| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2023/0024/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/28 |
| Огноо | 2023-01-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Н |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Энх-Амгалангаар хөтлүүлж,
Улсын яллагч: Б.Н
Шүүгдэгч: С.О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Н Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Сын Оад холбогдох эрүүгийн 2212........ дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Ц суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт А аймгийн Ц сумын ** дэнж гэх газар оршин суудаг, урьд 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж уг ялыг эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан. улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Д овогт Сын О /РД:*********/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.О нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр А аймгийн Ц сумын ***** дэнж хороололд оршин суух өөрийн эхнэр М.Атэй маргалдан зүүн нүд рүү нь нэг удаа гараараа цохьсон хамраас цус гараад цусаа цэвэрлэх гээд тонгойж байтал нь мөн баруун талын нүд рүү өшиглөсөн зэргээр түүний биед баруун нүдний зовхины дотор булан, хоёр нүдний зовхинд цус хуралт, зүүн мөр, бугалганы дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2212........ дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч М.Аийн өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр манай нөхөр С.О нь соёлын төд дээр урлагийн үзлэгтэй бэлдэнэ гэж гэрээсээ гараад ирэхдээ архи ууж орж ирээд чамайг гадуур архи уудаг, залуучуудтай явалддаг чи эхнэрээ толгой дээрээ гаргасан гэж ярьж байна гээд намайг орон дээр сууж байхад миний зүүн нүд рүү нэг удаа гараараа хамраас цус гараад цусаа цэвэрлэх гээд тонгойж байтал баруун талын нүд рүү өшиглөсөн. Тэгэхэд Оын найз Н гэдэг залуу байсан. Би энийг аваач надаас салгаач гэхэд салгахгүй хараад суугаад байсан. Тэгээд байж байтал манай нөхрийн эгч Т нь орж ирээд Оыг салгаад би нөхөр Оаас тайвшир гэж гуйж байгаад тайвшруулсан. Дараа нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ахиж архи ууж орж ирээд намайг янз бүрээр хэлээд байхаар нь би уурлаад аав ээж хоёр луугаа утсаар хэлээд зодуулсан зургаа чатаар явуултал цагдаа дуудаж өг гээд би цагдаа дуудчихсан. Тэгсэн чинь манай нөхөр эгч Тийн хамт орж ирээд чи цагдаа дуудаж яах гэж байгаа гээд намайг нэг удаа зүүн талын хацар луу алгадсан. Тэгээд 1аа ирээд аваад явсан. Н, О, манай 2 хүүхэд бид хэд байсан. Дараа нь Т орж ирсэн. Н, Т 2 харсан. Өмнө нь зодож цохиж байгаагүй. Нэг их согтоогүй өөрийн ухаантай байсан.Ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үед хуулийн арга хэмжээ авхуулахаар дуудлага өгсөн ... гэх мэдүүлэг /хх-ийн 04-06 хуу/,
*Хохирогч М.Аийн дахин өгсөн: “... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би нөхөртэйгөө учраа олсон дахин ийм асуудал гаргахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 хуу/,
*Гэрч С.Тийн өгсөн: “…С.О манай хоёр нэг хашаанд байдаг. 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр намайг гэртээ байж байхад Оын эхнэр А аллаа гээд орилоод байхаар нь би яваад ортол О Аийг орон дээр дараад нүүр лүү нь алагдаад байсан. Тэгэхээр нь би очоод салгасан. Тэгээд юу болсон талаар нь асуухад О намайг найз нөхөд рүү явуулахгүй араас байнга залгаад байхын гэж хэлж байсан. О А 2-г яг юунаас болж маргалдсан эсэхийг мэдэхгүй. Тэгээд О А 2-г тайвшруулаад унтуулсан. Хоёр нүд нь хөхөрчихсөн хамраас нь цус гарчихсан байдалтай байсан. Намайг ороход О, А, Н энэ 3 хамт байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуу/,
*С.Оын яллагдагчаар өгсөн: “...Тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлтэй тохирч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 хуу/,
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 451 дугаартай дүгнэлт:
1. М.Аийн биед баруун нүдний зовхины дотор булан, хоёр нүдний зовхинд
цус хуралт, зүүн мөр, бугалганы дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл
мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-
ийн 12-13 хуу/,
*Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 28 хуу/,
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 21 хуу/
*Оршин суугаа газрын лавлагаа /хх-ийн 29 хуу/,
*Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 58-59 хуу/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.О нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр А аймгийн Ц сумын **** дэнж хороололд оршин суух өөрийн эхнэр М.Атэй маргалдан зүүн нүд рүү нь нэг удаа гараараа цохисон хамраас цус гараад цусаа цэвэрлэх гээд тонгойж байтал нь мөн баруун талын нүд рүү өшиглөсөн зэргээр түүний биед баруун нүдний зовхины дотор булан, хоёр нүдний зовхинд цус хуралт, зүүн мөр, бугалганы дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч С.Оад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Эрүүгийн 2212......... дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.О нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр А аймгийн Ц сумын ***** дэнж хороололд оршин суух өөрийн эхнэр М.Атэй маргалдан зүүн нүд рүү нь нэг удаа гараараа цохиход хамраас цус гараад цусаа цэвэрлэх гээд тонгойж байтал нь мөн баруун талын нүд рүү өшиглөсөн зэргээр түүний биед баруун нүдний зовхины дотор булан, хоёр нүдний зовхинд цус хуралт, зүүн мөр, бугалганы дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч М.Аийн: “...гэрээсээ гараад ирэхдээ архи ууж орж ирээд чамайг гадуур архи уудаг, залуучуудтай явалддаг чи эхнэрээ толгой дээрээ гаргасан гэж ярьж байна гээд намайг орон дээр сууж байхад миний зүүн нүд рүү нэг удаа гараараа хамраас цус гараад цусаа цэвэрлэх гээд тонгойж байтал баруун талын нүд рүү өшиглөсөн…” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 хуу/, гэрч С.Тийн: “...2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр намайг гэртээ байж байхад Оын эхнэр А аллаа гээд орилоод байхаар нь би яваад ортол О Аийг орон дээр дараад нүүр лүү нь алагдаад байсан. Тэгэхээр нь би очоод салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 451 /хх-ийн 12-13 хуу/ дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Н шүүгдэгч С.Оын үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд шүүгдэгч С.О нь хохирогч М.Аийн биед баруун нүдний зовхины дотор булан, хоёр нүдний зовхинд цус хуралт, зүүн мөр, бугалганы дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 451 дугаартай дүгнэлт дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан байх бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заажээ.
Иймд шүүгдэгч С.О нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн эхнэр М.Ат гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч М.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож, шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч С.О нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч С.О нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Оад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оыг 600/ зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч С.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч С.Оад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Оыг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцоно гэх хүсэлтийг шүүхэд ирүүлснийг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Сын Оыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оад оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч С.Оад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ