| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2023/0033/Э |
| Дугаар | 2023/ШТ/35 |
| Огноо | 2023-01-18 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | А.Амарсанаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2023/ШТ/35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Энх-Амгалангаар хөтлүүлж,
Улсын яллагч: А.Амарсанаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал
Шүүгдэгч: Н.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас хяналтын прокурор А.Амарсанаагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Нийн А /РД:А*******/-т холбогдох 2212........... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Б суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт ......... аймгийн Б сумын ** багийн Б гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Нийн А /РД:******/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.А нь .... аймгийн Б сумын ........... багийн нутаг Бын эх гэх газар 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Х.Мын 1 тооны адууг хулгайлж, хохирогчид 750.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2212........... дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
*Хохирогч Х.Мын өгсөн: “...Архангай аймгийн Б сумын Б багийн Бын ам гэх газраас 2022 оны 08 дугаар сарын 18-ны хооронд адуунаас өөрийн 1 тооны хар голтой хонгор зүсмийн хязаалан байдсаа хулгайд алдсан. Тэгээд уг адуугаа хайгаад нэлээд явсан ** сумын бугат багийн уурхай гэх газар хүртэл хайж яваад олоогүй сүүлд нь сураад байсан манай хар голтой хонгор зүсмийн хязаалан байдсыг Манай нутгийн залуу болох А гэх залуу хулгай хийсэн байж болзошгүй байсан. миний алдсан адуутай адил зүсмийн адуу нядалж аймгийн төвд рүү авч явсан байсан. Хар голтой хонгор зүсмийн хязаалан байдас им тамга байхгүй ээ. Би өөрийн хамаатны айлаас хурдны угшилтай гэж авсан төл гараагүй байсан. Би өөрийн 750.000 төгрөгөөр үнэлж байна. Манай саахалт айлын залуу болох А гэх хүнийг сэжиглэж байна. тухайн үед хонгор зүсмийн адуу гаргаж С гэж нутгийн хүмүүс дуудаг залуугийн машинд ачиж Архангай аймгийн төв рүү явсан байсан. Би гомдолтой байна. Би өөрийн алдсан адуугаа олж аваагүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 хуу/
Хохирогч Х.Мын дахин өгсөн: “... Миний нэг адууны хохирлыг өгчихвөл надад гомдол санал байхгүй ээ. Одоогоор хохирлоо өгөөгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 57 хуу/,
Гэрч Д.Оын өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын дундуур манай саахалт айлын залуу болох А намайг болон манай нөхөр Т.Эыг гуйгаад би адуу гаргах гэсэн чинь та хоёр туслаад өгөөч гэхээр нь оройхон очиж уг адуунаас нь хальт нядалж би гэдэс дотрыг нь арилгаж өгсөн. Тэгээд би өөрийн нөхөр Т.Эын хамт гэртээ ирсэн. А уг адуугаа С гэх залуутай ачиж явна гэж ярьж байсан. Хар голтой хонгор зүсмийн адуу байсан. Насыг нь мэдэхгүй байна. Би А хүнээс авсан гэж ярьж байсан. Ад адуу байхгүй. Би энэ талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-10 хуу/,
Гэрч Т.Эын өгсөн: “...2022 оны 08-р сарын дундуур манай саахалт айлын А гэх хүний залуу оройхон манайд ирээд та нэг адуу нядлалцаад өгөөч гэхээр нь би өөрийн эхнэр Оын хамт очиж хар голтой хонгор зүсмийн адуу байхаар Атай хамт нядалсан манай эхнэр гэдэс дотрыг арилгасан. Тэгээд бид хоёр гэртээ ирсэн Уг А хаашаа яаж авч явсныг би мэдээгүй ээ сүүлд сонсоход Агийн гаргасан хар голтой хонгор зүсмийн адуу манай нутгийн залуу Х.Мын адуу байсан байна гэж сонссон. Тухайн үед би юу ч мэдээгүй ээ. Хар голтой хонгор байдас байсан им тамаг байхгүй нас нь хязаалан юм уу соёолон л байсан байх. Надад хүнээс авсан л хэлсэн яг ямар хүнээс хэдэн төгрөгөөр авсан талаар хэлээгүй ээ. Миний ярьсан бүхэн үнэн зөв...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/,
Гэрч С.С өгсөн: “...Би сургуулийн хүүхдийн хувцас авна Архангай аймгийн төв орно гээд гэртээ байж байхад манай нутгийн залуу болох А ирээд таны машин дээр нэг адуу ачаад явчих гэхээр тэг тэг гээд ачиад явсан. Бид хоёр аймгийн төв ороод малчин зах дээр очоод нэг ченжид 2 адуугаа өгсөн би өөрөө нэг адуу гаргасан байсан тэрэнтэйгээ хамт өгсөн би уг хүний нэрийг мэдэхгүй байна. Тухайн үед уг адуу хэний адуу хэнээс авсан талаар мэдээгүй ээ сүүлд сонсоход манай нутгийн залуу Х.Мын адууг А нь хулгай хийгээд надтай ачиж явсан талаар мэдсэн. 2022 оны 08-р сард дундуур орой 12 цаг өнгөрч байхад очиж ачисан А манай гэрт ирээд надад хийх газар байхгүй байна та одоо очоод машиндаа ачих гэхээр нь очиж ачсан юм. Би энэ адууг хүнээс авсан гэж хэлсэн хүний нэрийг надад хэлээгүй ээ. Эхлээд надад хээр зүсмийн адуу гэж хэлсэн сүүлд нь хар голтой хонгор зүсмийн адуу байсан талаар мэдсэн. Уг адууны эзэн манай нутгийн залуу Х.Мын адууг А хулгай хийсэн байсан талаар мэдсэн. Би өөрийн 08-14 ара гэсэн супер портер маркийн авто машинаар ачиж явсан. 2002 онд үйлдвэрлэгдсэн 2020 онд орж ирсэн машин байсан би 2021 онд 6.000.000 төгрөгөөр авсан. Намайг С гэж дуудаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/,
Н.Агийн яллагдагчаар өгсөн: “...Би үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Хохирлоо бүрэн барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 хуу/,
* 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 113 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21 хуу/,
*Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49 хуу/,
*Ял шийтгэлийн тэмдэглэл /хх-ийн 50 хуу/,
*Архангай аймгийн Б сумын Цац багийн засаг даргын тодорхойлолт, мал тооллогын хуулбар /хх-ийн 51-52 хуу/
*Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 59-60 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Н.Ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.А нь 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Х.Мын 1 тооны адууг хулгайлж, хохирогчид 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Эрүүгийн 2212............ дугаартай хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.А нь А аймгийн Б сумын Б багийн нутаг Бын эх гэх газар 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Х.Мын 1 тооны адууг хулгайлж, хохирогчид 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Х.Мын: “...Архангай аймгийн Б сумын Баян-Уул багийн Бын ам гэх газраас 2022 оны 08 дугаар сарын 18-ны хооронд адуунаас өөрийн 1 тооны хар голтой хонгор зүсмийн хязаалан байдсаа хулгайд алдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 хуу/, гэрч Д.Оын: “...2022 оны 08 дугаар сарын дундуур манай саахалт айлын залуу болох А намайг болон манай нөхөр Т.Эыг гуйгаад би адуу гаргах гэсэн чинь та хоёр туслаад өгөөч гэхээр нь оройхон очиж уг адуунаас нь хальт нядалж би гэдэс дотрыг нь арилгаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-10 хуу/, гэрч Т.Эын: “...2022 оны 08-р сарын дундуур манай саахалт айлын А гэх хүний залуу оройхон манайд ирээд та нэг адуу нядлалцаад өгөөч гэхээр нь би өөрийн эхнэр Оын хамт очиж хар голтой хонгор зүсмийн адуу байхаар Атай хамт нядалсан манай эхнэр гэдэс дотрыг арилгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/, гэрч С.С: “...манай нутгийн залуу болох А ирээд таны машин дээр нэг адуу ачаад явчих гэхээр тэг тэг гээд ачиад явсан. Бид хоёр аймгийн төв ороод малчин зах дээр очоод нэг ченжид 2 адуугаа өгсөн би өөрөө нэг адуу гаргасан байсан тэрэнтэйгээ хамт өгсөн би уг хүний нэрийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 113 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А шүүгдэгч Н.Агийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Н.Аг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Мт 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 113 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21 хуу / тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Н.Агаас 750.000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Мт олгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Н.А нь бусдын малыг хулгайлсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч хэргийг хялбаршуулан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ад 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 64-65 хуу/ гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт”…гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно..”гэж мөн хуулийн 1.2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээ таван жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр тус тус заажээ.
Иймд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аг 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж мөн хугацаагаар оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аг тэнссэн болон үүрэг хүлээлгэсэн хугацаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, , хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Нийн Аг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аг 6/зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ад 6/зургаа/ сарын хугацаанд оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдвэл прокурорын саналыг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ад тэнссэн болон үүрэг хүлээсэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Агаас 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан Архангай аймгийн Б сумын *** багт оршин суух Б овогт Х Мт /РД: ******/-т олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ