгөгдөөд байвал олон нийт иргэд бид яах вэ, эрхэм шүүгч таныг үүнд анхааралтай хандаж, анхааралдаа авч үзэхийг хүсч байна. Ингээд цагдаа О-гийн 2 хүн байвал жагсаал цуглаан хийсэн гэж үзнэ, зөвшөөрөлгүй жагсаал, цуглаан хийлээ, торгоно саатуулна, бас гар утас булаасан үйлдлүүд нь иргэдээ өдөөн турхирсан гэж би одоо ойлгож байна. Иймд О надад хууль сахиулагчийн хууль ёсны шаардлагад саад учруулах, эсэргүүцэх, хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж санаатайгаар хүсч үйлдсэн гэм буруугийн санаа сэдэлт зорилго огт байгаагүй. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өөрийн гаргасан тайлбараа бичгээр гаргаж өгч байна гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.О мэдүүлэхдээ: “Тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх өдөр хороо хариуцсан, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас хяналт тавьдаг. Ингэхдээ цагдаагийн байгууллагын хуулиар хүлээлгэсэн 4 чиг үүргийн дагуу ажлаа гүйцэтгэж байсан. Тухайн өдөр ажлын өдөр байсан. Хороо хариуцсан хэсгийн байцаагч ахлах дэслэгч Н-аас над руу залгаад Шүүх шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсээс албан тушаалтан ярьж байна, шүүхийн хамаарал бүхий хашаан дотор тодорхой тооны хүмүүс бүртгэлтэй эсэх, зөвшөөрөлтэй эсэхийг мэдэхгүй байна, жагсаал цуглаан зохион байгуулж байна гэдэг зүйлийг надад хэлсэн. Тэгээд миний зүгээс ажлын байрнаасаа нэг ахлах байцаагч Билгүүний хамт ирсэн. Ирээд Н-тай уулзсан, ямар хүмүүс юм бол, Шүүх шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсээс мэдээлэл байна уу гэсэн чинь Н надад мэдээлэл өгсөнгүй, хүмүүс нь тэр зогсож байна гэсэн. Тэгээд миний зүгээс ороод тухайн иргэнтэй очоод уулзахад 4-5 хүн байсан. Тухайн үед би анх О эгчид хандаж хэлээгүй. Нийтэд нь хамааруулаад та бүхний зохион байгуулж байгаа цуглаан нь өөрөө зөвшөөрөлтэй бүртгэлтэй эсэх талаар асуусан. Надад байхгүй гэсэн хариултыг амаараа өгсөн. Тэгээд би Жагсаал цуглааны журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийг хэлсэн, энэ хориглосон газар цэрэг, цагдаагийн байгууллагын хамгаалалтад авагдсан байр энэ өөрөө Жагсаал цуглааны журмын тухай хуулийг зөрчөөд байна, хориглосон газартаа орно гэж ойлгож байна гээд энэ бүгдийг дэлгэрүүлж хэлээгүй ч гэсэн ямар ч байсан шүүхийн байрны хамаарал бүхий газар гэж шүүхийн гадна талд байгаа хашаан доторх орчныг би ойлгож байгаа. Тэр ойлголтынхоо хүрээнд тухайн иргэдэд цуглааны бүртгэлгүй, бүртгүүлсэн бол санаа зорилгоосоо цуглаан нь хуулийн зүйл заалттай харшилдаад байна гэх ойлголтыг өгөхөөр би хичээсэн. Надад бүртгэлгүй гэсэн хариултыг надад өгсөн учраас бүртгэлгүй цуглаан хууль зөрчиж байна, та бүхэн энэ хашаанаас гарна уу гэдэг шаардлагаа тавьсан. Шаардлага тавиад иргэн О-ээс бусад нь шаардлагыг тухайн хэлсэн даруйд ойлгосон гэж би хувьдаа бодож байна. Яагаад гэвэл иргэн О-ээс өөр иргэд надад хандаж ямар нэгэн байдлаар өөрийнхөө үзэл бодлыг тулгах, шаардлагыг биелүүлэхгүй байх, эсэргүүцэж байгаа үйлдэл, биеийн хэлэмж, үйл хөдлөл харуулж байгаа үйлдэл ерөөсөө надад ажиглагдаагүй. Зөвхөн иргэн О-ээс л тийм зүйл ажиглагдсан. Миний энгэрийн камерын бичлэг дээр байгаа, зөвхөн энд энгэрийн камерын бичлэг хийж байна, миний энгэрийн камерын бичлэг маань Цагдаагийн албаны тухай хуулиар зохицуулагдсан зөвшөөрөгдсөн үйлдэл, хийж байгаа бичлэгийг би зөвхөн дуу дүрсийг хураах зорилготойгоор энгэрийн камертаа агуулж байгаа тэр үйлдлийг маань өөрийнхөө олон нийтэд хүргэж байгаа лайв бичлэгтэй хольж хутгаж ойлгоод, миний энгэрийн камерын бичлэг дээр байгаа бичлэг дээр иргэн О-ийн зүгээс надтай харилцах харилцааныхаа явцад ямар ч бичлэг хийгээгүй байж байснаа яг өөрөө олон нийтэд түгээх зорилготой цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд буруу ойлгуулах санаа зорилго агуулсан эсэхийг би мэдэхгүй байна, надад бол тэгж ойлгогдсон. Бичлэг хийж эхлэх явцдаа шууд уурлаж бухимдаж байгаа үйлдлийг харуулж эхэлсэн, дуу нь өндөрсөөд эхэлсэн. Тэр үйлдлээ энэ хүн өөрөө мэдэж байгаа, санаатай хийж байгаа эсэх нь бүү мэд. Яагаад гэвэл өөрийнх нь зүгээс хэдий Үндсэн хуульд заасан хэвлэн нийтлэх эрх байдаг хэдий ч тэрийг бусад эрх зүйн актад үндэслэж энэ хүн явуулах ёстой байтал заавал тэрийг хийж эхлэх үеэсээ дуу нь өндөрсөөд, цагдаатай хэрэлдэж маргалдаад бичлэгээс өмнө цагдаатай асуудал үүсгэсэн мэтээр харагдуулах байдлаар надад тэгж ойлгогдож байгаа, тийм байдлаар шууд дуу нь өндөрсөөд хийж эхэлсэн. Энэ хорт вакцинаар олон хүнийг алсан гэж байгаа юм, тодорхой албан тушаалтнуудын нэрийг хэлсэн. Хууль сахиулагчийн ажил үүрэгтэй холбоотой үйл ажиллагааг цаашлаад цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг харлуулах, бусдад буруу ойлгуулах санаа зорилго агуулсан үг хэллэгийг олон нийтэд хүргэж байгаа лайв дээр оруулж хэлж байгаа нь өөрөө гэмт хэргийн шинж агуулж байна. Яагаад гэвэл лайвын дараа өчнөөн цагдаа над руу ярьсан, таны бичлэг гарч байна, таныг  арьс өнгө, биеийн хэлбэрээр доромжилж байна, энэ нь миний өөрийн аюулгүй байдалд нөлөөлөх асуудал болно гэж би тухайн үед ойлгож л байсан. Гэхдээ тэр асуудалтай холбогдуулж надад өнөөдөр ямар нэгэн гэмт хэргийн шинжтэй зөрчил үйлдэл гараагүй л байна. Монголын цагдаагийн албан хаагчдын цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлсөн, илт худал мэдээллийг бусдад тараасан, цагдаагийн байгууллага эх орноо зарж худалдах асуудалд холбогдоод өнөөдөр шалгагдаж байгаа, шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн үү гэдгийг мэдэхгүй байна. Энэ хүн ирээдүйд болох асуудлыг яриад байна уу, болсон зүйлийг яриад байна уу үнэхээр ойлгомжгүй зүйлсийг ямар ч дэс дараалалгүй өөрийнхөө үзэл бодол дээр тулгуурлаж олон нийтэд хүргэсэн. Би хавтаст хэргийн материалтай танилцаагүй. Лайвыг хэдэн хүн үзэж байсныг мэдэхгүй, олон хүн үзэж байсан гэсэн. Цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтан, алба хаагч, иргэд гээд их олон тооны хүн үзсэн. О-ийн гаргасан үйлдэл нь цаашлаад миний үйлдлийг зогсоох гэсэн гээд намайг буруутгаад байна. Гар утас булааж аваагүй байсан бол би О-гийн биед халдахгүй байсан гэж байна. О болон түүний хамт байсан хүмүүсийн гаргасан зөрчлийн шинжтэй асуудал нь өөрөө цаашлаад гэмт хэргийн шинж агуулсан гэдгийг би өөрт нь сануулсан, тэр энгэрийн камерын бичлэг дээр байгаа. Би шаардлага тавиад үйлдлээ таслан зогсоо л гэж хэлсэн. Энэ хүн биелүүлэхгүй байсан учраас би утсыг нь булааж авсан. Үүнийг би хуульд заасан үндэслэл журмын дагуу биеийн хүчийг хэрэглээд авсан. Түүнээс биш энэ хүний яг бие эрхтэнд нь халдаад ямар нэгэн мэх тусгай хэрэгсэл ерөөсөө хэрэглээгүй байгаа. Би зөвхөн тэр лайвыг таслан зогсоож олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгөх үйлдлийг л таслан зогсоосон. Таслан зогсоогоод гар утсыг булааж авахад хамт явж байсан эмэгтэй миний ар талаас, надаас бас аваад иргэн О-т шилжүүлж өгсөн. Тэгээд би энэ иргэнд тайвшраач ээ, болиоч ээ гэж хангалттай Монгол хэлээр хэлсэн. Асуудлыг нь шийдэх боломжгүй учраас би эцсийн байдлаар баривчилж авч явсан. Шаардлагаа тавьсан, шаардлага биелүүлсэн, машинд ороод суучих энэ асуудлыг энд шийдвэрлэх боломжгүй, та суучих, тайвшир гэж хэлсэн. Хамт явж байсан хүмүүс нь О эгчийг хажуугаас нь тайвшир гэж байсан гээд бүх нотлох баримт нь энгэрийн камерын бичлэгт байгаа. Тэрнээс хойш тайвшрах боломж бололцоо энэ хүнд хангалттай байсан, тайвшрахгүй өөрийнхөө үзэл бодлыг дахин дахин давтаж хэлээд, надад болон цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд тулгаад, цагдаагийн хууль сахиулж байгаа албан хаагчид тулгаад байгаа үйлдэл нь өөрөө санаа зорилготой байсан мэтээр миний биед халдсан. Машин дотор 2, 3 цохисон, цохисон тоог нь санахгүй байна. Хэлтсийн гадаа буулгаад тэнд бид 2 нэлээн удаан хугацаанд ярилцсан. Тайвшрахыг дахин дахин хүсээд хэлтсийн байр руу оруулах гээд ярьсан. Янз янзын сэдвийн хүрээнд надад асуулт тавина, би тэрэнд хариулах ямар ч боломж байхгүй. Хэлтсийн байрны гадна олон удаа цохисон үйлдэл байгаа, би тэрийг мэдүүлэг дээр дурдаагүй, тэр үйлдлүүд дахин дахин яваад байсан. Цаашлаад миний өрөөнд орж ирсэн, би дахин камерын бичлэгийг олоогүй. Тухайн үед олон камер ашиглаж байсан учраас эргүүлд гарахад нь үүрэг гүйцэтгэхэд нь өгдөг учраас холилдоод яг тэр бичлэг олдоогүй. Өрөөнд болсон асуудлын талаар 54 минутын бичлэг байсан, тэгэхэд энэ хүн гэмт хэргийн, зөрчлийн шинжтэй үйлдэл хийсэн гэдгээ ойлгосон, надаас уучлалт гуйсан. Тэгээд би О-т “та надад битгий гомдоорой, таны гаргасан энэ үйлдэл нь өөрөө таны лайв бичлэг болон миний энгэрийн камерын бичлэгээр тогтоогдож байна, энэ нь өөрөө хууль сахиулагчийг эсэргүүцэж байгаа үйлдэл” гэж үзнэ. Цагдаагийн байгууллагын ажилтны үйл ажиллагаанд саад учруулсан үйлдэл гэж өөрт нь хэлсэн. О ойлгоод надаас уучлалт хүссэн, миний өрөөний шалан дээр хүртэл сөгдөөд надаас уучлалт гуйсан. Та надаас уучлалт гуйх шаардлагагүй, би танд гомдол гаргахгүй, харин таны үйлдэл гэмт хэргийн шинж агуулсан гэдгийг өөрт нь ойлгуулах гэж маш удаан хичээсэн” гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.Н мэдүүлэхдээ: “2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр М эгчээс шүүх хурал болох гэж байна гэж сонссон. Хамт байсан тул тавуулаа ирсэн. О-ийн гар утсыг булаагаагүй байсан бол маргаан гарахгүй байсан. Цагдаа бид нарт хүрч ирээд шууд жагсаал цуглаан гэдэг нь 2 буюу түнээс дээш гээд шууд хууль уншсан. Бид нар ойлгож байна, мэдэж байна, бид нар гарах гэж байна. Энэ хашаан дотор байж болохгүй гээд баахан дүрэм ярьсан. Лайв хийж байсан, тэгээд гараад явсан. Тэгээд гараад О ярьж байхад цагдаа лайваа зогсоохыг шаардсан. Үргэлжлээд ярьж байхад нь гэнэт утсыг нь булаасан. Утсыг нь аваад ардаа шууд барьсан. О авах гээд дайрсан, тэгэхэд нь биед нь хүрсэн гэж би ярьсан. Маргааш нь намайг дуудаад мэдүүлэг авахад би хэлсэн. Би харсан, биед нь хүрсэн, утсаа авах гээд л хүрсэн. О цохиж цохиогүй, утсыг нь өгөхгүй барьж байсан. Тэндээс нь М утсыг нь аваад О-т өгсөн. Бид нар гадаа гарсан тул явах л байсан байх. О-тэй хамт ирсэн. Энд хурал болох гэж байгааг М эгч хэлсэн санагдаад байна. Утсаа авах гээд утас өг гэдэг байдлаар биед нь хүрч байсан.  2 эрэгтэй, 2 эмэгтэй явсан байсан. Хамт байсан М, Б , О , О 4 явсан. Би тухайн үедээ утсаа авсан, тэгэхэд миний утас дугараад тухайн үед би утсаар яриад зогсож байсан. Хашааны машин гардаг хаалганы зүүн талд би үлдсэн. Энэ хэд замын баруун талд гараад зогссон байсан. Тэгтэл гэнэт том машин голоор орж ирээд энэ хэдийг аваад явсан. Тэгээд би тухайн үед юу болсныг мэдээгүй. Би хамт яваагүй” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дэх тал/,

- Мөрдөгчийн тогтоол /хх-ийн 5-6 дахь тал/,

- Дуу дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7 дахь тал/,

- Гэрэл зургийн үзүүлэлт зураг /хх-ийн 10-12 дахь тал/,

- Дуу дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-14 дахь тал/,

- Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-17 дахь тал/,

- Хохирогч О.О-гийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өгсөн “...Миний бие тухайн иргэдэд Монгол Улсын Жагсаал, цуглааны журмын тухай хуулийг зөрчиж байгаа үйлдлээ таслан зогсоох мөн олон нийтийн сүлжээг ашиглан хийж байгаа шууд бичлэгээр гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй хууль бус үйлдэлд бусдыг уриалах, хууль бус үйлдэл гаргахгүй байх талаар Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу шаардлага тавьсан. Тус иргэдийн зүгээс миний тавьсан шаардлагыг 5 иргэн биелүүлж шүүхийн хашаан дотроос гарсан, надтай анх харилцсан иргэн болох С.О миний зүгээс тавьсан шаардлагыг хүлээж авахыг хүсэхгүй байгаа байдал гаргаж эсэргүүцэн миний биед халдан 7, 8 удаа 2 гараараа ээлжлэн цохих үйлдлийг шүүхийн  байрны гадна болон албаны тээврийн хэрэгслээр цагдаагийн байгууллагад хүргэх явцад үзүүлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 21 дэх тал/,

- Гэрч Б.Цийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн 1 ..Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ахлах байцаагч ахмад О нь алба хаагчдын хамт ирж тухайн иргэдэд ямар зорилготой хэдэн хүн цуглаан хийж байгаа болох, бүртгэл зөвшөөрөлтэй эсэх талаар асууж тодруулахад тухайн зогсож байсан иргэдээс С.О гэх иргэн гарч ирэн бид Үндсэн хуулиар хүлээсэн эрхээ эдэлж байна гэх мэтээр алба хаагч руу агсарч хэл амаар дайрч эхэлсэн. Үүний хариуд О.О ахлах байцаагч Монгол улсын Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг зөрчиж байгаа үйлдлээ таслан зогсоох, олон нийтийн сүлжээ ашиглан хийж байгаа шууд бичлэгээ зогсоохыг шаардсаны хариуд тухайн иргэн алба хаагчийн бие рүү хэд хэдэн удаа гараараа цохиод авсан. Мөн алба хаагчийн тавьсан тодорхой үйлдлээ таслан зогсоох талаар хэлсэн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж Шүүхийн байрны хашааны гадна талд гарсныхаа дараа мөн л О.О алба хаагчийн одоо санаж байгаагаар мөр, дал хэсэг рүү нь байх гараараа 2-3 удаа цохиод авсан. Тухайн С.О гэх иргэн төрийн хувцас өмссөн боолууд ингэж явахаасаа ичээч гэх мэтээр их л олон зүйлийг хэлж дайрч, давшилж байсан. Ингээд С.О гэх иргэнийг цагдаагийн алба хаагч нар цагдаагийн автомашинд саатуулан авч явсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 32-33 дахь тал/,

- Гэрч Б.М-ын 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өгсөн “...Би шүүхийн гадаа очиход Цийн өмгөөлөгч Б  гэдэг хүн зогсож байсан тул би түүнтэй уулзаж байхад миний араас зүс таних С.О, С.Н нар хүрээд ирсэн. Тэд нараас яагаад ирсэн талаар нь би асуухад тэд нар Ц.Цийг суллах тухай лайв шүүх дээр хийнэ гээд хүрээд ирсэн ба тэд нарыг шүүхийн хашаан дотор ороод ирэхэд нэг шар царайтай цагдаа ирээд хашаан дотор лайв хийж болохгүй, хашааны гадна хийж болно гэж бид нарт зөвлөгөө өгсөн. Тэгэхэд С.О бид нар хашаанаас гарч лайв хийхгүй, хашаан дотор лайв хийнэ гээд бид нартай ирж уулзсан цагдаа руу уурлаж орилж, хашхичаад цагдаатай хэрүүл хийгээд биед нь халдаж цагдаагийн гар руу гараараа цохиж байсан. Тухайн үед С.О-ээс өөр хүн цагдаагийн биед халдаж байсан эсэхийг би анзаараагүй, миний хамаг анхаарал шүүх хуралдаан дээр төвлөрчихсөн байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 27-28 дахь тал/,

- Гэрч С.Нийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр өгсөн “...Тэр цагдаагийн алба хаагч бид нарт жагсаал цуглааны тухай хууль зөрчиж байна, 2 болон түүнээс дээш хүмүүс хамт байх юм бол жагсаал, цуглаан хийсэн гэж үзнэ гэх утгатай зүйл ярьж эхлэхэд С.О цагдаагийн алба хаагчид бид нар хууль зөрчөөгүй, Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж байна, Үндсэн хуулиас давсан хууль гэж байхгүй гэж хэлж түүнтэй маргалдсан. Цагдаагийн алба хаагч бид нарт хашаанаас гарах хэрэгтэй, энд байж болохгүй, жагсаал цуглааны тухай хууль зөрчиж байна, зөрчлийн шинжтэй үйлдэл гаргаад байна гэх утгатай зүйл хэлж байсан. Би цагдаагийн алба хаагчид ганц зүйл хэлчхээд гармаар байна гэж хэлэхэд намайг ярихын зөрүүгүй О цагдаагийн алба хаагчтай хэрэлдэж маргалдсан. О цагдаагийн алба хаагчийн биед халдсан байх, намайг харахад О цагдаагийн алба хаагчийн биед гараараа цохиж байсан нь харагдсан. Яагаад гэвэл цагдаагийн алба хаагч С.Оийн утсыг булаагаад авсан учраас утсаа авахын тулд С.О цагдаагийн алба хаагчийн биед халдсан юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 30 дахь тал/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ...... дугаартай: “...О.Огийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 47-48 дахь тал/,

- Албан тушаалын тодорхойлолт /хх-ийн 125-130 дахь тал/,

- Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал /хх-ийн 177-179 дэх тал/

Шүүгдэгч С.О-ээс өгсөн Сиди хуурцаг 2 ширхэг зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: 

 

2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 16-17 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрлаж буй хашаанд лоозон самбар барьсан нэр бүхий 6 хүнд Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хориглосон газарт жагсаал, цуглаан хийж болохгүй, мөн олон нийтийн сүлжээг ашиглан хийж байгаа шууд бичлэг /live/-ээр гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй хууль бус үйлдэлд бусдыг уриалах, хууль бус үйлдэл гаргахгүй байх  талаар Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, тухайн өдөр ажил үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн ахмад О.Огийн тавьсан хууль ёсны шаардлагыг шүүгдэгч С.О нь эсэргүүцэж лайв бичлэгээ зогсоохгүй хэрүүл маргаан үүсгэсэн бөгөөд тэднээс тайлбар авах ажиллагаа хийхээр цагдаагийн хэлтэс рүү авч явах үед  албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан зүй бус үгээр дайрч хэлж хүч хэрэглэж буюу гараараа цохих байдлаар биед халдаж эсэргүүцсэн болох нь:

Хохирогч О.Огийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өгсөн “...Миний бие тухайн иргэдэд Монгол Улсын Жагсаал, цуглааны журмын тухай хуулийг зөрчиж байгаа үйлдлээ таслан зогсоох мөн олон нийтийн сүлжээг ашиглан хийж байгаа шууд бичлэг /live/-ээр гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй хууль бус үйлдэлд бусдыг уриалах, хууль бус үйлдэл гаргахгүй байх талаар Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу шаардлага тавьсан. Тус иргэдийн зүгээс миний тавьсан шаардлагыг 5 иргэн биелүүлж шүүхийн хашаан дотроос гарсан, надтай анх харилцсан иргэн болох С.О миний зүгээс тавьсан шаардлагыг хүлээж авахыг хүсэхгүй байгаа байдал гаргаж эсэргүүцэн миний биед халдан 7, 8 удаа 2 гараараа ээлжлэн цохих үйлдлийг шүүхийн  байрны гадна болон апбаны тээврийн хэрэгслээр цагдаагийн байгууллагад хүргэх явцад үзүүлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 21 дэх тал/, гэрч Б.Цийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн 1 ..Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ахлах байцаагч ахмад О нь алба хаагчдын хамт ирж тухайн иргэдэд ямар зорилготой хэдэн хүн цуглаан хийж байгаа болох, бүртгэл зөвшөөрөлтэй эсэх талаар асууж тодруулахад тухайн зогсож байсан иргэдээс С.О гэх иргэн гарч ирэн бид Үндсэн хуулиар хүлээсэн эрхээ эдэлж байна гэх мэтээр алба хаагч руу агсарч хэл амаар дайрч эхэлсэн. Үүний хариуд О.О ахлах байцаагч Монгол улсын Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг зөрчиж байгаа үйлдлээ таслан зогсоох, олон нийтийн сүлжээ ашиглан хийж байгаа шууд бичлэгээ зогсоохыг шаардсаны хариуд тухайн иргэн алба хаагчийн бие рүү хэд хэдэн удаа гараараа цохиод авсан. Мөн алба хаагчийн тавьсан тодорхой үйлдлээ таслан зогсоох талаар хэлсэн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж Шүүхийн байрны хашааны гадна талд гарсныхаа дараа мөн л О.О алба хаагчийн одоо санаж байгаагаар мөр, дал хэсэг рүү нь байх гараараа 2-3 удаа цохиод авсан. Тухайн С.О гэх иргэн төрийн хувцас өмссөн боолууд ингэж явахаасаа ичээч гэх мэтээр их л олон зүйлийг хэлж дайрч, давшилж байсан. Ингээд С.О гэх иргэнийг цагдаагийн алба хаагч нар цагдаагийн автомашинд саатуулан авч явсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 32-33 дахь тал/, гэрч Б.Мын 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өгсөн “...Би шүүхийн гадаа очиход Цийн өмгөөлөгч Болорчулуун гэдэг хүн зогсож байсан тул би түүнтэй уулзаж байхад миний араас зүс таних С.О, С.Н нар хүрээд ирсэн. Тэд нараас яагаад ирсэн талаар нь би асуухад тэд нар Ц.Цийг суллах тухай лайв шүүх дээр хийнэ гээд хүрээд ирсэн ба тэд нарыг шүүхийн хашаан дотор ороод ирэхэд нэг шар царайтай цагдаа ирээд хашаан дотор лайв хийж болохгүй, хашааны гадна хийж болно гэж бид нарт зөвлөгөө өгсөн. Тэгэхэд С.О бид нар хашаанаас гарч лайв хийхгүй, хашаан дотор лайв хийнэ гээд бид нартай ирж уулзсан цагдаа руу уурлаж орилж, хашхичаад цагдаатай хэрүүл хийгээд биед нь халдаж цагдаагийн гар руу гараараа цохиж байсан. Тухайн үед С.Оээс өөр хүн цагдаагийн биед халдаж байсан эсэхийг би анзаараагүй, миний хамаг анхаарал шүүх хуралдаан дээр төвлөрчихсөн байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 27-28 дахь тал/, гэрч С.Нийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр өгсөн “...Тэр цагдаагийн алба хаагч бид нарт жагсаал цуглааны тухай хууль зөрчиж байна, 2 болон түүнээс дээш хүмүүс хамт байх юм бол жагсаал, цуглаан хийсэн гэж үзнэ гэх утгатай зүйл ярьж эхлэхэд С.О цагдаагийн алба хаагчид бид нар хууль зөрчөөгүй, Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж байна, Үндсэн хуулиас давсан хууль гэж байхгүй гэж хэлж түүнтэй маргалдсан. Цагдаагийн алба хаагч бид нарт хашаанаас гарах хэрэгтэй, энд байж болохгүй, жагсаал цуглааны тухай хууль зөрчиж байна, зөрчлийн шинжтэй үйлдэл гаргаад байна гэх утгатай зүйл хэлж байсан. Би цагдаагийн алба хаагчид ганц зүйл хэлчхээд гармаар байна гэж хэлэхэд намайг ярихын зөрүүгүй О цагдаагийн алба хаагчтай хэрэлдэж маргалдсан. О цагдаагийн алба хаагчийн биед халдсан байх, намайг харахад О цагдаагийн алба хаагчийн биед гараараа цохиж байсан нь харагдсан. Яагаад гэвэл цагдаагийн алба хаагч С.Оийн утсыг булаагаад авсан учраас утсаа авахын тулд С.О цагдаагийн алба хаагчийн биед халдсан юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 30 дахь тал/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “...О.Огийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх 11983 дугаартай дүгнэлт, /хх-ийн 47-48 дахь тал/, гэрч Б.Цийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн ..Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ахлах байцаагч ахмад О нь алба хаагчдын хамт ирж тухайн иргэдэд ямар зорилготой хэдэн хүн цуглаан хийж байгаа болох, бүртгэл зөвшөөрөлтэй эсэх талаар асууж тодруулахад тухайн зогсож байсан иргэдээс С.О гэх иргэн гарч ирэн бид Үндсэн хуулиар хүлээсэн эрхээ эдэлж байна гэх мэтээр алба хаагч руу агсарч хэл амаар дайрч эхэлсэн. Үүний хариуд О.О ахлах байцаагч Монгол улсын Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг зөрчиж байгаа үйлдлээ таслан зогсоох, олон нийтийн сүлжээ ашиглан хийж байгаа шууд бичлэгээ зогсоохыг шаардсаны хариуд тухайн иргэн алба хаагчийн бие рүү хэд хэдэн удаа гараараа цохиод авсан. Мөн алба хаагчийн тавьсан тодорхой үйлдлээ таслан зогсоох талаар хэлсэн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж Шүүхийн байрны хашааны гадна талд гарсныхаа дараа мөн л О.О алба хаагчийн одоо санаж байгаагаар мөр, дал хэсэг рүү нь байх гараараа 2-3 удаа цохиод авсан. Тухайн С.О гэх иргэн төрийн хувцас өмссөн боолууд ингэж явахаасаа ичээч гэх мэтээр их л олон зүйлийг хэлж дайрч, давшилж байсан. Ингээд С.О гэх иргэнийг цагдаагийн алба хаагч нар цагдаагийн автомашинд саатуулан авч явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дахь тал/, гэрч Б.Нгийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 09 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо цагдаагийн хэсэг дээр ажлаа хийж байтал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүгчийн аюулгүй байдлыг хангах тасгийн ахлах байцаагч цагдаагийн ахмад Ц миний 88104062 дугаарын утас руу 88072632 дугаарын утсаар залгаж яриад Тулга, Төмөрзориг нарт холбогдох цагдан хорионы шүүх хурал 11 цагаас эхлэнэ гадуур нь хүмүүс цуглаж магадгүй гэж хэлсэн. Ингээд 10 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр ирсэн. Тэгээд би шүүхийн хашааны дотор болон гадна талд хүмүүсийн бүлэг бөөгнөрөл болж байгаа эсэхийг шалгасан. Тэгээд би шүүхийн байрны дотор талд цагдаагийн ахмад Цтой уулзаад юм яриад байж байтал гэнэт шүүхийн хашаан дотор 2 эрэгтэй, 4 эмэгтэй ирчихсэн “Тусгаар тогтнол хөдөлгөөн Хууль зүйн сайд Нямбаатараа эх орончдыг суллахыг шаардаж байна, Тусгаар тогтнол хөдөлгөөн бол ард түмний өмч, өөр хэнийх ч биш гэсэн утгатай худалдаасан хэвлэл барьчихсан зогсож байсан. ...Хашааны гадаа О гэх эмэгтэй шууд эргэж хараад хууль бус цагдаагийн үйл ажиллагаа явуулж байна Нямбаатараа боль гээд цагдаагийн ахмад О.Огийн цээж хэсэг рүү нь нэг гараараа цохиод Монгол эр хүн хаана байна сэрцгээ гээд хоёр гараа атгаж байгаад ээлжлэн нэлээн хэдэн удаа зүүн талын цээж, гар хэсэг рүү нь цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дахь тал/  мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичмэл нотлох баримтууд болон сиди хуурцагны бичлэгүүд, хохирогч О.Огийн ажлын үнэмлэх /хх-ийн 20 дахь тал/, албан тушаалын тодорхойлолт /хх-ийн 125-130  дахь тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй, хуульд заасан шаардлагыг хангасан, дээрх нотлох баримтууд нь нотолгооны ач холбогдолтой, хууль ёсны,  гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Улсын яллагч “өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч С.О нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн хашаан дотор өөрийн үзэл бодлоо илэрхийлж бусад хүмүүстэй хамтраад Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд заасан цуглааныг хийсэн. Баянзүрх дүүргийн 2 дугаар хэлтсийн хэв журам хариуцсан ахлах байцаагч О ирж хашаанаас гарна уу гэх шаардлага тавьсан. Энэ шаардлагын дагуу Үндсэн хуульд заасан үзэл бодлоо илэрхийлж байна. Хохирогч Огийн биед халдсан байна. Зөрчлийн шинжтэй үйлдэл хийсэн байж магадгүй гээд тээврийн хэрэгсэлд суулгаж цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Тээврийн хэрэгсэлд биед нь халдсан нь бичлэг болон гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон байна.  Шүүх хуралдаанд гэрч М хараагүй, мэдээгүй, хажууд нь байгаагүй, үзээгүй гэдэг ч бичлэгт хажууд нь зогсож байна, хашаанаас гараад явган хүний хаалганы хажууд суугаад үйл явдлыг харж байгаа бичлэг хэрэгт авагдсан. анх өгсөн мэдүүлэг нь үндэслэлтэй байна. Хохирогчийн өгсөн мэдүүлэгт хэрэгт авагдсан. Эдгээр нотлох баримтуудыг үзэхэд хууль ёсны шаардлага тавьсныг зөрчиж хохирогчийн биед халдсан үйл баримт тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Шүүгдэгч С.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогчид баримтаар нэхэмжилсэн зүйл байхгүй. С.Оийн хувьд  хохирол төлбөргүй байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баасан гэм буруугийн талаарх саналдаа:  “Монгол Улсын Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль гэж батлагдсан байгаа. Энэ хууль 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс эхэлж Монгол Улсад хэрэгжиж байгаа. Энэ хуулиар хүний эрх хамгаалагч гэдэг бол нийтийн эрх ашгийн төлөө үзэл бодлоо  илэрхийлж байгаа, тайван замаар үйл ажиллагаа явуулж байгаа ийм хүн болон хуулийн этгээдийг нэрлэж байгаа. Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд нийтлэг үүргүүд заагдсан байгаа. Төрийн байгууллага албан тушаалтан хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагаанд дараах үүргийг хүлээнэ гэж зохицуулсан. Энэ хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1-т хүний эрх хамгаалагчийн эрхийг хүлээн зөвшөөрөх, зөрчихгүй байх, 9.1.2-т үйл ажиллагаанд нь хүндэтгэлтэй хандах, 9.1.3-т хүчирхийллийн бус, тайван аргаар үйл ажиллагаа явуулах боломж бүрдүүлэх, 9.1.5-т хуульд заасан үндэслэлгүйгээр хүний эрх хамгаалагчид аливаа хэлбэрээр халдахгүй байх,  9.2 дугаар зүйлд цагдаагийн байгууллага хүний эрх хамгаалагчид халдсан халдлагыг таслан зогсоох гэж зохицуулсан байгаа. Энэ хуулийн дагуу 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр нийтийн эрх ашгийн төлөө явах, үзэл санаагаа илэрхийлсэн лайваар бүрэн харагдаж байна. Дандаа Монгол улсын нийтийн эрх ашгийн асуудлыг хөндсөн эдгээр 5 иргэд ирсэн байна. Энэ хүмүүсийг зөвшөөрөлгүй жагсаал цуглаан хийсэн гэж үзэж байна. Улсын яллагч цуглаан гэж дүгнэж байгаа юм байна.  Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 3.2-т “Иргэд хот суурин гудамж талбайгаар зохион байгуулалттайгаар жагсан явж энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан асуудлаар үзэл бодол, санал, шаардлагаа илэрхийлж байгааг жагсаал гэнэ” гэж заасан байна. Харин 3.1 дүгээр зүйлийн 1-т “Монгол Улсын иргэдээс улс төр, нийгэм,эдийн засаг, хүний эрх, эрх чөлөөтэй холбогдсон асуудлаар үзэл бодол, санал, шаардлагаа нийтэд илэрхийлэх зорилгоор зохион байгуулж байгаа үйл ажиллагааг цуглаан гэнэ” гэж заасан байна. Энэ дээрх 5 иргэнийх жагсаал ч биш, цуглаан ч биш, аль ч тодорхойлолтод нийцэхгүй байгаа буюу өөрсдийнхөө хэлж байгаагаар тухайн үед хөдөлгөөний хүмүүсийн холбогдох шүүх хурлын төлөөлөгчөөр оролцуулах, тэдгээрийн холбогдох өмгөөлөгч прокурор хуульч нартай уулзах зорилготой ирсэн гэж тайлбарласан байдаг. Зөвшөөрөлгүй цуглаан хийсэн гэдэг нь бол хуулиар үгүйсгэгдсэн байна. 5 хүн байхад зөвхөн От ялгавартайгаар хандаж байгаа нь хууль зөрчиж байна гэж харж байна. Хууль сахиулагч нь цагдаагийн байгууллагын албан тушаалтны хуулийг сахиж мөрдөх үүрэгтэй. Энэ хуулийн 22.5-т цагдаагийн албан хаагч үүрэг гүйцэтгэхдээ бусадтай хүндэтгэлтэй харьцаж бусдыг үл тоосон үйл хөдлөл хэрэглэхгүй байж өөрийн шаардлагыг үндэслэлтэй ойлгомжтойгоор илэрхийлнэ гэсэн ийм үүрэгтэй байтал энэ үүргийг зөрчсөн байх магадлал харагдаж байна. 69 дүгээр зүйлд цагдаагийн албан хаагчид хориглосон заалт байдаг. Энэ бол бусдыг эрхшээлдээ оруулж дарамтлахыг хориглодог, бусдыг хууль бус үйлдэл хийхийг чиглүүлсэн хэлбэрээр өдөөн хатгахыг хориглодог. Гэтэл Оийн гар утсыг булаан авч өмчлөх эрхэд нь халдаж энэ хүмүүсийг баривчилгаа хийж өдөөн турхирсан ийм асуудал гаргасан байна гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-т мөрдөгч үйл ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль бусад хуулийг ялгаварлан гадуурхахгүйгээр тэгш эрхтэйгээр мөрдөх ёстой байтал тэгсэнгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1-т нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэт бий болгох ёстой байсан. Гэтэл 2 цагдаагийн албан хаагчид мэдүүлэг худлаа өгсөн байгаа, үүнийг хянаж шалгасангүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн нийгмийн хор уршиг гэж байдаг. Субьектив шинж нь хангагдахгүй байна. Яагаад гэвэл хууль сахиулагчийг санаатайгаар ухамсарлаж эсэргүүцэх хүсч үйлдэх үйлдэл байдаг, мөн нийтийн ашиг сонирхлыг эсэргүүцсэн, хохироох гэсэн ийм үйлдэл байдаг. Гэтэл манай үйлчлүүлэгчид энэ 2 шинж хангагдахгүй байна. Иймд гэм буруутай гэж үзэх боломжгүй байна. Гэмт хэргийн 2 шинж хангагдахгүй байна, гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдож байна. Яагаад гэвэл гар утсыг булааж авч баривчилгаа явуулаагүй бол энэ асуудал гарахгүй байх байсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Ийм учраас гэм буруугүй гэж үзэж байна” гэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол” гэж үндсэн шинжийг нь зааж өгсөн.

Эрүүгийн хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгодог.

Албаны үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэж гүйцэтгэж буй албаны үйл ажиллагаа буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан хууль сахиулагчийн бие махбодид халдсаныг ойлгоно.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Хохирогч О.О нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ахлах байцаагч ажилтай бөгөөд  тухайн өдөр буюу 2022 оны 08 сарын 15-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэх явцад Баянзүрх Чингэлтэй Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна 6 иргэн жагсаал цуглаан хийж байна гэсэн мэдээллийн дагуу очиж О, Н, М, Олзвойбаатар, М нарыг цагдаагийн хамгаалалт бүхий газар зөвшөөрөлгүй жагсаал цуглаан хийхийг хориглосон хуулийн заалтыг тайлбарлаж хашаанаас гарах шаардлага тавьсан. Ийнхүү шаардлага тавьж байхад яллагдагч О нь чанга дуугаар орилж хашгиран өөрийн үзэл бодлоо илэрхийлж байсан бөгөөд хохирогч цээж хэсэгт халдаж түлхэж байсан. Улмаар тэднээс тайлбар мэдүүлэг авахаар цагдаагийн хэлтэс рүү авч явж байхад яллагдагч О нь хохирогч О.О-гийн биед халдаж цохиж элдэв үгээр хэлж зүй бус авир гаргасан үйл баримт болсон нь  хохирогчийн болон гэрч Б.Н, Б.Ц, жагсаалд оролцсон гэрч М, Н, Олзвойбаатар  нарын мэдүүлгүүд, цагдаагийн энгэрийн камерын бичлэг, яллагдагчаас гаргаж өгсөн сиди хуурцгийн бичлэг зэргээр тогтоогддог.

Яллагдагчийн хохирогчийн биед халдаж зориуд цохиж авч хүч хэрэглэж байгаа үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, ажил үүргээ гүйцэтгэж байгааг мэдсээр байж түүнийг хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Хууль сахиулагчийн албан үүргээ  биелүүлэхтэй нь холбогдуулан биемахбодид нь хүч хэрэглэсэн идэвхитэй үйлдлээр энэ гэмт хэргийн объектив шинж хангагдаж төгссөн гэмт хэрэг болох бөгөөд энэ хэргийн улмаас хохирол учирсан байхыг шаарддаггүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Иймд шүүхээс шүүгдэгч С.О-ийн үйлдэл нь “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэн шийдвэрлэлээ. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч С.О нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Улсын яллагч шүүгдэгч С.О нь санаатай үйлдлээр төгссөн гэмт хэргийг үйлдсэн байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа байдал, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хууль сахиулагчийн шаардлагыг эсэргүүцсэн, гэмтэл учруулаагүй, хохирогчийн биед халдсан зэрэг ийм гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал байна. Шүүгдэгч С.О нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэж байгаа ч энэ талаар хэрэгт баримт авагдаагүй, энэ талаар шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс баримт гаргаж өгөөгүй. Иймд түүнд торгуулийн ял оногдуулах боломжгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1  жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Оногдуулах ялыг түүний оршин суугаа газар буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гаргахгүй байлгах дүгнэлтээ хэлж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж үлдээх саналтай байна. Шүүгдэгч С.От 2022 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ  авагдсан бөгөөд уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй. Шүүгдэгчээс гаргах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баасан эрүүгийн хариуцлагын саналдаа: “Шүүхээс гэм буруутайд тооцсон тул улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах санал гаргаж байна. Орлогогүй тул торгох шийтгэл авах боломжгүй. Гэм буруугаа зөвшөөрөхгүй байна биш уг нь бол гэм буруугаа санаа зорилгогүй байсан гэдгээ шүүх танхимд хэлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. С.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдож байна. Тийм учраас 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. Бусад нь улсын яллагчтай санал нэг байна” гэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих  ял шийтгэнэ гэж хуульчилжээ.

Шүүх шүүгдэгч С.От ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөргүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  6 сарын хугацаагаар түүний оршин суух газар буюу Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож шийдвэрлэлээ.

Бусад асуудал: 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч С.О-ээс хохирогч О.О нь хохиролын баримт гаргаж өгөөгүй, нэхэмжлээгүй тул бусдад төлөх төлбөргүй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.О нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

Шүүгдэгч С.От  урьд авсан хувийн баталгаа  гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч .. овогт С.О-ийг “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн биед нь халдаж эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-ийг 6 сарын хугацаагаар түүний оршин суух газар буюу Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар Шүүгдэгч С.О-т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган хадгалсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     С.АЮУШЖАВ