| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2018/03337/И |
| Дугаар | 689 |
| Огноо | 2019-03-22 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 689
2019 оны 03 сарын 22 өдөр Дугаар 181/ШШ2019/00689 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Б.Түмэнцэцэг, шүүгч Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 16-р хороо, Туул 9 гудамж, 170 тоот хаягт оршин суугаа, Өндөр-Өвийнхөн овогт Цогтбаатарын /рд:ЧП87061114/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 40-р байр, 35б хаягт оршин суугаа, Хиргис овогт Түвдэнсүрэнгийн /рд:МФ96040317/-д холбогдох,
Гэм хорын хохиролд 2,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц., хариуцагч Т., иргэдийн төлөөлөгч Л.Хүдэрбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2018 оны 06 сарын 02-03-ны шилжих шөнө буюу 04:30 цагт 18-31 УНУ улсын дугаартай суудлын машинд сууж 10-р хорооллоос 6-р бичил хороолол орох гэж явсан. Урдаас хойш чиглэлтэй Өргөөгийн уулзвараас хойш чиглэлд явж байхад 82-63 УНЛ улсын дугаартай суудлын машин миний сууж явсан машиныг жолоочийн эсрэг талын хаалга руу мөргөсөн. Түүний буруутай үйлдлийн улмаас миний биед гавал хэсгийн зүүн талаар маш их хүчтэй өвдөж байгаа мөн сээр нурууны нугалмууд өвдөж байгаа ба удаан зогсож чадахгүй байгаа болно.
Толгойнд шил зоогдож оёдол тавиулсан. Т.гийн буруутай үйлдэл нь Замын цагдаагийн газрын хэргийн газарт үзлэг хийсэн актаар тогтоогдож байгаа. Т. нь учруулсан хохирлоо төлж барагдуулна гэсэн боловч өнөөг хүртэл гарсан зардал ба гарах зардлыг минь барагдуулаагүй болно.
Цаашдаа миний бие толгой болон сээр нуруундаа дахин үзлэг оношилгоо хийлгэж эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.
Хариуцагчаас 2,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие зам тээврийн осол болсон талаар мөн гэм буруугийн талаар маргахгүй. Анх осол гарах үед Бангол дүүргийн Замын цагдаагийн хэлтэст очоод мөргөсөн машины хүнтэй тохиролцсон. Тухайн үед бодит зардал гаргасныг мэдэхгүй байсан учраас 800,000 төгрөгөөр тохиролцоё гэхэд тохироогүй.
Цагдаа нь хөнгөн гэмтэл гарсан гэж хэлсэн. Эрүүл мэндэд учирсан бодит зардал нь 308,000 төгрөг болсон байсан. 2,000,000 төгрөгийн хүлээн зөвшөөрөхгүй, бодит зардал болох 308,000 төгрөгийг бол төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц. нь хариуцагч Т.д холбогдуулан, гэм хорын хохиролд нийт 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Т. нь нэхэмжлэлийн шаардлагаас 380,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдсэнийг нь эс зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдааны явцад өгсөн.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Т. нь 2018 оны 06 сарын 03-ны өглөө 04:35 цагийн үед Баянгол дүүргийн 13-р хороо, Өргөөгийн урд замын уулзвар замд 82-63 УНЛ улсын дугаартай, Ниссан Блюберд маркийн автомашин жолоодож явахдаа Ц.ийн сууж явсан 18-31 УНУ улсын дугаартай, Мицубиши Колт маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас Ц.ийн биед баруун зулайн хуйханд шарх, хүзүүний булчингийн чангарал бүхий гэмтэл учирсан болох нь “Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч”, 2018 оны 07 сарын 20-ны өдрийн ХГ-147/310000618566682 тоот “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудас, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 06 сарын 07-ны өдрийн 7104 тоот “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” дүгнэлтээр нотлогдож байх ба зохигч талууд энэ талаар маргаагүй.
Хариуцагч Т. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1, 5.6-д заасныг зөрчсөн болохоо хүлээн зөвшөөрдөг бөгөөд гэм буруугийн асуудал дээр маргахгүй хэмээн тайлбарладаг.
Иймд шүүх зам тээврийн ослын үйл баримт, зохигчийн гэм буруугийн тал дээр эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн ба хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож буй гэм хорын хохирлыг хариуцагч талаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Нэхэмжлэгч Ц. нь эм, эмчилгээнд гарсан зардалд 534,000 төгрөг, эд материалын зардалд 130,000 төгрөг /нүдний шил/, олох ёстой байсан орлого 850,000 төгрөг /цалин хөлс/, ирээдүйд гарах эмчилгээний зардалд 486,000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн болох нь түүний бичсэн “Гарсан зардал болон гарах зардал” гэх баримтаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүргийг хүлээх боловч хохирогчид учирсан эдгээр хохирол нь бодитой буюу баримтаар нотлогдох учиртай.
Нэг. Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол гаргуулах шаардлагын тухайд.
Нэхэмжлэгч Ц.ийн шүүхэд гаргаж өгсөн баримтаар 26,000 төгрөгөөр эм авсан, 240,000 төгрөгөөр толгойн болон сээр нурууны томографи хийлгэсэн, 8,000 төгрөгийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд тушаасан буюу Ц.өөс нийт 274,000 төгрөгийн зардал эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой гарсан болох нь тогтоогдож байна.
Хариуцагч Т. нь эрүүл мэндэд учирсан бодит зардал 308,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна хэмээн тайлбарладаг тул хариуцагчийн зөвшөөрсөн дүн буюу 308,000 төгрөгийг түүнээс гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь ирээдүйд гарах эмчилгээний зардал гэж 486,000 төгрөг нэхэмжилж байх боловч Ц.ийн биед ирээдүйд эмчилгээ хийх шаардлагатай гэсэн эмнэлгийн байгууллагын дүгнэлт гараагүй, хойшид эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай болохоо нэхэмжлэгч өөрөө нотлоогүй учир холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хоёр. Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол гаргуулах шаардлагын тухайд.
Өмнө дурдсанчлан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд “Ц.ийн биед баруун зулайн хуйханд шарх, хүзүүний булчингийн чангарал бүхий гэмтэл учирсан” гэж тодорхойлсон байх тул автомашин мөргөлдөх үед Ц.ийн харааны нүдний шил, нүдний шилний рам эвдэрч гэмтсэн байх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хэрэгт авагдсан “Бэлэн мөнгөний орлогын баримт”-аар Ц.өөс “Орчлон оптик”-д харааны шил, рамны үнэ гэж 130,000 төгрөг төлсөн болох нь нотлогдож байх тул хариуцагчаас 130,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Гурав. Олох ёстой байсан орлого гаргуулах шаардлагын тухайд.
Нэхэмжлэгч Ц. нь 2018 оны 07 сарын 05-ны өдрөөс 2018 оны 08 сарын 07-ны өдрийг хүртэл эрүүл мэндийн шалтгаанаар ажилаа хийгээгүй, мөн өдрийн 25,000 төгрөгийн цалинтай хэмээн тайлбарлаж, энэ талаар тодорхойлсон “Долоон буудал” ХХК-ийн тодорхойлолтыг шүүхэд гаргаж өгсөн.
Дээр дурдсан тодорхойлолт нь дангаараа Ц.ийг эрүүл мэндийн шалтгаанаар ажилаа хийгээгүй болох, өдрийн 25,000 цалинтай болохыг нотлохгүй бөгөөд тодорхойлолтод дурдагдсан нөхцөл байдлыг нотлох бусад баримтууд /ажлаас чөлөөлсөн тухай эмнэлгийн магадлагаа, ажилд авсан тушаал, хөдөлмөрийн гэрээ, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр г.м/-ыг нэхэмжлэгч нь шүүхэд гаргаж өгөөгүй.
Иймд холбогдох шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Т.гоос 308,000 + 130,000 = 438,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.өд олгож, үлдэх 1,562,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Т.гоос 438,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.өд олгож, үлдэх 1,562,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 3,000 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан, улсын тэмдэгтийн хураамжид 13,790 төгрөгийг хариуцагч Т.гоос гаргуулан нэхэмжлэгч Ц.өд тус тус буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.