Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 588

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 11 өдөр             Дугаар 181/ШШ2019/00588                    Улаанбаатар хот

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17-р хороо, Амарсанаа, НДН Бизнес төв, 3 давхар, 302 тоот хаягт оршин байгаа, /рд:5790883/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жамьян гүний гудамж, 12-р байр, 9б тоот хаягт оршин суугаа, Дархчуул овогт Бадарчийн  /рд:ЦЕ73100306/,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жамьян гүний гудамж, 12-р байр, 9б тоот хаягт оршин суугаа, Адуучин овогт Бяруузанын  /рд:ХД74061415/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 64,583,480 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнтуяа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Тус Банк бус санхүүгийн байгууллага нь 2017 оны 10 сарын 16-ны өдөр ЗГ2017/10/12 тоот зээлийн гэрээ болон БГ2017/10/12 тоот барьцааны гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4,0 хувийн хүүтэй олгосон.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Соёл амралтын /14240/ Жамьян гүний гудамж, 12-р байрны 9б тоотод байрлах 153.6 м.кв 4 өрөө орон сууц, мөн зоорийн давхрын 11 тоотод байрлах 17.4 м.кв талбайтай авто зогсоол зэрэг хөрөнгийг барьцаалсан.

Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 01 сарын 15-ны өдөр дууссан. Иргэн Б., Б. нар зээлийн гэрээг байнга зөрчиж, зээл төлөлгүй удаа дараа хугацаа хэтрүүлсэн бөгөөд зээл төлөх дорвитой арга хэмжээ авалгүй байсаар 2018.03.01-ний өдөр зээд сунгах хүсэлт гаргасан ба бид хүсэлтийг нь хүлээн авч 3 сарын хугацаатайгаар сунгаж өгсөн боловч 2018 оны 06 сарын 30-ны өдрөөс хойш холбоо барилгүй зугтаж, зээл болон зээлийн хүүнээс огт төлөлт хийлгүй өдийг хүрсэн.

Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 64,583,480 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Б., Б. нарт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт нийт 64,583,480 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэлийн хувийг хариуцагч Б.т 2019 оны 01 сарын 18-ны өдөр, хариуцагч Б.д 2019 оны 01 сарын 21-ний өдөр тус тус гардуулсан боловч хариуцагч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч Б., Б. нарыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч “НБМ Финанс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэг. Талууд 2017 оны 10 сарын 18-ны өдөр ЗГ2017/10/12 тоот “Зээлийн гэрээ” болон БГ2017/1012 тоот “Барьцааны гэрээ” тус тус байгуулж, зээлдүүлэгч нь зээлдэгч Б., Б. нарт 50,000,000 төгрөгийг 30 хоногт 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлдүүлэх, зээлдэгч Б., Б. нар “Зээл төлөх хуваарь”-ийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүг төлөх, гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд 30 хоногт 0.8 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр, мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Соёл амралтын /14240/ Жамьян гүний гудамж, 12-р байр, 9б тоот хаягт байршилтай 153.6 м.кв талбай бүхий орон сууц, 11 тоот 17.14 м.кв талбай бүхий авто зогсоолыг барьцаалахаар тус тус харилцан тохиролцсон байна.

Улмаар талууд 2018 оны 03 сарын 01-ний өдөр “Зээлийн нэмэлт гэрээ” байгуулж, зээлийн гэрээний хугацааг 2018 оны 06 сарын 04-ний өдөр хүртэлх хугацаагаар сунгажээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа болон Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд дээр дурдсан зээлийн болон барьцааны гэрээ нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагч Б., Б. нарт холбогдуулан, хууль болон гэрээнд заасны дагуу зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг гаргах эрхтэй байна.

Хэргийн 22-р хуудаст авагдсан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллоос үзэхэд 2018 оны 12 сарын 25-ны өдрийн байдлаар зээлдэгч нарын хүлээх үүрэг нь нийт 64,583,480 төгрөг болох нь тогтоогдож байх ба хариуцагч нар нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн уг тооцооллын талаар маргаагүй, энэ талаар өөрсдийн зүгээс хийсэн тооцооллыг шүүхэд гаргаж өгөөгүй учир Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу Б., Б. нараас 64,583,480 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “НБМ Финанс ББСБ” ХХК-д олгон шийдвэрлэх нь зүйтэй.

Түүнчлэн, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг үндэслэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс гаргуулахаар шүүхийн шийдвэрт тусгах зүйтэй байна.

Хоёр. Зохигч талуудын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн тухайд.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Нямсамбуу, хариуцагч бөгөөд хариуцагч Б.Наранлхагвын төлөөлөгч Б. нар шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хэн аль нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4, 100.5-д заасны дагуу тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.   Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.Нарангарав, Б. нараас 64,583,480 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “НБМ Финанс ББСБ” ХХК-д олгосугай.

 

2.   Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Б.Наранлхагвын өмчлөлд бүртгэлтэй, улсын бүртгэлийн Ү-2203020001 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Соёл амралтын /14240/ Жамьян гүний гудамж, 12-р байр, 9б тоот хаягт байршилтай 153.6 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, 11 тоот 17.14 м.кв талбай бүхий автомашины зогсоол зэрэг хөрөнгөөс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж болохыг мэдэгдсүгэй. 

 

3.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 480,900 төгрөг болон 70,200 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 33 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, хариуцагч Б., Б. нараас улсын тэмдэгтийн хураамжид 551,067 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “НБМ Финанс ББСБ” ХХК-д тус тус олгосугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

5.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.