Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 608

 

 

 

             2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2019/00608

           Улаанбаатар хот

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 23-р хороо, Сургуулийн Хужирбулан, А-77 тоот хаягт оршин байгаа, /рд:5363101/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Чингэлтэйн 14-372 тоот хаягт /100 айл, Атлас-1 төвийн 2 давхарт/ оршин байгаа, /рд:5771366/-д холбогдох,

 

9,225,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай ­­­­компани Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Сансарын шатахуун түгээх станцын замын хойно байрлах гадна зар сурталчилгааны байгууламжийг эзэмшдэг.

Уг самбарыг түрээслүүлэхээр 2018 оны 03 сарын 30-ны өдөр Ком тавилга компанийн захирал Г.Пүрэвсүрэнтэй харилцан тохиролцож гэрээ байгуулсан.

Гэрээний дагуу Ком тавилга ХХК нь 04 сарын 01-ний өдрийн 50,000 төгрөг буюу сард 1,500,000 төгрөг төлөх ёстой боловч төлбөрөөс 3 сарын 29-ний өдөр 900,000 төгрөг, 07 сарын 23-ны өдөр 300,000 төгрөг, 07 сарын 30-ны өдөр 600,000 төгрөг, нийт 1,800,000 төгрөг төлсөн байна. Тус компани нь төлбөрөө төлөхгүй удаа дараа нэхэж шаардсан боловч үр дүн гараагүй тул 2018 оны 09 сарын 07-ны өдөр самбараас тус компанийн сурталчилгааг бид өөрсдийн хүч хөрөнгөөр буулгасан. Мөн түрээсийн төлбөрийн зарим хэсэгт тавилга хийж өгөхөөр тохирсон боловч одоо болтол дуусгаж өгөөгүй байгаа тул дутуу байгаа тавилгыг буцаан өгч төлбөрөө авахаар нэхэмжилж байгаа болно.

Иймд хариуцагчаас 2018 оны 04 сарын 01-ний өдрөөс 09 сарын 07-ны өдөр хүртэлх төлбөр 6,050,000 төгрөг, алданги 3,025,000 төгрөг, өлгөлт буулгалтын төлбөр 100,000 төгрөг, захиалгын үнэ 50,000 төгрөг, нийт 9,225,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Манай компани “Дабиэнно” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед харилцан тохиролцож ажлыг хийж гүйцэтгэсэн. Манай компани дахин нэмэлт тайлбар бичиг гаргаж өгнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч “Ком тавилга” ХХК-д холбогдуулан самбарын түрээсийн төлбөр 6,050,000 төгрөг /2018.04.01 – 2018.09.07/, алданги 3,025,000 төгрөг, өлгөлт буулгалтын төлбөр 100,000 төгрөг, захиалгын үнэ 50,000 төгрөг, нийт 9,225,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хавтаст хэргийн 16-р хуудас болон 26-р хуудаст дарагдсан “Ком тавилга” ХХК болон “Бренд кичен” ХХК-ийн тамгыг харьцуулан үзэхэд тэдгээрийн 5771366 гэсэн регистрийн дугаар нэг байх тул “Ком тавилга” ХХК нь хуулийн этгээдийн оноосон нэрээ болгон өөрчилсөн болох нь тогтоогдож байна.

Иймд цаашид “Ком тавилга” ХХК-ийг гэж ойлговол зохих бөгөөд үүнтэй холбоотой иргэний хэрэг үүсгэсэн захирамжийг өөрчлөх шаардлагагүй гэж үзэв.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэг. Талууд 2018 оны 03 сарын 30-ны өдөр 1187 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ” гэх гэрээ байгуулж, нь өөрийн эзэмшлийн сурталчилгааны самбарт “Ком тавилга” ХХК-ийн сурталчилгааг байршуулах, “Ком тавилга” ХХК нь самбарын түрээсийн үнийг нэг өдрийн 50,000 төгрөгөөр тооцож төлөх, төлбөрийн зарим хэсгийг бартераар тооцохоор тус тус харилцан тохиролцсон байна.

Талууд “Ажил гүйцэтгэх гэрээ” хэмээн нэрлэсэн байх боловч талуудын хооронд үүссэн харилцааны шинж, агуулгаас үзэхэд болон “Ком тавилга” ХХК нарын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.

2018 оны 03 сарын 30-ны өдрийн 1187 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ” гэх гэрээний 2.2-т гэрээний хугацааг “2018 оны 03 сарын 30-ны өдрөөс 04 сарын 28-ны өдрийг дуустал 30 хоног” хэмээн тодорхойлсон байх боловч нэхэмжлэгч нь “Ком тавилга” ХХК-ийн сурталчилгааг 2018 оны 09 сарын 07-ны өдөр буулгасан хэмээн тайлбарлаж, 2018 оны 09 сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг нэхэмжилж байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэхээр, мөн Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д гэрээний хугацаа дууссан боловч түрээслэгч нь эд хөрөнгийг үргэлжлүүлэх ашигласаар байгааг түрээслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцохоор тус тус зохицуулсан байх тул түрээслүүлэгч нь түрээслэгч “Ком тавилга” ХХК /одоогийн “Бренд кичен” ХХК/-иас 2018 оны 09 сарын 07-ны өдрийг хүртэлх түрээсийг шаардах эрхтэй гэж үзэв.

2018 оны 03 сарын 30-ны өдрөөс 2018 оны 09 сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр нь 159 хоног х 50,000 төгрөг = 7,950,000 төгрөг болж байх ба үүнээс хариуцагч 1,800,000 төгрөгийг төлсөн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байх тул 7,950,000 – 1,800,000 = 6,150,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг /хуучнаар “Ком тавилга” ХХК/-иас гаргуулан нэхэмжлэгч “Дабиэнно” ХХК-д олгох нь зүйтэй байна.

Хоёр. Алданги 3,025,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хангахгүй орхисон тухайд.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.8-д “Төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд өдрийн 0.3%-ийн алданги тооцогдоно” гэж заасан нь Иргэний хуулийн 232.6-д заасан алдангийн зохицуулалттай нийцжээ.

Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн гэрээний 5.7-д “хугацаа ярилцах” хэмээн гараар бичиж нэмэлт оруулсан байх боловч ийнхүү төлбөр төлөх хугацааг тохиролцсон тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т алданги тооцох тохиролцоог бичгээр хийхээр заажээ.

Иймд талууд түрээсийн төлбөр хийх хугацааг гэрээгээр тодорхой тохиролцоогүй, мөн гэрээний хугацаа 2018 оны 04 сарын 28-ны өдөр дууссанаас хойш алданги тооцох тохиролцоог бичгээр хийгээгүй байх тул нэхэмжлэгч тал алданги шаардах эрхгүй гэж үзэв.

Гурав. Өлгөлт буулгалтын зардал 100,000 төгрөг, захиалгын үнэ 50,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хангахгүй орхисон тухад.

Хэрэгт өлгөлт буулгалтын зардал 100,000 төгрөг болсон тухай баримт авагдаагүй, мөн “Захиалгын баримт”-д захиалагч болон мөнгө тушаагчийг “Баяраа” гэж бичсэнийг гэж үзэх боломжгүй байх тул холбогдох шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Дөрөв. Хариуцагч тал өөрийн татгалзал, түүний үндэслэлийг нотлох үүргээ биелүүлээгүй тухайд.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа бол өөрийн татгалзал, түүний үндэслэлийг өөрөө нотлох үүрэгтэй.

Хариуцагч тал шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирдэггүй, албадуулах захирамж гаргуулж байж ирдэг, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг боловч яагаад, юуны учир зөвшөөрөхгүй байгаа тайлбараа холбогдох нотлох баримтын хамт шүүхэд гаргаж өгдөггүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирдэггүй буюу маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвхгүй байр сууринаас ханддаг, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлдэггүйд шүүх буруугүй юм.

Өөрөөр хэлбэл, /хуучнаар “Ком тавилга” ХХК/ нь  2018 оны 09 сарын 07-ны өдөр сурталчилгааг самбараас буулгасан гэсэн, хариуцагч тал 1,800,000 төгрөгийг төлсөн гэсэн, тавилга хийж өгнө гэсэн боловч хийж өгөөгүй учир байгаа тавилгыг буцаан өгч түрээсийн төлбөрөө шаардаж байна гэсэн нэхэмжлэгч талын тайлбарыг баримтаар няцааж чадаагүй болно.

Тав. Хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн тухайд.

Хариуцагчийн төлөөлөгч Н.Дарьдуламд 2019 оны 03 сарын 11-ний өдрийн 16:30 цагт болох шүүх хуралдааны товыг 2019 оны 03 сарын 05-ны өдөр утсаар мэдэгдсэн байна.

Шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэхэд “хаягтаа байдаггүй” учир шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өөрийнх нь тодорхойлсон гар утсаар мэдэгдэх нь хууль зөрчихгүй гэж үзсэн болно.

Түүнчлэн, 2019 оны 03 сарын 11-ний өдөр шүүгчийн туслах хариуцагчийн төлөөлөгч руу утасдаж хаана байгааг нь тодруулахад “5-р сургуулийн хажууд явж байна” хэмээн хэлсэн байдаг ба шүүх 5-р сургуулиас ирэх боломжит хугацааг хүлээж, шүүх хуралдааныг товлосон цагаас хоцорч эхлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5, 296 дугаар зүйлийн 296.1-д зааснаар хариуцагч “Бренд кичен” ХХК-иас 6,150,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Дабиэнно” ХХК-д олгож, үлдэх 3,075,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 162,550  төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Бренд кичен” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 113,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Дабиэнно” ХХК-д буцаан олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.