Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
Хэргийн индекс | 187/2022/0833/Э |
Дугаар | 2022/ШЦТ/839 |
Огноо | 2022-12-09 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | А.Алтангэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/839
2022 12 09 2022/ШЦТ/839
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхзаяа,
улсын яллагч А.Алтангэрэл,
шүүгдэгч Б.О- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.О-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх мэргэжилтэй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.О /РД:..../.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.О- нь 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 05 цагийн орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Шинэ өргөө хотхон”-ы 424 дүгээр байрны гадна архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсан үедээ найз Б.Ц-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар Б.Ц-ын ам руу 1 удаа хөлөөрөө жийж, түүний биед зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2. Хохирогч Б.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 01-ний орой 21 цагийн үед үеэл Отгонхүүгийн хамт гэртээ Сэрүүн, Нийслэл нэртэй 2,5 литрийн 2 сав пиво хувааж уусан. Пиво дуусахаар нь шөнийн 01 цагийн үед найз Мөөгий рүү фэйсбүүк чаатаар холбогдож “пиво дөхүүлээд өгөөч, мөнгийг нь шилжүүлье” гэж ярьсан. ...03 цагийн үед Мөөгий над руу залгаад “гэрийн чинь гадаа ирчихлээ” гэж ярьсан. Би үеэл Отгонхүүгийн хамт гэрээс гарч Мөөгийгийн машинд суусан. Мөөгийгийн машин дотор Одгэрэл жолоочийн хажуу талд суучихсан нилээн согтуу байсан. Боргио нэртэй 2,5 литрийн 1 сав пивийг Отгонхүү, Одгэрэл бид гурав хувааж уусан. Одгэрэл бараг уугаагүй 1-2 аяга уусан. Одгэрэл надад үг хаяад, хэрүүл хийх гээд байсан. Би гэртээ орохоор Мөөгийгийн машинаас буугаад Одгэрэлийн сууж байгаа сандалных нь хаалгыг онгойлгоод Одгэрэлд хандан “чи буугаад ир, хоёулаа хэдэн юм яръя” гэж хэлэхэд Одгэрэл суудал дээрээсээ хөлөөрөө миний ам руу жийсэн. Тэгсэн дээд талын шүд эвгүй болсон. Тэмтэрч үзэхэд шүдний тал хэсэг нь хугарчихсан байсан. ...Би цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал),
3. Гэрч М.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 01-ний орой ...21 цагийн үед үеэл Б.Ц-ын гэрт нь очсон. Б.Ц- бид хоёр Сэрүүн, Нийслэл нэртэй 2,5 литрийн 2 сав пиво хувааж ууж дуусгасан. Би унтаж амарсан. Б.Ц- намайг дуудаж сэрээгээд “би гараад ирье, манай найз пиво аваад ирсэн байна” гэж хэлээд гарсан. Цаг гарангийн дараа Б.Ц- над руу залгаад “гараад ир” гэж хэлэхээр нь би гараад Б.Ц-ын сууж байгаа машинд нь суухад Б.Ц- хойд талын суудал дээр сууж байсан. Урд талын жолоон дээр танихгүй эрэгтэй хүн, хажуу талд нь танихгүй эмэгтэй хүн сууж байсан. Боргио нэртэй 2,5 литрийн савтай пиво Б.Ц-, танихгүй эмэгтэй хоёрын хамт хувааж уусан. Би 2-3 аяга пиво уусан. Нөгөө танихгүй эмэгтэй пиво бараг уугаагүй. Нөгөө танихгүй эмэгтэй Б.Ц-аас хэрүүл хайгаад байсан болохоор нь би Б.Ц-т хандан “хоёулаа оръё” гэж хэлээд би машинаас буугаад байрных нь үүдэнд зогсож байсан. Б.Ц- машинаас буугаад жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгоод зогсож байсан. Б.Ц- муухай орилоод доош суухаар нь би очиход “миний шүд рүү өшиглөчихлөө, шүд хугарчихсан байна” гэж хэлэхээр нь би цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),
4. Гэрч Б.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 02-ны шөнө ...02:47 минутад Солонгос Улсад хамт ажиллаж байхдаа танилцсан найз Одгэрэл фэйсбүүк чаатаар над руу залгаж “би жоохон уучихлаа, гэрт хүргээд өгөөч” гэж ярихаар нь “би Б.Ц-ынх руу явж байна, цаадах чинь надад пиво захисан тэрийг нь хүргэж өгөхөөр явж байна” гэж хэлсэн. Одгэрэл бид хоёр дэлгүүрээс Хараа нэртэй 0,5 литрийн 1 шил архи аваад Б.Ц-ын байрны гадаа очсон. Б.Ц- нэг танихгүй эмэгтэй хүнтэй хамт гарч ирээд миний машинд суусан. Одгэрэл, Б.Ц-, түүний үеэл гурав Боргио нэртэй 2,5 литрийн 1 сав пивийг хувааж ууж байхад Б.Ц-, Одгэрэл хоёр хоорондоо хэрүүл маргаан хийгээд эвлэрсэн. Одгэрэл Б.Ц-ыг “хамт бие засаад ирье” гэж хэлсэн чинь Б.Ц- үеэлийгээ “хамт гарчих” гэж хэлсэн. Үеэл нь “би ийм хачин охинтой гарахгүй” гэж хэлсэн чинь Одгэрэл уурлаад Б.Ц- болон үеэлтэй нь хэрүүл маргаан хийсэн. Б.Ц-, түүний үеэл хоёр миний машинаас буугаад яваад өгсөн. Б.Ц- байрныхаа хаалгыг үеэлдээ онгойлгож өгөөд буцаад хүрч ирээд Одгэрэлийн сууж байсан суудлын хаалгыг онгойлгоод Одгэрэлийг “буугаад ир, хоёулаа уулзъя” гээд Одгэрэлийн зүүн талын хувцаснаас нь татаад байсан. Одгэрэл “би буухгүй, чамтай уулзахгүй” гээд хөлөөрөө Б.Ц-ыг жийгээд байсан. Би салгах гээд машинаасаа буугаад урдуур нь тойроод очиход Б.Ц- надад хандан “Мөөгий шүд уначихлаа” гээд шүдээ харуулсан. Б.Ц-ын үүдэн 1 шүд нь голоороо хугарч унасан байсан. Тэгэхэд Б.Ц-ын үеэл гарч ирээд цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),
5. Насанд хүрээгүй гэрч Ш.Х-нмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Ц- эгч “цагдаагийн байгууллагаас ирлээ, шөнө манай найз миний нүүр лүү цохиод шүд хугалаад хаячихлаа” гэж хэлээд шүдээ харуулсан. Тэгэхэд үүдэн 1 шүд нь дундуураа хугарчихсан байсан. 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Б.Ц- эгчтэй хамт байхад шүд нь бүтэн байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 3587 дугаартай:
“-Б.Ц-ын биед зүүн дээд 1-р шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, 1 удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
-Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.
-Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дахь тал)
7.Хохирогч Б.Ц-ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-6 дахь тал),
Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 35 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 36 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 37 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 39 дэх тал), үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 40 дэх тал), хохирогч Б.Ц-ын хүсэлт (хавтаст хэргийн 45 дахь тал) зэрэг болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О- нь согтуурсан үедээ 2022 оны 10 дугаар сарын 02-ны 05:00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Шинэ өргөө” хотхон, 424 дүгээр байрны гадна урьдын танил Б.Ц-тай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний ам руу өшиглөж, биед нь зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулсан байхыг ойлгоно.
Шүүгдэгч Б.О-ийн хохирогч Б.Ц-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Б.Ц-, гэрч М.Отгонхүү, Б.Мөнхжаргал, Ш.Хос-Уянга нарын мэдүүлэг, шинжээчийн 3587 дугаартай дүгнэлт, хохирогчийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч Б.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж хуульчилсан.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ц-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр хохирол, хор уршигтай холбоотой баримт гаргаж өгөөгүй болохыг тэмдэглэж, хохирогчийн “...Одгэрэлтэй харилцан тохиролцож, төлбөрөө гаргуулан авч, эмчилгээ хийлгэж байгаа, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, нийт 950,000 төгрөг өгсөн” гэх гар бичвэр (хавтаст хэргийн 45 дахь тал)-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.О-ийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.О- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлсөн (хохиролд 950,000 төгрөг төлсөн, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ам бүл 3, хүүхдүүдийн хамт амьдардаг) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.О-ийн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгч Б.О-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.О-д оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.О-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.О-д сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
8.Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үрг