| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2023/0016/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/20 |
| Огноо | 2023-01-05 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | С.Батсүх |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Энх-Амгалангаар хөтлүүлж,
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгч: М.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүхээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Мын Аад холбогдох 2212............. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1962 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Ч суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ....... аймгийн Ч сумын ** ус баг *** гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагнал алдарт уяач, урд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ж овогт Мын А /РД:********/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч М.А нь А аймгийн Ч сумын **** ус баг ****эрээн гэх газраас 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 30 ширхэг 2.9м3 шоометр хуурай шинэс модыг бэлтгэх арга технологийг зөрчиж, талбай тусгаарлалт хийгдээгүй газраас хууль бусаар бэлтгэж, **-** УНК улсын дугаартай Портер маркийн маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 318.304 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2212........... дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Иргэний нэхэмжлэгч Б.Тын өгсөн: “...Би танилцсан 318.304 төгрөгийн хохирол учирсан байна. Байгальд учруулсан хохирлыг нөхөн төлүүлмээр байна...”гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 ху/,
*Гэрч Б.Х өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Ч сумын халуун ус баг руу хяналт шалгалт хийх хугацаанд эрхийн бичиггүй хууль бус мод гэрийн гадаа бэлтгэсэн байсан юм. Мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй байсан. Унанги мод бэлтгэсэн байсан. Ганцаараа байсан мод бэлтгэсэн газраа зааж өгч чадна гэж байсан. Гэрийн гаднаа буулгасан байсан мэдэхгүй. Ойн цэвэрлэгээний мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр мод бэлтгэж болохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/,
*Гэрч М.Нгийн өгсөн: “...Би Архангай аймгийн Ч сумын сумын засаг даргын тамгын газарт байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилтай одоо 10 жил уг ажлыг тасралтгүй гэж байна. Эрхийн бичиг аваагүй. Тухай үед надаас гоожин бичүүлж авахад би мод бэлтгэх талаар амаар арга зүйн зөвлөгөө өгөөд явуулдаг юм. Архангай аймгийн Ч сумын талбай тусгаарлалт хийсэн газраас бэлтгэх талаар амаар арга зүйн зөвлөгөө өгдөг юм. Би үзэж хараагүй. Иргэнд босоо мод огтлох эрх үүсэхгүй. Уг газарт талбай тусгаарлалт хийгдээгүй талбай байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуу/,
*М.Аын яллагдагчаар өгсөн: “...Би сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргах зүйлгүй. Би 2022 оны 10 дугаар сарын 27-ны Архангай аймгийн Ч сум Халуун Ус баг ****эрээн гэх газраас талбай тусгаарлалт хийгдээгүй газраас зөвшөөрөлгүй, өөрийн Портер маркийн **-** УНК улсын дугаартай тээврийн хэрэгслээр мод бэлтгэсэн нь миний буруу, өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Портер маркийн **-** УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний машин байгаа юм. Би хүнээс худалдаж аваад өөрийнхөө нэр дээр шилжүүлж чадаагүй байсан юм. Төлбөр тооцооны үлдэгдэл байхгүй. Би тухайн үед Архангай аймгийн Ч сумын Халуун-Ус баг ****эрээн гэх газраас мод бэлтгэхдээ ганцаараа дээрх модыг бэлтгэсэн. Архангай аймгийн Ч сумын Халуун-Ус багийн ****эрээн гэх газар нь талбай тусгаарлалтын газар хийгдсэн эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 хуу/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 02-09 хуу/,
Модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 37 дугаартай:
1. Иргэн М.Аын зохих зөвшөөрөлгүй, эрхийн бичиггүй бэлтгэсэн мод нь
Шинэс төрлийн хуурай мод байна.
2. Уг мод нь 2 метрийн урттайгаас 1.5 метрийн урттай шинэс төрлийн мод байна.
3. Нийт тоо ширхэг 30, нийт шоо метр 2.9 м3 куб шоометр модыг бэлтгэжээ. 2м3 модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325 тоот /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж /нойтон түлээ/ [1] шууд үр ашгийн-48.098 төгрөг, шууд бус үр ашгийн 61.662 төгрөг, нийт 109.760 төгрөг мод, бөөрөнхий мод 1.0 итгэлцүүрээр тус тус үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 318.304 төгрөгөөр тогтоогдлоо гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-34 хуу/,
Дамно ХХК-ны 2022 оны 11 дүгээр сарын 16-ны АЦ22-98 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 41-46 хуу/,
Дамно ХХК-ны 2022 оны 11 дүгээр сарын 16-ны АЦ22-149 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 49-53 хуу/,
Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74 хуу/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40 хуу/,
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 76-77 хуу/,
Архангай аймгийн Ч сумын Халуун-Ус багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 79-83 хуу/,
Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 95-96 хуу/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 105-107 хуу/
Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 112-113 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч М.Аад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.А нь А аймгийн Ч сумын Х баг ****эрээн гэх газраас 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 30 ширхэг 2.9м3 шоометр хуурай шинэс модыг бэлтгэх арга технологийг зөрчиж, талбай тусгаарлалт хийгдээгүй газраас хууль бусаар бэлтгэж, **-** УНК улсын дугаартай Портер маркийн маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 318.304 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Эрүүгийн 2212........... дугаар хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг булуу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.А нь А аймгийн Ч сумын Х баг ****эрээн гэх газраас 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 30 ширхэг 2.9м3 шоометр хуурай шинэс модыг бэлтгэх арга технологийг зөрчиж, талбай тусгаарлалт хийгдээгүй газраас хууль бусаар бэлтгэж, **-** УНК улсын дугаартай Портер маркийн маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 318.304 төгрөгийн хохирол учруулсан болох нь: Иргэний нэхэмжлэгч Б.Тын: “...Би ойд учруулсан хохирлыг нөхөн төлүүлмээр байна...”гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 ху/, гэрч Б.Х: “...эрхийн бичиггүй хууль бус мод гэрийн гадаа бэлтгэсэн байсан юм. Мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй байсан. Унанги мод бэлтгэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-91 хуу/, гэрч М.Нгийн: “...Эрхийн бичиг аваагүй. Тухай үед надаас гоожин бичүүлж авахад би мод бэлтгэх талаар амаар арга зүйн зөвлөгөө өгөөд явуулдаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуу/, Модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 37 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 91-92 хуу/, Дамно ХХК-ны 2022 оны 11 дүгээр сарын 16-ны АЦ22-98 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 41-46 хуу/, Дамно ХХК-ны 2022 оны 11 дүгээр сарын 16-ны АЦ22-149 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 49-53 хуу/зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б шүүгдэгч М.Аын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Ойн тухай хуулийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт” Энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа, газрын нэрийг заана...”гэж мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт ”...Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно...”гэж мөн хуулийн 35 дугаар зүйлийн 4.2 дахь заалтад “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж тус тус заасан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Аын үйлдэл нь хууль бусаар ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч М.Аын үйлдлийн улмаас ойн санд 318.304 /гурван зуун арван найман мянга гурван зуун дөрөв/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Гэвч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /318.304х3=954.912/есөн зуун тавин дөрвөн мянга есөн зуун арван хоёр/ төгрөг гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 954.912/есөн зуун тавин дөрвөн мянга есөн зуун арван хоёр/ төгрөгийг шүүгдэгч М.Ааас гаргуулж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч М.А нь хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн ойн санд хохирол учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж, мөн хуулийн 4 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна... мөн хуулийн 5 дахь хэсэгт”...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ…”гэж тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 100 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, улсын дугааргүй Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ 1.856.085 /нэг сая найман зуун тавин зургаан мянга наян таван/ төгрөгнөөс гэмт хэргийн улмаас учирсан хохирол 954.912/есөн зуун тавин дөрвөн мянга есөн зуун арван хоёр/ төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд нөхөн төлөхөд зарцуулж, үлдэгдэл 901.173 /есөн зуун нэг мянга нэг зуун далан гурав/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгож, 69.000 /жаран есөн мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө, мөн 2.9 м куб урттай, 290.000 /хоёр зуун ерэн мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 30 ширхэг шинэс төрлийн хуурай модыг тус тус хураан авч улсын орлого болгож **-** УНК улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч Т.Н буцаан олгож шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Аад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, энэ хэрэгт шүүгдэгч М.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Аад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Мын Аыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аад оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/ нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 100 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, улсын дугааргүй Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ 1.856.085 /нэг сая найман зуун тавин зургаан мянга наян таван/ төгрөгнөөс гэмт хэргийн улмаас учирсан хохирол 954.912/есөн зуун тавин дөрвөн мянга есөн зуун арван хоёр/ төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд нөхөн төлөхөд зарцуулж, үлдэгдэл 901.173 /есөн зуун нэг мянга нэг зуун далан гурав/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгож, 69.000 /жаран есөн мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө, мөн 2.9 м куб урттай 290.000 /хоёр зуун ерэн мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 30 ширхэг шинэс төрлийн хуурай модыг тус тус хураан авч улсын орлого болгож, **-** УНК улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Т.Н буцаан олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Аад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ