Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 595

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 11 өдөр             Дугаар 181/ШШ2019/00595                    Улаанбаатар хот

 

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11-р хороо, 7-р хэсэг, Маршал таун, 102-р байр, 11 тоот хаягт оршин суугаа, Боржигон овогт Хас-Очирын  /рд:СЮ63121766/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж, 20-р байр, 44 тоот хаягт оршин суугаа, Сэнгэ овогт Найдансүрэнгийн  /рд:УК89071950/-д холбогдох, 

 

47,093,609 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х., түүний өмгөөлөгч Н.Ууганцэцэг, хариуцагчийн төлөөлөгч Г.Гэлэгдулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнтуяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2018 оны 10 сарын 28-ны өдөр иргэн Н.тай сайн дураар харилцан тохиролцож өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 7-р хороо, 15-р хороололд байрлах Ахуйн үйлчилгээний төвийн 3-р давхарт байрлах талбайг үйлчилгээний зориулалтаар буюу компьютер тогтоомын зориулалтаар 1 жилийн хугацаагаар түрээслүүлэхээр харилцан тохиролцож Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулсан болно.

Ийнхүү Н. нь түрээсийн байрыг зориулалтын дагуу ашиглаж, эхний 4 сарын түрээс болон ашиглалтын зардлыг төлж байсан боловч 2018 оны 03 сараас хойш гэрээний үүргээ зөрчиж төлбөрийг огт төлөөгүй бөгөөд түрээсийн төлбөрөө шаардахад удахгүй өгнө, шилжүүлчихсэн байгаа мэтээр удаашруулсаар байсан.

Мөн түүнчлэн надад мэдэгдэхгүйгээр 2018 оны 04 сарын сүүлээр шөнийн цагаар түрээсийн байрнаас компьютер тоног төхөөрөмжөө зөөсөн тухай тухайн үйлчилгээний төвд үйл ажиллагаа эрхэлдэг бусад хүмүүсээс сонссон боловч Н. нь одоог хүртэл түрээсийн байрыг чөлөөлж, хүлээлгэн өгөөгүй байна.

Миний бие уг асуудлаар Цагдаагийн байгууллагад хандсан боловч иргэний маргаан гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бөгөөд Н. нь Цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө түрээсийн байр хүйтэй байсан, шаардлага тавихад биелүүлээгүй учир байрнаас гарсан гэж байсан.

Гэтэл энэ нөхцөл байдлын талаар надад албан ёсоор хүсэлт, шаардлага хүргүүлж байгаагүй ба гэрээний 4.3-т зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай асуудлыг 2 сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй боловч гэрээгээ цуцлах талаар мэдэгдэж байгаагүй юм.

Н. нь түрээсийн байрнаас гарсан гэж тайлбарладаг боловч одоог хүртэл түүний эд хөрөнгүүд миний байранд байсаар байгаа учраас Н.тай байгуулсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр үргэлжилж байсан, мөн түрээслэгч байраа түрээсийн зориулалтын дагуу ашиглах эсэх нь өөрийнх нь шийдэх асуудал гэж үзэж байна.

Иймд Н.аас түрээсийн төлбөр 42,000,000 төгрөг, алданги 3,780,000 төгрөг, ашиглалтын зардал 1,313,609 төгрөг, нийт 47,093,609 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Уг түрээсийн гэрээг хийхдээ Х.тай түрээсийн байрыг түрээсэлж үйл ажиллагаа явуулахаар тохиролцож, 1 сарын түрээсийн төлбөрийг 6,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон.

Ингээд тус объектийг түрээслэхэд анх үйл ажиллагаа явуулах нөхцөлгүй их хүйтэн байсан бөгөөд 11 сараас ашиглалтын засвар хийж байхдаа л маш хүйтэн байсан.

Миний бие Х.д итгэж, цаашид үйл ажиллагаа явуулах объектийг дулаахан болно гэж итгэж хаалга, хаалтыг өөрийн зардлаар 1,030,000 төгрөгөөр хийлгэж байсан.

Тухайн үед үйл ажиллагаа явуулахад хэцүү байгаагаа мөн хүйтэнд үйлчлүүлэгч орохгүй ашиг орлогогүй алдагдалд орж байгаагаа хэлж байсан боловч паарыг засаж янзлах талаар хэлж байсан хэдий ч сэлбэг байхгүй нэрийдлээр мөн олдохгүй байна гэж хэлдэг байсан.

Тухайн объектийг түрээсэлж эхлээд 2017 оны 10 сарын 28-ны өдөр гэрээ хийгээд 10 сарын дуустал засварын ажил хийж 11 сараас түрээсийн төлбөрийг төлж эхэлсэн. Ингээд 4 сар хүртэл түрээсийн төлбөр болох 24,000,000 төгрөгийг төлж барагдуулсан.

Цаашид бид хүйтэн объектод түрээс төлж, ашиг орлогогүй, үйл ажиллагаа явуулснаар ямар ч орлогогүй түрээс төлж байсан тул үйл ажиллагаагаа зогсоож гэрээгээ цуцлахаар шийдсэн. Ингээд 2018 оны 04 сарын 01-нээс үйл ажиллагаа явуулахаа больж, өөр газар түрээслэхээр шийдсэн.

Гэтэл Х. нь төлөөгүй түрээс гэж 42,000,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Учир нь манайх үйл ажиллагаа зогсоосон, мөн түрээсийн байрнаас гарсан байхад, мөн өөр газартай гэрээ хийсэн байхад үндэслэлгүй дээрх сарын түрээс нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Уг түрээсийн гэрээ нь түрээслэгчийн ашиг сонирхлыг бодоогүй, хэт нэг талыг барьсан, түрээслэгч талын эрхийг дордуулсан гэрээ гэж үзэж байна.

Мөн алданги болон ашиглалтын зардлыг миний бие хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х. нь хариуцагч Н.ад холбогдуулан түрээсийн төлбөр 42,000,000 төгрөг, алданги 3,780,000 төгрөг, ашиглалтын зардал 1,313,609 төгрөг, нийт 47,093,609 төгрөгийг гаргуулах, мөн түрээсийн байрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь түрээсийн байрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

Нэг. Талууд 2017 оны 10 сарын 28-ны өдөр 3 тоот “Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ”-г байгуулж, Х. нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 7-р хороо, Ахуйн үйлчилгээний төвийн 3-р давхарт байрлах 360 м.кв талбайг Н.ын эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, Н. нь уг талбайг компьютер тоглоомын үйлчилгээний зориулалтаар эзэмшиж, ашиглан гэрээнд заасан төлбөрийг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаанд хамаарч байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагыг гэрээний талуудад тавьсан байх ба ийнхүү бүртгүүлээгүй бол гэрээ хүчин төгөлдөр бус байхаар зохицуулжээ.

Гэсэн хэдий ч талууд дээр дурдсаныг үндэслэж гэрээний хүчин төгөлдөр эсэх тал дээр маргаагүй, түрээслүүлэгч нь түрээсийн зүйлийг түрээслэгчийн эзэмшил ашиглалтад бодитоор шилжүүлэн өгсөн, түрээслэгч нь түрээсийн төлбөр гэж тодорхой мөнгөн дүнг түрээслүүлэгчид бодитоор шилжүүлэн өгсөн зэрэг үйл баримтыг дүгнээд талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т заасны дагуу хүчин төгөлдөр түрээсийн гэрээ гэж үзэв.

Иймд түрээслүүлэгч Х. нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг түрээслэгч Н.аас шаардах эрхтэй байна.

Түрээслэгч нь өөрийн эд хогшлыг түрээсийн байрнаас аваагүй, түрээсийн байраа хүлээлгэж өгөөгүй, гэрээ цуцлах тухай саналаа илэрхийлээгүй учир түрээсийн гэрээгээр тохиролцсон хугацааны буюу 2018 оны 10 сарын 28-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөрийг нэхэмжилж байна хэмээн нэхэмжлэгч Х. тайлбарладаг бол түрээсийн байр үйл ажиллагаа явуулах боломжгүй хүйтэн байсан, энэ талаар түрээслүүлэгчид хэлж байсан боловч арга хэмжээ аваагүй, үүнтэй холбоотойгоор ашиг орлого муу байсан учир 2018 оны 04 сарын 01-ний өдрөөс түрээсийн байрыг орхин гарсан учир түүнээс хойшхи хугацааны түрээсийн төлбөрийг хариуцахгүй гэж хариуцагч Н. маргадаг.

Түүнчлэн талууд түрээсийн байр хүйтэн байсан эсэхийг нотлох зорилгоор харилцан бие биеэ үгүйсгэсэн бичгийн нотлох баримтыг шүүхэд гарган өгч, гэрч асуулган мэтгэлцсэн боловч эдгээр нь талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзэв.

Харин талууд гэрээг цуцалсан эсэх, хэзээ цуцалсан нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

“Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ”-ний 4.3-т талууд хүндэтгэн үзэх шалтгаанаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай асуудлыг нөгөө талдаа 2 сараас доошгүй хугацааны өмнө мэдэгдэхээр журамласан байх ба нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь гэрээнд заасан журмаар гэрээг цуцалсан тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

Хэрэгт авагдсан фото зураг /хх-88-89х/ болон гэрч Х.Эрдэнэбатын мэдүүлэг /хх-93-94х/ зэргээр түрээслэгч Н. нь өөрийн эд хогшил /ширээ, сандал/-г гарган түрээсийн байрыг чөлөөлж, хүлээлгэж өгөөгүйгээс үзэхэд Н.ыг түрээсийн гэрээг цуцалсан гэж үзэх боломжгүй байна.

Харин хэрэгт авагдсан “Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл” /хх-40-43х/-ээс үзэхэд Х. нь Н.ад холбогдуулан Цагдаагийн байгууллагад 2018 оны 05 сарын 13-ны өдөр гомдол гаргасан үйл баримт тогтоогдож байх тул энэ өдрийг түрээслүүлэгч нь түрээсийн гэрээг цуцалсан өдөр гэж тооцож болохоор байна.

Н. нь 2018 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 24,000,000 төгрөгийг төлсөн үйл баримт зохигч талуудын тайлбараар тогтоогддог учир хариуцагч Н.аас 2018 оны 03 сарын 02-ны өдрөөс 2018 оны 05 сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг гаргуулан нэхэмжлэгч Х.д олгох нь зүйтэй гэж үзэв.

Ийнхүү тооцоход 12,000,000 + /6,000,000 : 30 х 12/ = 14,400,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөх дүн гарч байна.\

Хоёр: Алданги 3,780,000 төгрөг гаргуулах шаардлагийн тухайд.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.8-д түрээслэгч тал түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцохоор тусгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцсэн байна.

Нэхэмжлэгчийн тодорхойлсон гүйцэтгээгүй үүрэг болон алдангийн дүнгээс үзэхэд нэхэмжлэгч нь 30 хоногийн алданги нэхэмжилсэн болох нь тогтоогдож байна. /42,000,000 х 0.3% = 126,000 төгрөг х 30 хоног = 3,780,000 төгрөг/

Иймд хариуцагч Н.аас 30 хоногийн алданги буюу 14,400,000 х 0.3% = 43,200 төгрөг х 30 хоног = 1,296,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Гурав. Ашиглалтын зардал 1,313,609 төгрөг гаргуулах шаардлагын тухайд.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь нийт 1,313,609 төгрөгийг ашиглалтын зардалд төлсөн болох нь нотлогдож байх ба тэдгээр баримтууд нь Н.ын үйл ажиллагаа явуулж байх үеийн цаг хугацаанд хамаарч байх тул талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.2.9-д заасны дагуу уг дүнг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Цахилгаан, халуун хүйтэн ус ашигласны г.м зардлуудын тооцоолол нь дараагийн сард гардаг болохыг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Н.аас нийт 17,009,609 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30,084,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.   Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 294 дүгээр зүйлийн 294.2.1-д зааснаар хариуцагч Н.аас 17,009,609 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.д олгож, үлдэх 30,084,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Х. нь хариуцагч Н.ад холбогдуулан гаргасан түрээсийн байрыг чөлөөлүүлэх тухай шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 463,700 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 82 төгрөгийг улсын төсвөөс, мөн хариуцагч Н.аас улсын тэмдэгтийн хураамжид 242,998 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч Х.д буцаан олгосугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

5.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.