Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/22

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Энх-Амгалангаар хөтлүүлж,
Улсын яллагч: Ж.Ундармаа
Шүүгдэгч: Б.О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Ундармаагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Бийн Од  холбогдох  эрүүгийн 2312000000009 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Петровис шатахуун түгээх станцад ээлжийн ажилтнаар ажилладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Э сумын 2 дугаар багийн ** 1-15 тоотод оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Ч овогт Бийн О /РД:***********/

Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.О нь Архангай аймгийн Э сумын 2 дугаар баг ** **-**тоотод өөрийн гэртээ 2022 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу эхнэр А.Аг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь баруун нүдний зовхинд цус хуралт, дээд уруулын гадна ба дотор салстад язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 
Эрүүгийн 2312000000009  дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн
*Хохирогч А.Агийн өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 00 цагийн орчимд манай нөхөр Б.О согтуу ирсэн бөгөөд согтуу байхаар нь би байшингийнхаа хаалгыг онгойлгож өгөөгүй юм ингээд хэсэг байж байгаад би гадаа гарч хашааны хаалгаа хаагаад машины хаалга онгойлгож үзэхэд манай нөхөр О машиндаа унтаж байсан би ингээд гэртээ ороод унтах гэж байтал ахин хаалга нүдсэн бөгөөд би тухайн үед архи нь гарсан эрүүл болсон байх гэж бодоод хаалгаа онгойлгож өгсөн юм гэтэл манай нөхрийн архи нь гараагүй байсан ингээд би Од хандаж архи уусан юм бол яах гэж хэлсэн юм бэ тэр архи уусан газраа хонохгүй яасан юм гэж хэлээд би гадагшаа гарч яваад цагдаа дуудсан юм удалгүй цагдаа ирсэн бөгөөд тухайн үед манай нөхөр би ямар нэгэн зодоон гаргаагүй агсан согтуу тавьсан зүйл огт байхгүй байна би одоо ингээд амарлаа гэж олсон бөгөөд тухайн цагдаагийн алба хаагчид надаас болсон асуудлын талаар асуухаар нь 5и ямар нэгэн хэрүүл маргаан хийгээгүй агсан согтуу тавьсан зүйл байхгүй, согтуу орж ирэхээр нь айгаад л цагдаа дуудсан юм одоо гайгүй амарчих байх гэж хэлээд дуудлагаар ирсэн 2 цагдаагийн алба хаагчийг явуулсан. Тухайн хоёр цагдаа явахдаа манай нөхрийг одоо шууд амраарай бид нар гадуур эргүүлтэй явж байгаа энэ хавиар ахиж эргэж ойр ойрхон ирнэ шүү гэж хэлээд явсан ингээд тухайн хоёр цагдааг явсны дараа манай нөхөр гадагшаа гарч яваад ойролцоогоор 30 минут болоод эргэж орж ирээд би ер нь хүний нутагт хөл гараа хөлдөөж үхэх юм байна ер нь би маргааш автобусанд суугаад Улаанбаатар хот явлаа гээд өөрийнхөө хувцсыг бэлдээд цүнхэлсэн энэ үед нь би яв яв гэж хэлэхэд О надад хандаж би чамайг шоронд суулгах болно яаж шоронд суулгахыг хараарай гээд байхаар нь чи намайг яасан гэж шоронд суулгах юм гэж хэлэхэд муу Хашаатын янхан минь гээд орилохоор нь би Од хандаж би чамайг цагдаа дуудаад өгье гээд утсаа аваад залгах гэтэл О намайг шууд зодож эхэлсэн бөгөөд миний нүүр толгой хэсэгт нэлээд олон удаа гараараа цохисон ингээд байшингийн гадаа гараад би малтуур барьж аваад О өөдөөс далайхад миний барьсан байсан малтуурыг О булаагаад авчихсан ингээд би зугтаагаад гэртээ ороод хаалгаа түгжсэн юм. Ингээд цонхоор хартал О хашаанаас гарч явж харагдсан удалгүй цагдаа ахин ирсэн ингээд би эмнэлэг орж үзүүлэхэд уруулын гадна талд 2 оёдол уруулын дотор талд 3 оёдол тавиулсан ингээд өнөөдөр компьютер томографикт харуулах гэж байгаа. Баруун талын нүд хавдаж хөхөрсөн уруул сэтэрч 5 оёдол тавиулсан баруун гарын тохой үеэрээ хавдаж хөхөрсөн баруун шанаа хавдсан байгаа. Манай нөхөр өмнө нь 2020 оны 10 дугаар сард нэг удаа 2022 оны 06 сард нэг удаа намайг гэмтэл учруулахгүйгээр зодож хэл үгээр доромжилж цагдаагийн байгууллагад зөрчлийн хэрэгт шалгагдаж байсан. Манайх бага насны 2 хүүхэд байсан өөр хүн байгаагүй. Тухайн үед манай нөхөр намайг зодож цохиогүй байсан мөн хэрүүл маргаан ч хийгээгүй байсан О тухайн үед би одоо унтаж амарлаа гээд байсан ингээд би ч гэсэн орхиод явчих зүгээр амарчих байх гээд цагдаа нарыг явуулсан юм. О нь намайг гараараа толго нүүр хэсэгт нэлээн олон удаа цохисон яг хэдэн удаа гэдгийг нь санахгүй байна. Өөр ямар нэгэн зүйлээр зодож цохиогүй. 2015 онд бид хоёр гэрлэлтээ батлуулсан 2018 оноос хамт амьдарч эхэлсэн дундаасаа хоёр хүүхэдтэй. Уг нь тэр бүр архи уугаад байдаггүй байсан сүүлийн үед их ойр ойрхон архи уудаг болоод байгаа юм. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэргээ тогтоолгох болно. Би гомдолтой байна би эрүүл мэндээрэй хохироод байна би эмчилгээ хийлгэхэд гарсан зардал мөнгөө Очирдариас нэхэмжлэх болно... гэх мэдүүлэг /хх-ийн 08-10 хуу/,

*Хохирогч А.Агийн дахин өгсөн: “...Би хохирлоо барагдуулж авч чадсан би Архангай аймгийн Э сумын нэгдсэн эмнэлэгт 2022 оны 12 дугаар сарын 13-нд хэвтэж 7 хоног хийлгэсэн мөн компьютер томографийн шинжилгээ хийлгэсэн төлбөр мөнгийг нь Б.О төлж барагдуулсан Б.О надаас уучлалт гуйсан одоо надад ямар нэгэн гомдол байхгүй. Өөрийн нөхрөө уучилсан одоо энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр Манай нөхөр Б.О нь өөрийн хийсэн үйлдэлдээ их гэмшиж байгаа бөгөөд ахиж архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй надаас маш олон удаа уучлалт гуйсан тул би уучилсан би энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 98-99 хуу/,

*Гэрч М.Бын өгсөн: “…Би Г, О нартай 2022 оны 12 дугаар сарын 11-ний орой манай ажлын гадаа 2.5 литрийн савлагаатай нийслэл нэртэй пиво хоёр ширхгийг хувааж уугаад гэр гэр рүүгээ салаад явцгаасан. Тухайн үед О тийм их согтоогүй байх шиг байсан. Ер сэтгэл санаа тайван байсан ойр зуурхан зүйл ярилцаад пиво ууж дуусаад л  явсан юм. Тийм зүйл огт яриагүй мөн анзаарагдаагүй. Тэр талаар би сайн мэдэхгүй. Би сайн мэдэхгүй байна. Өчигдрийн хувьд Б.О пиво ууя гэж хэлээд би хамт уусан юм. Тэрийг би сайн мэдэхгүй миний мэдэхээр Б.О эхнэрээ зодлоо гэж ч сонсогдоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/, 


*Гэрч Л.Гийн өгсөн: “...Би Б, О нартай 2022 оны 12 дугаар сарын 11-ний орой 1 дүгээр багийн өрхийн эмнэлгийн гадаа 2.5 литрийн савлагаатай нийслэл нэртэй пиво хоёр ширхэгийг хувааж уугаад гэр гэр рүүгээ салаад явцгаасан. Тэрнээс хойш би тэр хүмүүстэй уулзаж архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй ер нь би тэр бүр архи дарс хэрэглээд байдаггүй. Тухайн үед О тийм их согтоогүй байх шиг байсан. Ер сэтгэл санаа тайван байсан байх зүгээр гэртээ ус авах гэж гарч ирсэн п-эд ойр зуурхан зүйл ярилцаад пиво ууж дуусаад л явсан юм. Ямар нэгэн байдлаар гэр бүлдээ хэрүүл маргаантай байгаа зэрэг зүйл огт яриагүй. Тийм зүйл би мэдэхгүй. Тэр талаар би сайн мэдэхгүй. Би сайн мэдэхгүй байна. Тэрийг би сайн мэдэхгүй...”  гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 хуу/

*Б.О яллагдагчаар өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 11-ний орой өөрийн танил болох Г, Б нарын хамт хоёр ширхэг 2.5 литрийн савлагаатай нийслэл нэртэй пиво уугаад гэртэй харихад манай эхнэр хаалгаа онгойлгож өгөхгүй байсан тэгээд би хэсэг хугацаанд машиндаа хэвтэж байтал энхэр гарч ирээд буцаад орохоор нь би араас нь очоод хаалгаа "огшиход онгойлгож өгсөн намайг яваад ороход эхнэр архи уулаа гээд үглээд байсан. Ингээд байж байтал цагдаа орж ирээд юу болоод байгаа талаар асуусан ингээд би ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй би одоо амрах гэж байна гээд тайлбарласан манай эхнэр - гэсэн ямар нэгэн байдлаар хэрүүл маргаан янз бүрийн зүйл болоогүй гэж хэлээд цагдаа нарыг явуулсан юм ингээд би хоолоо идэж дуусаад гадаа гарч тамхи татаад машиндаа сэг хэвтэж байгаад гэртээ ороход манай эхнэр хаагуур яваад байгаа юм гээд уурласан ингээд бид хоёр маргалдахад манай эхнэр цагдаа дуудлаа гээд утсаар ярихаар нь би явлаа гээд гарах гэтэл манай эхнэр А миний араас татахад нь би тохойгоороо нүүр хэсэгт нь нэг удаа цохиод эргэж хараад нэг удаа гараараа алгадсан ингээд би шууд гараад явсан ахиж гэртээ ороогүй манай эхнэр над руу утсаар яриад чи эргээд хүрээд ир чи миний уруулыг сэт цохичихлоо гээд хэд хэдэн удаа залгасан би тэр үед очвол ахиад хэрүүл болох байх гээд би очоогүй. Би хохирогч А.Агаас уучлалт гуйсан бид хоёр эвлэрч учир зүйгээ олсон шаардлагатай эм тариаг нь авч өгч Архангай аймгийн Э сумын нэгдсэн эмнэлэгт хэвтүүлж эмчилгээ хийлгэсэн. А.А намайг уучилсан гэдгээ хэлсэн одоо ямар нэгэн гомдол санал байхгүй гэж надад хэлсэн. Бид хоёр одоо хамт амьдарч байгаа. Би хугацаат цэргийн албыг 2013 оны 05 дугаар сараас 2014 оны 04 дүгээр сарын хооронд дотоодын цэргийн 05 дугаар ангид цэргийн алба хаасан одоо Архангай аймгийн Э суманд петровис шатахуун түгээх станцад ээлжийн ажилтан хийж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 хуу/,

    *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 05 дугаартай дүгнэлт:
1.     А.Агийн биед баруун нүдний зовхинд цус хуралт, дээд уруулын гадна ба дотор салстад язарсан шарх, баруун шууны дотор дээд хэсэгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.    Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой.
3.    Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
4.    Баруун нүдний зовхинд цус хуралт, дээд уруулын гадна ба дотор салстад язарсан шарх гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун шууны дотор дээд хэсэгт цус хуралт, зулгаралт гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5.     Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй
6.    А.А нь баруун нүдэнд протезтой, хамар яс хуучин хугарал гэмтэлтэй байна...гэх дүгнэлт /хх-ийн 28-29 хуу/,

*Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 18 хуу/,
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 23 хуу/  
*Хавтаст хэргийн материалыг  оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 102-103 хуу/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.О нь Архангай аймгийн Э сумын 2 дугаар баг ** **-**тоотод өөрийн гэртээ 2022 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу эхнэр А.Аг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь баруун нүдний зовхинд цус хуралт, дээд уруулын гадна ба дотор салстад язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.  

Эрүүгийн 2312000000009 дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 
Шүүгдэгч Б.О нь Архангай аймгийн Э сумын 2 дугаар баг ** **-**тоотод өөрийн гэртээ 2022 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу эхнэр А.Аг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь баруун нүдний зовхинд цус хуралт, дээд уруулын гадна ба дотор салстад язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч А.Агийн: “...би чамайг цагдаа дуудаад өгье гээд утсаа аваад залгах гэтэл О намайг шууд зодож эхэлсэн бөгөөд миний нүүр толгой хэсэгт нэлээд олон удаа гараараа цохисон ингээд байшингийн гадаа гараад би малтуур барьж аваад О өөдөөс далайхад миний барьсан байсан малтуурыг О булаагаад авчихсан ингээд би зугтаагаад гэртээ ороод хаалгаа түгжсэн юм. Ингээд цонхоор хартал О хашаанаас гарч явж харагдсан удалгүй цагдаа ахин ирсэн ингээд би эмнэлэг орж үзүүлэхэд уруулын гадна талд 2 оёдол уруулын дотор талд 3 оёдол тавиулсан …” гэх мэдүүлэг /хх-ийн 08-10, 98-99 хуу/, гэрч М.Бын: “...12 дугаар сарын 11-ний орой манай ажлын гадаа 2.5 литрийн савлагаатай нийслэл нэртэй пиво хоёр ширхгийг хувааж уугаад гэр гэр рүүгээ салаад явцгаасан. Тухайн үед О тийм их согтоогүй байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/, гэрч Л.Гийн: ...2.5 литрийн савлагаатай нийслэл нэртэй пиво хоёр ширхэгийг хувааж уугаад гэр гэр рүүгээ салаад явцгаасан... гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 хуу/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 05 дугаартай дүгнэлт /хх-ийн 28-29 хуу/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Ундармаагаас шүүгдэгч Б.О үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.  

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд шүүгдэгч Б.О нь хохирогч А.Агийн биед баруун нүдний зовхинд цус хуралт, дээд уруулын гадна ба дотор салстад язарсан шарх, баруун шууны дотор дээд хэсэгт цус хуралт, зулгаралт  гэмтэл тогтоогдлоо энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 408 дугаартай дүгнэлт дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.  

    Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад  эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан байх бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заажээ.   


Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: 
Хохирогч А.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож, шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Б.О нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.


Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 
Шүүгдэгч Б.О гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Б.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх  хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.


Шүүгдэгч болон хохирогч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О 550 / таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 107-108 хуу/ гарын үсэг зуржээ.   


Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд шүүгдэгч Б.О нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од оногдуулсан торгох ялын 550.000 /таван зуун тавин мянга / төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох зүйтэй  байна  гэж шүүх дүгнэв. 


     Шүүгдэгч Б.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

    Шүүгдэгч Б.О өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцоно гэх хүсэлтийг шүүхэд ирүүлснийг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон     

ТОГТООХ нь: 


1.    Шүүгдэгч Ч овогт Бийн О Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од оногдуулсан 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

5.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6.     Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.     Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.ОТГОНЦЭЦЭГ