Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/21

 

 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Энх-Амгалангаар хөтлүүлж, 
Улсын яллагч: Ж.У
Шүүгдэгч: С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нямжаваас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Сгийн Бад холбогдох 2212.......... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Архангай аймгийн Ц суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ...... аймгийн Ц сум Ц баг Чулуут баг гэх газар оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Сгийн Б /РД:*******/  

Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч С.Б нь 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр .......аймгийн Ц сумын Ц багийн ........ гэх газраас зохих зөвшөөрөл эрхийн бичиггүй ойгоос хууль бусаар 2.5 метр куб шоо метр хэмжээтэй мод хууль бусаар бэлтгэж, **-**УНЛ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 274,400 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  


ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

    Эрүүгийн 2212............ дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Иргэний нэхэмжлэгч Ж.А өгсөн: “...С.Б нь Архангай аймгийн Ц сумын Ц багийн Т гэх газраас хууль бусаар мод бэлтгэсэн гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Би уг хэрэгт ойн санд учирсан 274.4000 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр оролцож байна. Байгаль орчинд учирсан хохирлыг хуульд зааснаар орон нутгийн 100011500914 тоот дансанд тушааж байгаль орчинд учирсан хохирлыг барагдуулчихвал өөр ямар нэгэн санал хүсэлт байхгүй...”гэх мэдүүлэг /хх-ийн 44 ху/,

*Гэрч Ч.Бын өгсөн: “...Тухайн өдөр С.Б нь над руу залгаж мод бэлтгэх эрхийн бичиг гэсэн юм гэж залгасан. Би тэр үед гэртээ байхгүй байна. Эргүүлээр ажилтай явж байна Ойрхон харина тэгэхээр ирж аваарай гэж хэлсэн. Харин С.Б нь намайг гэртээ ирэхэд ирж мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Ц сумын Ц багийн Чулуут гэх газар нь мод бэлтгэх талбай тусгаарлалт хийгдсэн газар биш...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/,

*Гэрч Г.Бы өгсөн: “...Тухайн тээврийн хэрэгслийг 10 гаруй жилийн өмнө М гэх хүнээс худалдаж авч байсан. Одоо тухайн хүний нэр дээр байдаг. Худалдаж авч байхдаа нэрийг нь шилжүүлээгүй авсан юм. Би нэрийг нь шилжүүлдэг талаар мэдэхгүй байсан юм. Би тухайн тээврийн хэрэгслээ 9 жилийн өмнө С.Б гэх хүнд сая төгрөгөөр зарсан. Одоо бид 2-ын төлбөр тооцооны асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78 хуу/,

*Гэрч Ш.М өгсөн: “... Миний нэр дээр байдаг юм. Тухайн тээврийн хэрэгслийг 10 гаруй жилийн өмнө би эзэмшдэг байж байгаад Г.Б гэх хүнд зарсан. Зарахдаа нэрийг нь шилжүүлээгүй. Одоо бид хоёрт төлбөр тооцооны асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82 хуу/,

С.Бын яллагдагчаар өгсөн: “...Миний үйлдэлтэй тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Зүйл ангийн хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 хуу/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-13 хуу/, 
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 64-65 хуу/,
Дамно ХХК-ны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн АЦ22-103 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 28-33 хуу/,
Дамно ХХК-ны 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн АЦ22-156 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 34-38 хуу/,

Модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 35 дугаартай: 
1. Иргэн С.Бын хууль бусаар бэлтгэсэн мод нь Шинэс төрлийн хуурай, галын түлээний мод /унанги/ 
2. Уг мод нь Түлшний модны MNS5413:2011 стандартын дагуу хэрчимлэж тайрсан галын түлээний шинэс төрлийн мод байна. 
3. Нийт шоо метр 2.5 м3  модыг бэлтгэжээ  
4. 2.5 м3  шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325 тоот /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж /нойтон түлээ/ [1] шууд үр ашгийн-48.098 төгрөг, шууд бус үр ашгийн 61.662 төгрөг, нийт 109.760 төгрөг мод, бөөрөнхий мод 1.8 итгэлцүүрээр тус тус үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 274.400 төгрөгөөр тогтоогдлоо гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20 ху/,

Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 хуу/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59 хуу/,
Архангай аймгийн Ц сумын Ц багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 60 хуу/,
Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого /хх-ийн 61-62 хуу/,
Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 86-87 хуу/ зэрэг болно. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч С.Бад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
 
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Б нь 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр А аймгийн Ц сумын Ц багийн Чулуут гэх газраас зохих зөвшөөрөл эрхийн бичиггүй ойгоос хууль бусаар 2.5 метр куб шоо метр хэмжээтэй модыг хууль бусаар бэлтгэж, **-** УНЛ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 274,400 төгрөгийн хохирол хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон  бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 Эрүүгийн 2212.......... дугаар хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг булуу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ. 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 
Шүүгдэгч С.Б нь 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр А аймгийн Ц сумын Ц багийн Ч гэх газраас зохих зөвшөөрөл эрхийн бичиггүй ойгоос хууль бусаар 2.5 метр куб шоо метр хэмжээтэй модыг хууль бусаар бэлтгэж, **-**УНЛ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 274,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: иргэний нэхэмжлэгч Ж.А: “...Архангай аймгийн Ц сумын Ц багийн Т гэх газраас хууль бусаар мод бэлтгэсэн гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Би уг хэрэгт ойн санд учирсан 274.4000 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр оролцож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 44 хуу/, гэрч Ч.Бын: “...Эргүүлээр ажилтай явж байна Ойрхон харина тэгэхээр ирж аваарай гэж хэлсэн. Харин С.Б нь намайг гэртээ ирэхэд ирж мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Ц сумын Ц багийн Чулуут гэх газар нь мод бэлтгэх талбай тусгаарлалт хийгдсэн газар биш...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/, модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон шинжээчийн  2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 35 дугаартай дүгнэлт /хх-ийн 19-20 хуу/, Дамно ХХК-ны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн АЦ22-103 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 28-32 хуу/, Дамно ХХК-ны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн АЦ22-156 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 34-37 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Н шүүгдэгч С.Бын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв. 

Ойн тухай хуулийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт” Энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа, газрын нэрийг заана...”гэж мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт ”...Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно...”гэж мөн хуулийн 35 дугаар зүйлийн 4.2 дахь заалтад “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж тус тус заасан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Бын үйлдэл нь хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэв.

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
 Шүүгдэгч С.Бын үйлдлийн улмаас ойн санд 274.400 /хорин зуун далан дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Гэвч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /274.400 х3=823.200 төгрөг /найман зуун хорин гурван мянга хоёр зуу/ төгрөг гэж дүгнэв.
 
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 823.200 төгрөг /найман зуун хорин гурван мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгдэгч С.Баас гаргуулж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд олгох нь зүйтэй байна.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:  
Шүүгдэгч С.Б нь хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж, ойн санд хохирол учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Быг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 108-109 хуу/ гарын үсэг зуржээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж, мөн хуулийн 4 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна... мөн хуулийн 5 дахь хэсэгт”...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ…”гэж  тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 106 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож,  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **-**УНЛ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ 2.439.099 /хоёр сая дөрвөн зуун гучин есөн мянга ерэн ес/ төгрөгнөөс гэмт хэргийн улмаас учирсан хохирол 823.200 /найман зуун хорин гурван мянга хоёр зуу/ төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд нөхөн төлөхөд зарцуулж, үлдэгдэл 1.615.899 /нэг сая зургаан зуун арван таван мянга найман зуун ерэн ес/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгож, 69.000 /жаран есөн мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө, мөн 2.5мкуб 225.000 /хоёр зуун хорин таван мянга/ төгрөгийн үнэлгээ шинэс төрлийн хуурай модыг хураан авч улсын орлого болгож, **-**УНЛ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Ш.Мд буцаан олгож шийдвэрлэв.  

Шүүгдэгч С.Бад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Быг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон      

ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч Б овогт Сгийн Быг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Быг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бад оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай. 

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/ нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 106 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож,  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **-**УНЛ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ 2.439.099 /хоёр сая дөрвөн зуун гучин есөн мянга ерэн ес/ төгрөгнөөс гэмт хэргийн улмаас учирсан хохирол 823.200 /найман зуун хорин гурван мянга хоёр зуу/ төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд нөхөн төлөхөд зарцуулж, үлдэгдэл 1.615.899 /нэг сая зургаан зуун арван таван мянга найман зуун ерэн ес/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгож, 69.000 /жаран есөн мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө, мөн 2.5 метр куб 225.000 /хоёр зуун хорин таван мянга/ төгрөгийн үнэлгээ шинэс төрлийн хуурай модыг хураан авч улсын орлого болгож, **-**УНЛ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Ш.Мд буцаан олгосугай.

6.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай. 

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8. Тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                       


                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ОТГОНЦЭЦЭГ