| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 102/2018/04136/И |
| Дугаар | 594 |
| Огноо | 2019-03-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 594
2019 оны 03 сарын 11 өдөр Дугаар 181/ШШ2019/00594 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Бөхөд ХХК-ийн байранд оршин байгаа, /рд:5917298/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 15-р хороо, Ар хустай, 18-1887/2 тоот хаягт оршин суугаа, Боржигин овогт Дандарын /рд:УУ59120730/-д холбогдох,
6,646,989 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч И.Мөнхтуул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Тамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнтуяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д. нь 2018 оны 05 сарын 17-ны өдөр “Шонхорын хүсэл” ХХК-тай 72-25 УБУ улсын дугаартай Хьюндай Соната-7 /Hyundai Sonata-7/ автомашиныг 6 сарын хугацаатайгаар сарын 3.5%-ийн хүүтэйгээр барьцаалж фидуцийн гэрээ байгуулсан болно.
Гэрээнд зааснаар Д. нь сар бүр 1,000,000 төгрөгийг хүүгийн хамтаар төлөхөөр харилцан тохиролцож гэрээнд гарын үсэг зурсан.
Д. нь 6 сард 916,009.25 төгрөг хүүгийн хамтаар хүү 210,000 төгрөг, 7 сард 948,069.58 хүүгийн хамтаар хүү 177,939 төгрөг, нийт 2,387,939 төгрөг төлсөн.
Гэвч 2018 оны 08 сараас эхлэн өдийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 4,135,921 төгрөг, хүү 579,029 төгрөг, алданги 100 хоног 2,067,960 төгрөг, нийт 6,646,989 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч Д.д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4,135,921 төгрөг, зээлийн хүү 579,029 төгрөг, алданги 2,067,960 төгрөг, нийт 6,646,989 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
/Нэхэмжлэлд дурдсан үндсэн зээл, хүү, алдангийн нийлбэр нь 6,782,910 төгрөг болж байх боловч нэхэмжлэгч чухам аль дүнг буруу бичсэн болохыг тогтоох боломжгүй байх тул “нийт 6,646,989 төгрөг” гэснийг зөв дүн гэж үзсэн болно/
Нэхэмжлэлийн хувийг хариуцагч Д.д 2018 оны 12 сарын 10-ны өдөр гардуулсан боловч хариуцагч Д. нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. /хх-16х/
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч Д.г нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.
Нэг. Талууд 2018 оны 05 сарын 17-ны өдөр 03 тоот “Зээлийн гэрээ” байгуулж, нь 6,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай нэг сарын 3.5%-ийн хүүтэйгээр зээлдүүлэх, Д. нь “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу үндсэн зээл, хүү төлөхөөр тус тус харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан Зээлийн гэрээний харилцаанд хамаарч байна. /хх-7-11х/
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Д.д холбогдуулан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй байх ба хариуцагч Д. нь шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг хэлэлцэн тохирсон хүүгийн хамтаар буцаан өгөх үүргийг хүлээнэ.
Хэрэгт авагдсан “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь”-иас үзэхэд зээлийн гэрээний дагуу Д.гийн хүлээх үүрэг нийт 6,756,056 төгрөг болох нь тогтоогдож байна. /хх-11х/
Нэхэмжлэгч нь зээлдэгч нийт 2,387,939 төгрөгийг төлсөн гэж нэхэмжлэлдээ дурдсан байх тул хариуцагч Д.гээс 6,756,056 – 2,387,939 = 4,368,117 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Шонхорын хүсэл” ХХК-д олгох нь зүйтэй.
Хоёр. Алданги 2,067,960 төгрөг гаргуулах шаардлагын тухайд.
Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2 дугаар зүйлийн 10-т заасныг үндэслэн алданги 2,067,960 төгрөгийг шаардаж байгаа гэж тайлбарладаг.
Гэтэл уг заалтад “торгуулийн хүү” гэх Иргэний хуульд байхгүй нэр томъёог хэрэглэсэн байхаас гадна уг заалтын агуулга нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан алдангийн зохицуулалтад нийцээгүй байна.
Иймд алданги 2,067,960 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Гурав. Хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн тухайд.
Хариуцагчийн төлөөлөгч Г.Ганцэцэг нь хариуцагч Д.г төлөөлөхөөс татгалзсан нь Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.1, 67.3-т заасан зохицуулалттай нийцнэ.
2019 оны 03 сарын 11-ний өдрийн 12:00 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагч Д.д 2019 оны 03 сарын 04-ний өдөр утсаар, 2019 оны 03 сарын 06-ны өдөр шүүхийн мэдэгдэх хуудсаар тус тус мэдэгдсэн байна.
Иймд хариуцагч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Дөрөв. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “Автомашин хэрэглээний зээл” гэх баримтыг гаргаж өгсөн боловч тухайн баримт нь дутуу, гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуугүй, мөн шүүхээс энэ талаар тодруулахад тухайн баримттай холбоотой шаардлага байхгүй хэмээн тайлбарлаж байх тул тухайн баримтанд эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Д.гээс 4,368,117 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Шонхорын хүсэл” ХХК-д олгож, үлдэх 2,278,872 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 121,302 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.гээс улсын тэмдэгтийн хураамжид 84,840 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Шонхорын хүсэл” ХХК-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.